in

Хөөрхөн Гайхмаар

Яагаад хүүхэд аав ээжийгээ элэг барьж бусадтай зүгээр байдаг вэ?

Хүүхэд тань бусадтай байхдаа томоотой, харин ээжийнхээ дэргэд янз бүрийн ааш авир гаргаад байна уу.

Бяцхан хүүхдүүдийн эцэг эх бол тэдний хувьд зөвхөн хамгийн дотны хайртай хүн байгаад зогсохгүй бүхэл бүтэн ертөнц тэр чигээрээ юм. Бага насны хүүхдүүдтэй эцэг эхийн хувьд тулгардаг нэг асуудал бол хүүхэд бусадтай үлдэхээрээ өөрийгөө зөв авч явж, үгэнд нь орж, заавар зөвлөгөөг нь дагаж томоотой байдаг мөртлөө эцэг эхээ харахаараа “хүнээ байдаг” явдал юм. Ялангуяа анхны хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байгаа эцэг эхчүүдэд үнэхээр ярвигтай байх нь мэдээж. Үнэхээр ээжийн буруу хүмүүжүүлснээс хүүхэд ээжийгээ харахаар аашаа эвдэж, янз бүрийн авир гаргадаг уу?

Нэгдүгээр шалтгаан: Эцэг эхдээ итгэж байна

Эцэг эх хүүхдийнхээ “хэцүү” ааш авир гаргаж буйг өөрсдийнхөө өгч буй хүмүүжлээс шалтгаалж байна гэж үзэж өөрсдөөсөө бурууг хайдаг. Үнэндээ хүүхэд зангаа эвдэж байж боломгүй авир гаргах нь нэгдүгээрт, хатуу ширүүн хүмүүжүүлж буй тохиолдолд, хоёрдугаарт, хэтэрхий их эрхлүүлж өсгөхөд тохиолддог.

Мөн хүүхдүүд эрхэлж, буруу аашилж байгаа нь хамгийн их хайртай хүмүүстээ 100 хувь итгэж байгаагийн илрэл. Энэ нь хүүхэд хамгийн их хайртай, итгэлийг нь авсан ойр дотны хүндээ л эрхэлдэг гэсэн үг. Иймд эхийгээ харахаар аашаа эвдэж байна гэдэг нь нэг талаас маш хэвийн үзэгдэл. Хүүхэд ээж аавдаа ааш гаргаж, хэлэх зүйлээ хэлж, уйлж, гомдож, баярлаж, хүсэх зүйлээ хүсч, түүнийгээ авч чадаж байна гэдэг гэр бүлийн уур амьсгал эрүүл зөв байгааг илэрхийлж байгаа юм. Иймд хүүхэд тань иймэрхүү байдлаар танд хандаж байвал танаас эмээдэггүй, өөрийгөө илэн далангүй илэрхийлж чаддаг, өөрт тохиолдсон баяр, гуниг, сайн муугаа нуухгүй хуваалцдаг хүн болно.

Харин хүүхэд ээжтэйгээ байхдаа хүмүүжилтэй, бусадтай байхдаа сахилгагүйтдэг бол сайны шинж үү, муугийн шинж үү?

Хэрэв хүүхэд ээжтэйгээ байхад бүх зүйл хэвийн боловч өвөө эмээ, ах эгчтэйгээ байхад эсвэл цэцэрлэг дээрээ муухай аашилж загнадаг бол ээж хүүхдийнхээ хүмүүжилд өөрөө анхаарах цаг болсны дохио юм. Учир нь ийм харьцаа нөгөө харьцааг бодвол арай бага тохиолддог ч илүү ноцтой. Энэ нь өөрийнхөө хамгийн дотны хүн-ээждээ бүрэн итгэдэггүй, харьцаандаа айдастай, иймд өөрийн сэтгэлээ хуваалцдаггүй гэсэн үг. Ийм харьцаа ихэвчлэн урт цагаар ажилладаг, хүүхэддээ анхаарал халамж бага тавьдаг, бага цаг хамт өнгөрүүлдэг болон хүүхэдтэйгээ харилцан ярилцдаггүй эцэг эхэд ихэвчлэн тохиолддог.

Нэн ялангуяа өөрсдөө хүүхдээ хүмүүжүүлдэггүй, асрагч эхээр харуулдаг Европын орны хүүхдүүд ийм төлөвшилтэй байх нь түгээмэл. Иймд ийм асуудлаас ангид байя гэвэл өөрөө хүүхдээ хүмүүжүүлэх, хүүхдийнхээ асуудалд оролцох, хамт цагийг өнгөрөөж, асуудлыг хамт шийдэж байх хэрэгтэй.

