​Есөн сүүлт үнэг гэж хэн байв?

Солонгос, Япон, Хятад зэрэг зүүн Азийн орнууд есөн сүүлт үнэг гэх зэрэгцээ ертөнцийн амьтны талаар домог яриа дэлгэрсэн байдаг бөгөөд Солонгосоор Гухихо, Японоор Кицунэ, Хятадаар Хули Жян гэж нэрлэдэг ажээ. Есөн сүүлт үнэг хэмээх нэг төрлийн шулам нь гоо сайхан эмэгтэйн дүрд хувилан эрчүүдийг урхидаж тэдний зүрхийг иддэг гэж домогт өгүүлдэг ажээ. Солонгосын телевизүүд энэ домог дээр үндэслэн “Есөн сүүлт үнэгний хүүхэд”, “Мянга дахь залуу”, “Миний найз охин есөн сүүлт үнэг”, “Гү гэр бүлийн ном” зэрэг олон ангит кинонуудыг гаргасан билээ. Энэ удаад эртний Хятадад Есөн сүүлт үнэг байсан гэж тэмдэглэгдэн үлдсэн түүхэн бодит хүний талаар болон бусад домгийн талаар сонирхуулъя. Гурван мянга гаруй жилийн өмнө буюу соёлт хүний иргэншлийн эхэн үед энэ явдал болсон ажээ.

01

Дажи /Бодит түүх/

Эртний Хятадын Шан улсын сүүлчийн ван Жоугийн хайртай татвар хатан юм. Тэр бол эмэгтэй хүний гоо үзэсгэлэн улс орныг мөхөөж болохыг сонгодог жишээ болон Хятадын уран зохиолд үнэгэн шулам хэмээн дүрслэгдэн үлджээ. Дажи Юсү хэмээх бяцхан улсын язгууртан гэр бүл Сүгийн гэр бүлд төржээ. МЭӨ 1047 онд Шангийн Жоу ван Юсүг байлдан эзлээд Дажиг бага хатнаа болгожээ. Дажиг авчирснаас хойш Жоу ван улс төрийн хэргээ умартан зөвхөн Дажитай цагийг өнгөрөөх болж хатныхаа хэлсэн бүхнийг гүйцэлдүүлдэг болжээ. Жоу амьтанд дуртай хатандаа амьтны хүрээлэн байгуулж зөвхөн түүнд зориулан хачин жигтэй хөгжим, зохисгүй бүжгийг ордныхноороо хийлгэдэг байлаа. Үүгээр зогсохгүй ордондоо 3000 хүнийг дуудан найр хийснээс хойш махан ой, дарсан нуур гэх хязгааргүй цэнгэлийг илэрхийлэх үг гарчээ. Жоу ван эдгээр зочдыг согтоогоод нүцгэнээр муур, хулгана болон тоглохыг тушааж хатнаа баясгаж байв. Жоу вангийн өөр нэг хатан энэ ёсгүй байдлыг шүүмжлэхэд ван уурлан түүнийг цаазалж, гэр бүлийнхнийг нь цөлөв. Дажи хүнийг тарчлаан, тэдний зовлонгоос таашаал авдаг байв.

02

Нэгэн удаа хөл нүцгэн малчин мөсөн дээр явж байгааг харч, хэр их тэвчээртэйг нь шалгахын тулд хөлийг огтолжээ. Бас жирэмсэн эмэгтэйн гэдсэн дотор юу байгааг харахын тулд хэвлийг нь нээлгэх гэх мэт харгис хэрцгий үйлдлүүд хийж байв. Мөн тэрээр хүрэл савнуудыг халуун тосоор дүүргээд тэдгээр савнууд дээр хэрэгтнийг гаргахад доороосоо шатах хэрэгтэн амь тэмцэн хөдлөхийг бүжиг гэж нэрлэн Жоу ван, Дажи хоёр түүнийг харан шоолцгоодог байжээ. Жоу ван улсаа мөхсөний дараа Жян Зияагийн зөвлөснөөр шулам эхнэрээ сая цаазаар авчээ. Хожим домогт түүнийг есөн сүүлт үнэгэн шулам байсан гэж өгүүлдэг байна.

