Амжилтын нууц юунд оршдог вэ?

Ажилдаа идэвх санаачлагатай, дур сонирхолтой байх… энэ үг харамсалтай нь олон хүний үгийн сангаас нэгэн гээгдэж орхижээ. Ажлын ачаалал, дарамт шахалт, хамт ажиллагсадтайгаа үл ойлголцох гээд гомдоллох шалтаг тоймгүй олон болжээ. Энэ бүхнээс ажиглавал бидний эрхэлж буй ажил биднээс их зүйлийг шаарддаг хэрнээ, харин эргээд бидэнд өчүүхэн бага зүйлийг санал болгодог бололтой. Тэгвэл хэрхэн амжилттай ажиллах талаар шинжлэх ухаан үндсэн дээр тулгуурласан судалгааны нийтлэлүүдийг орчуулан хүргэж байна.

1. Ажил дээрээ өглөөгүүр кофе ууж завсарлага авах

01 Ажил дээрээ нэн ялангуяа өглөөгүүр бага зэрэг завсарлага авч кофе уух нь тухайн ажлын өдрийн бүтээмжийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон байна. Тодруулбал, Бэйлор их сургуулийн судалгааны багийнхан нэгэн байгууллагын 95 ажилтанг уг судалгаандаа хамруулж кофе ууснаар ажлын бүтээмж нэмэгддэг болохыг нотолсон байна. Учир нь кофе ууснаар хүний анхаарлыг төвлөрүүлж, улмаар тархины үйл ажиллагааг сэргээхэд өндөр ач холбогдлыг өгдөг байна.

2. Таны ажлын ширээ бага зэрэг эмх замбараагүй байснаар таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ

02 Таны ажлын ширээ бага зэрэг эмх замбараагүй байх нь таны ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлдөг болохыг Нидерландын Гронингений их сургуулийн судалгааны багийнхан сүүлд хийсэн нэгэн судалгаагаар тогтоосон байна. Учир нь таны ажлын ширээ бага зэрэг эмх замбараагүй байснаар таны бүтээлч сэтгэлгээ, үр бүтээмжийг нэмэгдүүлдэг байна. Гэхдээ ажлын ширээ хэт эмх замбараагүй байх нь сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж ажлын бүтээмжийг бууруулах эрсдэлтэй байдаг байна.

3. Эргэн тойрны нөтификэйшнээ унтраа

03 Та ямар нэг ажлыг хийхдээ орчны тойрныхоо нөтификэйшнээ унтраах хэрэгтэй. Ингэснээр таны ажил үр бүтээмжтэй, амжилтад хүрнэ. Учир нь энэ талаар Флоридагийн Улсын Их сургуулийн судлаачдын хийсэн нэгэн судалгаагаар ажил хийж байх үедээ гар утсаар хэт их ярьсан, мэйл хариу их бичсэн хүмүүс, эсрэгээрээ ямар ч мэдэгдэлд хариу үйлдэл үзүүлээгүй ажилчдын ажлын бүтээмж нь харилцан өөр өөр байжээ. Тухайлбал,нөтификэйшнд ямар нэг хариу үйлдэл үзүүлж байсан хүмүүсийн 28 хувь нь ажилдаа алдаа гаргасан бол, харин мэссэж хариу бичээгүй, утсаар яриагүй гэхчлэн ямар ч нөтификэйшнд хариу үйлдвэл үзүүлээгүй хүмүүсийн 7 хувь нь ажилдаа алдаа гаргасан байна.

4. Том даалгаврыг бага багаар нь төлөвлөгөө гарган хий

04 Хүмүүс хэдэн долоо хоног, олон сараар хийх ажлыг эхлэхээсээ өмнө хараад шантарч сэтгэлээр унадаг байна. Тиймээс даргаасаа томоохон даалгавар авсан ажилчдын ихэнх нь хийж эхлэхээсээ өмнө сэтгэлээр шантарч, улмаар энэ нь сэтгэлзүйд нөлөөлж тухайн ажлын гүйцэтгэлийг бууруулдаг байна. Тэгвэл том даалгавар, ажил авсан үедээ хэрхэн 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хийж болохыг сэтгэлзүйн судлаачид ингэж зөвлөжээ. Тухайн ажлаа бага багаар нь хэсэгчлэн хувааж өдөр бүрийнхээ ажлын төлөвлөгөөнд оруул. Өнөөдөр толгойг нь , маргааш хөлийг нь, нөгөөдөр гарыг нь гэхчлэн хэсэгчлэн хийснээр таны сэтгэл зүйд дарамт учруулахгүйгээр зогсохгүй, илүү үр бүтээмжтэй сайн хийж чадна гэсэн байна.

5. Идэвхтэй байдал нь таны стрессийн төвшинг удирдаж байдаг

05 Та ажилдаа идэвхтэй өөрөөр хэлбэл маш завгүй байх нь таныг стресст автахаас зарим талаар сэргийлж байдаг байна. Бодит байдал дээр хийх зүйлгүй, хэтэрхий завтай, өөр юм бодох цагтай хүмүүс стрессд автах нь амархан байдаг байна. Тиймээс та ажилдаа маш идэвхтэй, завгүй байснаар стрессээс хол байж болох нь ээ.

6. Баг дотроо бага зэрэг маргаан, мэтгэлцээнтэй байх нь ашигтай

06 Багийн гишүүд дунд хийж байгаа ажлынхаа талаар санаа бодлуудаа чөлөөтэй хуваалцаж шаардлагатай тохиолдолд бага зэрэг маргах, мэтгэлцэх нь багийн амжилтад эерэгээр нөлөөлөх давуу талтай байдаг.

7. Том багтай хамтарч ажиллаа гээд амжилтад хүрдэггүй

07 Том баг, том хамт олон байх тусмаа илүү их амжилттай ажиллаж, илүү үр бүтээмжтэй байна гэдэг ойлголт бий. Гэхдээ танай баг том, багаасаа бус хамтын ажиллагааг хэр сайн хийж байна гэдгээр танай багийн амжилтад хүрэх эсэх хамаарна. Зарим тохиолдолд маш жижиг багтай хамтарч ажиллаад та илүү үр бүтээмжтэй сайн ажиллаж болох юм байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!