Хоёрдугаар шалтгаан. Бусдаар түрий барих

Зургаан нас хүртэлх хүүхдүүдийн зан ааш тогтворгүй, ердөө л хамелеон мэт хувирч байдаг. Мөн хажуудаа байгаа томчуудыг харж дуурайж, үйл хөдлөл, яриа хөөрөө, тэр байтугай халбага сэрээгээ яаж барьж байгааг нь хүртэл яг хуулбарлаж байдаг. Компьютерийн ард аавыгаа дуурайж суух гээд кабелийг нь таслах, ээжийгээ дуурайж хоол хийх гээд гал тогоогоор нэг гурил цацах, нохойгоо хооллох гээд хамаг махыг чинь гаргаад өгөх нь ч бий. Энэ бол хүүхдийн хөгжлийн энгийн үзэгдэл, хүүхэд юм сурч, өөрөө бие дааж юм хийх гэсэн хамгийн зөв хандлага.

Ийм хандлагыг эцэг эхчүүд загнаж, шийтгэж буруутгаж биш урамшуулж, хөхүүлэн дэмжиж, цаашид яаж зөв хийхийг нь дагуулж сургаж байх нь зүйтэй. Тэгээд ч ийм байдалд орсон хүүхдүүд өхөөрдөм хөөрхөн байдаг. Ийм үед загнаж зандарвал цаашид юм хийж үзэх хүсэл төрөхгүй, зөвхөн өөрийн тань заавраар хийдэг эсвэл хийж өгснийг хүлээж авдаг л хүн болно гэсэн үг. Ийм хүүхдүүд өөртөө итгэлгүй, шийдвэр гаргах чадваргүй, зөвхөн бусдын зөвлөгөөг дагагч болон хүмүүждэг.

Цэцэрлэг дээрээ эсвэл өөр хүнтэй зөв зүгээр байснаа ээжийгээ харангуутаа ааш нь огцом хувирч байвал энэ нөгөө л 6 хүртэлх насныханд тохиолддог хамелеон шинж чанарын илрэл. Жишээ нь, хүүхэд эмээтэйгээ өдрийг өнгөрөөжээ. Бүх зүйл сайн сайхан байлаа. Хүүхэд эмээгээ уурласан, баярласан хамаагүй ярианы хэв маяг, зан ааш, тавьсан шаардлага бүгдэд гайхалтай зохицоод байж чадна. Энэ нь зүгээр л ойлголцлын түвшинд биш, мэдрэмжээрээ хийж байгаа үйлдэл. Ямар ч бодол санаагүйгээр эмээгийн санааг дагаж хийнэ гэдэг ургамал нарыг дагаад байрлалаа өөрчилж байгаатай эсвэл өвчтэй эзэндээ тус болох гээд хажууд нь очих нохой, муурны зөнгөөрөө хийж буй үйлдэлтэй адил.

Ээж нь ирлээ. Удаан байсан нөхцөл байдал өөрчлөгдлөө. Ээж нь өөр шаардлага тавьж, өөр сэтгэлийн хөдлөл үзүүлж, ярианы болоод биеэ авч явах хэв маяг өөрчлөгдлөө. Нэг өөрчлөлтөөс нөгөө өөрчлөлтөнд шилжих цаг хүүхдэд олдсонгүй. Энэ өөрчлөлтийг хүлээж автал хэсэг хугацаанд хүүхэд сонин байдлаар өөрийгөө илэрхийлж эхэлнэ. Энэ шилжилтийг олон эцэг эх ойлгодоггүй, ялгаж харилцаад байна гэж боддог. Гэтэл энэ нь нэг харилцаанаас нөгөөд шилжих шилжилтийн энгийн процесс байх нь. Эцэн эхчүүд ажиглаад харвал ийм харилцаа тийм удаан үргэлжлэхгүй 1-2 цагийн дараа хүүхэд хэвийн байдалдаа орсон байдаг.

Хүүхдийн энэ занг яаж өөрчлөх вэ?

Хамгийн гол нь эцэг эх биднийг эвгүй байдалд орууллаа, олны нүдэнд хүмүүжилгүй гэдгээ харууллаа гэж хүүхэддээ гомдож, бурууг тохох хэрэггүй. Эцэг эх хүүхдийнх нь энэ зан авир зөвхөн тэдэнд гаргаж буй авир биш, хүүхдийн хөгжлийн нэг үе шат жамаараа явагдаж байна гэдгийг хатуу ойлгож, тайван хүлээж авах хэрэгтэй. Давтан хэлэхэд хамгийн хайртай хүмүүсийнхээ дэргэд хүүхэд онгирон сагсуурч, үймүүлж, эрхэлж, уйлж унжиж, юм нэхэж, айлгаж байна гэдэг хэвийн үзэгдэл.

