Вашингтон зүүн Азид нөлөөллөө тэлэх зорилгоор Монголд ойртов уу

Тун удахгүй монголчууд парламент дахь төлөөллөө сонгоно. Сонгуулийн уур амьсгал орж, хэн гэдэг улстөрч аль тойрогт нэр дэвших нь тодорхой болж буй энэ үед дэлхийн бодлогыг тодорхойлолцож буй  нэр хүндтэй нэгэн улстөрч манай улсад айлчлаад буцсан. Энэ бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри байв.

Тэрбээр манай улсад өнгөрөгч ням гарагт нийтдээ долоон цагийн хугацаанд айлчлаад  өмнөд хөрш БНХАУ-ыг зорьсон юм.  Түүний айлчлал олон улсын анхаарлын төвд байсан бөгөөд дэлхийн томоохон мэдээллийн сайтууд Жон Керригийн айлчлалын гол зорилгод анхаарлаа хандуулж байлаа. Мөн түүний айлчлалынхаа үеэр хэлсэн “Монгол бол Ардчиллын баян бүрд” гэх үгийг онцлон эшлэж байсан юм.

Сонгууль хэзээ мөдгүй болох гэж буй энэ үед  дэлхий дахинаа Ардчиллын үлгэр болж буй улсын Төрийн нарийн бичгийн дарга  Монгол Улсад айлчилж, улмаар  “Ардчиллын баян бүрд” хэмээн магтсан   нь ирэх сонгуулийн өнгийг тодорхойлсон хэрэг гэх таамаг манай улс төр судлаачдын дунд өрнөөд амжсан.  Үүнээс гадна Ардчиллын өлгий нутгийн удирдагч тэрбээр энэ сонгуульд хэрхэн ажиллах, яаж оролцох талаар АН-ын удирдлагуудтай зөвшилцсөн гэх мэдээлэл ч байгаа юм.

Тэгвэл Жон Керригийн энэ удаагийн Монголд хийсэн айлчлалыг  олон улсын хэвлэлд аль өнцгөөс хэрхэн эшлэснийг энэ удаагийн “Монгол Дэлхийн хэвлэлд” булангаараа сонирхуулахаар бэлдлээ.  Жон Керригийн хувьд Монголд айлчилсан АНУ-ын тав дахь Төрийн нарийн бичгийн дарга болж байгаа юм. Нэг намын тогтолцоот хоёр том гүрний дунд орших Монгол анх ардчиллын замыг сонгосон үе буюу 1990 онд тухайн үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер анх айлчилж, улмаар “Монголын гурав дахь хөрш” гэсэн нэр томьёог хэрэглэж байсан удаатай.

Тэгвэл энэ удаагийн Жон Керригийн айлчлалын тодорхойлолт, хэлсэн үг  улс орон бүрийн цахим мэдээллийн хуудаснаа өөр өөр таамгуудыг дэвшүүлсэн байх юм.  Тухайлбал, ОХУ, БНХАУ-ын мэдээллийн сайтнаа  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Монгол дахь Хятадын нөлөөлөл, Зөвлөлтийн эдийн засгийн системийн тогтонги байдлыг эвдэхэд чиглэгдэж байна хэмээн дүгнэсэн бол барууны томоохон агентлагууд  айлчлал БНХАУ болон Монгол улсын харилцаанд нөлөөлөхгүй, харин ч Монгол улсын засаглалыг сайжруулах, ардчилсан улс төрийн үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд нь туслах зорилготой хэмээн тайлбарласан байв.

Керригийн айлчлал сонгуульд хүчтэй нөлөөлөхгүй

АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын энэ удаагийн айлчлал Франц, Монгол, Хятад гэсэн маршрутаар үргэлжилсэн билээ. Тиймээс Оросын мэдээллийн сайтууд Жон Керригийн айлчлалаар ихээр сонирхож байсан нь гарцаагүй. Тэгвэл “www.gazeta.ru”  сайтнаа нийтлэлч Александр Братерский Керригийн Монголд “цай уух” хугацаатайгаар ирсэн айлчлалын гол зорилго нь манай улс дахь Хятадын нөлөөлөл, Зөвлөлтийн эдийн засгийн системийн тогтонги байдлыг эвдэх хэмээн тодорхойлжээ.

