Би зохиолч хүн биш. Жирийн нэг тэтгэврийн хөгшин. Бичиж буй энэ зүйл маань зохиол ч биш. Миний амьдралд тохиолдсон бодит үнэн юм шүү.

Би гэдэг хүн өдий 67 наслахдаа үрийн заяа үзэх хувьгүй хүн. Хөгшин бид хоёр бие биедээ хань болж явсаар өдий хүрсэн юм. Өөрийн гэсэн үр хүүхэдтэй бол сайхан байхсан гэж боддог боловч хүүхэд төрүүлэх боломжгүй ханиа зовоох вий гэсэндээ энэ бодлоо нууж амьдарсан.

Хүний амьдрал баян шүү. Асрамжийн газрын багачуудад тусалж, буяншуу зүйл хийж явдаг сэтгэлийг маань бурхан таалсан уу бүү мэд, 5 жилийн өмнө бид хоёрт нэгэн гайхамшигтай зүйл тохиолдлоо. Энэ тухай та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм.
5 жилийн
өмнө яг л өдийд цагаан сарынхаа бэлтгэлийг хийхээр эмгэн бид хоёр гадуур гарч явсан юм. Модны 2-ын туслах замаар эргэх гэж байтал урд жижиг цагаан тэрэгтэй залуу хос бага насны нэг хүүтэй, хүү нь бид 2-ын зүг хараад цонхоо цохиод л юм хэлээд байлаа. Залуу эмэгтэй нүдэндээ нулимстай, сэмээрхэн арчиж байхыг би анзаарсан юм. Бид хоёр ч нэг их тоосонгүй зөрөөд л явчихлаа. Ирэх газраа ирээд буух гэж байтал нөгөө цагаан машинтай хос дэргэд ирчихсэн, залуу хүү бууж ирээд:

-Сайн байна уу та. Уучлаарай ахаа. Манай хүү таныг түрүүн харчихаад өвөөгөө байна гэж бодоод тань дээр очно гээд уйлаад болдоггүй ээ. Тэгээд өвөө нь биш гэж харуулахаас нааш уйлахаа болихгүй нь ээ гээд инээмсэглэн зогсож байлаа.
-Сайн байна уу дүү. Өө хөөрхий дөө. Жаахан юм аргагүй. Өвөөгөө их санаж дээ. Өвөөд нь өгөхгүй яасан юм? гэж асуухад
-Өвөө нь саяхан бурхны орон руу явчихсан юмаа гээд залуу санаа алдлаа.

Үүнийг сонсоод миний дотор харанхуйлж, нулимс бүрхээд ирлээ. Тэр жаахан амьтан энэ хооронд машиныхаа цонхоор өвөө, өвөө гэж миний зүг орилсоор л байсан юм. Ээж нь аргалах гэж ядаад, бас нулимсаа нуун арчиж харагдсан.

Би тэр бяцхан хүүг өрөвдөн хайрлаж, нулимсаа дотогш залгин хэсэг зогслоо. Муу хань минь хажууд аль хэдийн ирчихсэн “эвий минь” гэж үглэн эхэр татаж байлаа. Тэгээд хүүгийн аавтай хэсэг ярилцлаа. Өвөө нь ач хүүдээ маш их хайртай байсан гэнэ. “Бурхан болсных нь дараа хүү нь өвөөгөө нэг их асуугаагүй мартчихсан юм шиг байснаа өнөөдөр гэнэт таныг машин дотроос хараад ингээд байна” гэж залуу ярьсан юм.

Аавд нь би “Ах нь өвөө нь байна гээд хүү дээр нь очъё. Өвөө нь биш гэж битгий хэлээрэй” гэхэд залуу “Баярлалаа ахаа” гээд хоолой нь чичирч байв.

Энэ үеэр ээж нь хүүгээ тэвэрсээр гарч ирэхэд хүү шууд л гүйж ирээд намайг хүзүүдээд авч билээ.

Тэр хүү намайг ямар ч эргэлзээгүйгээр өөрийнхөө өвөө гэж бодож итгэсэн юм. Хүү маань тэр үед 4 настай жаахаан байсан. Харин одоо 10 хүрч байна. Миний хүү том эр болсоон. Одоо өвөөгөө төрсөн өвөө нь биш гэдгийг ойлгодог болсон ч сэтгэл нь өчүүхэн ч холдохгүй улам л наалдсаар байх юм. Хүүхэд гэдэг сайхан шүү дээ. Айл гэрт аз жаргал авчрах гэж ирдэг бурхны элч юм уу даа.

Ингэж би ерөөлөөр учирсан ач хүүтэйгээ хөтлөлцөн үртэй хүний жаргалыг эдэлж явна.

Өнөөдөр ач хүүгээ сургуулиас нь авчихаад цагаан сарын бэлтгэл хийж явах зуур энэ дурсамж маань сэргэсэн юм. Хүүгийн маань аав ээж нь сайхан сэтгэлтэй залуу хос бий. Бид хоёрыг ааваа, ээжээ л гэнэ. Хөгшин бид хоёрт элэгтэй, тус дэмтэй явдаг юм. Бид дөрөв чинь ганц хүүгээ сургуулиас нь ээлжилж авна.

Муу хань минь ач хүүгээ авах ээлжтэй өдрөө хөл нь газар хүрэхгүй шахам баярлан цагаас нь өмнө дэгдээд л явчихна гээч. Энэ жил ач хүүгийнхээ аавд цагаан сарын бэлэг болгож, ноднин жилээс хойш шохоорхоод байгаа “Субару Форестер” машиныг нь авсан. Манайх тийм баян айл биш л дээ.

Гэхдээ эмгэн бид хоёрт хүү, бэр, ач хүү болж яваа энэ гуравтаа ямар нэг сайхан зүйл хийж өгөхийг хүссэн юм. Хүү минь хичнээн их баярлах бол. Шинийн нэгний өглөө з хүүхэд маань нар мандахтай зэрэгцэн орж ирдэг юм. Золгоод ороод ирэх үр хүүхдүүдтэй байна гэдэг юугаар ч илэрхийлэшгүй жаргал юм даа. Ай даа амьдрал сайхаан. Залуус минь амьдралын хором мөч бүрийг хайрлаж яваарай.

Ой найман сартай хүүгийн ээж бүх үнэнийг дэлгэв

“Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал”-д ирсэн олны танил эрхмүүд