Харин эсрэгээрээ бол асуудалтай гэдгийг дээр дурдсан. Ээж үүнийг эмзэг хүлээж авалгүй тайван амгалан, байх ёстой зүйл мэтээр сүр бадруулалгүй хүлээж авбал хүүхэд тэгэсгээд тайвширч, шинэ нөхцөл байдалдаа дасаад ирдэг. Үүнийг ихэнх эцэг эх мэдэхгүйгээсээ загнаж зандарч, муу хүүхэд мэтээр ойлгуулж, эсвэл номхон дуулгавартай байлган “сайн” хүүхэдтэй болох гэж дарамталснаас байдал эсрэгээрээ эргэж, асуудлыг дэврээж орхидог тал бий.

Хүлээх тактик

Хүүхэд зан аашаа эвдэн янз бүрийн ааш гаргахад эхчүүд ихэвчлэн хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байна гэж өөрийгөө буруутгадаг. Үүн дээр эмээ, өвөө нь “Бидэнтэй зүгээр байсан хүүхэд яахаараа чамтай ингэдэг байнаа. Чи ерөөсөө хүүхдийн арга эвийг олохгүй байна” гэх мэтээр тос нэмэх нь бий. Далайн хүчтэй түрлэг ирэхэд түүнийг өнгөрөөчих л юм бол нэг хэсэгтээ тэр давалгаа буцаж ирдэггүй. Яг үүнтэй адилхан ааш авир гаргаж байгаа хүүхэдтэй эвтэйхэн харьцаж болно.

Яг ааш гаргаж байх үед нь оролдолгүй орхиод хэсэг тайван хүлээж харзнах нь хүүхдэд тайвширч хэвийн байдалдаа ороход нь туслах үйлдэл юм. Ийм тохиолдолд хүүхэд бусдын аргадалт, нөлөөгүйгээр өөрөө өөрөө тайвширч, хэвийн байдалд ордог. Харин энэ байдал удаан үргэлжилвэл “Миний хүү ээжийгээ ямар их санаа вэ. Хүүгээ эрхлэх, сахилгагүйтэхийг харсан чинь сайхан болчихлоо” гэдэг ч юм уу, хайраа илэрхийлсэн үгийг зөөлөн, уурлалгүйгээр, чанга биш хэлээрэй. Хүүхдийн сэтгэлийн хөөрлийг эцэг эхийн тайван хүлээлт л хамгийн сайн дардаг бөгөөд энэхэн зуур л тэвчиж чадвал хүүхэд нэг мэдэхэд ээжтэйгээ энхрий ялдам харилцаж эхэлсэн байх вий.

Гэр бүлийн доторх харилцаагаа хянах

Зарим тохиолдолд сэтгэлийн хөөрөл ихтэй, удаан хугацаагаар ааш авир гаргадаг хүүхэд тохиолдох нь бий. Ийм үед хүүхэд хяналтаас гарч, өөрийг чинь “галзууруулах” шахаж магадгүй. Хэдий хүүхдийн онцлогоос шалтгаалан сэтгэлийн хөөрөлд автан үймүүлэх, үгэнд орохгүй байх, хамаг юмаа бусниулах зэрэг нь их, бага байж, энэ нь энгийн хөгжлийн нэг хэлбэр гэж үзэгдэх боловч гэр бүлийн доторх харилцаандаа шинэ дүрэм гаргах байдлаар асуудлыг саармагжуулж бас болно.

Ингэх нь хүүхдийн харилцаа хүүхэд асрагч юм уу, эмээ өвөөгийн хяналтаас хурдан гарч, шинэ орчиндоо хурдан дасан зохицоход тусална. Эмээг, асрагч хэн ч бай аав ээжийг ирмэгц хүүхдийг хүлээлгэж өгөөд хурдан явах хэрэгтэй. Ингэсний дараа ээж хэсэгхэн зуур хүүхэддээ хүлээцтэй хандах. Энэ дүрмээр хэсэг хугацаанд “тоглоход” хүүхэд хэвийн байдалдаа хурдан ордог болно.

Энд нэг зүйлийг хэлэхэд хүүхдэд хичнээн эмээ өвөө, асрагч, ах дүү хамаатан садан байна, тэр бүгдтэй хүүхэд өөр өөрийнх нь зан байдалд тохируулан зөнгөөрөө харьцах дадал суусан байдаг. Гэхдээ хүүхэд тэдэнтэй хэзээ ч ээжтэйгээ байгаа мэт байдаггүй, ээжтэйгээ харьцдаг шигээ харьцдаггүй.

