Суут хүмүүсийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг байсан бэ?

Түүхэнд нэрээ дуурсгасан суу билигт хүмүүсийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг тухай АНУ-ын зохиолч Мейсон Карри маш сонирхолтой нэгэн номыг гаргажээ.

Тэрхүү номонд Жейн Остин, Агата Кристи, Энди Уорхол, Пабло Пикассо нарын маш олон суут хүмүүсийн шинэ өглөөг хэрхэн угтаж нэг өдрийг хэрхэн өнгөрүүлдгээс эхлээд баримталдаг зарчим, амьдралынх нь үнэт зүйлсийн тухай бичсэн байдаг.

Ингээд тэдгээр суу билигт хүмүүсийн төлөөлөл болсон арван хүний нэг өдөр хэрхэн өнгөрдөг байсантай танилцъя.

02

Бенжамин Франклин өглөө бүр өөрөөсөө “Өнөөдөр юу хийх билээ?” гэж харин үдэш бүр “Өнөөдөр юу хийж бүтээсэн бэ?” гэж асуудаг байжээ. Тэрээр ажил амьдралынхаа төлөвлөгөөг 13 долоо хоногоор нь нарийвчлан гаргадаг байсан бөгөөд өглөө бүр эртлэн сэрж нүцгэн цээжээрээ агаар амьсгалдаг байжээ.

Энэ нь хүйтэн шүршүүрт орж биеэ чийрэгжүүлж байгаатай ижил үйлдэл бөгөөд өглөөний цэнгэг агаар нь эрч хүч өгдөг байсан юм. Ингэхдээ тухайн улирлаасаа шалтгаалж цонхны дэргэд 60 мин – 90 мин суудаг байсан бөгөөд хувцаслахаасаа өмнө заримдаа 60 мин – 120 мин дуг хийдэг байжээ. Түүний хувьд шинэ өдөр үүрийн 05:00 цагаас эхэлж шөнийн 01:00 цагт өндөрлөдөг байсан гэнэ.

03

XX зууны хамгийн нөлөө бүхий зохиолч Франц Кафка зохиол бүтээлээ Герман хэл дээр бичдэг байжээ. Даатгалын компанид ажилладаг байсан түүнд зохиолоо бичих цаг хангалттай гардаггүй байсан ч утга зохиолоо орхилгүй бүхнийг амжуулсаар хорвоог орхижээ. Нэгэн цагт гэргийдээ хандаж “Хийж бүтээх зүйл дэндүү олон байхад цаг хугацаа хэтэрхий давчуу, миний чадал тэнхээ хязгаартай, ажил дээр аймшигтай харин гэрт чимээ ихтэй байх юм!” гэж гомдоллодог байсан ч өмнөө тулгарсан бэрхшээлийг ажралгүй давахыг хичээсээр эдүгээ цагт нэрээ дуурсгасан гайхалтай нэгэн болсон юм.

03

Германы хөгжмийн суут зохиолч, төгөлдөр хуурч Бетховены нэг өдөр үүрээс эхэлдэг байжээ. Тэрээр өглөөний цайндаа кофе уудаг байсан бөгөөд кофегоо зүгээр ч нэг аягалаад уух бус нэг аяганд 60 ширхэгийг хийдэг байв. Харин өдрийн цагаар гадуур алхаж, ихэнхийг нь сонин гарчиглаж өнгөрүүлдэг байсан гэнэ. Оройн цагийг театр эсвэл бүтээлээ гаргахад зарцуулдаг байсан ч өвлийн улиралд бол гэртээ өнжиж ном уншихыг илүүд үздэг байжээ. Түүний хувьд оройтлоо гэхэд үдшийн 22:00 цагаас хэтрэлгүй унтдаг байсан гэнэ.

04

Орчин цагийн гүн ухааныг үндэслэгч Германы философич Иммануил Кантыг өглөө бүр 05:00 цагт гэрийн үйлчлэгч Мартин нь сэрээдэг байжээ. Тэрээр өглөө эрт босох хэцүү гэдгийг мэддэг ч ганц ч өдөр цагаасаа оройтож өндийж байгаагүйгээрээ бахархдаг байсан юм. Өглөө орноосоо босоод нэг эсвэл хоёр аяга цай уучихаад хэсэг тамхилж суудаг байжээ. Энэ нь түүнд аливааг эргэцүүлж бясалгах бодролын хором болж өгдөг байв. Кант аль болох алхаж хөдөлж байхыг эрмэлздэг байсан төдийгүй оройн цагаар ихэвчлэн ном уншиж, зохиол бүтээлээ бичдэг байжээ.

05

Нобелын шагналт зохиолч Эрнест Хемингуэй нам гүм, тайван орчинд зохиол бүтээлээ туурвих дуртай байсан бөгөөд өдөрт 500 – 1000 үг бичих зорилттойгоор ажилладаг байжээ. Тэрээр хийх ажлуудаа нарийвчлан төлөвлөхийг эрмэлздэг байсан төдийгүй ингэснээрээ бүтээлч бас эмх цэгцтэй байхад сургадаг гэж үздэг байв. Мөн түүнчлэн баримталдаг зарчмуудын нэг нь гаргах гэж байгаа зохиол бүтээл, аливаа ажлынхаа тухай хэнд ч хэлдэггүй байсан юм. Тэр нь мэдээж зохисгүй үйлдэлд тооцогдохын зэрэгцээ шантрахыг үздэггүй байжээ.

