Цөмийн хаягдлын талаарх гишүүдийн байр суурь юу өгүүлэв…?

Ээлжит бус  чуулган өчигдөр нээлтээ хийх байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйд хүрсэн. Үүнтэй холбогдуулан  засгийн газар ээлжит бусаар хуралдсаны дараа эрх баригч нам бүлгийн хуралдаанаа зарлаж, асуудалд гарц хайв. Дараалсан хоёр хуралдаанаас засгийн газар тухайлсан хуулийн төсөл боловсруулан, яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр болсон юм.

Тодруулбал, засгийн газар ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх Олон Улсын конвенцид нэгдэх асуудалтай хамт аливаа түлш болон цацраг идэвхит хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж ирэхийг хориглох тухай хуулийн төслийг давхар батлахаар болов.

Өчигдөр үдээс өмнө засгийн газраас ээлжит бус чуулганаар хэлэлцэх цөмийн асуудлаарх Олон Улсын  конвенциудаа  татан авлаа гэх мэдээлэл цацагдсан. Эргүүлэн татах асуудал засгийн газрын ээлжит бус хуралдаан болон АН-ын бүлэг дээр яригдсан ч тэд  эцсийн дүндээ хориглосон хуулиа давхар батлах хувилбар дээр санал нэгджээ.

Энэ нь  ч учиртай. Тодруулбал, гуравдугаар сарын сарын 31-нд Олон улсын цөмийн энергийн агентлагийн хурал болно. Түүнээс урьтаж холбогдох конвенциудыг батлахаар төлөвлөсөн аж. Тиймээс ч засгийн газраас ердөө н нэг өдрийн дотор  хуулийн төслөл боловсруулан, өргөн барих ажилд ханцуй шамлан орсон. Ингэснээр ирэх сарын 1-нээс олон ээлжит бус чуулганаар батлах боломжтой гэж харж байгаа гэдгээ ч АН-аас тайлбарлав.

Анхнаасаа ээлжит бус чуулган ажлын дөрвөн өдрөөр зарлагдсан мөртлөө ердөө нэг өдөрт багтаан асуудлуудаа хэлэлцэхээр товлосон. Энэ нь МАН-ынхан чуулганы ирцийг бүрдүүлэхгүй байх эрсдлийг тооцсон  гэж харагдаж буй юм.  Тэгээд ч дан МАН-ынхан гэлтгүй ИЗНН, бие даагчид, ХҮН-ын гишүүн С.Ганбаатар бүр цаашлаад АН дотроосоо ч цөмийн асуудалд болгоомжтой хандаж,  тайван цагаар судалж үзэх хэрэгтэйг сануулсан байр суурьтай байв.

УИХ-ын нам гишүүдийн байр суурийг дараах байдлаар хүргэж байна.

Ц.Оюунгэрэл: Манайд хог хаягдлын ямар ч зохицуулалт байхгүй /АН/

Миний хувьд энэ асуудлыг нухацтай судалж үзэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа. Судлахгүйгээр шууд ханарч болохгүй.  Би хог хаягдлын тухай хуулийн төсөл өргөн барьчихсан байгаа. Бид нар өнөөг хүртэл цөмийн хог хаягдал байтугай өдөр тутмын хэрэглээнээсээ гарч буй батерейгаа хэрхэн зөв хаяхаа мэдэхгүй явж байна. Одоогоор гэр орноос болон ажлын байрнаас гарч буй аюултай хог хаягдал ямар ч зохицуулалтгүй. Цаашлаад аюултай хог хаягдлыг яаж байршуулах, хэн булшлах зэрэг нь асуудал нь тодорхойгүй,мэргэшлийн лиценз зөвшөөрөлтэй нэг ч компани манайд байхгүй. Энэ бүхэн манай хог хаягдлын асуудал үнэхээр түүхий байна гэдгийг л харуулж байгаа юм. Тийм учраас энгийн хог хаягдалдаа  ядаж менежмент хийж сурчихаад, хог хаягдал гэдгээ сайн ойлгосныхоо хойно дараагийн шатны асуудлаа ярих хэрэгтэй л гэж үзэж байгаа.

Д.Хаянхярваа: Хувь хүний хувьд  болгоомжилж байгаа /МАН/

Ээлжит бус чуулган гэв гэнэт зарлагдсан. Бүлэг ээлжит бус чуулганы нээлтийн өглөө  цуглаж,  байр сууриа нэгтгэхээр байсан ч  таван гишүүн л ирсэн байгаа. Бусад нь орон нутаг болон гадаадад томилолтоор ажиллаж байна. Бүлгийн байр сууриа нэгтгэж чадаагүй учраас бидний таван гишүүн хураалдаанд оролцоогүй. Ер нь бол УИХ-ын гэнэт цочсон юм шиг ээлжит бус чуулган зарлаж, дураараа загнадгаа болих хэрэгтэй. Хувь хүнийхээ хувьд ч тэр, МАН-ын бүлгийн таван гишүүн ч ярилцсан, судалж үзэх шаардлагатай гэж үзэж байгаа. Олон Улсын конвенцид нэгдэн орох асуудлыг хурдан хуумгай шийдчихэж болохгүй. Энэ конвенциудад нэгдэн орсноор дараа нь үүсэх эрсдэл, үр дагавар юу байх, ашигтай бол ямар хувилбар  байна гэдгийг нь мэргэжлийн хүрээнд судлах хэрэгтэй. Өгсөн материалуудтай нь товчхон танилцахад  манайх  цөмийн хаягдлыг булшлуулахгүй байхаар нэг талаасаа ойлгогдож байгаа. Гэтэл нөгөө талаасаа манайх өөрсдөө цөмийн бүтээгдэхүүн экспортод гаргах юм бол буцаагаад эх орондоо булшилж болох нөхцөл үүсэхээр ойлгогдож байна лээ. Гэхдээ энэ миний ярьж байгаа  зүйл бол шууд тийм юм байна лээ гэж хэлж байгаа ойлголт биш. Ер нь хувь хүний хувьд ийм болгоомжлол байгаа учраас  ээлжит  бус чуулганд оролцохгүй гэсэн байр суурьтай байгаа.

С.Ганбаатар: Цөмийн хаягдлуудыг Монгол оронд булшилна /ХҮН/

Эрх баригчид цөмийн хаягдлыг улсдаа булшлахгүй, тээвэрлэхгүй  байх хардлага сэрдлэгийг арилгах гэж байна хэмээн улайм цайм худлаа мэдээлэл тарааж байна. Ээлжит бус чуулганаар дөрвөн конвенцид нэгдэх асуудал оруулж ирсэн. Үүнээс нэг конвенци нь огт хэлэлцэж болохгүй аюултай асуудал байгаа. Тэр нь “Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай” 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл. Энэ хуулийн  төсөл нь цөмийн хаягдал булшлах эрхзүйн орчинг Монголд шууд бүрдүүлэх гэж байна. Засгийн газраас оруулж ирсэн албан ёсны танилцуулга дээр нь “Энэ хуулийн төсөл батлагдсанаар цацраг идэвхт хаягдлын үйл ажиллагааг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ” гэж заасан байгаа. Дараагийн заалт нь “Байгалд суллах, хадгалах, хил дамжуулах бүхий л харилцааг зохицуулна” гэж заасан байгаа. “Үүссэн цацраг идэвхит хаягдлыг өөрсдөө булшлахаас гадна төсөл хамтарч хэрэгжүүлж байгаа бусад орны  цөмийн хаягдлуудыг Монгол оронд булшилна” гэсэн  зүйл заалтууд орсон байгаа.

Б.Гарамгайбаатар: Конвенцийг  засгийн газраас эргүүлэн татахгүй /АН/

 

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргыг МАН-ын гишүүн Ж.Энхбаяр  хийж байх үедээ энэ конвенциудад нэгдэн орох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх чиглэл засгийн газарт өгсөн байдаг. Уг тогтоолын дагуу засгийн газраас Олон Улсын конвенцид нэгдэх асуудлыг соёрхон батлуулахаар УИХ-аар оруулж ирчихээд байна. Гэтэл одоо МАН-ынхан чуулгандаа ирэхгүй, ирц бүрдэхгүй байна. Бид үүнийг  хэлэлцээд аливаа түлш болон цацраг идэвхит хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж ирэхийг хориглох тухай хуулийн төслийг давхар батлахаар боллоо. Түүнээс биш конвенцийг  засгийн газраас эргүүлэн татахгүй. Хуулийн төслийг яаралтай дэгээр өргөн барьж, бид эдгээр  конвенциудтай хамт хуулиа батлахаар ярилцсан. Тэгэхээр МАН-ынхан  ээлжит бус чуулганы ирцийг бүрдүүлэхгүй бол Монголд цөмийн хаягдал булшлахыг дэмжиж байна гэж бид ойлгох болно.

