Түүхэн амжилтын эзэн А.Баярцэцэгийн тухай сонирхолтой баримтууд

Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2016” наадам АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд дэлхийн 120 гаруй орны гоо бүсгүй авьяас, чадвар, ур ухаанаа сорин өрсөлдсөнөөс эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг  гуравхан сая хүн амтай Азийн цээжинд орших Монгол Улсын түүхэнд байгаагүй амжилт гаргаж, шилдэг 11-т багтаж чадсан юм. Харин 66 дахь удаагаа зохион байгуулагдсан “Дэлхийн мисс”-ийн титмийг Пуэрто Рико улсын мисс Стефани Дел Валле хүртлээ. Ингээд түүхэн амжилт гаргаж монгол түмнээ 2008 оны олимпоос хойш дахин нэг удаа нэгтгэж чадсан мисс А.Баярцэцэгийн талаархи сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

01

-Эх орноо дэлхийн гоо сайхны олимпоп төлөөлсөн А.Баярцэцэг эдүгээ 25 настай.

02

-Тэрбээр “Торго модель” агентлагт харьяалагддаг бөгөөд найм дахь жилдээ загвар өмсч байгаа аж.

03

-Тэр айлын ганц охин.

04

-Хэдийгээр эдүгээ А.Баярцэцэг загварын тайзнаа алхаж, хэд хэдэн кинонд туслах дүрийг бүтээгээд амжсан ч, жинхэнэ эзэмшсэн мэргэжил нь энэ биш. Тодруулбал, тэрбээр маркетингийн менежер мэргэжилтэй. Гэхдээ энэ мэргэжлээрээ ажиллаж байгаагүй бөгөөд багын мөрөөдлөө биелүүлэхийн тулд кино урлагт хүч сорьж эхэлжээ.

05

-АНУ-д жүжигчний мэргэжлээр ажиллах хугацаандаа “Марка Поло” киноны хоёрдугаар ангийн туслах дүрд тогложээ.Түүнчлэн ирэх онд нээлтээ хийх Юан гүрний үед амьдарч байсан Хотол Цагаан Сарангэрэлт гүнжийн тухай өгүүлэх “Хотлун гүнж” уран сайхны түүхэн кинонд гүнжийн дүр бүтээхээр сонгогдсон бөгөөд саяхан “Мулан” киноны гол дүрийн шалгаруулалтад орох урилга авсан гэдэг.

06

-Загварын тайз ч гэсэн түүний багын мөрөөдөл байж. 14, 15-тай байхдаа тэрбээр загварын агентлагт бүртгүүлж байсан ч, англи хэлний сургалттай нь давхацсан учраас явж чадаагүй аж. Харин 2007 онд гэрийнх нь хажууд “Торго” агентлаг нүүж ирсэн нь А.Баярцэцэгийн хувьд алдаж боломгүй боломж байв.

07

-Түүний оролцсон олон улсын анхны томоохон тэмцээн нь Японы Токио хотноо болсон “Miss international 2014” тэмцээн байжээ. Уг тэмцээнд тэрбээр төдийлөн өндөр амжилт үзүүлж чадаагүй ч, эх орноо сурталчлах чухал үүргийг амжилттай биелүүлж чадсан удаатай.

-Мисс А.Баярцэцэг топ модель Х.Бадамгэрэлийн найз гэнэ. Энэ удаагийн тэмцээнд Х.Бадамгэрэл найзынхаа арын албыг нэр төртэй хашсаны зэрэгцээ хэдхэн хоногийн өмнө хэвлэлийн хурал зарлаж, монголчуудаа миссээ дэмжихийг уриалж байлаа. Түүний хөдөлмөр, монголчуудын идэвхи чармайлтын хүчээр А.Баярцэцэг маань 100 сая хүн амтай Филиппиний гоо бүсгүйг  олон нийтийн санал асуулгаар хол хаяж чадсан юм.

08

-А.Баярцэцэгийн бас нэгэн онцлох дэмжигч нь Холливудын нэрт жүжигчин Стивен Сигал байсан юм. Жүжигчин эр монгол эхнэртэй гэдгийг хүн бүр мэдэх биз. Тэгвэл тэрбээр өөрийн сошиал хуудсаараа дамжуулан Монголын миссийг дэмжихийг уриалж байлаа.

09

-Бидний “Дэлхийн мисс”-т сойсон А.Баярцэцэг загвар өмсөгчид дундаа өндөр боловсролтойд тооцогддог гэдэг. Тэрбээр англи, испани, франц хэлтэй.

-Тэр бол дэлхийн гоо үзэсгэлэнгийн тайзнаа Монгол Улсыг төлөөлсөн 12 дахь гоо бүсгүй.

-Тэрбээр өнгөрсөн жил Австрийн нийслэл Вена хотноо болсон “Miss Earth-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 16-д шалгарч байв. Тус тэмцээнд монгол орноо сурталчилсан Эко-видео нь шилдэг дөрөвт шалгарч, “Youtube” сүлжээнд 210 мянга гаруй хандалт авсан. Түүнчлэн шилдэг фотомисс, шилдэг үдшийн даашинзтай мисс, шилдэг илтгэгч миссээр шалгарсан юм.

-Мөн  өнгөрсөн жилийн “Miss World Mongolia” тэмцээнд “Зорилго бүхий гоо сайхан” тодотголтойгоор тэргүүн дэд миссээр шалгарч байлаа.

Эх сурвалж: Mminfo.mn

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close