06

Эволюцийн онолыг үндэслэгч Английн натуралист, биологич Чарлз Дарвины өглөөг хэрхэн угтаж, өдрийг хэрхэн өнгөрүүлдэг тухай хүү Фрэнсис Дарвин (1848 – 1925) нь бичиж үлдээжээ. Дарвин өглөө бүр 07:00 цагт босдог байсан бөгөөд 07:45 цаг хүртэл алхдаг байжээ. Түүний хувьд 08:00 – 09:30 цаг бол хамгийн бүтээлч үе нь юм. Тэрээр өдрийн товлосон бусад цагтаа гэр бүлтэйгээ зоог барих, алхах дуртай байсан бол амарч байхдаа гэргий Эммагийнхаа өгүүллэг уншиж өгч, төгөлдөр хуур тоглохыг нь сонсдог байжээ. Ингээд үдшийн 22:00 цагт унтахаар хэвтдэг ч нойронд тун муу учраас шөнийн цагийг арай гэж бардаг байсан гэнэ.

07

Их Британий улс төрч Уинстон Черчилль өглөө бүр 07:30 минутад сэрж 11:00 цаг хүртэл орондоо өнждөг байжээ. Энэ хугацаандаа өглөөнийхөө цайг ууж, өөрт нь ирсэн бичиг сэлт, захидал, сонин, сэтгүүлийг уншдаг ба нарийн бичигтээ хийх ёстой ажлуудыг нь хэлж өгдөг байсан гэнэ. Бага үдийн 11:00 цагт орноосоо боссон тэрээр усанд орчихоод заримдаа цэцэрлэгт хүрээлэнгээр алхах эсвэл хатуулаг чанар багатай зөөлөн виски уудаг байв. Тэрээр ажлынхаа хажуугаар өдөрт 60 – 90 мин амрах цагийг заавал гаргадаг байсан юм.

08

Коммунизмын эцэг гэгддэг XIX зууны гүн ухаанч, эдийн засагч, зохиолч Карл Маркс өглөөний 09:00 цагаас 19:00 цаг хүртэл уншлагын танхимд өнжиж, шөнийн цагаар үргэлжлүүлж суудаг байжээ. Амьдрал нь туйлын бэрх байсан 1850-аад онд амжиргаагаа залгуулахын тулд зохиол бүтээлээ цуцалтгүй бичсээр хамгийн алдартай номоо (Das Kapital) гаргасан юм. Тэрээр бодит амьдрал дээр романтик, хэний ч сэтгэлийг татсан гайхалтай хүн байсан ч шударга бус загнаж эхнэрээ араар нь тавьж гэрийнхээ үйлчлэгчийг хүртэл хөл хүнд болгож явжээ. Урлагт хайртай Карл эхнэртээ зориулж 60 орчим шүлэг бичжээ.

09

Европын түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн Францын улс төрийн зүтгэлтэн Наполеон Бонапартын төлөвлөсөн ажлуудад гэнэтийн өөрчлөлт зайлшгүй гардаг нь жам байв. Түүнийг өглөө бүр үйлчлэгч нь сэрээснээр шинэ өдрийг угтаж, өглөөний цайгаа орондоо уудаг байжээ. Өдрийн төлөвлөсөн ажлууддаа бэлтгэж 120 мин гаран биеэ бэлдэнэ.

Наполеон ил зуухны дэргэд ном унших, заримдаа 3 – 4 цаг халуун ваннанд суух дуртай байжээ. Зоог барих явц нь 40 мин орчим үргэлжилдэг байсан бөгөөд түүнийг үг дуугарахгүй бол хэн нь ч яриа өрнүүлдэггүй байсан юм. Үдшийн цагаар эмгэнэлт зохиол уншиж, зарим орой унтах хүртлээ шатар, хөзөр тоглодог байсан гэнэ. Ингээд үдшийн 23:00 цагаас унтдаг байжээ.

10

Шведийн кино найруулагч Ингмар 10 гаруй жил хэвшүүлсэн нэг ижил төлөвлөгөөнийхөө дагуу ажил амьдралаа зохицуулдаг байсан бөгөөд өглөө бүр 08:00 цагт босдог байв. 09:00 цагаас үд дунд хүртэл зохиолынхоо санаан дээр ажиллаж сая нэг хоолонд ордог байжээ. Жүжигчин Биби Андерсон нэгэн ярилцлагадаа Ингмарыг нэг л төрлийн хоол иддэг байсан гэжээ. Түүний хамгийн дуртай хоол нь сүү, гүзээлзгэний чанамал юм.

Өдрийн цайгаа уусныхаа дараа 15:00 цаг хүртэл ажиллаж хэсэг дуг хийчихээд салхинд гарна. Оройн цагаар ном унших, найзуудтайгаа уулзах, кино үзэх зэргээр цагийг өнгөрүүлдэг байсан тэрээр алкохол огт хэрэглэдэггүй байсан юм. Хааяа ганц нэг хундага дарс уух нь сэтгэлийг нь өргөж өөдрөг болгодог байв. Тэрээр 1964 онд өгсөн нэгэн ярилцлагадаа “Найман цагийн нөр их хөдөлмөрийн үр дүнд 3 минутын л киног бүтээдэг юм даа!” гэжээ.

11


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!