“CNN” агентлаг Монголчуудын тухай ингэж бичжээ

Манай улсад хэзээ ч зочилж байгаагүй, монгол хүнтэй уулзаж үзээгүй хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс л Монгол Улсын талаар ойлголт, төсөөлөлтэй болдог. Тэгвэл дэлхийн хамгийн нөлөө бүхий мэдээллийн хэрэгслүүдийн нэг CNN өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын талаар ямар мэдээлэл хүргэснийг архиваас нь шүүлээ. Тэдгээр мэдээллийг Монгол Улсын талаар болон Монголыг дурьдсан мэдээ гэж хоёр ангилсан болно.

МОНГОЛ УЛСЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛҮҮД:

2016 оны зургаадугаар сар

“Баруун Монголын гэр бүлийн амьдрал, гайхалтай байгалийг харуулсан гэрэл зургууд” нийтлэлд Австралийн аялагч Жон Фийли Монголд өнгөрүүлсэн дурсамжаа хуваалцжээ. Тэрбээр монгол хүмүүсийн ахуй амьдрал, ёс заншилтай дотно танилцахын тулд тэдэнтэй хэсэг хугацаанд хамт амьдарсан аж. Сонирхолтой нь, Фийли монгол хэл огт мэдэхгүй ч орчуулагч аваагүй гэнэ.

01

2016 оны наймдугаар сар

Өнгөрсөн оны наймдугаар сард Монгол улс өрийн хямралд орж, дефольт зарлахад тулаад байлаа. Үүнтэй холбоотойгоор CNN Money манай улсын эдийн засгийн талаар тусгай нийтлэл бэлтгэсэн байна. “Таван жилийн дотор эдийн засгийн үсрэлтээс хар дарсан зүүд рүү шилжсэн улс” гарчигтай тус нийтлэлд Монгол Улсыг гурван сая хүн амтай, асар их баялагтайг дурьджээ. Гэвч засгийн газар үүнийг буруу удирдсаны улмаас өрөө төлөх чадваргүй болж, төгрөг дэлхийн хамгийн муу мөнгөн тэмдэгтээр шалгарлаа. Үүнээс гарах арга зам нь “Оюутолгой”, “Тавантолгой” гэжээ.

2016 оны 11 дүгээр сар

“Гэрийн гаднах Монголын амьдрал гэрэл зурганд” ярилцлагад CNN гэрэл зурагчин Пол Кокстой ярилцсан байв. Кокс бусад жуулчид шиг урин дулаан цагт ирж, хөдөөгийн сайхан руу зүглэсэнгүй. Харин дүн өвлөөр ч, халуун зунаар ч Монголд зочилж, гэр хорооллын айлуудын ахуй амьдралтай танилцсан нь CNN-ий сонирхлыг татжээ.

Кокс ярилцлагандаа монгол хүмүүсийн халуун дулаан, зочломтгой занг дурьдсан байна. Гэхдээ үүнээс илүүтэйгээр тэдгээр хүмүүсийн ахуй амьдрал хичнээн хүнд болох, архидалт, ажилгүйдэл газар авсныг өгүүлжээ.

02

2016 оны 12 дугаар сар

Монгол бөхчүүд Сумогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэрхэн бэлтгэж байгаа талаар CNN “Сумогийн дараагийн супер од: Монгол бөхчүүд яагаад хүчирхэг байдаг вэ?” сурвалжлага бэлтгэсэн байна.

Уг сурвалжлагад монгол хөвгүүд багаасаа барилдаж өссөн болохоор бөхийн спортод авьяастай байдгийг дурьджээ. Түүнээс гадна мэргэжлийн сумочдын орлого Япондоо өндөрт тооцогдохгүй ч Монголд маш их мөнгө тул монголчууд энэ спортод амжилт үзүүлэхийн тулд ихэд мэрийдэг гэжээ.

Энэ утга санааг CNN 2017 оны нэгдүгээр сард бэлтгэсэн “Япончууд 19 жил хүлээсний эцэст сумогийн аваргатай боллоо” мэдээнд мөн дурьдсан байна.

03

Эх сурвалж: View.mn

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.