03

Үнэгэн сүнс

Үнэгэн шулам эсвэл үнэгэн сүнс гэх амьтны тухай домгууд анх Төмөр зэвсгийн үеэс эхэлсэн бололтой байдаг ба Энд яригдаж байгаа Үнэг нь ердийн үнэгтэй ерөөс холбоогүй бөгөөд шидийн хүч ихтэй, хүн дүрд хувилж чаддаг зэрэгцээ ертөнцийн амьтан бололтой. Хүмүүн бусын төрөлт амьтан тэрээр урт настай, маш их хүч чадалтай ба олон сүүлтэй байх ажээ. Домогт өгүүлснээр үнэг зуун жил тутамд нэг сүүл нэмэгддэг гэх бол зарим хувилбарт нь тавин жилд нэг сүүл нэмэгддэг гэдэг. Аман домгуудад нэг, тав долоо, есөн сүүлт үнэгнүүд ихэвчлэн гарах ба есөн сүүлтэй болсон үнэг цагаан, алтан өнгөтэй болдог байна.

04

Сүүл нэмэх бүр хүч чадал нь ихсэх бөгөөд зуун нас хүрсэн үнэг сая хүний дүрд хувирч чаддаг болох ажээ. Үнэг ихэвчлэн хүмүүсийн сэтгэл татах үзэсгэлэнтэй залуу эмэгтэйн дүрд хувирах ба хааяа хөгшин эрийн дүрд нь орох нь ч бий. Тэд хүний дүрд хувиран өөрийн гоо үзэсгэлэнгээрээ эрчүүдийг ховсдон амин эрчмийг нь сорох юмуу элэг, зүрхийг нь идэж байгаагаар эсвэл хүнтэй гэрлэн хүүхэд төрүүлж байгаагаар домог, үлгэрүүдэд гардаг.  Хувилсан үнэгнүүд бүгд их сайхан үстэй байдаг ба тэдний сүүдрийг харан мөн төрхийг нь мэдэж болох ба сүүдэр нь үнэгний хэлбэртэй байх учиртай юм байна. Тэд хүний дүрд байхдаа сүүлээ нуух нь их хэцүү байдаг болохоор болгоомжгүй хөдөлгөөн хийх эсвэл согтсон үед нь сүүл нь харагдах учиртай гэлцдэг. Тэд ховсын чадвараас гадна сүүлнээсээ, амнаасаа гэрэл гарган, хүмүүсийн зүүдэнд зочилж, тулалдаж, үзэгдэхгүй болж, жинхнээсээ ялгарахын аргагүй хувилбараа үүсгэж чадна. Зарим домогт түүнийг цаг хугацаа, орон зайг туулан хүмүүсийг муу зүйлд хөтлөх ба ердийн модыг төсөөлшгүй өндөр болгож ургуулах эсвэл тэнгэрт хоёр дахь сарыг ч гаргаж чадах хүчтэй гэдэг. Хааяа цус сорогч, энерги сорогч байдлаар дүрслэгдэх ба хүний сүнсийг авдаг гэдэг. Дундад зууны үед Японд залуу эмэгтэйчүүдийг ганцаараа явахыг зөвшөөрдөггүй байсан ба харуй бүрий, манантай үеэр ганцаар яваа бүсгүйтэй таарах юм бол Үнэг гэж сэжиглэн зугтдаг байжээ. Зүүн Азийн домог үлгэрт гарах үнэгнүүд ерөнхий шинжээрээ төсөөтэй боловч бас хоорондоо бага зэргийн ялгаатай.

05

Кицунэ-Япон

Япон орон дахь үнэгний тухай домог Хятадаас дамжин арлын оронд нэвтэрсэн гэж үзэх ба үнэгний тухай анхны тэмдэглэл нь 11-р зууны үед бичигдсэн Конжаку Моногатари гэх ном юм. Гэхдээ домог судлаач Киёши Нозаки үнэгтэй холбоотой домгуудын эх гарал нь бүр эрт үед буюу НТӨ 5-4 зууны үед хамаарна гэж үзэж байгаа аж.Эртний Японд шидийн энэ амьтан хүмүүсийн дунд зэрэгцэн амьдарч байснаас түүнтэй холбоотой олон, домог яриа үүсэх шалтгаан болсон гэдэгт зарим судлаачид итгэлтэй байдаг байна. Кицунэ эхэндээ эерэг байдлаар үзэгдэж Шинтогийн цагаан будааны бурхан Инаригийн элч нар, түүний шадрууд гэж үзэгдэж байсан ч Хятад, Солонгосоос орж ирсэн домгуудын улмаас сөрөг байдлаар дүрслэгдэх болжээ.

