Өглөө бүр өөртөө сануулах 12 зүйл

Та бидний эрхэм дээд зорилго бол Бурханаас заяасан “цаг хугацаа” хэмээх гайхамшигт бэлгийг үнэ цэнтэйгээр өнгөрүүлэхэд орших учиртай билээ. Ингээд өдөр бүхэн эрч хүч, урам зоригоор дүүрэн байхад тань туслах дараах зөвлөгөөг хүргэж байна. Амьдралын тань хором мөч бүр хайр энэрэл, өөдрөг мөрөөдлөөр үргэлж бялхах болтугай.

1. Хэрэв та хүсэх л юм бол өнөөдөр гайхалтай өдөр байх болно

Амьдрал гэдэг хүний өөрийнх нь бүтээсэн урт аяны зам байдаг. Шинээр эхлэх өдөр бүр ямар байхыг зөвхөн та л шийднэ. Цаг агаарын таагүй байдал, бусад хүмүүсийн хандлага зэргийг өөрийнхөө сэтгэл санаанд нөлөөлөхийг зөвшөөрөөгүй цагт тэд хэзээ ч таны аз жаргалыг хомсолж чадахгүй. Заримдаа амьдралаас хэтэрхий их зүйлийг хүсч хүлээснээс болж сэтгэлээр унах үе бий. Гэхдээ одоо байгаа зүйлдээ талархаад, илүү сайжруулахын төлөө хөдөлмөрлөх нь л хамгийн чухал юм.

01

2. Таны удирдаж чадах зүйл дэндүү олон бий

Хэдийгээр бидний хяналтаас давсан зүйл орчлонд олон ч удирдан зохицуулах боломжтой нь бүр ч их юм. Сонголт хийх, шийдвэр гаргах, мэдрэмжээ удирдах гээд бүхий л эрх, нөөц бололцоо таны гарт бий. Тийм учраас өөрчлөх боломжгүй зүйлсийг зөнд нь орхиод өөрийнхөө удирдан зохицуулж чадах зүйлд л анхаарлаа төвлөрүүлснээр нэг ч хором мөчийг харамсалгүйгээр өнгөрүүлж чадна.

3. Хэрэв асуудлыг шийдэхгүй л юм бол гомдоллох шаардлагагүй

Хэрэв ямар нэг зүйл танд таалагдахгүй байвал гомдоллохын оронд шийдвэрлэх арга замыг олохыг эрмэлзэж байгаарай. Гомдоллосноор юу ч өөрчлөгдөхгүй бөгөөд харин ч эргэн тойрны хүмүүсээ залхааж, өөрөөсөө хөндийрүүлж мэдэх юм. Тэгэхээр энэ муу зуршлаа орхихын тулд асуудлын шийдлийг олохыг эрмэлздэг өөдрөг хүмүүстэй хамт байхыг хичээх хэрэгтэй.

02

4. Танд үргэлж бусдын зөвшөөрөл хэрэггүй

Аливаа шийдвэр гаргахдаа бусдаас эмээж, зөвшөөрөл хүсэх хэрэггүй. Энэ ертөнцөд өнгөрүүлж байгаа цаг хугацаа тань юунаас ч илүү үнэтэй учраас аз жаргалын түлхүүрээ бусдын халаасанд бүү хадгалуулаарай. Та өдөр бүрийг амьдралаараа арилжиж байгаа болохоор өнөөдөр юу хийж байгаа тань маш чухал юм.

5. Амжилт бол үр дүн биш амьдралын хэв маяг

Хүн бүр амжилтанд хүрэхийг хүсдэг ч энэ нь бидний төсөөлдөг шиг эцсийн цэг биш ажээ. Харин амжилт гэдэг бол таны зорилго, зарчмуудад суурилсан өдөр тутмын хичээл зүтгэл, үр бүтээлтэй амьдралын хэв маяг юм. Амжилт бүтээлээр дүүрэн өнгөрч буй өдрүүд нь танд урам зориг оруулах амьдралын хөдөлгүүр болох учиртай.

03

6. Бууж өгөхгүй байх нь амжилтын нэг хэсэг

Амжилттай яваа хүмүүсийн нууц нь тууштай байдалд оршдог. Тэгэхээр та ч мөн адил эхэлсэн зүйлээ дундаас нь орхилгүй эцсийг нь үзэхийн төлөө сөөм сөөмөөр ахисан ч хамаагүй хичээж чадвал заавал үр дүнд хүрэх л болно. Бусдын сөрөг үгсийг үл анзааран зорилгынхоо төлөө мятралгүй урагшилж чадах хүч тэнхээ бол амжилтын салшгүй нэг хэсэг билээ.

