2016 оны “Оскар”-ын шагналд өрсөлдөх шилдэг кинонууд

Америкийн кино урлагийн дээд шагнал “Оскар”-ын 88 дахь удаагийн ёслолын ажиллагаа тун удахгүй буюу 2 сарын 28-ны өдөр болох гэж байна. “Оскар”-ын шагнал гардуулах анхны ёслол 1929 онд 250 зочидтойгоор зохион байгуулагдаж байжээ. Түүнээс хойш уламжлагдсан бөгөөд өдий болтол шинэ номинаци нэмсээр байгаа билээ. Энэ жилийн номинацуудад нэр дэвшсэн Холливудын шилдэг гэх жагсаалтад багтах кинонууд, жүжигчид, найруулагчдыг нэрлэж байна.

1. “The Revenant”

01 Өмнөдөд 135 сая доллар үрэн байж Мексикийн найруулагч Алехандро Гонсалес Иньярриту бүтээлээрээ ашиг олох боломжоо бараг алдсан. Өндөр өртгөөр бүтсэн ийм төрлийн кинонууд зардлаа нөхөх нь ховор ч Леонардо ДиКаприо нарын алдартай жүжигчдийг тоглуулсан байгаа нь асар их боломжийг авчирсан байна. Гэхдээ “The Revenant”-ийн хувьд жүжигчин Леонардо ДиКаприод хүсэн хүлээсэн “Оскар”-ыг нь авч ирэх боломжийг олгож байгаа юм.

2. “Spotlight”

02 Улиг болсон, тэр бүү хэл өнөөх л улстөрийн сэдвийг хөндсөн бүтээл бол Америкийн кино наадмын шагналд өрсөлдөх уламжлалт сэдэв юм. Найруулагч Том МакКартигийн “The Boston Globe” сонины ажилтнуудын тухай эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай бүтээл нь 2000-аад оны үеийн бага насны хүүхдүүдийг бэлгийн харьцаанд уруу татагч католик шашны хуврагууд болон тэрхүү хүний үнэргүй новшнуудыг хаацайлж байгаа сүмийн удирдлагуудын тухай өгүүлэх аж.

3. “Carol”

03 Америкийн зохиолч Патриц Хайсмит триллер төрлийн бүтээл туурвидгаараа алдартай. Тэр дундаа түүний зохиолоор найруулагч Альфред Хичкокын бүтээсэн “Галт тэргэнд таарсан үл таних хүмүүс” кино алдартай билээ. Түүнчлэн 1952 онд хэвлэгдсэн ижил хүйстэн эмэгтэйчүүдийн хайр дурлал, аз жаргалтай төгсгөлийн талаар өгүүлэх “Давсны үнэ” зохиолынхоо ачаар түүхэнд үлдсэн юм. Учир нь тухайн үед ийм сэдвийн дор бүтээлүүд гарч байсан ч бэлгийн цөөнхийн талаар үргэлж сөрөг хандлагыг илэрхийлдэг байсан аж.

4. “Mad Max: Fury Road”

04 Найруулагч хүн бүрт залуу цагтаа бүтээж байсан цуврал кинондоо эргэн орно гэдэг бол маш хэцүү. Тиймдээ ч дөрөв дэх “Галзуу Макс”-аас гайхамшгийг хүлээгээгүй биз. Мэдээж цахим сүлжээнд түүний гайхалтай трейлер тавигдах хүртэл шүү дээ. Жорж Миллерийн бүтээл дэлгэцэнд гарсан цагаасаа л энэ оны гол хитүүдийн нэгд тооцогдох болсон юм.

5. “Room”

05 Ирланд эр Ленни Абрамсоны өнгөрсөн жилийн “Фрэнк” кино академийнхний анхаарлыг татах гэсэн хэтэрхий нэг талыг барьсан бүтээл байсан. Гэсэн ч бага зардлаар бүтсэн “Өрөө” киноны хувьд боломж дүүрэн байна. Эмма Донохьюийн романаар бүтсэн уг кинонд харгис гаж донтоны гэр дэх бөгс эргэх зайгүй шорон-өрөөнд олон жилийг үдэж буй залуухан эмэгтэй, түүний хүү хоёрын тухай өгүүлэх аж.

