in

Сайд нарын томилгооны асуудалд гишүүд бухимдалтай хандаж байна

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, шинэ засгийн газарт орж ажиллах сайд нарынхаа нэрийг тодруулсан. Гэвч сайд нарын нэрс улс төрийн хүрээнийхэн хийгээд олон нийтэд төдийлөн таалагдаагүй. Тиймээс ч Ерөнхий сайд хэл ам дагуулсан сайд нараас дөрвийнх нь нэрийг татаж өчигдөр 11 сайдын нэрийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ.  Тэгвэл сайд нарын асуудлаар хэн юу хэлснийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Сайд нарыг ямар шалгуураар гаргаж ирснийг мэдэхгүй байна

Сонгуулийн тоос одоо ч дарагдаагүй байна. Бид ард түмэнтэйгээ уулзахдаа хэлж, ярьж байснаа санаж байгаа. Ялангуяа олон түмний дэмжлэгийг хамгийн их хүлээж байсан зүйл бол төрийн бүхий л албадад өндөр мэргэшилтэй  боловсон хүчнийг томилно гэж амалсан явдал. Шулуухан хэлэхэд өнөөдрийн томилгоо таалагдахгүй байна. Бид амалсандаа хүрэхгүй байгаа. Асуудал цаашдаа яригдах байх. Эцсийн эцэст нам бол компани биш. Олон түмний дэмжлэг дээр суурилж, төрийн эрхийг барих учиртай. Ард түмний хүслийг бид мартаж болохгүй. Сайд нарыг ямар шалгуураар гаргаж ирснийг мэдэхгүй байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан: МАН-ын ихэнх сайдууд МАН-д хандив өгсөн хүмүүс, санхүүжүүлэгчид байна

МАН мэргэжлийн засгийн газар байгуулна гэж сонгуулиар амлалт өгч гарч ирсэн. Гэтэл МАН-ын Удирдах зөвлөлөөс сайдад нэр дэвшүүлж буй хүмүүсийг харахад яг эсрэгээрээ байна. Мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн яамдыг удирдахаар ирж байна. Тухайлбал, Хууль зүйн сайдаар хуульч биш хүнийг, Сангийн сайдаар эдийн засагч биш хүнийг оруулж ирж байх жишээтэй. МАН-ын ихэнх сайдууд МАН-д хандив өгсөн хүмүүс, санхүүжүүлэгчид байна. Төрийн албыг худалдах, арилжаалах ажлаа МАН засгийн газраасаа эхэллээ. Томилогдохоор нэр нь гарч байгаа сайдуудын дийлэнх бизнесменүүд байна. Бизнес, төр хоёрыг хутгах эхлэл тавигдаж байна.

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Би давхар дээлний эсрэг байр суурьтай байна

УИХ-ын гишүүдийг “Давхар дээл”-тэй байх асуудлын тогтолцоо нь өөрөө буруу байна. Үүнээс болж нийгмийн завхрал бий болоод байна. Гэтэл түмэн олон тэс өөр зүйлийг хүсч байна. Хэрэв санаж байгаа бол 2008 оны үеэс л дан, давхар дээлний асуудлыг ярьж эхэлсэн. Нөгөөтэйгүүр Засгийн эрхийг барьж байгаа МАН-ын гишүүд төв талбайд цуглаж, давхар дээлийг эсэргүүцэж байсан. Өөрөөр хэлбэл, одоо эрх барьж байгаа намын залуус Монгол ёс заншлыг уландаа гишгэсэн үйлдэл гаргаж байсан. Хүний амьдралын гол зарчим нь үзэл бодолдоо тууштай зогсохыг л хэлнэ. Хэр туйлбартай, тууштай байна түүнээс бүх зүйл харагддаг. Гэтэл тэр тэмцлийг хийж байсан залуус өнөөдөр түүнийхээ эсрэг зогсож байна. Энэ бол их туйлбаргүй, холбиромтгой сэтгэхүйтэй залуус байна даа гэх дүгнэлтэд хүрч байна.