06

“Миногийн Оно гэх хүн өөрийн төсөөлөх гоо бүсгүйг хайн нилээд уджээ./Энэ домгийг НТӨ 545 оны үед хамаарна гэж үздэг/ Тэр нэгэн үдэш хонин зангуун дунд тийм эмэгтэйтэй уулзаж гэрлэжээ. Оногийн нохой түүнд их дургүй байсан ба эзэгтэйг хүү төрүүлсний дараа ч гэсэн ерөөс өөрчлөгдсөнгүй. Эхнэр нь Оног нохойгоо ал гэж ятгасан ч Оно хэлснээр нь хийж төвдсөнгүй. Ингээд нэг өдөр нохой эхнэр рүү дайрахад тэр их айж сандран дүрээ хувирган анхдагч биедээ хувиран хашаа даван зугтжээ. Оно араас нь хашгиран –Чи үнэг байсан ч миний хүүгийн ээж болохоор би чамд хайртай хэвээрээ. Болбол буцаад ирээрэй, манайх чамд нээлттэй гэжээ. Үнэг үдэш бүр тэдний гэрт ирж нөхрийнхөө гарыг нь дэрлэн унтдаг байлаа.Үнэг нөхөртөө ирэхдээ хүн дүрстэй байх боловч өглөө нь үнэг дүрэндээ хувирна. Түүнийг Кицунэ гэж дууддаг байв”.

07

Хуучин Япон хэлэнд кицу-нэ гэдэг нь ирээд унт, ки-цунэ гэдэг нь дандаа ирээрэй гэсэн үг юм байна. Энэ мэтийн хүн дүрд хувирсан кицунэтэй гэрлэсэн тохиолдлууд домогт маш их байдаг ч бүх түүхүүд хагацлаар төгсөх ажээ. Кицунэ төрүүлсэн хүүхэддээ өөрийн хүч чадлаасаа өвлүүлэх бөгөөд одон зурхайч, шидтэн Абе но Сеймей өөрийнхөө онцгой хүч чадлыг удам дамжиж ирсэн гэж баталдаг. Цэлмэг нартай өдөр гэнэт бороо орвол Кицунэ хуримлаж байна гэж үздэг байна.

Японы домогт хоёр төрлийн үнэг байх ба эхнийх нь Инари бурхны шадрууд бөгөөд энэрэнгүй, сайхан сэтгэлтэй бол нөгөөх нь хорон санаатай, зальтай ажээ. Инари бурхны шадар кицунэ нарт цагаан өнгөтэй шидэт бөмбөлөг байх учиртай ба түүнийхээ тусламжтайгаар хүн дүрсэнд хувилах бөгөөд хүн дүрт байхдаа энэ эрдэнэнээ бусдаас нуухад хэцүү байдаг ажээ.Өөр сурвалжид сувданд үнэгний сүнс орших ба биеээс нь удаан хугацаагаар хол байвал кицунэ амиа алдана гэдэг. Эдгээр бөмбөлөг магадгүй буцаж ирэх ёстой гэдгийг нь сануулах баталгаа нь болдог байж магадгүй. Инари бурхан ч өөрөө кицунэ дүртэй болж хувирдаг гэж үзэх тул Шинто шашны мөргөлчид бас абурагэ гэж нэрлэгдэх зүсэж шарсан тофу, кицунэ удон ба кицунэ соба гэж нэрлэгдэх шөлөөр тахил өргөдөг ажээ. Инари үнэг нь хар, эсвэл цагаан зүстэй байх ба чөтгөрийн хүчээс хамгаалж, хүмүүсийг хамгаалах үүрэгтэй. Эдо эриний үед мухар сүсэгтнүүд Кицунэг шулмын амьтан гэжүзэн тэдний хорлолд автахаас сэрэмжилсэн тарни хүртэл гарч байв.