6. “The Danish Girl”

06 2011 оны “Оскар”-ын дуулиант шагналтан Британийн найруулагч Том Хупер энэ удаад эзэн хааны тухай биш харин анхны хүйсээ солиулсан трансжендер хүний хувь тавилан дээр үндэслэсэн түүхэн уянгын бүтээлтэйгээр кино академид орж ирлээ.

7. “Brooklyn”

07 Найруулагч Мартин Скорсезегийн “Gangs of New York” кинонд Америкт ирж байгаа ирланд цагаачдын тухай дүрслэгдсэн байдгийг санаж байна уу? Ирландын найруулагч Жон Кроулийн “Brooklyn” кино чухам тэр л сэдвийг дахин хөндсөн боловч огт өөр түүх, огт өөр стиль, огт өөр зүйлийн талаар өгүүлэх болно.

8. “The Martian”

08 Найруулагч Ридли Скоттын энэхүү зөгнөлт бүтээл кино академийнхны анхаарлыг тэгтлээ татаагүй. Гэвч “The Martian”-ийг “Оны шилдэг бүтээл” номинацид нэр дэвшихийг үгүйсгэхгүй байна. Ноён Скотт болон гол дүрийн жүжигчин Мэт Дэймон нар гэртээ “Оскар”-тай харьж ч мэдэх юм. Тэдний аль нэг нь дээрх номинациудын ядаж нэгд нь нэр дэвшихгүй байвал харин сонин санагдах биз. Мөн “Шилдэг кино зохиол”, “Шилдэг эффекттэй кино” номинациудад ч нэр дэвшиж болох юм.

9. “Star Wars: Episode VII – The Force Awakens”

09 Америкийн кино академийнхан гол “Оскар”-уудаа тусгай эффекттэй кинонд өгөх их дургүй. Гэхдээ хааяадаа ийм тохиолдол гарах бөгөөд “Шилдэг дуу оруулалт”, “Шилдэг эффект” гэсэн “техник”-ийн номинациудыг тооцохгүй бол шүү дээ.

10. “Joy”

10 Холливуд цөөнгүй авъяаслаг эмэгтэй жүжигчидтэй. Гэхдээ найруулагч Дэвид О. Расселлын хувьд ганцхан жүжигчин Женнифер Лоуренс л шилдэг нь бололтой. Учир нь “Joy” кино тэдний хамтарсан гурав дахь уран бүтээл юм.

11. “Steve Jobs”

11 Найруулагч Дэнни Бойлын алдарт компьютерийн магнатын талаарх бүтээл ашиг олоогүй гэхэд гайхсан хүн олон. Барууныхныг сүүлийн жилүүдэд Стив Жобсын тухай кино, ном, нийтлэлээр цатгасан бололтой. Тиймээс шинэ Стив Жобст амжилт олох боломж гараагүй байх. Уран сайхны талаасаа энэ бүтээл нь Жобсын амьдралын гурван өдрийн талаар намтарчлан өгүүлсэн энгийн өгүүлэл биш ер бусын байдлаар харуулсан байсан.

12. “Bridge of Spies”

12 Стивен Спилбергийн бүтээлүүд үргэлж л “Оскар”-ын даллагатай байдаг. Түүхэн драм болох “Тагнуулчдын гүүр” кино ч энэ уламжлалаас гажихгүй нь ойлгомжтой. Тэр тусмаа “Шилдэг кино зохиол”, “Шилдэг зураглаач”, эсвэл “Шилдэг найруулагч” номинацид нэр дэвших нь тодорхой. Тэр ч байтугай “Шилдэг туслах эрэгтэй дүр” номинаци ч ойрхон байгаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй