Салхинд мөнгө хийсгэсэн ажлаа зогсооё Хотын захирагч аа

Хотын оршин суугчид автобусанд тулаанд орсоор урин цагтай золголоо. Өглөөдөө ажилдаа, оройдоо гэртээ харина гэдэг тун хүнд. Хуучин яваад болоод байсан нийтийн тээврийн маршрутыг шинэчилж баталсанаас энэ бүгд эхэлсэн юм.

Хотын дарга, Э.Бат-Үүл ажлаа авсан цагаасаа эхлэн олон ажил хийж, шинэчлэлтийг авч ирэх гэж зүтгэж яваа нь сайшаалтай ч нөгөөтэйгүүр мөнгөөр туйлж байна.

Баримт нэг: Ногоон уут. “Азийн цагаан дагина” гэсэн гоё бичигтэй хогны уутаар мөнгөний тоглолт хийсэн. Иргэдэд болоод байгальд ач тусаа ганц ч удаа өгөөгүй. Энэхүү уутыг 2013 оны аравдугаар сараас 2014 оны нэгдүгээр улирлын хугацаанд 317 мянга 131 өрхөд 33,3 сая ширхэг хогны уут үйлдвэрлэхэд 3,1 тэрбум төгрөг зарцуулсан. Мөн 2014 онд 335 мянган өрхөд тараагдах бөгөөд 2014 оны дөрөвдүгээр сараас он дуустал буюу есөн сарын хугацаанд тараах уутанд 4,5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж зарцуулсан гэдэг. Олон хүний хэл ам дагуулан байж арайхийж уут тараах ажлыг зогсоосон.

Баримт хоёр: Нэг наст цэцгийг суулгаж төсвийн мөнгийг салхинд хийсгэдэг. Жил болгон нийслэлийн төсвөөс мөнгө шийдвэрлүүлж хотын гудамж талбайд нэг наст цэцэгсийг суулгадаг. Өөрөөр хэлбэл, жилийн дөрвөн улиралдаа хэрэглэдэггүй зөвхөн зуны гурван сард өнгө алаглаж, түмний нүдийг баясгадаг гэсэн үг. 2013 онд 350 сая, 2014 онд 500 сая төгрөг зарцуулсан. Харин өнгөрөгч онд 200 гаруй сая төгрөг төсөвлөж цэцгээ тарьсан юм. Нийтдээ 1 тэрбум 50 саятөгрөг зарцуулжээ.

Баримт гурав: Нийтийн тээвэрт шинэчлэл хийх гээд улсын мөнгийг үр ашиггүй үрсэн. 2014 онд хамгийн анхны нийтийн тээврийн шинэчлэлтийн ажлын эхлэл тавигдсан юм. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын А/714 дугаар захирамжийн дагуу наймдугаар сарын 22-ноос 31-нийг дуустал автомашины сүүлийн тоо тэгш, сондогойгоор ялган замын хөдөлгөөн оролцуулах зохицуулалт хийгдэж эхэлсэн. Энэ хооронд нийтийн тээврээр үйлчлүүлэгчид 500 төгрөгийн тасалбар худалдан авч өдөржингөө зорчих эрхтэй болсон. Уг ажил нь иргэдэд ашигтай байсан ч нөгөө талаар асуудал дагуулсанг та бүхэн санаж буй биз ээ. Өдөржингөө сүлжилдэн давхих автобус хоосон шахуу холхисон. Зорчигчдоо хүлээж суулгахгүй хүмүүсээ буулгаад л шууд давхиж байсан. Энэ байдал 10 хоног үргэлжилж 1.3 тэрбум, нийтийн тээврийн хөрөнгөөс 1.8 тэрбум төгрөг гаргаж, автобусны зогсоол дээр билет борлуулагч гаргасан. Гэтэл энэ хугацаанд аль аль талдаа ашиг олоогүй бөгөөд 3.1 тэрбум төгрөгийг үрэн таран хийж орхисон юм.

Баримт дөрөв: 28 сая төгрөгийн алдагдалд оруулав. “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах, зориулалт бүхий “Railbus”-ыг 2014 оны тавдугаар сард оруулж ирсэн.

Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч байгаа 35 км төмөр замыг хотын зорчигч тээврийн зориулалтаар ашиглан хөнгөн галт тэрэгний үйлчилгээг нэвтрүүлсэн нь энэ. Ингэснээр хотын нэг захаас нөгөө зах хүрэхэд 15 минут зарцуулна гэж рекламдсан. Гэтэл энэхүү галт тэрэг нь зорчигчгүй хоосон холхисоор 1.8 сая төгрөг олж, 28 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж сүүлдээ хотоос гаргасан.

Баримт тав: Өдгөө та бидний үйлчлүүлж байгаа хувийн болон улсын автобус компаниуд түлшээ ч авч чадахгүй болж, ажлаа удаа дараа хаяж байсан. Өнгөрөгч оноос эхлүүлсэн “Цахим карт”-наас үүдэлтэй. Цахим карттай болсноор нийтийн тээврээр зорчигчдын бодит тоо гарах, энэ салбар дахь төсөв санхүү шилэн данстай болох давуу талтай гэсэн. Харин давуу тал биш чирэгдэл дагуулж мөнөөх автобус баазад ажилладаг жолооч, кондуктар цалингаа авч чадахаа байсан гэдэг. Учир нь автобусанд туулайлагчид ихэссэн. Маршрут өөрчлөгдсөний улмаас төв замын чиглэл ачаалал ихтэй болсон.

Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн хянагч, жолооч хоёр бүх зорчигчдоосоо мөнгөө нэг үеэ бодвол нэхсээр мөнгө хураадаг савандаа хийлгүүлж, картыг нь уншуулж байгаа. Гэтэл нөгөө талаараа иргэд хохирсоор байгааг онцлоё. Хүн ихтэй автобусанд ажил, сургуулиасаа хоцрохгүйн тулд чихээд ордог. Орсон хойноо хүүхэд том хүмүүст даруулж унах, жирэмсэн болон өндөр настангууд чихэлдэх харчуудын гарт цохиулах гээд асуудал гарсаар байгаа билээ. Үүнээсээ болж маргалдаан бол үргэлж гарна. Мэдээж автобусанд суугаад хүн үхлээ гэж дуулаагүй бол мөд дуулдаж магад болоод байгаа юм. Угсраа автобус нь их мөнгө хаяж оруулж ирсэн ч гэдэг ч нарийнхан хүн зөрөх зайгүй, одоо үйлчилгээнд явж буй автобуснуудынх нь хаалга нь заримдаа эвдрээд гараараа хүртэл онгойлгож байгаатай удаа дараа тааралдаж байлаа. Зорчигчоо суулгахгүй орхиж, зугтах асуудал бол тоймоо алдсан. Хүний амь эрсдэхээс өмнө нийтийн тээврийн маршрутаа хуучин хэвэнд нь оруулмаар байна Хотын захирагчаа. Та шалгалтаар явахдаа тусгайлан бэлдсэн биш, ид ачааллын үеэр явж буй нийтийн тээврээр зорчоод нэг үзмээр байна. Одоо зун болж оюутаны хичээл тарж ачаалал буурна. Харин намар хичээл цуглахаар “автобус нь дахь тулаан” дахиад л болно.

Эх сурвалж: Dorgio.mn

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close