АТГ Н.Энхбаярыг дахин онилж эхлэв үү

Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид өчигдөр МАХН-ын дарга Намбарын Энхбаярт зарлан дуудах хуудас өгчээ. Түүнийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус бүрт нь яллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай байгаа учир ийнхүү зарлан дуудах хуудас ирүүлсэн аж.

Энэ тухайгаа ч АТГ өөрийн цахим хуудаснаа мэдээлж энд дарж үзнэ үү, сүрийг үзүүлэв. АТГ хэн нэгэнд зарлан дуудах хуудас илгээж, яллагдагчаар татах, байцаах нь энгийн өдөр тутмын ажил байлтай. Тиймээс ч зарлан дуудах хуудас илгээсэн хүн бүрийнхээ талаарх мэдээллийг цахим хуудаснаа тавьж, олон нийтийн хүртээл болгоод байдаггүй. Харин Н.Энхбаярт зарлан дуудах хуудас илгээснээ ийнхүү сүр дуулиан болгож, мэдээлсэн нь АТГ Н.Энхбаярын эсрэг ямар нэгэн хүч хэрэглэх санаа агуулж байгаа бөгөөд үүгээрээ дамжуулан арьсаа хамгаалах оролдого хийж байна гэж олон нийт үзэж, хардаж байгаа юм.

Нэг хэсэг намжаад байсан Н.Энхбаяр, АТГ хоёрын дунд өрнөдөг “хатуухан тоглоом” энэ зуны аагим халуунтай хамт дахин үргэлжлэх бололтой.

Уг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хэн нэгэн этгээд хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирж мэдүүлгээ өгөх үүрэгтэй.

Харин Н.Энхбаяр юуны учир АТГ-ын зарлан дуудахад очоогүй шалтгаанаа тайлбарлав. Тэрбээр “Хэлмэгдүүлэлт үргэлжилж байна. АН Засгийн эрхийг барьж байгаад халаагаа МАН-д өгсөн нэртэй. Гэтэл хэлмэгдүүлэлтээр баталж байна. Өнөөдөр /өчигдөр/ АТГ-аас над руу дахин дайрч, маш бүдүүлгээр харьцаж зарлан дуудах бичгээ өглөө. Миний хэлсэн ямар нэгэн тайлбар мэдээ хүлээж авах хүсэлгүй байгаагаа илэрхийлж балмад аашилж гарлаа. Би олон сарын өмнө АТГ-т мэдэгдсэн. Үндсэн хуульд бичсэнчлэн өөрийнхөө эсрэг болон гэр бүл, хамаатан садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй. Хоёрдугаарт, заавал өмгөөлөгчтэй байж мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоно. Энэ байр сууриа АТГ-т хэлсэн. Ерөөсөө хүлээж авахгүй шинжтэй байсан.

Өмгөөлөгчийн хувьд улстөрийн зохиомол хэрэг учраас хамтран ажиллахаас айгаад өмгөөлөгчид татгалзаж байна. Улс төрийн үйлчилгээ үзүүлж чадахгүй гэдгээ хэлсэн. Тиймээс би Өмгөөлөгчдийн холбоонд эр зоригтой, хуулиа сайн мэддэг, ур чадвар өндөртэй өмгөөлөгч олж өгөөч гэсэн бичгийг өмнө нь явуулсан байсан. Өнөөдөр дахин явууллаа.

Тиймээс өмгөөлөгчтэй болсон цагтаа мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоход бэлэн байна гэсэн утгатай бичгийг хүргүүлсэн. Өмгөөлөгч олдох байх гэж найдаж байна” хэмээн өгүүлсэн юм.

Ийнхүү нэг хэсэг намжаад байсан Н.Энхбаяр, АТГ хоёрын дунд өрнөдөг “хатуухан тоглоом” энэ зуны аагим халуунтай хамт дахин үргэлжлэх бололтой.

Эх сурвалж: 24tsag.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close