Түүний нийтлэлийн хэсгээс хөрвүүлбэл, “…Монголчууд улсын эдийн засгийн байдал, авлигад сэтгэл дундуур байна. Эдийн засгийн хямралын нөлөөгөөр энэ улсын амьдрал эрс мууджээ.  Тэгвэл Уул уурхайн салбар дахь Монголын томоохон хөрөнгө оруулагчдын нэг Америкийн “Rio Tinto” компани саяхан Монголд зэсийн уурхай ашиглах 5.3 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь эдийн засгийн өсөлт нь зогсонги байдалд орсны улмаас ашигт малтмалын импортоо багасгасан Хятадын нөлөөллийг бууруулах ач холбогдолтой.

Үүнээс гадна Монгол Улс урьдын адил стратегийн байрлалынхаа ачаар АНУ-ын сонирхлыг татаж байна.  Гэхдээ Жон Керригийн энэ удаагийн айлчлал сонгуульд хүчтэй нөлөө үзүүлэхгүй хэмээн Монгол судлалын мэргэжилтэн профессор Юрий Кручкин үзжээ. Гэхдээ улс төрийн бүлэглэлүүд айлчлалыг ашиглаж, “ил гарах”-ыг хичээх нь гарцаагүй гэнэ.  Монголд “Rio Tinto” зэрэг Америкийн томоохон хөрөнгө оруулагчид орж ирсэн ч АНУ-ын Монголд үзүүлэх улстөрийн нөлөөлөл Орос, Хятадынхтай харьцуулахад тийм ч их биш ажээ…” гэсэн байна.

Уул уурхайн салбарт АНУ-ын компаниудыг оруулахыг хүсч байна

Манай орны хувьд байгалийн баялагаараа олон улсын анхаарлыг татдаг. Тэгвэл www.interfax.ru сайтнаа  Жон Керригийн энэ удаагийн айлчлал Вашингтон зүүн Азид нөлөөллөө тэлэх зорилгоор Монголд ойртож, байгалийн баялагийн салбарт нь америкийн компаниудыг оруулж, Хятадын нөлөөллийг эвдэх сонирхолтой байгааг илтгэж байна хэмээн дүгнэжээ. Керри манай улсад хийсэн айлчлалынхаа үеэр Өмнөд Хятадын тэнгис дэх БНХАУ-ын байр суурийг шүүмжилсэн мэдэгдлийг хийсэн юм. Ямартай ч, уг сайтнаа

“… Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч ОХУ, БНХАУ гэсэн хоёр “аймшигтай” хөрштэй Монгол Улс ардчиллын төлөө эр зориг гаргаж байгааг онцолжээ. Мөн “Энэ нь тийм ч амар зүйл биш бөгөөд АНУ сайн түнш, сайн найз нь байх болно” гэж мэдэгдсэн байна. Ажиглагчдын тэмдэглэж буйгаар Вашингтон зүүн Ази дахь нөлөөллөө тэлэх зорилготойгоор Монголд  ойртож, МУ-ын байгалийн баялагийн салбарт америкийн компаниудыг оруулах сонирхолтой байгаа аж” хэмээсэн байв.

Жон Керригийн айлчлал Хятадын хувьд асуудал биш

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн  манай улсад хйисэн долоон цагийн хугацаатай ажлын айлчлалын талаар “voice of America” буюу www.voanews.com цахим хуудаснаа нэгэн нийтлэл тавигджээ.  “Жон Керри Монголыг Ардчиллын баян бүрд хэмээв” гэх гарчиг бүхий уг нийтлэлийг Монгол хэлнээ хөрвүүлбэл, “…Нэг намын тогтолцоот ОХУ, БНХАУ гэсэн хоёр гүрний дунд оршдог гэдэг утгаараа Жон Керри Монголыг “Ардчиллын баян бүрд” хэмээн тодорхойлов. 1987 онд АНУ Чингис хааны төрсөн нутаг гэдгээрээ хамгийн их танигдсан Монгол улстай дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй.

Улмаар Вашингтон Монголын эдийн засгийн хөгжил болоод улс төрийн нөхцөл байдлыг найрсаг харилцаатай хөршийн хувиар дэмжиж ирсэн байдаг.  Гэсэн хэдий ч ардчилал, хүний эрхийн асуудал Монголд хүлээгдсэн хэвээр байна. Төрийн дипартментын тайланд Монгол дахь хүний эрхийн асуудлыг “Хууль тогтоомж нь бүрхэг, шүүх үйл явц, хууль тогтоох, гүйцэтгэх ажиллагааны ил тод байдал хангалгүй” гэж дүгнэснээс гадна олон нийтийн үл итгэлцэл, авлига хээл хахууль засгийн газрын бүтээмжийг сүйтгэж байна хэмээн тодорхойлжээ.

