Э.Бат-Үүл: Та нарын хэн ч надтай эн зэрэгцэхгүй

НИТХ-ын анхдугаар чуулган дээр МАН, АН-аас сонгогдсон төлөөлөгчид НИТХ-ын даргад Ц.Сандуйг дэвшүүлэх үеэр нэлээдгүй маргаан болов. АН-ын төлөөлөгчид Ц.Сандуйгаас асуулт асууж байр сууриа илэрхийлэх үеэр сонгуулийн үеэр яригдсан 60 тэрбумын асуудлыг хурцаар хөндөж байсан юм. Төлөөлөгчдийг маргалдсанд хурлыг даргалж байсан Улаанбаатар хотын захирагч  Э.Бат-Үүл төлөөлөгчид тэрдундаа МАН-ын төлөөлөгчдөд хандаж ширүүхэн үг хэлэв. Тэрээр “Шинэ төлөөлөгчид анхдугаар хурлыг яагаад ахмад настай хүнээр удирдуулдагийг ойлгоогүй юм шиг байна. Монголын олон зуунаар барьж ирсэн төрт ёс гэж байгаа. Ахмадаараа удирдуулж төрөө эмхэлж байгуулдаг. Сонгууль бол цунами болсон гэж би дээр хэлсэн. Та нар үнэмлэхүй ялалт байгуулсан. Гэхдээ та нар хөөрсөндөө юу болсныг ерөөсөө ойлгоогүй байна. Та нарыг жаахан хүүхэд байхад, зарим нэг чинь төрөө ч үгүй байсан байхад би ухуулах хуудас нааж явлаа. Өнөөдрийг хүртэл нийгмийн хамгийн төвөгтэй амьдрал улс төрийн гал, усан дунд явсаар ирсэн. Та нар өсөж өндийхдөө миний нэрийг дуулсаар өсч өндийсөн. Энэ улс орныг аюул, хагарал сүйрлийн ирмэг рүү явж байхад зогсоож байсан хүний нэг нь би. Энэ туршлагаар та нарын хэн ч надтай эн зэрэгцэхгүй. Үүнийг бардам хэлнэ. Энэ улс төр эвгүйтвэл юу болдгийг би сайн мэднэ.

Та нарт санал өгөөгүй цаана нь 50 хувь байгаа. Үүнийг сайн ойлго. Нэн ялангуяа нийслэлд биднийг ялагдсанд харуусаж байгаа харуусал маш их байгаа. Үүнийг сайн тооц. Гуравдугаарт, нийгмийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулах туршлага, нэр нөлөөгөөрөө маш их жинтэй хүмүүс гудамжинд гарсан байгаа. Үүнийг ёстой битгий мартаарай. Та нарын энд гаргасан овлигогүй, дээрэлхүү зан болгон нийгмийн аюул болж хувирна. Эсэргүүцлийн галыг өрдөнө. Үүнийг битгий мартаарай. Та нар өөрсдөө энэ байдлыг, юу болсныг гүнээ ухаар, сайн ойлго.

Зүгээр хүнийх нь хувьд хүндэлж болно. Та нартай ямар ч зүйл булаацалдаагүй. Сонгуулийн дүнгээ хүлээн зөвшөөрөөд та бүхэнд тайван замаар эрх мэдлээ шилжүүлэх гэж байна. Энэ бол ардчиллын гайхамшиг. Тийм байхад олуулаа орилж дайрах чинь та нарын том алдаа. Битгий ийм зүйл хийгээрэй. Би зөвлөж байна. Би хэлье. Та нар пянгийн даахгүй шүү.Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль бол нийслэлд нэр хүндээрээ парламенттай өрсөлдсөн сонгууль болсон. Их хуралтайгаа өрсөлдсөн сонгууль болсон” гэсэн юм.

Эх сурвалж: Polit.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй