in

С.Баярцогт ба Сигмундур Ганнлагсон: Исландад уучлал гуйж албан тушаалаасаа чөлөөлөгддөг. Харин манайд?

Одоогоос гурван жилийн өмнө ЗГХЭГ-ын газрын дарга С.Баярцогтын оффшор бүс дэх нууц данс ил болж дуулиан тарьж байв. Түүний оффшор дансанд 1 сая ам.доллар байсан гэж хэвлэлүүд онцолдог. С.Баярцогт үүнийгээ тайлбарлахдаа “Миний дансанд 1 сая ам доллар байгаагүй. Харин 1658 евро буюу Монгол мөнгөөр гурван сая гаруй төгрөг байсан. Түүнийгээ ч ХОМ-доо мэдүүлсэн. 2008 оны тавдугаар сараас миний нэр дээр “Легенда Плюс Capital Limited” гэдэг компани бүртгэлтэй байгаа. Тэрний данс нь Швейцарт байдаг юм. Би энэ компаниа өөрийнхөө ХОМ-д мэдүүлээгүй явж байсан нь буруу. Оффшор компани чинь миний нэр дээр шууд байдаггүй юм. Тиймээс тухайн үедээ харьцангуй мэдлэг муутай байснаас болоод, тэр дансанд байгаа мөнгөө монгол төгрөгт шилжүүлээд орлого дээрээ нэмээд болох байх гэж бодож байсан” гэж байв.

Түүний энэ дансыг олон улсын эрэн сурвалжлах нийгэмлэгийн сэтгүүлчид илрүүлээгүй бол Монголчууд өнөөг болтол мэдэхгүй байсан. Магадгүй С.Баярцогт өдийд Ерөнхий сайд болчихсон байсан байх. Гадаадад данстай нь илэрмэгц ард түмнээсээ уучлал гуйж УИХ-ын дэд даргаа өгч байсан хүн өнгөрсөн жил гэнэтхэн ЗГХЭГ-ын дарга болоод дэвшсэн. Жил хагасын дараа шүү дээ. Нөгөө өндөр албан тушаал хаших ёс суртахууны эрхгүй гэж ярьж явснаа мартаад ЗГХЭГ-ын дарга болсон гэсэн үг. Түүнийг УИХ-аас ч хөөх ёстой гэж олон түмэн үзсээр ирсэн. Одоо ч тэгж бодож байна. Хамгийн хачирхалтай нь С.Баярцогт гадаад дахь нууц дансныхаа мэдээлэл дээр China гэж бичсэн байсан шүү дээ. Энэ ганц мэдээлэл Монгол түмний бухимдлыг өнөөдрийг хүртэл төрүүлж байна. Өөрийгөө China гэж бичээд явж байгаа хүнд итгэж болох уу? Ийм хүнээр Монгол төрийг удирдуулж болох уу? Тэгээд ч төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүн оффшор данстай байж, түүнийгээ ард түмнээс нууж, өөрийгөө China гэж бичсэн нь хуулийн болоод ёс суртахууны асар том зөрчил. Ийм хүнд төр тэргүүлэх эрх байхгүй гэж ард түмэн үзэж байгаа. Харин С.Баярцогт УИХ-ын дэд дарга гэх билэгдлийн чанартай албан тушаалаа өгсөн болоод бүр илүү ахиж одоо Засгийн газрын хоёрдахь эрх мэдэлтэн болчихсон явна.

Манайд бол улс төрийн соёл, ёс суртахуун иймэрхүү л түвшинд байна. С.Баярцогт ч түүнийг өөрийн биеэр үлгэрлэн харуулсан. Харин өндөр ёс суртахуун, дэг, журамтай гадны орнуудын улс төрийн албан тушаалтнууд оффшорт нууц данстай байгаад тэр нь илэрсэн бол ард түмнээсээ уучлал хүсээд албан тушаалаасаа огцордог юм байна. Үүнийг Исландын Ерөнхий сайд Сигмундур Ганнлагсоны жишээнээс тодорхой харж болохоор байна. Өнгөрсөн ням гаригт Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум (ICIJ) ба Зохион байгуулалттай гэмт хэрэг болон авлигын тухай мэдээлэх байгууллагын (OCCRP) хамт дэлхийн олон лидерүүд ба улстөрчдийн зэрэг хүмүүсийн оффшорын дансны тухай асар том материалыг дэлхий нийтэд цацаж орхисон билээ. Тэдний дунд Исландын Ерөнхий сайд Сигмундур Ганнлагсоны гэр бүлийн данс байсан нь түүнийг албан тушаалаасаа чөлөөлөгдөхөд хүргэсэн юм. Исландын Ерөнхий сайд Ганнлагсон эхнэрийн хамт 2007 онд Wintris хэмээх нэртэй оффшор компанийг худалдан авч байжээ. Гэхдээ 2009 онд парламентын гишүүн болохдоо тэр энэ тухай хөрөнгийн мэдээлэлдээ дурдаагүй байна. Үүнээс найман сарын дараа Ганнлагсон компани дахь эзэмшлийн 50 хувиа эхнэртээ $1-оор зарсан гэнэ. Оффшор компани нь Ганнлагсоны гэр бүлийн өвлөж авсан олон сая долларын хөрөнгийг агуулж байсан нь илэрсэн учир тус улсын иргэд түүнийг огцрохыг шаардсан албан бичгийг илгээжээ. Тус бичигт 23 мянган иргэн гарын үсэг зурсан ба эсэргүүцлийн жагсаалийг хүртэл хийсэн байна. Исландын Ерөнхий сайд Сигмундур Ганнлагсон иргэдийнхээ хүсэлтийг хүлээн авч албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгчээ.

