Унгар, Исланд дуулиан тарилаа

Европын аварга шалгаруулах тэмцээнд санаанд оромгүй тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө F хэсгийн хоёр тоглолт болж, хасагдах шатанд шалгарах гурван багийн нэр тодорсон. Тэгвэл энэ удаагийн Европын аваргын гол дуулианыг Унгар, Исландын багууд тарьж чадлаа. Уг нь энэ хэсгийг Португал тэргүүлж, Австри хоёроор гарах байх гэж олон мэргэжилтэн харж байсан. Харин Унгар, Исландыг хамгийн түрүүнд нутаг буцах багуудын тоонд багтааж байсан байх.

Гэвч бүх зүйл эсрэгээр эргэж, Унгар, Исланд хэсгээс 1, 2 дугаар байраар шалгарлаа. 4 оноотойгоор хэсгийг тэргүүлж байсан Унгарын шигшээ баг гурав дахь тоглолтоо Португалтай хийж, 3:3-аар тэнцсэн. Энэхүү гайхалтай тоглолтын дараа Унгар хэсгээс нэгээр гарах нь тодорхой болсон юм. Харин Португал 3 оноотой болж, хэсгээс гурваар гарлаа.

Энэ тоглолтод Унгараас Золтан Гера 19, Жужак 47, 55 дахь минутад гоолдсон. Харин Португалаас Нани 42 дахь минутад нэгийг оруулсан бол Роналдо 50, 62 дахь минутад хоёрыг хийсэн юм.

Нөгөө талд Исландын даруухан шигшээ баг хүчирэхг Австрийн эсрэг тулж, 2:1-ээр буулгаж авснаар 5 оноотойгоор хэсгээс хоёроор гарлаа. Харин Австри ердөө л нэг оноотой үлдэж, гэртээ харих болсон юм. Тоглолтын 18 дахь минутад Бедварссон тооны харьцааг нээсэн бол 60 дахь минутад Шопф тэнцүүлсэн. Гэвч 90+4 дэх минутад Траустасон хожлын гоол оруулж, Исланд түүхэн амжилт үзүүллээ.