11 гишүүнийг эргүүлэн татаж магадгүй боллоо

УИХ-ын шинэхэн гишүүд тангаргаа өргөөд гурав ч хоноогүй байтал нэр бүхий 11 гишүүнийг эргүүлэн татах асуудал яригдаж эхэллээ.

Учир нь УИХ-ын 2016 оны 7-р сарын 05-ны өдрийн тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай аж. Монгол улсын үндсэн хуулийн Хорин ес дүгээр зүйлийн нэгд “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэснийг УИХ зөрчин нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоолыг баталжээ.

Үүнд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.Ганболд, МАН-ын Стратеги академийн захирал А.Ундраа, Мишээл экспо группын захирал Б.Энх-Амгалан, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны тэргүүн Г.Мөнхцэцэг, Монполимет группын Ерөнхийлөгч Ц.Гарамжав, Тес Петролиум ХХК-ийн захирал Б.Баттөмөр, Роял академийн Ерөнхийлөгч Н.Учрал, “Очир төв” ХХК-ийн захирал Д.Дамба-Очир, Ачлал их дэлгүүрийн захирал М.Билэгт, Бишрэлт группын ерөнхийлөгч Б.Ундармаа нарын хүмүүс хуучин ажил, албан тушаалаа хүлээлгэж өгөлгүйгээр УИХ-ын гишүүний тангараг өргөсөн гэж үзэж байгаа аж.

Тухайлбал,УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаа хүлээлгэж өгөлгүйгээр тангараг өргөсөн нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36.2 дахь хэсэгт“Сонгогдохоосооөмнөэнэхуулийн 36.1-д зааснаасбусадажил, албан тушаал эрхэлж байсан бол гишүүн тангараг өргөхөөсөө өмнө чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байна”, Монгол ардын намын дүрмийн 29.2 дахь хэсэгт “Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” (http://nam.mn/c/c ) гэснийг тус, тус зөрчсөн нь Үндсэн хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжуудтай харшилжээ.

Иймд УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгохгомдлыг Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан байна. УИХ-ын тогтоол нь “Монголын улсын Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай” хуулийн 13.1.1, 13.2.3 заалтыгтус, тус зөрчсөн гэж иргэд үзжээ.

Эх сурвалж: Mminfo.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй