Олуулаа болох бодлого мөхөх үү, сэхэх үү?

“Олуулаа болцгооё!” уриалга: А-Я
2011 оны 12-р сарын 28-нд, Монгол улсын тусгаар тогтнол сэргэн мандсаны 100 жилийн ойд зориулсан, УИХ-ын Хүндэтгэлийн чуулган дээр хэлсэн үгэндээ МУ-ын ерөнхйилөгч Ц.Элбэгдорж:
-“Монголчууд аа, олуулаа болцгооё, Монгол нутагтаа ирцгээ” гэж уриалах гэсэн юм. Би энэ уриалгыг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, монгол хүн бүрт хандаж, Монголоо гэсэн зүрх сэтгэл бүрт хандан хэлж байгаа юм гэсэн билээ. Энэ нь ерөнхийдөө дэлхийн монголчуудыг Монгол улсад урин залж, суурьшуулан нэгтгэх гэсэн хэрэг гэж монгол туургатанд ойлгогдож, маш олон хүн ихээхэн урам зоригтойгоор хүлээн авсан билээ.
Гэтэл 2011 оны 10-р сарын 25-нд, ВВС-д өгсөн ярилцлагадаа ерөнхийлөгч “…энэ асуудлыг бодлогын төвшинд ярих боломжгүй” гэж байсан байх юм (ВВС-гийн сэтгүүлч “…Хятад, Орос дахь монгол угсаатнууд Монгол руу тэмүүлж буйг юу гэж үзэж байгааг тань сонирхсон юм?” гэж асуужээ).
2006 онд нэгэн сэтгүүлч монголчуудыг урин дуудах талаар Уугуулшууллын тухай хуулийн төслийг санаачлан бичээд, Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаярт болон зохих бусад хүмүүст хандаж байжээ. Ерөнхийлөгчийн тамгын газрынхан үүнийг сонирхож, сэтгүүлчтэй уулзаж, судалж байсан байна. “Их Монгол улсын гол үзэл санаа бол монголчууд нэгдэн нийлсэн явдал юм. Ерөнхийлөгч Н.Энхбаяр Их Монголын 800 жилийн ойгоор уугуулшууллын үзэл санааг зарлан тунхаглаваас тун их ач холбогдолтой, цагаа олсон үйл явдал болно” гэж сэтгүүлч хэлж байжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ч өргөн барьжээ. Уг сэтгүүлч 2007 онд мөн давхар иргэнчлэл, гадаадын уугуул монгол (ГУМ) хүмүүсийг хүсэлтээр нь, хаа байгаагаас нь хамаарахгүйгээр МУ-ын иргэн болгох гэсэн хоёр асуудлыг хөндсөн Элэгшүүллийн хуулийг мөн санаачлан төрд дахин дахин танилцуулж, төрийн бодлогод тусгах асуудлыг судлана гэсэн хариу авч байжээ.
2012 оны 1-р сарын 6-нд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЗГ, УИХ-ын гишүүд, Иргэн харьяат, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ) зэрэг байгууллагын ажилтнуудыг цуглуулан уулзаж, Олуулаа болох ажил нь 3 хүрээнд хэрэгжих ёстой гэж мэдэгдэв. Цаашид тайлбарлахдаа,
1-рт, Монгол улсын хүн амыг өсгөнө. Юуны өмнө амьдрах орчинг нь сайжруулна. Төрөлхийн гажиг 2 дахин өсөж, 1980-аад оноос хойш 1 сая гаруй үр хөндөлт хийгдэж, утаа, агаарын бохирдол, чанаргүй хүнс эрүүл мэндэд харшилж, цус ойртолт ихсэж, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ муу байна;
2-рт, Гадаад дахь Монгол улсын иргэдийг Монгол улсад буцаан ирүүлнэ. Монгол улсын иргэншлээс гарч байгаа, Монгол улсын иргэн болж байгаа хүмүүсийн харьцаа 60:1 байна. Үүнийг өөрчлөх ёстой;
3-рт, Хилийн чанадад амьдарч байгаа угсаа гарваль нэгтэй, “Монголын иргэн болъё” гэсэн хүсэлтэй монголчуудыг урин дуудна. Ийм бодлого олон улсад байдаг. Хойд хөршид “Русский мир”, өмнөд хөршид “Тавдугаар цуваа”, “Казахстанд “Нурлы кош” зэрэг бодлого байх жишээтэй.
