Дуучин Нара: Өлөн хон хэрээнүүд юу ч байсан орж ирээд лай болж байна

УИХ-д бие дааж нэр дэвших гэж буйгаа зарласан мөчөөс эхлэн олны зүгээс сайн муу үгс бишгүйдээ л нэг сонссон дуучин Нара одоо л нэг “тэсэрч” байх шиг. Хэдийгээр сонгуульд чамгүй өндөр санал авсан ч УИХ-ын гишүүн болж чадаагүй дуучин бүсгүйг цахим ертөнцөд тавлаж, таагүй үгээр “утах” хүмүүс цөөнгүй байгаа аж.

Тухайлбал, сонгууль дуусаад хэдхэн хонож байхад түүний фэйсбүүк хуудсаар дамжуулан нэгэн үл таних эмэгтэй “Ширээний хүүхэн төр барих цаг болоогүй” гэх утга бүхий доромж үгтэй бичиглэл үлдээж олны дургүйцлийг төрүүлээд авсан. Дуучин Нара ч хорон үгээр хариу барьж, хатуухан шиг дайралцаад авсан бөгөөд зарим хүмүүс “Угаасаа төрд гарах гэж байсан хүнд энэ зэргийн шүүмжлэл, эрээвэр хураавар үгс зөндөө сонсогдоно.

Тэр бүхэнд уурлаж бухимдаад, хамаг хэрүүлээ дэлгээд байвал юу болох билээ. Та хоёр өөрсдөө цаагуураа учраа олчих арга байхгүй юу” хэмээн түүнийг шүүмжилж байсан нь нууц биш. Тэгвэл улстөрч болох хувь дутаад байгаа гэх дуучин бүсгүй өчигдөр “Ёоо,  лайтай юм бээ чааваас. Энэ фэйсбүүкийг түр хаагаад арилахаас. Өлөн хон хэрээнүүд юу ч байсан орж ирээд лай болж байна. Түр баяртай, фэйсбүүк” гэж бухимдан бичсэн ч хэдхэн хормын дараа даажинтай нь аргагүй ийнхүү бичиглэжээ.

“Нээрээ бодоод байсан чинь хөгийн юмнуудыг баясгаад би өөрийнхөө орон зайг хаагаад гарах нь ч юу юм… Хон хэрээнүүд баясаад байж л байг, орж ирвэл блоклоод байхаас. Зарим нэг андуурсан нөхдүүд хүний хувийн орон зайд орж ирээд хаагаад алга бол энэ тэр гэж их баясав шд… Энэ чинь миний хувийн орон зай за юу, ганц хоёр хон хэрээнүүдээ” хэмээн хэн нэгэн рүү илт дайрсан утгатай пост үлдээжээ.

Эх сурвалж: Zone.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close