С.Дэмбэрэл: Заавал ээлжит бус чуулганаар хэлэлцэх шаардлагах байна уу? /ИЗНН/

Ямар зайлшгүй шалтгааны улмаас ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх болов гэсэн асуудлаар би чуулганы нээлтийн үеэр тодруулга авахаар төлөвлөсөн байсан. Конвециудыг уншихаар хаягдлаа өөрсийнхөө нутаг дэвсгэрт булшлах ёстой гэсэн утга явж байна. Би өөрөө энэ салбарын хүн биш, буруу ярьж байж магадгүй. Гэхдээ яг энэ үзэл санаа Үндсэн хуулинд нийцэж байна уу, булшлуулахгүй байх асуудал дотоодын хууль тогтоомжид тов тодорхой суусан юм уу гэдэг нь бүрхэг байгаа юм. Үнэхээр аюулгүй юм бол өмнө нь яагаад нэгдчихэж болоогүй юм гэх өнцөг ч байгаа. Ер нь гишүүдтэй ярицахад ээлжит бус чуулганаар хэлэлцэх зайлшгүй асуудал мөн үү гэдэгт бүгд эргэлзэж байна. Монголд өөр өчнөөн тулгамдсан асуудал байна. Өрхүүдийг яаж орлогожуулах уу, тэтгэврийн доод хэмжээг хэрхэн индексжүүлэх үү гэхчлэн.

Ч.Хүрэлбаатар: Манай бүлэг чуулганы ирцийг бүрдүүлэхгүй /МАН/

УИХ-ын дарга, АН-ы дарга З.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж цөмийн хаягдлын тухай асуудлыг хэлэлцүүлнэ гэжээ.

Удахгүй УИХ-ын ээлжит чуулган эхлэх гэж байхад учир зүггүй яарч цөмийн хаягдлын асуудал хэлэлцэх гээд байгаад хамаг асуудал байна гэж үзээд Манай бүлгийн гишүүд энэ чуулганы ирцийг нь бүрдүүлэхгүйн тулд хуралд оролцохгүйгээр шийдсэн. Урьд өмнөх шигээ МАНай бүлгийг хурлын ирц бүрдүүлж өгсөнгүй, улсын хөгжилд саад боллоо гээд л улиг болсон үгээ хэлэх байх.


УИХ-ын гишүүдийн байр суурь товчхондоо ийм байна. Гишүүд мөнхүү шуудхан зөв, буруу гээд хэлчихэж чадахгүй байгаа нь ч үнэн. Сонгууль дөхсөн ийм үед эрсдэлтэй асуудлаар хэт  нэг талыг барьж, байр сууриа илэрхийлэх нь гишүүдэд аюултай. Өөрөөр хэбэл, чухал цагт галаар тоглохгүй гэх дүрмээр гишүүд байр сууриа илэрхийлж буй юм.

Гэсэн хэдий ч эрх баригч намын зүгээс  конвенциудыг УИХ-аар соёрхон баталснаар 2011 онд ерөнхийлөгчийн гаргасан Монгол Улсад цөмийн хог хаягдал бушлахгүй гэх 184 дүгээр зарлигийг албажуулж буй хэрэг гэж тайлбарласаар байгаа юм. Харин иргэний нийгмийн байгууллагууд эдгээр конвенциудад нэгдэн орсноор цөмийн хаягдал булшлах эрхзүйн орчин үүснэ гэсэн тайлбартайгаар төрийн ордны гадаа жагсав.

Засгийн газар өчигдөр  ажлын цаг дуусахаас өмнөхөн Монголд цөмийн хаягдал булшлахыг хориглосон утга бүхий хуулийг УИХ-д яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн барив. Ингэснээр  ээлжит бус чуулган үргэлжилнэ гэх төсөөллөөр өнөөдрийг эхлүүлж байна. Гэвч асуудал хаашаа эргэж, чуулганы ирц бүрдэх эсэх нь үнэн хэрэгтээ сөрөг хүчнээс ихээхэн хамааралтай билээ.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!