08

Харин хорон санаат кицунэ нар нь муу санаат эзний талд үйлчилж шударга самурай, дорой худалдаачин, тариачид нарыг залилан мэхэлж, хилс хэрэгт оруулж байгаагаар гардаг. Тэд хохирогчоо ховсдон хүссэн зүйлээ хийлгэх ба ганцхан харцаар тухайн хүний бодол санааг нь өөрчлөх ажээ.Дундад зууны Японд кицунэцуки буюу үнэгэнд ховсдуулсан гэх сэтгэцийн өвчтэй хүмүүс цөөнгүй байжээ. Залуу эмэгтэйд ойртсон кицунэ түүний хурууны хумс эсвэл цээжээр нь дамжин биед нь ордог. Кицунэд эзэмдүүлсэн хүний царай өөрчлөгдөх ба зарим боловсролгүй нэгэн нь уншиж чаддаг болох ажээ.

09

Домог судлаач Лафцадио Хеарн Японы ер бусын үзэгдлүүд анхны ботьдоо “Үнэгэн чөтгөрт эзэмдүүлсэн хүний зан ааш их хачин болно. Заримдаа тэд нүцгэлэн гудамжаар хашгиран гүйнэ. Заримдаа тэд үхэхдээ амаа хамхисан байсан ч үнэг мэт орилно. Биеийнх нь зарим хэсэг арьсан доор булдруу үзэгдэх боловч түүнийг зүүгээр авах гэхээр өөр хэсэгт нь шилжээд огтоос гадагшилдаггүй. Хүчирхэг бадриун нэгэн ч хуруугаараа баргийн юмыг даахгүй болж ирнэ. Ховсдох тухай домогт тэд ихэвчлэн догшин ширүүн болно. Тэд зөвхөн үнэгний дуртай тофу, абурагэ, азукимэши нарыг маш ихээр идэх нь дотор нь байгаа өлсгөлөн үнэгнээс болсон гэнэ.”

10

Тэр тэмдэглэхдээ ховсноос гарсан нэгэн үнэгний дуртай хоолыг дахин хэзээ ч идэхгүй болдог ажээ.Зарим хүмүүсийг хорон санаат кицунэгээс салгахын тулд Инари бурхны шүтлэгийн өмнө авчран занчих эвсэл засал авахгүй нэгнийг нь шатаадаг байжээ. Ийм хүмүүсийг Японд кицунэцүки гэх ба 20-р зууны эхэн хүртэл сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийг ингэж нэрлэдэг байлаа. Кицунэгийн ховсдолт гэх эмгэг нь бусад мэдрэлийн өвчинтэй онцын ялгаагүй боловч зарим онцлог зүйл бас бий. Анагаах ухаанд кицунэцүки бол Японд тохиолдох соёлын нөлөөтэй онцгой синдром гэж үздэг. Өвчтөн өөрийгөө үнэгэнд эзэмдүүлсэн гэж бодох ба улаан буурцаг, цагаан будаанд донтож нойргүйдэн, орон зүйн баримжаагаа алдан, харц нь ширүүн болдог. Япончууд үнэгний тухай домгоосоо сэдэвлэсэн нилээд олон бүтээлүүдийг бий болгожээ. Банраку, кёген, кабуки театруудад тэдэнтэй холбоотой бүтээлүүд тавигдаж аниме, манга, видео тоглоомуудад кицунэ дүрслэгдсэн байдаг.

11

Таманогийн Мае

Кицунэтэй холбоотой хамгийн алдартай домог бол 12-р зууны үед хамаарах энэ домог юм. 1113 онд Сакабэ Юкицуна гэх самурай үр хүүхэдгүй байсан тул Микукумэ нэртэй бяцхан охиныг үрчлэн авч өсгөжээ. Охин 17 нас хүрэхдээ ер бусын авъяастай нь мэдэгдэх болж жилийн дараа Мае гэж нэрээ өөрчлөн хааны ордонд оржээ. Тэр ер бусын үзэсгэлэнтэй, анхилуун сайхан үнэртэй бөгөөд хувцас нь огт бохирддоггүй байлаа. Мае зүгээр үзэсгэлэнтэй байгаад зогсохгүй өргөн мэдлэгтэй байжээ. Түүнээс хөгжим, одон зурхай, шашин, өөр юуны ч тухай асуусан огтоос түгдрэлгүй хариулдаг байсан тул хааны ордны хэн бүхэн түүнийг гайхан биширч хайрлаж байсны дотор залуу эзэн хаан Коное ч өөрөө багтаж байлаа. Мае-ийн төлөө бүхнээ зориулахад бэлэн байсан Коное эзэн хаан гэнэт өвдөв.