Тиймээс би давхар дээлний эсрэг байр суурьтай байна даа. Ерөөсөө л буруу тогтолцоогоор яваад байна шүү дээ. Одоо бол дан ажилтай байна уу, давхар байна уу сэтгэл байхад л болно. Гэтэл огт сэтгэлгүй зүйл яваад байна шүү дээ. Үүнд л хүмүүс болон би сэтгэл дундуур байдаг. Түүнээс биш данхайсан эсэхээс нь үл хамаарч сэтгэлтэй цөөхөн хүн байхад л ямар ч ажил урагшилна гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: МАН амлалтдаа хүрч чадсангүй, харамсалтай байна

Сонгуулиар Монголын ард түмэн МАН-д дийлэнх олонхийн суудал авч өгсөн. Би хувьдаа МАН-ыг ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллаж чадах сайн засаглал байгуулаасай гэж хүсч байсан. МАН мөрийн хөтөлбөртөө мэргэжлийн засгийн газар байгуулах асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Харамсалтай нь МАН амлалтдаа хүрч чадсангүй. Бид ч бас сонгогчидтой уулзаж байхдаа мэргэжлийн засгийн газар байгуулна гэж хэлж, ярьж явсан. Одоо сонгогчдынхоо нүүрийг яаж харна даа гэж бодож байна. Мордохын хазгай гэгч боллоо. Сайдаар томилогдохоор нэр нь гарсан хүмүүсийг харахад ганц нэг салбар биш, олон олон салбар мэргэжлийн биш болчихлоо. Харамсалтай байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ: МАН амлалтаасаа ухарч байна

Бид Засгийн газрыг бүрдүүлэхэд саад тээг тавиагүй. Гэхдээ эрх баригчид хууль зөрчиж байна. Засгийн газрын бүтцэд зарим яам, агентлагийг татан буулгаж, үндсэн чиг үүргийн яамыг нэмж байна. Энэ нь “Давхар дээл”-тэй гишүүдийн тоог нэмж байна.

27 агентлагийн 17-гийнх нь нэрийг өөрчилж байгаа нь төрийн албанд халаа сэлгээ хийх, эцэстээ мэргэшсэн албан хаагчдыг халж, сэлгэх, төрийн албаны ажлыг унагаах зүйл рүү явж байна.Дэд сайд нарын орон тоог бий болгож байгаа нь буруу. МАН мөрийн хөтөлбөртөө Залуучуудын бүтцийг бий болгоно гэсэн атлаа хүүхдийн байгууллагын үйл ажиллагаатай цугт нь авч үзэн оруулж ирсэн нь амлалтаасаа ухарсан хэрэг. Иймээс Ардчилсан намын бүлэг Засгийн газрын бүтцийн хуулийг дэмжих боломжгүй байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: МАН хэтэрхий яарч, хуулийн дээр яваад байгаад гайхаж байна

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг ерөнхийлөгчид хүргүүлээд, гурав хоногийн дотор хариугаа авах ёстой. Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхтэй. Энэ зарчмаараа явсан. Ерөнхийд нь чуулганы явцыг харахад 1990 оны нам төрийг удирддаг байсан хэлбэр одоо зонхилж эхэллээ. Намын бүлэг нь бүх шийдвэрийг хуулийн дээр гаргаад яваад байгаа. Сайд нарын томилгоо МАН дотор хэрхэн явагдсаныг би  намынх нь гишүүн биш учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ МАН хэтэрхий яарч, хуулийн дээр яваад байгаад гайхаж байна.

Эх сурвалж: 24tsag.mn

Г.Уянга хулгайд алдагдсан бичлэгээ Хотын дарга, УИХ-ын гишүүн асан С.Батболдын өрөөнд хийжээ

Болзоонд явахыг хүссэн дуучин А.Хишигдалайд найз бүсгүй нь цэцэг авч өгчээ