Хүүхэд бусадтай хамт байж сурах нь хүүхдийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой. Аав ээж нь хүүхдээ ах дүүтэй, эмээ өвөөтэй нь ойр байлгадаг айлын хүүхэд хүнтэй харилцаж сурсан, арга эвийг олдог, шинэ газар, шинэ хүмүүстэй дасан зохицохдоо амархан болж хүмүүжих нь бий. Харин гэртээ ганцаараа ихэнх цагийг өнгөрөөдөг бол нээлттэй биш, өөрийгөө илэрхийлэх чадвар муутай болж өсдөг.

Гэсэн ч хүүхдийн хувьд ээж зав муутай, хүүхэддээ бага цаг гаргадаг ч хамгийн хайртай дотны хүн нь хэвээр байдаг. Иймд хүүхэддээ зав бага гаргадаг бол гэртээ ганцаардуулалгүй аль болох ах дүү, эмээ өвөөтэй нь ойр байлгаж хүмүүстэй харилцаанд оруулж байх нь чухал. Ингэх нь хүүхдийг нийгмийн харилцаанд оруулж, мэдээлэл авах боломжоор хангаж, ирээдүйд олны дунд нийцтжй ажиллаж, амьдрахад сургадаг.

Жишээ нь, хүүхэд эмээтэйгээ байхдаа хоолойн өнгө нь өөрчлөгдөж захиран тушаах, заавар зөвлөгөө өгөх дуртай болж, зарим үгэн дээрээ өргөлт хийх маягаар дуурайж болно. Ингэлээ гээд хүүхдийг шүүмжилж, тоглоом тохуу хийж болохгүй. Хүүхдийн хөгжил жам ёсоороо л явж байна гэсэн үг. Харин дараа өөр нэгэнтэй байхдаа бас өөр ярианы хэв маяг, үгийн сантай болох зэргээр тасралтгүй хөгжиж байдаг.

Харин хүүхдийн хүмүүжилд ээж эсвэл эмээ гэдэг ч юм уу ганцаарчилсан нөлөө оролцож байх нь илүү ач холбогдолтой байдаг. Хэрэв ээж, эмээ хоёр нэгэн зэрэг өөр өөрийнхөөрөө байлгаж хүмүүжүүлэх гээд оролдвол хоёр өөр арга барил, хүмүүжлийн дунд хүүхэд самгардаж эвдрэх нь бий. Иймд нэг удаадаа “нэг бол ээж, нэг бол эмээ, нэг бол асрагч” гэсэн зарчим мөрдөх нь аюулгүй.

Харин аав нь тусдаа амьдардаг хүүхдүүдийн хувьд байдал өөр байдаг. Ийм тохиолдолд аавтай нь хамт байлгахаар хүүхдээ өгөхдөө өөрсдийн хоорондын зөрчил, хэрүүл маргааныг “мартах” хэрэгтэй. Энэ тийм амар зүйл биш ч хэзээ ч хүүхэддээ салсан аав, тусдаа амьдарч буй аавыг нь муулж, өөрийгөө түүний төлөө бүхнээ зориулж буй мэтээр ойлгуулах гэж “жүжиг” тавьж болохгүй. Тэглээ гээд хүүхэд ойлгож хүлээж авдаггүй. Учир нь хүүхдийн хувьд аав бол аав, ээж бол ээж. Хоёулаа эрхэм дотны хүмүүс.

Эцэст нь хүүхэд эцэг эхтэйгээ нууж хаах зүйлгүй чөлөөтэй харилцаж, айж эмээлгүй асуудлаа ярьж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж байна гэдэг хамгийн эрүүл хүмүүжлийн нэг хэлбэр бөгөөд хүүхэд эцэг эхдээ бүрэн дүүрэн итгэж найддагийн баталгаа. Цэцэрлэгтээ үлгэр жишээ охин гэртээ ирээд “ад чөтгөр” шиг аашилж байвал бүү гайх. Тэр зүгээр л бусдын хажууд бие, үйлдэл, сэтгэл хөдлөлөө барьж байсан, харин одоо өөрийн хамгийн хайртай аав ээжтэйгээ айх, хүнийрхэх, биеэ барих шаардлагагүй боллоо.

Үүнийг хэрэглээд хөлийн өвдөлтийг март!

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: “Үүр цайгаасай” гэдэг монгол кино үзээд ичлээ