Энэ гурван хүрээг хэрэгжүүлэхийн тулд:
1. Ойрын үед ажлын хэсэг байгуулах, цаашид төрийн бүтэц ярих байх;
2. Ямар бодлого хөтөлбөр, хууль, гэрээ хэлэлцээр байх шаардлагатайг судлах;
3. Нийгмийн сэтгэлзүйг бэлтгэх хэрэгтэй. Олуулаа болох бол удаан хугацаанд хийгдэх ажил гэх зэргээр ярьжээ.
Энэ уулзалт, “Олуулаа болцгооё” гэдэг нь гагцхүү дэлхийн монголчуудыг Монголд урин залж нэгтгэх гэсэн хэрэг гэж ойлгож байсан зарим хүний урмыг хугалсан. Ердийн хүн амыг өсгөх, гадаад дахь монголын иргэдийг ирүүлэх ажлууд цаасан дээр хийгдэж ирсэн ч гэлээ нийгэмд шинэ зүйлүүд биш байсан тул яагаад тэдгээрийг Олуулаа болох зорилгодоо нэмж оруулж, гол зорилго гэж ойлгогдсон монгол туургатны ажлыг 3-р зэрэгт тавив гэдэг нь олон хүнд ойлгомжгүй байлаа. Мөн ерөнхийлөгчийн яриа ул суурь муутай, цэгцгүй байна, энэ хүн Олуулаа болох талаар юм хийнэ гэдэгт итгэл төрөхгүй байна гэж зарим нь үзсэн юм.
Нэгэн жишээ: “Русский мир”, “Тавдугаар цуваа”, “Нурлы Кош” бодлогуудын тухайд. ОХУ-д 2006 онд “Гадаадад амьдарч буй эх орон нэгтнүүд ОХУ-д сайн дураар нүүж ирэхэд дэмжлэг үзүүлэх төрийн хөтөлбөрийн тухай” ерөнхийлөгчийн зарлиг гарсан бөгөөд, ийм зорилготой “Русский мир” гэх хөтөлбөр үгүй юм. Тавдугаар цуваа гэдэг нь эсрэг талынхан дундаа өөрийн талын даалгаврыг биелүүлэн ажиллаж байгаа дайснууд нь гэсэн утгатай болохыг хэн бүхэн мэдэх бөгөөд БНХАУ-ыг тийм хөтөлбөртэй гэх нь ерөнхийлөгч хүний хувьд улс төрийн том алдаа юм.
Казахстаны “Нурлы кош” буюу “Гэгээн нүүдэл” нь хүн амыг газар нутагтаа тэгш тархаан суурьшуулах гэсэн хөтөлбөр бөгөөд, дурдах ёстой байсан баримт бичиг нь “Хүн амын шилжин суурьшилтын тухай хууль” юм. Дээрхи гурван улсын бодлогын талаар Дэлхийн монголчуудын чуулган (ДМЧ)  ОУТББ-ын ЕНБД (тэргүүн нь ерөнхийлөгч Ц.Элбэгдорж), БНХАУ-д элчин сайд байсан (БНХАУ-ын бодлогыг сайн мэдэж байх учиртай) Д.Цахилгаан яг адилаар тийнхүү алдаатай ярьж байсан болно. Асуудлын талаар ийм төвшний ойлолт, төсөөлөлтэй байх нь эргэлзээ төрүүлэхээс өөр аргагүй.
Цөөнгүй хүн Олуулаа болох уриалгыг “ээлжит хошгоруулалт” гэж тодорхойлж байсан ч, зөв зүйтэй үгийг дэмжих нь зүйтэй гэж үзэгсэд бас л цөөнгүй байлаа.
Олуулаа болохтой холбогдолтой төрийн анхны ажлуудын нэг нь, 2012.1.10-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын (ЕТГ) дарга Д.Баттулга хазара нарын төлөөлөл болгож, Монголд суралцаж буй оюутан Г.Аббас нартай уулзаж, уриалгыг танилцуулж, харин хазара оюутнууд визний бэрхшээл, Монгол улс 3 хазара оюутныг дэмжин суралцуулж байгаагийнхаа тоог нэмэгдүүлэх боломжийн тухай ярьсан байдаг.