Энэ бол гадны улс оронд улс төрийн соёл, албан тушаалтанд хариуцлага тооцох байдал ямар түвшинд байгааг харуулсан жишээ. Харин манайд гүрийгээд л улс төрд шигдээд байдаг. Харин ч бүр албан тушаал ахидаг. Японд улсын төсвийн мөнгөөр энгэсэг авсан сайд ард түмнээсээ уучлал хүсээд албан тушаалаасаа буудаг. Харин манайд улс төсвийн мөнгөнөөс хэдэн тэрбумаар идчихээд сайд болж дэвшдэг. Ийм л эсрэг, тэсрэг байдлыг бид харж байна. Манайд улс төрийн албан тушаал хашиж байсан болон одоо хашиж байгаа хэд, хэдэн нөхөд оффшор бүсэд нууц данстай гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байсан. Тэд ч мөн С.Баярцогтоос ялгарах зүйлгүй.

Дашрамд дурдахад, Монголын 40 гаруй иргэн оффшорт данстай байгаа гэх мэдээллийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан мэдэгдээд байна. Удахгүй тэдний нэрийг ч зарлана гэж хэлж буй. Тэр дунд ямар нөхдүүд байж халаахийг одоогоор хэлж мэдэхгүй юм.

Оффшор компани гэдэг бол эзэн нь тухайн улс орон, бүсэд амьдардаггүй ч компани байгуулж бизнес эрхлэхийг хэлдэг. Дэлхийд татварын маш таатай орчин бүрдүүлж, маш бага хэмжээний хураамж тогтмол төлж бизнес эрхэлж болдог орчинг Британийн Виржинийн арал, Кэйманы арал, Люксембург, Кипр, Хонг Конг зэрэг олон орон, бүс муж бүрдүүлсэн байдаг.

Улмаар татвар бага төлөхийн тулд эдгээр орнуудад оффшор компани байгуулж, олсон орлогоо шилжүүлж байх хэрэгцээтэй үйлчлүүлэгч нарт зуучлах, үйлчилгээ үзүүлэх дамжуулагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч зэрэг төрөл бүрийн бизнес гарч ирэн хөгжиж иржээ. Ийнхүү хялбар аргаар компани байгуулж болдог, татвар бага төлдөг зэрэг нь хөгжсөөр хүний өмнөөс компани байгуулж, төлөөлөн хариуцдаг үйлчилгээ бий болсон байна. Энэ нь улстөрчид, орлого өндөртэй хүмүүс, алан хядагчид, хар тамхины наймаачид, томоохон бизнесмэнүүдэд орлогоо нуух, хууль бусаар олсон мөнгөө хадгалах, зарцуулахад сайхан боломж нээж өгсөөр нэлээн хугацаа өнгөрчээ. Ийм үйлчилгээг авлигад идэгдсэн улс орнууд, түүний дотор хуучин Зөвлөлтийн улсуудын удирдагч, нөлөө бүхий хүмүүс авч, нууц компани, данс эзэмшдэг болохыг дэлгэсэн үйл явдал энэ долоо хоногт өрнөж дэлхий нийтэд дуулиан тариад байна.

Эдгээр хүмүүс өөрийн нэр дээр компаниа байгуулан данс эзэмшдэг бол хууль ёсны үйлдэл байх байлаа. Гэтэл татваргүй бүсэд амьдрагч хэн нэгнээр өөрийгөө төлөөлүүлэн түүнтэй эрх мэдлээ шилжүүлэх, шийдвэр гаргах асар нууц гэрээ байгуулан компани эзэмшдэг болох нь илэрч хууль бус орлогоо нуух зорилготой нь илэрхий болжээ.

Эх сурвалж: 24tsag.mn

Улаанбаатар Азийн хамгийн аюултай хотын жагсаалтад багтжээ

МАХН-аас “Эрхээ хамгаалъя” судалгааг сургуулийн хүүхдүүд, эцэг эхчүүдээр нь бөглүүлж байна