7. Ямар ч нөхцөл байдалд сайхан сэтгэлээ гээж болохгүй

Хэн нэгний хариуцлагагүй байдлаас болж таны нислэг саатах, ажлаасаа хоцрох гээд шил шилээ дарсан асуудлууд өдөр бүх тохиолдож л байдаг. Энэ бүхэнд та ямар хариу үйлдэл үзүүлэхээ л сайтар анхаарах хэрэгтэй. Аливааг тунгаалгүй уур уцаараар шийдвэрлэхийг оролдох нь харамсал, гомдлоос илүүг авчрахгүй л болов уу. Харин үүний оронд хүлээцтэй байж, бусдыг ойлгож уучлах нь хариуцлагатай хүний харамсал дагуулахааргүй үйлдэл юм.

04

8. Хэн нэгний хатуу үгийг хэтэрхий эмзэгээр хүлээж авах хэрэггүй

Хэрэв бусдын хэлсэн зэмлэл, доромжлолыг эмзэгээр хүлээж авахгүй л бол хэн ч таны сэтгэлийг өвтгөж хүчрэхгүй. Хүн өөрт байгаа зүйлээ л бусдад өгөх боломжтой гэдэг. Тэгэхээр магадгүй таныг гомдоохоор завдсан хүн өөрөө сэтгэлдээ гомдол тээж явдаг ч юм билүү. Харин та хайр энэрэл, баяр баяслаар бялхсан зүрх сэтгэлтэй учраас түүнийгээ үргэлж бусдад түгээхийг хичээгээрэй. Хайрын тань хариуд хайр ирэхгүй байсан ч хамаагүй. Хамгийн чухал нь хүмүүсийн шүүмжлэлээс эмээлгүйгээр сэтгэл тэнүүн, эрх чөлөөтэй амьдрах нь аз жаргал биш гэж үү.

9. Одоо цагтаа л анхаарлаа бүрэн төвлөрүүлээрэй

Технологийн хөгжил сайн зүйлсийг авчирсан ч “амьд” харилцааг доголдуулж буй сөрөг үр дагавар бий. Бодит амьдралаас хөндийрч цахим ертөнцөд хэт автсанаар олон сайхан үйл явдал, боломжийг алдаж ч магадгүй юм. Тэгэхээр хүмүүстэй харилцах үедээ дэлгэц ширтэхгүйгээр анхаарлаа бүрэн хандуулж, амьдралынхаа цаг хугацааг бүрэн мэдрэхийг хичээгээрэй.

05

10. Эрч хүч сордог хүмүүсийн төлөө санаагаа бүү чилээгээрэй

Бидний эргэн тойронд бухимдал төрүүлэхүйц сөрөг энергитэй хүмүүс хязгааргүй байдаг. Тэд аль хэдийнэ өөрийн амьдралаа там мэт болгочихоод бусдыг ч бас сүйрүүлэхээр завддаг учраас тэднээс болж бухимдаж, толгойгоо өвтгөж, зүрх сэтгэлээ шаналгах шаардлага байхгүй. Хэрэггүй зүйлсийн төлөө санаа зовоход амьдрал дэндүү богинохон шүү дээ.

11. Амьдралынхаа сайн сайхныг үнэлэхгүй бол дорхноо замхран алга болдог

Идэвхгүй амьдар гэж хэлэх гээгүй ч амьдрал үргэлж өөдөлж дэвжиж байдаг зүйл биш. Зарим үед бүх зүйл нэгэн хэвийн санагдсан ч байгаа зүйлдээ талархаж, үнэ цэнийг нь мэдэрч байгаарай. Тэгэхгүй бол биднийг анзаараагүй байхад олон сайхан зүйлс холдон одсон байдаг шүү дээ. Хайрлавал хайрласан шиг хайрлаж, сэтгэл зүрхээ үргэлж дүүрэн байлгахыг хичээгээрэй.

06

12. Өнөөдөр бол Бурханы бэлэг

Яг одоо ч хичнээн хүн энэ хорвоог орхиж байгааг тааж мэдэхийн аргагүй. Өглөө бүрийн нарыг харах нь өндөр их хувь заяа билээ. Хүссэн бүхнээ хийж, аз жаргалаа мэдэрч, агуу үйлс бүтээх боломжоор дүүрэн дахин нэг өдрийг Бурхан танд бэлэглэж байна. Үүнээс илүү бэлэг гэж байх уу даа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!