 “Цахим өртөө” ТББ 2012 оны 1-р сарын 23-нд хэвлэлийн бага хурал (ХБХ) хийж, Greencard лүгээ адил Bluecard буй болгоё, үүнийг “Хөх гэрэгэ” гэж нэрлэе гэх санал тавин дэмжлэгээ илэрхийлэв. Дашрамд, “Цахим өртөө” ТББ ерөнхийлөгчид ойр ажилладаг бөгөөд, хоёр сонгуультан нь ерөнхийлөгчийн зөвлөх юм.
2012 оны 1-р сарын 24-нд Японд амьдарч байгаа Өвөр Монгол, Шинжаан, Хөх нуур, Буриад, Халимагаас ирсэн монголчууд хамтын илгээлт явуулж, дэмжлэгээ илэрхийлэв.
 Олон нийтийн оролцоо, төрийн хориг саад
2011.12.29-нд зохиогч болон Монгол дахи өмнөд монголчууд уулзан ярилцаж, уриалгыг дэмжин ажиллах чиглэлээр эвлэлдэн нэгдэж, дугуйлан байгуулах талаар хэлэлцжээ. 2011.12.31-нд “Олуулаа” дугуйланг байгуулан ёсолж, Монгол дахи өмнөд монголчуудын Талархлын бичгийн төслийг хэлэлцэн баталжээ. Уг бичигт, МУ-д ГУМ хүнийг гадаадын бусад иргэдээс ялгавартай хөнгөлөлттэй нөхцлөөр оршин суулгах, иргэнчлэх, ажиллуулах, суралцуулах, дүрвүүлэх, орогнуулах, мөн иммиграцийн өршөөл үзүүлэх зэргийг тусгажээ.
Талархлын бичгийг уулзах хүсэлт, 800 мянган төгрөгийн үнэтэй уран бичлэгийн хамт ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч С.Батзаяад 2012 оны 1-р сард гардуулан өгсөн боловч, аль аль нь ор сураггүй болж, ЕТГ –ынхнаас лавлан асуухад мэдэхгүй, үзээгүй хараагүй, би биш, өөр хүн хариуцна гэсээр өнгөрсөн билээ. Олуулаа болох уриалгыг дэмжихээр байгуулагдсан фейсбүкийн “Олуулаа болцгооё!” группийнхэн мөн Талархлын бичиг өгч, уулзах хүсэлтээ тавьсан ч ийнхүү үр дүнгүй өнгөрч байсан.
2012.3.6-нд “Олуулаа” дугуйлан, “Олуулаа болцгооё!” группийнхэн хамтран “Өмнөд монголчуудад зүй бус хандахаа больцгооё!” хэвлэлийн бага хурал (ХБХ) хийж, Олуулаа болох уриалгад харшлах дискриминацийн үзэгдлийг шүүмжлэн илчилж, хамтдаа тэмцэхийг уриалав.2012 оны 4-р сард Олуулаа болохтой холбоотой хууль дүрэмд нэмэрлэх 47 зүйлтэй саналыг “Олуулаа” дугуйлангаас бэлэн болгож, нийтлүүлж, ерөнхийлөгчид өргөн барив. Саналд “3. Монгол үндэстэнд: монгол хэлт гэж шинжлэх ухаанаар зөвшөөрөгдсөн ястан үндэстнүүд (зарим нь үндэстэн гэх статустай болсон байдлыг харгалзав); түрэг-монгол хэлт, монгол соёлт тува; хазар үндэстний монголжуу бөгөөд монгол үндэстний мэдрэмжтэй хэсэг буюу монгол хазаруудыг (үүнийг тодорхойлох тусгай шалгуурууд тогтооно) багтаан үзэх;” гэжээ.
“Монгол үндэстний үнэмлэх”-ийг дэлхийн монголчуудад олгож, ийм үнэмлэхтэй хүмүүсийг Олуулаа болоход хамруулах гэхчилэн саналууд багтсан байлаа.
