in

Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилсон нь хууль зөрчсөн, зөрчөөгүй

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцсэн. Уг асуудлыг хэлэлцсэнээр анхдугаар чуулганыг хаасан билээ. Төрийн албаны зөвлөлийн хоёр гишүүнийг чөлөөлөх асуудлаар намуудын хороонд нэлээд маргаан өрнөсөн бөгөөд цөөнх болсон АН МАН-д шаардлага тавьсан ч тэдний шаардлагыг хүлээж авалгүй, дээрх асуудлыг хэлэлцэн баталсан. Тэгвэл намуудын байр суурийг “24VS24” буландаа онцолж байна.

АН: МАН олонхоороо түрий барьж хууль зөрчиж байна

УИХ-ын анхдугаар чуулганаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Энэхүү томилгоог хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “Ээлжит чуулганаар хэлэлцэж болох асуудлыг яагаад заавал анхдугаар чуулганаар оруулж хэлэлцээд байгаа юм бэ. Наад асуудал чинь Үндсэн хуулийн цэц дээр очих болно. Та нар томилгоонуудаа дандаа шөнийн цагаар хийгээд байдаг нь буруу. Ардчилал гэдэг бол олон түмний нүдэн дээр томилгоо, үйл ажиллагаа нь явагдах ёстой. Олонх байлаа гээд та нар олонхоороо түрий барьж асуудалд хандаж болохгүй. Ардчиллын зарчмуудаас ухарч байгаа нь харамсалтай. Биднийг та нар гудамжинд гаргаж байгаа юм байна. Бид гудамжнаас тэмцэнэ тэгвэл. Бид ард түмэн, сонгогчидтойгоо хамт тэмцэнэ гэдгээ мэдэгдье” гэв.

Харин дээрх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг гурав хоногийн өмнө завсарлага авсан байсан юм. Завсарлагын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ үг хэлсэн.

Тэрбээр “Өнөөдөр хэлэлцэж байгаа асуудал нь хууль бус үйлдэл. Төрийн албаны тухай хуулинд зааснаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг 6 жилийн хугацаатай томилдог. Хуулийн дагуу бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байгаа гишүүдийг чөлөөлөх гэж байгаа нь хууль бус. Мөн энэ хоёр хүн ээлжийн амралттай байгаа. Албан ёсны өргөдлөө ч өгөөгүй байгаа энэ үед МАН хэт олонхдоо эрдэж, аливаа асуудлыг хууль бусаар шийддэг алхмынхаа эхлэлийг тавьж байна. Төрийн алба тогтвортой байх ёстой. Хэт олонхдоо эрдэж, төрийн албыг хүчгүйдүүлэх, хууль бусаар авах, солих үйлдлийг дэмжихгүй. Тиймээс төрийн албаны зөвлөлийн хоёр гишүүнийг чөлөөлж, томилох хууль бус үйлдлээ таслан зогсоохыг МАН-аас шаардаж байна” гэсэн юм.

Харин УИХ-ын дарга АН-ын бүлгийн шаардлагыг хүлээн авсангүй, Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцсэн.

МАН: Энд хууль зөрчсөн асуудал огт байхгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэж батлав. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Т.Хадхүү, Д.Даваа-Очир нарыг гишүүдийн олонхын саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэдний оронд ЗГХЭГ-аас нэр дэвшүүлсэн С.Цэдэндамба, УИХ-ын Тамгын газрын танилцуулсан Б.Баатарзориг нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилсон.

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Д.Даваа-Очир, Ц.Хадхүүг чөлөөлөн Б.Баатарзориг, С.Цэдэндамба нарыг томилох асуудлыг ийнхүү хэлэлцэн гишүүд асуулт тавьж хариулт авсан юм.

УИХ-ын тамгын газрын нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Хуулийн зүйл заалт бол салаа утгагүй ойлгомжтой зааж өгсөн байгаа. Төрийн албаны тухай хуулийн 34.12-т төрийн албаны орон тоог нөхөн томилсон бол өмнөх гишүүнийг бүрэн эрхийн хугацаанд ажиллана гэсэн байдаг.

Энэ асуудал тухайн үед байнгын хороон дээр яригдаж байсан ч шийдвэр гараагүй хойшлогдсон байсан. Хууль зүйн актын үндэслэлийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй гэж үзэж байгаа” хэмээсэн.

Түүнчлэн энэ асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат “Засгийн гарын хэрэг эрхлэх газрын даргаас Д.Хадхүүг чөлөөлөх асуудлыг Төрийн албаны хуулийг дагуу оруулж ирж байгаа. 2008 арванхоёрдугаар сарын 31-ны өдөр томилогдоод 2014 арванхоёрдугаар 31-нд дуусгавар болох байсан. 2013 онд Д.Батбаяр өөрийн хүсэлтээр төрийн албаных зөвлөлийн орон тооны гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг гаргасан. 2013 онд анх томилогдохдоо өмнө нь байсан орон тооны Д.Батбаяр гишүүний орон тоон дээр ажиллах тухай ярьж байсан. Тиймээс Ц.Хадхүүг  34.12-т заасан зүйл заалтын дагуу орж ирж байгаа. Түүнээс биш өмнөх УИХ-ын тогтоол, одоогийн УИХ-ын тогтоол аль нь хүчинтэй хүчингүй гэх асуудал байхгүй” гэв

Эх сурвалж: 24tsag.mn

Роналду шинэ “халуухан” найз бүсгүйтэй болжээ

Монголын шинэ үеийн хамгийн дур булаам залуус