Тиймээс Керри  Монгол улсын засаглалыг сайжруулах, ардчилсан улс төрийн үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр  хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.  Хэдийгээр түүхэндээ Монгол, Хятадын хооронд томоохон сөргөлдөөн гарч байсан ч, хоёр улс худалдааны томоохон түншүүд юм. Монгол улс Хятадын санаачилсан торгоны замын зурвас дагуу байрладаг бөгөөд энэ замаар Хятад бусад улсуудтай хийх худалгаагаа эрчимжүүлэх зорилго тавьж буй.

Монгол ч Хятадын санаачилсан Азийн дэд бүтцийн банкны гишүүнчлэлтэй. Тиймээс  Монгол АНУ-тай харилцаа сайтай байх нь Хятадын хувьд асуудал биш.  Энэ талаар Бруклин институтын ахлах шинжээч Дэвид Доллар хэлсэн байна. Тэрбээр “АНУ-тай түншийн харилцаатай байх нь Монголын хувьд харин ч таатай. Монголын ардчилал харьцангуй залуу. Тиймээс АНУ тус улсад тусалж буй хэрэг. Миний бодлоор Монгол Хятадтай бизнес хийж, АНУ-тай нөхөрлөлийн харилцаатай байхад болохгүй гэх зүйлгүй. Байр суурь нь тогтвортой байх болно” гэсэн байна.

АНУ  Төв Ази дахь Оросын нөлөөг өөрчлөхийг хүсэв

АНУ Орос, Хятадын адил Монгол Улсын гурав дахь сайн найз нь байхыг хүссэн тухай “News-front.info”-д мэдээлжээ. “Барууны хэвлэлүүдийн мэдээллэснээр, Керри Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй уулзсан байна. Тэд Олон улсын хөгжлийн агентлагийн “улс төр, ардчиллын үйл явцад иргэдийн оролцоог дээшлүүлэх” Америкийн төслийг ярилцжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга айлчлалынхаа ганц өдөрт бас Монголын үндэсний наадам үзэж сур харвасан гэнэ. Хамгийн гол нь Керри тал хангай, уулын энэ орныг “Ардчиллын өлгий, баян бүрд” гэж нэрлэсэн байна.

Тэрбээр “Танай оронд нэг талд Хятад, нөгөө талд нь Орос байна. Хэдийгээр том гүрнүүдийн дарамт байгаа ч танай орон бол ардчиллын өлгий. Тэгэхээр та нар өөрсдийн үнэт зүйлийн төлөө тэмцэх ёстой” гэж хэлсэн байв. Ийн Америкийн гадаад бодлого Ази руу маш идэвхтэй чиглэж байгаа нь нууц биш. Тэгвэл Монгол дахь АНУ-ын идэвхтэй үйл ажиллагаа юутай холбоотой вэ гэдэг асуудлаар Оросын Эдийн засгийн дээд сургуулийн Үндэсний судалгааны хүрээлэнгийн Дорно дахин судлалын сургуулийн захирал, түүхийн ухааны доктор Алексей Маслов доорх байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр  “АНУ-ын Монгол дахь гол сонирхол газар зүйн хувьд Монгол улс Хятад Оросын хооронд бараа тээвэрлэх хамгийн ашигтай байрлалтайд оршиж байна. Монголчууд хуучин ЗХУ-тай найрамдалт харьцаагаа сайхнаар дурсч, Оростой хамтын ажиллагаагаа сайжруулна гэж их ярьж байна. Мэдээж үүний нэг гол шалтгаан нь АНУ-ын юм уу, Хятадын хатуу нөлөөлөлд байхыг хүсэхгүй байгаа явдал. Залуу үеийнхэн үүнийг хамгийн гол нь арилжааны гарц гэж үзэж байгаа юм. Ийм л болохоор Монгол тус хоёр улсын алинтай ч хэт ойртолгүй өөрийн боломж, нөөцөө идэвхтэй ашиглах сонирхолтой байна. Энэ бүхнээс үзэхэд Керригийн энэ айлчлал Төв Азийн орнууд дахь Оросын харилцааг өөрчлөхөд л чиглэж байгаа нь харагдаж байна” гэж дүгнэжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!