 “Олуулаа” дугуйлангийнхан бараг долоо хоног бүр хуралдаж байсан бөгөөд, 2012.7.29-нд Монгол дахи өвөр монголчуудын томоохон уулзалт зохион байгуулж, зохих оршин суух эрх, иргэнчлэлээ авч чадалгүй өдий хүрсэн 60 өмнөд монгол хүний Хамтын хүсэлт гаргах, Олуулаа болох уриалгыг дэмжсэн ХБХ хийх шийдэлд хүрчээ. МУ-аас зохиогч хамрагдсан, бусад гишүүд нь хожим МУ-ын иргэн болсон Алтангадас тэргүүтэй өмнөд монголчууд байсан “Олуулаа” дугуйлангийнхан 8.18-нд “Соёл Эрдэм” ИС дээр өмнөд монгол болон МУ-ын эрдэмтдийн олуулаа болох талаархи хэлэлцүүлэг, 8.20-нд товлосон ХБХ -аа зохион байгуулсан юм.
ХБХ-д Монгол,Япон, Америкад амьдардаг өмнөд монгол эрдэмтэд, судлаач, зүтгэлтэн, Монголд суудаг өмнөд монголчууд оролцож, “Багц айлтгал”-ыг МУ-ын ерөнхийлөгчид өргөн барьж буйгаа танилцуулсан. “Багц айлтгал”-д 60 хүний хамтын хүсэлт, 47 зүйлт санал, “Талархлын бичиг”, “Олуулаа” дугуйлангийн хийсэн ажлын танилцуулга, хамтран ажиллах санал, уулзах өргөдөл зэрэг багтсан агаад ЕТГ-т хүргэсэн. Гэвч дээр дурдагдсанаас гадна ч янз бүрийн байдлаар өгч байсан “Олуулаа” дугуйлантай холбоотой бүх хүсэлт хандалтуудад төрөөс хариу өгөхгүй л байлаа.
Тухайн оны 9-р сарын 12-нд дугуйлангаас Ерөнхийлөгчийн дэргэдхи Иргэний танхимд “Олуулаа болцгооё!” хэлэлцүүлэг хийх санал тавихад харин ЕТГ хүлээж авч, танхимыг хариуцсан ажилтан Д.Аззаяа хамтран ажиллаж эхэлсэн. МУ, Өмнөд Монгол, Буриад, Халимаг, Тува, Хазарагийн идэвхтэн зүтгэлтэн төлөөллийг хамруулсан, ОХУ-аас ЕТГ-ын дуудсанаар нэрт туульч Цагаанзам тусгайлан ирсэн, Монголд буй зарим ГУМ хүн явалгүй хүлээсэн, 60-100 хүн оролцуулах хэлэлцүүлгийн гол ажлыг “Олуулаа” дугуйлан зохион байгуулан гүйцэтгэсэн.
Монгол дахи Оросын буриадууд хуралдан хамтын саналаа бичгээр боловсруулж, дугуйланд өгсөн бол, өмнөд монголчууд, халимагууд мөн хуралдан, хэлэлцүүлэгт илэрхийлэх байр сууриа нэгтгэж, Цагаанзам гуайн буусан “Пума Империал” буудалд монгол туургатны бүс нутгуудын төлөөллүүд уулзан хэлэлцдэг байв. ЕТГ 10-р сарын 25-нд “хэлэлцүүлгийг баттай хийнэ” гэсэн тул зохих урилга, туслах сайн дурын оюутан идэвхтнүүдийг бэлтгэсэн байлаа. Гэвч ЕТГ-аас дахин дахин хойшлуулсаар, сүүлдээ бүр тодорхойгүй болж, ЕТГ “таныг бид дуудаагүй, хэлэлцүүлэг хийх тов тодроогүй” гэж мэлзэх болсон тул Цагаанзам гуай бухимдан буцсан. Энх тайван, найрамдлын ордон, Ардчиллын ордон зэрэг газарт Д.Цахилгаан, Х.Баттулга зэрэг олон нийтийн зүтгэлтнүүдийн тусламжтайгаар хэлэлцүүлгийг хийхийг “Олуулаа” дугуйлангийнхан оролдоход ЕТГ-аас “өөр газар хийх хэрэггүй, эндээ хийнэ” гэж хэлж болиулж байв.
2012 оны эцсээр ерөнхийлөгчийн зөвлөх өөрийгөө Чингис хааны удам гэх эргэлзээтэй зүйл ярьсан Шяо Ян Чуан гэдэг, ямар үндэстэн нь тодорхойгүй БНХАУ-ын иргэнийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч уулзаж, Олуулаа болох уриалгын талаар ярилцаж, тэр хүний Монголд Чингис хааны сүм байгуулах төлөвлөгөөг дэмжнэ гэсэн байдаг.
Дугуйлангаас ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх Ч.Сосормаад санал тавьж, 2013.1.10-нд Иргэний танхимд ЕТГ, Иргэн харьяат, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын (ИХШХЕГ) -ын ажилтнууд, МУ-ын идэвхтнүүд, МУ дахи өмнөд монголчууд, хазара оюутнууд оролцсон Олуулаа болох сэдэвтэй уулзалт боллоо. Төрийн ажилтнуудын зүгээс ГУМ-чуудтай тоглоод ч байгаа юм шиг, шоглоод ч байгаа юм шиг тоомжиргүй харьцсан уулзалт болсон.
Тагнуулын ажилтнуудад хууль бусаар хулгайлагдан, жорлонд гавлуулж хоригдох, автомашины тээшийн саванд тээвэрлэгдэх, зодуулах, дарамтлуулах зэрэг зовлон үзэж, бүр амиа хорлохыг оролдож байсан, азаар хилчид илрүүлснээр аврагдаж байсан хүн баримттай асуудал бэрхшээлээ нулимс дуслуулан байж ярихад “үлгэр ярилаа” гэж үл ойшоож байх жишээтэй. Хэнийг монгол гэж үзэх вэ гэдгийг мэдэхгүй, тодорхойлж чадахгүй байгаа учир олуулаа болох нь хэрэгжихгүй байгаа юм шиг ойлгуулснаар уулзалт үр бүтээл муутай тарж байсан. Гэхдээ ЕТГ-ынхан хууль-эрхзүйн асуудлыг шийдвэрлээд оны эцсээр Олуулаа болох уриалгыг хэрэгжүүлж эхлэнэ гэж мэдэгдсэн.
2013.1.15-нд санаачилсан, зүтгэсэн “Олуулаа” дугуйланд ч хэлэлгүйгээр дээрхи Иргэний танхимд нууцаар шахуу “Олуулаа болцгооё!” хэлэлцүүлгийг төрийн зүгээс ЕТГ, ИХШХЕГ, бусад төрийн байгууллагуудын албан тушаалтнууд, “Цахим өртөө”, “Дэлхийн монгол айл” ТББ-ууд, хүний тоо нэмэрлүүлэх гэж дайчлагдсан оюутнуудын хүрээнд хийв. “Олуулаа” дугуйлангаас хэл ам хийж байж, зохиогч оролцсон. Албан тушаалтнууд 1911 оны тусгаар тогтнол, хүн амын ердийн өсөлт, эрүүл мэнд, бүртгэлийн нэгдсэн тогтолцоо зэрэг ерөнхийлөгчийн уриалгатай шууд холбоотой бус ерөнхий сэдвүүдээр илтгэл уншиж, цагийг барсан, нүд хуурсан арга хэмжээ болсон. Гадаад дахи МУ-ын иргэдийг буцаан ирүүлэх “Зөгийн үүр” хөтөлбөрийн дарга С.Бэхбатын яриа л арай ойр байв.
Гэхдээ тэрбээр, ЗГ-ын 2010 оны тогтоолоор бий болсон энэ хөтөлбөр гэж хоёрхон нүүр цааснаас өөр юу ч энэ хөтөлбөрт үгүй, төсөвгүй, ажилтангүй, юу ч байхгүй, юу ч хийгдээгүй гэж хэдхэн минут үглэсэн юм. ГУМ-чуудыг Монгол улсад олноор ирүүлэх боломж үүсгэх талаар буюу, Олуулаа болох уриалгын талаар ямар ч юм төрийн зүгээс хэлээгүй. Төрийн бус оролцогчдоос ч бараг юм хэлсэнгүй.
