Урлагийн “шинэ” хосууд

Гайзын Уугий энэ жил дабль болсон.  Гоонь эрийн амьдралаар 13 жилийг үдсэн тэрээр “ингээд ирэхээр амьдралын хэмнэл нэг хэвийн болоод ирдэг юм байна. Хамгийн гол нь би эхнэрээсээ хэрэлдэж, муудалцаж, гомдоож салаагүй байхгүй юу. Тэр маань алс холын Америкт байсны улмаас хоёр тийш болсон. Бие холдвол, сэтгэл холдоно гэж үнэн үг. Эхнэр маань намайг ир гэж зөндөө гуйсан, хүлээсэн. Гэвч би тийшээ очиж чадаагүй гурван жил болсон. Эхнэр маань надад хэлж байсан л даа “Би чамайг гурван жил хүлээсэн шүү. Би бол Монголд очиж чадахгүй ээ” гэж хэлж байсан. Ингээд миний урлагаа гэх сэтгэл, тэр хүний Америкт амьдарна гэдэг сэтгэлзүй нь хэрэлдэж биш, бие биенээсээ аажим аажмаар холдсоор байгаад салсан. Тэр утгаараа одоог хүртэл 13 жил ганцаараа, гоонь эрийн амьдралаар амьдарч байгаа нь хувь тавилан. Би хэн нэгнийг гомдоож, бэтгэрүүлээгүй, зөвхөн өөрөө өөрийгөө золиослож яваа л эр” гэж ярилцлага өгсөн нь бий. Харин энэ удаад тэрээр ганц бие амьдралдаа цэг тавьж, “Catwalk” хамтлагийн  Э.Тунгаатай “хайр” эхлүүлжээ. /“Catwalk” нь Монголын рок попын түүхэнд анх удаагаа загвар өмсөгч охидоос бүрдсэн хамтлаг байсан юм/

Энэ тухайгаа загвар өмсөгч Э.Тунгаа “Чи бид хоёрын ертөнцийг биднээс өөр хэн ч мэдрэхгүй. Зөвхөн чиний миний л мэдрэмж. Бүхнийг орхиол үүрд чамтай” гэсэн бол дурлалт залуугаас “Цэцэгчин миний хүсэл биеллээ. Би чинь чамайгаа үүрд мөнх услана ургуулна хайрт минь. Харин хөрстөд ургасан эр эм бусад цэцэгсүүд минь ээ одоо харамсаад яахав дээ уйлаад яахав!!!” гэж сэтгэгдэл бичиж “ХАЙР ДУРЛАЛ”-аа зарлав гэж.

Урлагийн сингл бүсгүйчүүдийн нэг “Маск” хамтлагийн жүжигчин А.Гэрэлцэцэг ч олноос нуусан амрагаа ил болгосон. Жүжигчин бүсгүй найз залуугийнхаа тухай “миний тоглолт бүрийг үздэг. Гэхдээ миний хувьд өдөр болгон юу хийж яваагаа фэйсбүүкт бичиж, тоочих дургүй. Тиймээс би гэр бүлийнхнийхээ талаар ярих дургүй. Зүгээр л, хувь хүн, эмэгтэй хүн талаасаа аз жаргалтай амьдрахыг л хүсдэг” хэмээн ярьж байсан нь саяхан. Түүний дурлалт залуу нь Монголын урдаа барих эрэгтэй загвар өмсөгчдийн нэг Түвшин. Гэхдээ Монголд амьдрахаасаа илүү Сингапур, Солонгост загварын карьер хөөж ажилладаг тэрээр Азийн загварын ертөнцөөс олон ч шагналыг эзэн. Загвар өмсөгч Түвшин нь сэтгүүлч Төрмөнхийн хүү гээд жүжигчин бүсгүйн хайрын эзнээр “танигдсан” даруйдаа л олны дунд ярианы сэдэв болоод авсан юм.

Гавьяат О.Бат-Өлзий, С.Сарантуяа нарын хүү жүжигчин, найруулагч Б.Тамирын хайр дурлал сониуч нөхдийн хараанаас мултарч дөнгөдөггүй юм. Анхны амьдралдаа цэг тавьснаас хойш охид бүсгүйчүүдэд нэг бус удаа нэр холбогдох болсон тэрээр өдгөө загвар өмсөгч бүсгүйг сонгоод байгаа.

Энэ жил хайр дурлалаа олноос нуухаа больсон дараагийн нөхөд бол “MIXX”-ийн Амраа, “Anemone”-ийн Жулдыз нар юм. Солонгосыг зорих болсноор хамтлагаасаа гарсанаа дуулгаж байсан Жулиа Амраатай “хаа ч цуг” явах болоод багагүй хугацаа өнгөрчээ. Одоогоор урлагийн хамгийн хөөрхөн хос тэд болоод байна.