in

Сайдын суудал суулгах боловсон хүчингүй МАН

МАН сонгуулийн санал хураалтын дүнд үнэмлэхүй олонх болсон. Хуулийнхаа дагуу Засгийн газраа ч байгуулж байгаа. Гэхдээ өдийд бол Засгийн газар бүрэлдээд, хурал хуйгаа хийгээд, улс орны ажил урагшилж л байх ёстой. Гэтэл баяр наадам дуусаад, бараг хоёр долоо хонож байхад Засгийн газар гүйцэд бүрдээгүй л байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимаа бүрдүүлэх гэж ёстой л нэг ухнатаж байгаа. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гээд байсан МАН-ын амлалт, мөрийн хөтөлбөрийг уландаа гишгэсэн. Хөөрхий минь өөрөө ч дур мэдээд гишгээгүй байх л даа. Гишгэ гэхээр нь л зоригтой дэвсэлсэн болов уу. Тиймдээ ч мэргэжлийн гэхээр биш мөнгөний гэмээр томилгоог хийж, гол гол салбарын сайдаа бизнесмэнүүдээр удирдуулахаар шийдсэн дээ.

Гэвч ард түмэн тэнэг биш, тэдний амлалт, мөрийн хөтөлбөрийг сануулж, ихээхэн дургүйцсэн. Энэ бүхэн нөлөөлсөн ч байх, АТГ-аас ч жаахан хөшиж өгсөн. Түүний хүчээр дөрвөн сайдаа эргүүлэн татсан. Ашиг сонирхлын зөрчилтэй энэ тэр гэсэн шалихгүй шалтгаан тоочиж, буцааж татсанаар ард түмний дургүйцлийн талыг арай гэж дарсан. Харин сайдуудынхаа нэрийг буцааж татчихаад, орных нь хүнийг хурдхан томилоод, ажлаа хийчих чадвар Ж.Эрдэнэбат гэдэг сайдад алга. МАН боловсон хүчин ихтэй, олон жилийн хур туршлагатай, жинхэнэ  төрийн алба хаагчид манайхаар дүүрэн байгаа гээд уран донгодоод байдаг. Сайдын томилгооноос энэ намд боловсон хүчин түй ч алга гэдэг нь харагдсан. Мөнгөтэй хэдэн хүний худалдаж авсан суудалдаа сууж байгаа дүр зураг одоо болтол үргэлжилж байна. Дээрээс нь дөрвөн сайдын томилгоон дээр ингэтлээ гацаж байгаа нь ч гэсэн энэ намд боловсон хүчин гэж байхгүйг нотолж байгаа юм. Эсвэл Ж.Эрдэнэбат гэдэг сайдад эрх мэдлийн хэлтэрхий ч алга.

Намын даргынхаа амыг хараад, зарим нэг томчуудын хүнээ “өгөх”-ийг хүлээгээд л сууж байгаа байх. Ингэж л дүгнэхээс өөр яах билээ дээ. Өчигдөр уг нь Засгийн газар анхны хуралдаанаа хийсэн. Мэр сэр асуудал хэлэлцсэн байх. Гэтэл дөрвөн сайд дутуу. Н.Номтойбаяр, У.Хүрэлсүх зэрэг дөрвөн хүн давхар үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Нэг яам, сайдын ажлаа хийж чадахааргүй зарим хүнд давхар ажил хариуцуулж ч байх шиг. Үнэхээр эмгэнэлтэй хэрэг л болоод байна. Хаана байна аа, нөгөө хүмүүс нь. Сайдын суудалд суулгах боловсон хүчин энэ намд алга уу.  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын суудлыг нэг ч хоног эзгүй байлгаж болмооргүй байна.

