Гадаадад жаргалтай амьдарч буй харагддаг хүн болгоны ард маш их тэвчээр, хичээл зүтгэл байдаг юм шүү…

Хүүхэд залуучууд, үе тэнгийнхэндээ нэгэн залуугийн илгээсэн захидлыг хүргэж байна. Тогтоож уншаад, санаж яваарай.

Сайн байна уу? Намайг Дөлгөөн гэдэг. Өөрийнхөө сонирхол болон өөрт тохиолдсон хамгийн том өөрчлөлтийн талаар сонирхуулах гэсэн юм. Би хэн бэ, би хэн байсан бэ, би юуг буруу хийж байсан бэ, миний хийсэн алдааг та бүхэн битгий давтаасай гэсэндээ үүнийг бичиж байна.

Залуусын “тэнэх” дуртай цахим ертөнцөд харагддаг гадаадад жаргалтай амьдарч буй хүн болгоны ард маш их тэвчээр, хичээл зүтгэл байдаг юм шүү. Бүх зүйл төсөөлсөн шиг биш гэдгийг ойлгуулахыг хүссэн юм.

Би дундаж айлын, өвөө эмээ дээрээ өссөн энгийн л нэг айлын хүүхэд байлаа. Багаасаа урлагт дуртай, зураг зурах, авах, бүжиглэх, хөгжимд дурласан хүү байв. Хамгийн анхны хөл тавьсан сургууль маань Орос, Монголын хамтарсан 3-р сургууль.

Арван жилд байхдаа би спорт, бүжиг, зураг гэх мэт авьяас идэвх шаардсан олон нийтийн бүхий л арга хэмжээнд идэвхтэй оролцдог байсан ч мэдлэг боловсролдоо тийм ч их анхаарал тавьдаггүй байж.

Нэлээн хэдэн жилийг сургуульдаа өнгөрөөсний дараа энэ сургуульд би цаашид суралцах хүсэлгүйгээ мэдэн дундаас нь орхиж, харийн нутагт итгэл найдвар, шинэ зүйлс, шинэ орчныг таньж, мэдрэх хүсэл тээн төвийг сахисан улс хэмээн нэрлэгддэг Швейцарь улсыг зорив.

Тэнд суралцах 2.6 жилийн хугацаандаа би маш их ганцаардаж, өөрийгөө олохгүй тээнэгэлздэг байв. үргэлж өнгөрснөө сөхөж , хийсэн сонголтдоо хэдий юугаар ч дутахгүй жаргалтай байх боломжтой байсан ч өчүүхэн сэтгэлгээндээ дарагдан шаналж байлаа.

Яагаад ч юм бүхэл зүйл миний төсөөлж байсан шиг жаргалтай биш байлаа, гадаадад сурвал хэзээ ч зовохгүй, тансаг, маш найрсаг харилцаатай хүмүүстэй, бүх зүйл амар мэт санагдсан тэр жаахан хүүгийн төсөөлөл тэс өөр байв.

Хатуу чанга байдал, гадуурхал, өвдөх эрхгүй мэт аашлах, нойр хоолгүй ажиллаж буй хүмүүс гэлтгүй өөрийгөө би зэмлэж үзэн ядаж, яагаад би энэ хараал идсэн газар ирсэн юм бэ? Би Монголдоо хичээгээд, найз нөхөдтэйгөө тоглож наадаж яагаад явж болоогүй юм бэ гэж дахин дахин асууж байлаа.

Нэг өдөр намайг аминаасаа илүүтэй анхаарч хайрладаг ээж маань миний энэ байдлыг анзаарч “Миний хүү битгий бухимдаа, ухаан дутахаар уур хүрдэг юм билээ. Ээж нь энэ үгийг өөртөө байнга хэлдэг юм. Миний хүү ч гэсэн өөртөө анхааруулж байгаарай” гэж хэлэхэд миний нүд нээгдэж, өөртөө тавьсан асуултынхаа хариуг олох шиг болов.

“Би хэн бэ? Би яагаад бухимдаж шаналж байна вэ ? Би яагаад дэвшилттэй байж чадахгүй байна вэ?” хэмээн өөрөөсөө асуух цаг ирэв. Харин би өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэхгүй, мэдрэхгүйгээсээ болоод ямарч дэвшил хийлгүй харамсалтайгаар бүхэл бүтэн нэг жилийг ардаа орхижээ.

Би яагаад гологдоно вэ? Учир нь би харилцааны соёлгүй, хэлний мэдлэг чадваргүй, чанартай боловсролыг эзэмшиж чадаагүйд байгаа юм. Энэ л яг зөв хариулт байлаа.

Өдөр бүр өөртөө уг асуултыг тавьснаар, өнгөрсөндөө баригдахгүйгээр би өөрийгөө боловсруулж, дэвшилт хийж, бусдаас суралцаж хэзээ ч, хаана ч гологдохгүйн төлөө би үргэлж суралцаж, цаашдаа ч суралцсаар байх болно.

Одоо ч надад маш олон сул тал бий, надад сул тал байгаа гээд би зүгээр суугаагүйн ачаар би 5 орны хэлээр бэрхшээлгүй ярьж, одоо ч шинэ зүйлс туршиж үзэн, хобби сонирхлоо өргөжүүлэн зураг авч, илтгэх ур чадварт суралцаж байгаа юм.

Та бүхэн ч гэсэн өөрсдийгөө өөрчилж, хэзээ ч суралцахаас битгий зайлсхийгээрэй.

Дөлгөөн, 2016 он.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.