Тэнгэрээс унасан хачирхалтай 10 зүйл

Тэнгэрээс унасан хачирхалтай зүйлс олон ажээ. Тэдгээрт шувуу, мэлхий, аалз, загас, мах, мөнгө, гольфийн бөмбөгнөөс эхлээд хүний хөлдөөсөн ялгадас хүртэл байдаг гэнэ. Ингээд дэлхийн өнцөг булан бүрт тэнгэрээс унасан итгэмээргүй зүйлстэй танилцацгаая.

1. Аргентин: Аалз

01

Аргентины Сан Бернардо ууланд авиралт хийж явсан Кристиан Онето Гаона хэсэг нөхдийнхөө хамт аалзаар бороо орсон хачирхалтай үзэгдлийн гэрч болжээ. 2007 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр болсон энэ үйл явдлын гэрэл зураг, дүрс бичлэг хүртэл байдаг бөгөөд тэнгэрээс унасан өнгө өнгийн аалз нь 10 см биетэй байжээ. Биологич Марта Фишерийн үзсэнээр тэдгээр аалз нь “Anelosimus Eximius” төрлийнх байсан бөгөөд 19 м хүртэлх өндөрт тороо нэхэх чадвартай ажээ.

2. АНУ: Гольфийн бөмбөг

02

Флоридагийн Пунта Горда хотын тэнгэрээс хэдэн зуун гольфийн бөмбөг бороо шиг асгарчээ. Итгэмээргүй үйл явдлын гэрч болсон гольф сонирхогч нар маш их балмагдаж мэргэжлийн хүмүүсээс тайлбар хүссэн юм. Ингээд мужийн цаг уурч, одон орон судлаачдын үзсэнээр Пунта Горда бол гольфийн курс олонтой газар. Тиймээс гольфийн бөмбөг хаа сайгүй байдгаас гадна дайрч өнгөрсөн хүчтэй салхины урсгал бөмбөгийг тууснаар эргээд газарт унасан гэсэн тайлбар өгчээ.

3. АНУ: Мах

03

Кентукки мужийн иргэн Аллен Краучийн гэрийн ойролцоо цэлмэг тэнгэрээс 91 м.кв талбайг хамрах хэмжээний их мах унажээ. Үлэмж том цасан ширхэг мэт тэнгэрээс унасан тэдгээр махыг хоёр хүн амталж үзсэн нь хонины эсвэл бугынх гэж үзсэн (1876 оны гуравдугаар сарын 3) байдаг.

4 Шотланд: Өт хорхой

04

Шотландын нэгэн сургуулийн хөлбөмбөгийн талбай дээр тэнгэрээс их хэмжээний өт хорхой унажээ. Биеийн тамирын багш, дасгалжуулагч Дэвид Крайтон гайхмаар энэ үзэгдлийг харсан (2001 он) бөгөөд сургуулийнхан 120 гаруй өт хорхойг түүсэн юм. Шотландын тэнгэрээс өтнөөс гадна цэлцэгнэсэн бүтэцтэй бороо хүртэл орсон тохиолдол 2009 онд гарсан байдаг.

5. АНУ: Ялгадас

05

1992 оны аравдугаар сарын 18-ны орой Жерри, Лерой хоёр зурагт үзээд сууж байжээ. Гэнэтхэн дээврийг нь цоолж бейсболын бөмбөг шиг ногоон өнгөтэй зүйл унасан гэнэ. Хөлдчихсөн байсан тэр зүйл удалгүй хайлж маш өмхий үнэр ялгаруулав. Хоёр хоногийн дараа Холбооны Нисэх Хүчний Удирдах Газраас тэдний гэрт унасан сонин зүйл бол Юнайтед Эйрлайнзын бохирын системээс хальсан хүний хөлдөөсөн ялгадас гэдгийг мэдэгджээ.

6. Австрали: Загас

06

Австралийн алслагдсан Лажаману хотод загасаар бороо оржээ. Хоёр хоног үргэлжилсэн борооны дараа хот алгана загасанд дарагдсан бөгөөд тэдний олонх нь амьд байжээ. Цаг уурчийн тайлбарласнаар хүчтэй шуурга загасыг 15.000 м өндөрт нисгэсэн бололтой. Энэ үзэгдэл сүүлийн гучин жилд гурав дахь удаагаа болсон нь гэжээ.

7. ОХУ: Мөнгөн зоос

07

Тэнгэрээс унасан итгэмээргүй зүйлс олон ажээ. Тэдгээрийн нэг нь Германд цаасан мөнгө унасан бол ОХУ-ынхаас эртний мөнгөн зооснууд унаж ирсэн явдал юм. 1940 оны зургаадугаар сарын 17-ны өдөр тэнгэрээс унасан тэдгээр 1000 орчим мөнгөн зоос нь XIV зууны үед хамааралтай байжээ. Эрдэмтдийн таамагласнаар торнадо хуй салхины хуйлралаар дайгдаж ирсэн гэдгээс өөр тайлбар хийгдээгүй байдаг.

8. Сибирь: Өнгө өнгийн цас

08

Москвагаас зүүн тийш 2253 км зайд орших Омск мужид улбар шар, шар, ногоон өнгөтэй цас 2007 онд оржээ. Тэр цас маш эвгүй үнэртэй бас тослог бүтэцтэй байсан гэнэ.

9. Япон: Үхэр

09

Тэнгэрээс үхэр унасан хачирхалтай явдлын нөлөөгөөр Японы загасны тор тавьдаг хөлөг онгоц живжээ. Японы эрх баригч нар загасчныг хөлгөө санаатайгаар живүүлсэн хэрэгт ял оноохоор товлож байсан юм. Гэтэл хэргийн зангилаа тайлагдаж тэнгэрээс үхэр унасан хэрэг нь ОХУ-ын цэргийн ангитай холбоотой болсон юм. Нэг цэрэг нь идэшний мал хэрэгтэй байсан ангийнхандаа мэдэгдэлгүй үхэр хулгайлж нууцаар тээвэрлэж байсан нь бүтэлгүйтэж идэшний үхрээ 9145 м өндрөөс шидчихсэн гэнэ.

10. Колумб: Цусан бороо

10

Колумбын Ла Сьерра тосгонд цусаар бороо оржээ. Орон нутгийн нян судлаач дээжийг нь авч лабораторид шинжлүүлтэл цус мөн болох нь тогтоогджээ. Олны гайхшралыг төрүүлсэн энэ хэрэгт нутгийн сүсэгтэн тайлбар хийсэн нь тэр цус бол хүн төрөлхтөн нүгэл хилэнцээ зогсоохгүй байгаад хилэгнэсэн Бурхан тэнгэрийнх нь дохио гэжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!