Одоо удахгүй тариа ногоо хураахаас авахуулаад, хүнс, хөдөө аж ахуйтай холбоотой асуудал их бий. Энэ өвөл цаг хатуурна гэж хаа сайгүй л яриад байгаа. Өнөөх бичин жилийн айхтар зуд зурхан чинь энэ жил болох учиртай юм ч гэж л байна. Зундаа хур бороо элбэгтэй байгаа болохоор өвөлдөө цас их унана ч гэж ярьж байгаа. Ийм үед Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйг хариуцах салбар яам одооноос ажлаа эхлэх хэрэгтэй байна.

Гэтэл Шадар сайд энэ салбарыг давхар хариуцаад сууж байдаг. Эрүүл мэндийн салбар байна. Өнгөрсөн дөрвөн жилд Эрүүл мэндийн яамыг МАХН-ынхан “хувьчилж” аваад, элгээр нь мөлхүүлсэн. Өнөөдөр Монголд хамгийн их асуудалтай байгаа салбар бол эрүүл мэнд. Эмч нарын ихэнх нь ёс зүйгүй, увайгүй, мөнгө харамтгай болчихсон. Мөнгөгүй хүн зүгээр л гэртээ хэвтэж байгаад үхэхээс өөр сонголтгүй шахуу л болчихсон шүү дээ. Хатуухан хэлэхэд ийм л байна.

Гэтэл энэ салбарыг эм гэж юу байдаг талаар ч ойлголт багатай нэг нөхөр давхар хариуцах юм байх аа. Тэгээд бас өөрөө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг удирдана гээд байгаа. Яаж ингэж самарч чадаж байна аа. Элгээрээ мөлхсөн салбар юм чинь хэд хоног энэ хүн чирээд явж байг гэсэн шийдвэр гаргалаа гэж ойлгож болох уу. Барилга, хот байгуулалтын сайдын суудал ч бас нэг хэсэгтээ эзэнгүй байх нь. Гэтэл Монгол Улсад өнөөдөр тулгамдаж байгаа асуудлын нэг нь орон сууцжуулах явдал. Мөн барилгын салбарынхныг яаж дэмжих, орон сууцны үнийг “хөрс”-н дээр нь буулгах гээд энэ салбарт хийх ажил их байна. Эрчим хүчний яам ч гэсэн бас л чухал яамны нэг. Чухал салбар.

Нэг хүн давхар хариуцаад, хэсэгтээ чирээд байх салбар уг нь биш шүү дээ. Монгол Улс эрчим хүчнийхээ чадлыг нэмж, тавдугаар цахилгаан станц барих энэ тэр гээд бүтээн байгуулалтын ажил их бий. Ерөнхийдөө дөрвөн чухал салбараа л хүмүүст давхар удирдуулахаар түр гүйцэтгэгч томилоод байх юм. Ямар өөр намын шахаа, шантааж гэж байгаа биш. МАН-д элдэв олон фракц байхгүй.  Би хүнээ оруулна, чи олныг орууллаа гэх хэрүү харьцангүй бага. Хоёр, гуравхан хүн ярилцаж байгаад шийдчих асуудал баймаар юм. Эсвэл наанаа гэмгүй сайхан царайлж сууж байгаад цаагуураа зах замбараагүй олон фракцтай л биш бол энэ долоо хоногтоо багтаад нэр хүндтэй, мэдлэгтэй, чадвартай, ашиг сонирхлын зөрчил багатай, улс орноо гэсэн сэтгэлтэй хүн олоод тавьчих л хэрэгтэй шүү дээ. Тийм хүн байхгүй бол үнэнээ хэлээд, мөнгөө өгч, сайдын суудал худалдаж авсан хүмүүсээ зүтгүүлээч.  Нэг хүн хоёр яам давхар удирдсан болж байснаас л дээр байх.

Эх сурвалж: Mminfo.mn

Танилц: МАН-ын бүлгийн хуралдаж дэмжсэн дөрвөн сайдад нэр дэвшигчид

Жирэмслэлтээс хамгаалах шилдэг аргууд