Хувьцааны мөнгө ороогүй шөнө ба ходоод хоосон өдөр

Орой эртхэн хажуулдлаа. Яагаад ч юм сэрвэлзээд бөх унтаж чадахгүй байв. Сүүлийн хоёр долоо хоногийн ням гаригийн шөнө ийм мэдрэмж төрөөд дасал болчихож. Энэ удаагийнх гурав дахь нь юм байна. Зүүрмэглээд сэрснийх маргааш өдрийн хоолонд юу идэх билээ гэж зурасхан бодов. Нээрээ би баян хүн л дээ.  “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаагаа худалдчихсан шүү дээ. Шөнийн 00:00 цагийн орчимд хувьцааны 300 мянгын маань гурав дахь 100 мянга нь шилжиж орж ирэх байв. Тэгээд нойр хулжаад, мөнгө картанд орсныг мэдэгдэх мессеж утсанд ирэхийг чагнаад байж.

…Мессеж ирсэн дохио алга. Тэгээд нам унтаад өглөө сэрэв. Хамгийн түрүүнд утсаа үзлээ. Юм алга. За энэ банк мессеж явуулахаа мартчихаж гээд ажилдаа явах замдаа АТМ-ээс шалгаж үзлээ. Байдаггүй шүү. Үдээс өмнө банк орж асуулаа. Алга. Засгийн газрын холбогдох хүмүүсээс асууж үзлээ. Хариу өгсөнгүй. Ялагдаад гэртээ суух гэж байгаа Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад энэ мөнгө хамаагүй болсон бололтой. Ингээд  даваа гаригт ходоод хоосон өнждөг юм байна.

Нэгэнт амалсан л бол өгөх л ёстой мөнгө шүү дээ. Амалж санал худалдаж авчихаад ард түмнээ хуурвал АН-ынхан 2020 онд үргэлжлүүлээд гудамжиндаа байцгаана биз дээ.

Ингээд бидний хэдэн монголчууд ходоодоороо сонголт хийчихээд, хувьцааныхаа 300 дахь мянгыг олж авч чадсангүй, хохирч үлдлээ, хоосон өнжлөө. 200 мянгаа авсан нь их юм гэж бодож, тайтгарах ёсгүй шүү. Нэгэнт зарсан хувьцааныхаа мөнгийг олж авах ёстой. Хувьцаанаас чинь хасагдсан учраас мөнгийг чинь Засгийн газар өгөх ёстой. Хэрэв өгөхгүй бол бүгдээрээ нийлээд Засгийн газарт нэхэмжлэл бичиж өгье.

Уг нь Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдах хүсэлт гаргасан иргэний 1072 хувьцаанаас 322 хувьцааг 300426 төгрөгөөр худалдан авахаар болсон. “Сайн хувьцаа” арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаасыг 15 хүртэл жилийн хугацаатай, дотоодын зах зээлд үе шаттайгаар гаргаж буйгаа мэдээлж байлаа.

Гэвч сайн хувьцаанд хууртаж муу сонголт хийсэн монголчууд бид хоолгүй өнжсөн нэг өдөр ийм. 300 мянган төгрөгийг тус бүр долоо хоногийн зайтай гурав хувааж өгөх байсан юм. Гурав дахийг нь өгөх хугацаа өнгөрөөд даруй хоёр хонолоо. Ингээд өнөө маргаашийг аргацаасан, сонгуулийн авлига байсан нь үүгээр нотлогдов. Хэрэв алсыг харсан урт хугацааны шийдвэр байсан бол хувьцааны бүртгэл, мөнгө олголт өнөөдөр ч үргэлжлэх байлаа.

300 дахь мянгаа хайсан, эрж сурагласан хүмүүс өчигдөржин банкны тусгай дугаар руу залгаж, нийгмийн сүлжээгээр нэг нэгээсээ асууж байлаа. Аль нэгэн банкаар олгосон тухай баримттай мэдээлэл  олдсонгүй. Олон хүн дахиад л шөнө мессеж ирэхийг, мөнгө орохыг горьдон хүлээх биз. Ходоодоороо сонголт хийдэг ард түмнээ хуурч басамжилдаг болхи ажиллагаа энэ Засгийн газраар дуусаг. Өдрөөс өдөрт хоолоо залгуулж буй монголчууд үргэлж өлсгөлөн байх ёсгүй.

…Өглөө сэрэхэд утсанд мессеж ирж, мөнгө орсон байх болов уу?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй