Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй усан доорх хотууд

Хүн төрөлхтний түүхэнд тайлагдашгүй нууцаар баялаг маш олон гайхалтай зүйлс бий. Эдгээрээс археологичдийн сонирхлыг багагүй татдаг нь алдагдсан хотуудын тухай юм.

Алдагдсан хотуудын эрэлд гарсан хамгийн анхны экспедицийнхэн нь Европын археологич, аялагчид байсан бөгөөд хүн төрөлхтөн XV зуунаас эхлэн эдгээр хотыг эрчимтэйгээр судлах болжээ. Та бүхэнд хүргэж байгаа энэхүү нийтлэлд хүн бүрийн төдийлөн мэдэхгүй усан доорх арван нууцлаг хотын тухай багтсан юм.

1. БНХАУ: Дяньчи хаант улс

01

Дяньчи хаант улс нь МЭӨ IV зуунд Юньнань мужийн Дяньчи нуурын орчим байдаг байжээ. Тэгвэл туурь нь өдгөө Юньнань мужийнхаа Фусянь нууранд байдаг болохыг археологичдын судалгаагаар тогтоосон юм. Нуур нь 212 км.кв талбайг хамардаг, 155 м гүн бол Дяньчи хаант улсын туурь нь 6.5 км.кв талбайд нь бий гэжээ. Нуурын гүнд хийсэн шумбалтаар олон сонирхолтой олдворыг гарган авсан бөгөөд хаант улсын үеийн чулуун хавтан, гудам талбай болон балгас ч байсныг олж харсан
гэдэг.

Нутгийн иргэдийн баталснаар цаг агаар тогтуун үед хаант улсын туурь тодорч харагддаг болсоор олон жилийг элээжээ. Археологийн олдворуудад хийсэн дүн шинжилгээгээр Дяньчи хаант улс нь 1750-аад жилийн тэртээ мөхсөн гэсэн таамаглалыг гаргажээ. Ард иргэд нь хүрэл ба төмрөөр олон гайхалтай эд хэрэглэл, урлагийн бүтээл туурвиж байсан чадварлаг уран дархчууд
байсныг тогтоожээ.

2. Герман: Эйдум хот

02

Хойд Тэнгисийн Зильт арал дээр байдаг нууцлаг нэгэн хот нь эрдэмтдийн таамаглаж байгаагаар 1300 оны үед оршин тогтнож байжээ. Өдгөө Вестерланд тосгоноос хэдэн зуун м алсанд байдаг Ваттын тэнгист байдаг энэ хот далайн хүчтэй шуурга, давалгаанд өртөж хэдэнтээ сүйрсэн гэдэг. Гэвч их бүтээн байгуулалтын дүнд 100 гаруй жил оршин тогтнож байжээ.

Эцэст нь 1436 онд “All Saint’s Day Flood” гэж нэрлэдэг далайн шуурга, их үерийн үеэр 180 гаруй хүний амь эрсдэж хот бүхэлдээ сүйрсэн ажээ. Археологичдийн олж мэдсэнээр цаг агаар тогтуун 1806 оны үед хотын туурь нүдэнд харагддаг байсан бол өнөөдөр Вестерланд тосгоны газар доор Ваттын тэнгисийн гүнд бий.

3. Грек: Олоус хот

03

40.000 гаруй хүн амтай байсан Грекийн Олоус хот нь Крит арал дээр оршин тогтнож байсан эртний хот юм. Харамсалтай нь хотынхоо буурийг эргийн элсэн дээр байгуулсан байсан нь газар хөдлөлтөнд тэсвэрлэлгүй сүйрэх шалтгаан нь болсон гэж үздэг. Өдгөө Олоус хотын туурийн зарим чулуун багана нь далайн түрлэг намжсан цаг агаарын тогтуун үед олонд ил харагддаг ба гүний шумбалт хийснээр туурийг бүхэлд нь үзэж сонирхох боломжтой байдаг ажээ.

4. БНХАУ: Арслан хот

04

1300 гаруй жилийн түүхтэй Арслан хотыг БНХАУ-ын дахин илрүүлсэн Атлантис гэж нэрлэдэг. Энэ нь Циндао нуурын 39 м гүнд байдаг бөгөөд хотын туурийг 2001 онд олж илрүүлсэн байдаг. Усанд автаад хагас зууныг үдсэн Арслан хот нь
худалдааны томоохон төв байжээ.

5. Самоа: Мулифануа хот

05

Самоагийн Уполу арлын Мулифануа нь Лапита хүмүүсийн амьдардаг байсан эртний түүхтэй хот байжээ. Археологичдын 1973 оны судалгаагаар МЭӨ 1600 – МЭӨ 500 онд амьдарч байсан Лапита хүмүүсийн соёл, зан заншлыг илэрхийлсэн маш олон дурсгал энд бийг тогтоожээ. Эдгээрийг Уполу арлын далайн ёроолоос олсон нь тэдний суурин Самоагийн далайн гүнд байгааг гэрчилнэ.

6. Египет: Гераклейон

06

Ираклион ч гэж нэрлэдэг эртний Египетийн энэ хот 1200 гаруй жилийн түүхтэй. Хотын туурийг Газар дундын тэнгисийн Абукирын булангаас холгүйхэн 45 м гүнд байгааг Францын археологич Франк Годдио олж илрүүлжээ. Домог төдийхөнд л яригддаг байсан хотын тууриас гадна 700 гаруй хөлөг онгоцны зангуу, 64 хөлгийн сэг, алтан зоос, гар бичмэл, хөшөө дурсгал, шохойн чулуунд занданшуулсан шарил зэрэг маш олон олдворыг олжээ.

7. Турк: Атиль хот

07

Итиль ч гэж нэрлэдэг энэ хот нүүдэлчин соёл иргэншилтэй Хазарчуудын нийслэл байжээ. Торгоны замаар дайран өнгөрөх худалдаачдын №1 боомт байсан энэ хотод Христ, Лалын шашинтнуудаас гадна Еврей хүмүүс амьдардаг байсан юм. Итиль нь Каспийн тэнгис орчим байдаг байсан ба 900-гаад оны үед Украины Святосляв Игоревич I хунтайжийн дайралтанд өртөж газрын хөрснөөс арчигдсан түүхтэй. Хэдэн мянган жил сураггүй байсан хотын туурийг Каспийн тэнгисийн умард хэсэгт байгааг ОХУ-ын эрдэмтэн Дмитрий Васильев (2008 онд) олж тогтоожээ. Энэ цагаас эхлэн таамгийг нь үнэн зөвийг батлахын тулд
Хазарчуудын үлдээсэн түүхэн тэмдэглэлийг эрсээр байгаа гэнэ.

8. Герман: Рунгольт

08

1362 онд Англи, Герман, Нидерландыг хамарсан Атлантын далайн их шуурга болжээ. Энэ үеэр 25.000 гаруй хүний амь эрсдэж Рунгольт хотыг сүйрүүлсэн түүхтэй. Археологичид XX зууны эхээр хотын түүх дурсгалтыг шингээсэн маш олон олдворыг Ваттын далайгаас олсон ч туурийг хараахан олоогүй ажээ. Нутгийнхны ярьж байгаагаар шуургатай шөнө далайн гүнээс Рунгольт хотын сүмийн хонх жингэнэх чимээ одоо ч сонсогддог гэжээ.

9. Грек: Фанагория

09

Соёл иргэншлийнхээ ид хөгжлийн үед Грек нь Газрын дундад тэнгисээс гадна орчин цагийн ОХУ-ын газар нутагт хүртэл хот улстай байсан гэдэг. Тухайлбал Хар тэнгисийн орчим 12 гаруй боомт хоттой байсан нь Румын, Украин ба Болгартай хил залгаа оршдог байжээ. Тэдний нэг нь Фанагория бөгөөд Таманы хойгт оршдог байсан гэнэ.

Хотын туурийг 2011 онд далайн гүнээс олж илрүүлсэн бөгөөд гантиг чулуун сийлбэр бүхий булшны маш олон чулууг олжээ. Таманы хойг орчим хийсэн шумбалтын багт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оролцож байсан гэдэг. Түүхэнд тэмдэглэгдсэнээр Фанагория нь хөрш зэргэлдээ Понтусын эзэнт гүрэнтэй хийсэн тулаанд ялагдсанаар газрын гүнд сүндэрлэх болжээ.

10. Нидерланд: Саефтинг

10

Энэ бол 1584 он хүртэл Нидерландын зүүн бүс нутагт оршин тогтнож байсан эртний хотуудын нэг бөгөөд 1568 – 1648 онд болсон хувьсгалын төлөөх 80 жилийн дайны үеэр устаж мөхсөн хот юм. Саефтингийн газар нутаг нь бүхэлдээ намаг төдийгүй түүхийн он жилүүдэд хэдэнтээ үерт автаж байжээ. Хотыг Франц, Бельги, Нидерландын нутгаар дайран өнгөрдөг 350 км урт Шельде голд живсэн гэж үздэг. Өдгөө хотын туурь байдаг энэхүү намагт талыг “The Drowned Land of Saeftinghe” гэж нэрлэдэг ба мэргэшсэн хөтөч тайлбарлагчийн хамт аялах боломжтой.