12

Ингээд хаан лам нар, зөнч нарт хандан өвчнийхөө учрыг асуусан боловч хэн нь тоймтой хариулт өгч чадсангүй. Эцэст нь зурхай Абегийн Ясучика учрыг тайлж эзэн хааны ойрын үзэсгэлэн төгөлдөр бүсгүй бол хорон санаат кицунэ бөгөөд хаан ширээнд санаархагч чөтгөрийн дамёгийн талд үйлчилж байгааг айлтгав. Мае энэ үеэр ордноос алга болсон байлаа. Коное хаан Кикусан-но-сүкэ, Миура-но-сүкэ нарт 80000 цэрэг өгч Кицунэг дарахаар илгээжээ. Тамано-но Мае Миурагийн зүүдэнд үзэгдэн амийг нь өршөөхийг гуйсан ч дайчин зөвшөөрсөнгүй. Ингээд дараа өдөр нь цэргүүд Кицунэг Насугийн хөндийд олж Миура-но-сүкэ түүнийг харваж алжээ. Үнэгний бие нь Сешшо секи буюу Алуурчин чулуу гэх нэртэй чулуу болж хувирсан ба энэ чулуунд ойртсон хүмүүсийг хорлодог гэсэн яриа гарч байв. Харин сүнс нь чулууг манасаар байсан ба Буддын Генно гэх лам сүнсийг нь тайвшуулснаар Кицунэ дахин хүнийг хорлохгүй болжээ гэдэг.

13

Хули жян- Хятад

Хятад домгийн Хули жян хүний дүрд хувирдаг шидэт хүчтэй, мөнхийн амьдралтай хүний амьсгал эсвэл нар, сарны эрчимээр тэжээгдэн байдаг амьтан юм. Энэ амьтан хамгийн анх Шан ХайЖингийн домгийн сурвалжуудад хүний дуу хоолойгоор ярьдаг, чөтгөрөөс хамгаалагч гэгч дурдагдсан байдаг байна. Харин Жоу улсын сударт түүнийг зөнч араатан гээд хэрвээ олж үзвэл азын дохио, энх тайван байдлыг зөгнөнө үздэг тухай дурсжээ.

14

Хан улсын үед Хули Жяныг эзэн хааны гэр бүлийн хамгаалагч гэж үзэж байв. Үнэгэн сүнсний тухай хамгийн алдартай домог бол аль эртний Шан улсын үед хамаарах МейШи гэх эмэгтэйн шидэнд автсан Сиа улсын вантай холбогдох бөгөөд улсынх нь мөхлөөр энэ домог төгсөнө. Бас БаоСи гэгчийг эзэмдэж Зүүн Жоу улсын нийслэлийг шилжүүлэхэд оролцсон ч гэдэг. Хули Жянийг ихэнхидээ хорлонтойгоор дүрсэлдэг ч Пу Сүнлиний “Ляожай” гэх олон бүлэгтэй зохиолд янз бүрийн шидийн амьтадтай хайр сэтгэлтэй болж байгаа залуу эрчүүд гарах ба энд гэм хоргүйгээр дүрслэгдсэн байх ажээ.Хятадын Зен Буддизмд үнэгэн сүнсийг дурдаад ёсгүй залуу зам нар учрыг нь ойлголгүйгээр үнэгэн сүнсний заль мэхэнд хууртуузай гэж сургадаг байв.

15

Кумихо-Солонгос

Солонгосын Кумихо дандаа муу санаатай, хорлонтой амьтнаар дүрслэгдэх ажээ. Кумихо муу санаат нэгэнд тусалж гэмгүй хүнийг хорлох ба хүн-кумихогийн дундаас төрсөн эрлийз амьтад нь харанхуйд хүүрийн газраар тэнүүчлэн явж шарилын зүрхийг сугалж иддэг гэж ярьдаг байв. Кумихо сүйт бүсгүйн хувцас өмсөөд хээр замд хохирогчоо хүлээн суух бөгөөд түүний гараас мултрах боломжгүй ажээ. Зарим домогт Кумихо мянган хоног хүний мах идэхгүй мацаг барьвал хүн болно, эсвэл 1000 жил амьдрахдаа мянган эрийн зүрхийг идвэл хүн болно гэх домог ч бий.

16

Эх сурвалж: Zuv.mn