Монгол дахи байдал сайжрах биш, улам доройтлоо
“Олуулаа” дугуйлангийнхан 2011.12.31-ний “Талархлын бичиг”-т БНХАУ дахи уугуул монголчууд гол ирэх хүмүүс байх болно, гэхдээ өмнөд монголчууд МУ-д амьдрахад биелүүлэхэд хэцүү, өндөр шаардлагууд маш их саад бэрхшээл учруулдаг, биелүүлээгүй нөхцөлд оршин суух эрх цуцлагддаг болохыг онцолж байсан. Тэр байдал сайжраагүй, харин улам муу болсон гэхэд болно.
ХХ зууны 10, 20, 40-өөд онд МУ мянга мянган ГУМ-уудыг болон, дүрвэсэн иргэдээ, мөн казахуудыг хүлээн авч байсан. Хойд хөршөөс ХХ зуунд 15 800 буриад хүн дүрвэн ирж байв. МУ халимагуудыг авъя гэх саналыг 20-иод онд их өлсгөлөнгийн үеэр ЗХУ-д тавьж байсан. 90-ээд оноос түм түмэн казах хүн Казахстан руу цагаачилсан бол, мянга мянгаараа бас буцаж ирсэн. Өвөр Монголд МУ-ын иргэд 30-аад онд олон түмээрээ дүрвэн очиход нутгийн ардууд хүлээж авч байсан байдаг.
Тэгвэл, 1990 оноос хойш 20 гаруй өмнөд монгол хүн МУ-ын иргэн болж чаджээ. Өөр ГУМ хүн бараг МУ-ын иргэн болоогүй. Жилд 1-ээс бага ГУМ хүнийг МУ-ын иргэн болгож байсан нь өнөөгийн Монголын төрийн монгол туургатны бодлогын дүр төрхийг харуулна. Дээрхи 20 гаруй хүн бараг бүгдээрээ МУ-ын иргэнтэй гэр бүл болсон байдаг. Өөрөөр МУ-ын иргэн болох боломж ГУМ-чуудын хувьд үгүй шахам ажээ.
Гадаадын иргэн харьяатын эрхзүйн байдлын тухай болон Харьяатын тухай гэх Олуулаа болохын эсрэг гэмээр хуулиуд байдаг бөгөөд огт өөрчлөгдсөн зүйлгүй. Эдгээр хуулиуд ойлгомжгүй, өөрөө өөртэйгээ зөрчилддөг бол ИХШХЕГ-ын дүрэм журмууд бүр ч муу. ИХШХЕГ-ын харьяат болгох бичиг баримтыг “галзуу хүний өдрийн тэмдэглэл” гэж фейсбүкэд нэрлэсэн байсан. 20-25 бичиг баримт бүрдүүлэх бөгөөд, энэ нь визний 30 хоногийн хугацаанд амжихгүй нь олонтаа. Янз бүрийн өвчнүүдгүй гэх тодорхойлолтыг төрийн захиргааны байгууллага, дипломат байгууллагын шийдвэрийн хэлбэрээр гаргуулна гэсэн л байв. Насанд хүрээгүй хүүхдийг аль улсын харьяат болгохыг эцэг эх тохиролцон шийднэ гэсэн байсныг эхнэр нөхөр МУ-ын ерөнхийлөгч гурав тохиролцон шийднэ гэж өөрчилсөн байх жишээтэй.
ИХШХЕГ-ын дүрэм журам хамгийн олон удаа өөрчлөгддөг бөгөөд, тухай бүр улам муу, ойлгомжгүй, замбараагүй, нэг юмаа дахин дахин давтсан, янз бүрээр хэлсэн, “өндөр цалинтай түшмэдүүд сурлага тааруу сурагчаас дор ийм юм хийх гэж дээ” гэж халагламаар. Энэхүү дүрэм журмуудын дагуу бичиг баримтаа зөв бүрдүүлэн өгөх ямар ч боломжгүй агаад, дахин дахин буцаагдсан хүн албан бус арга чарга хэрэглэхээс өөр аргагүй болдог. Энэ нь авлига, хээл хахууль цэцэглэн хөгжих таатай хөрс болно. Хятад голдуу хүмүүс Монголын иргэний болон оршин суух үнэмлэхийг шууд худалдан авдаг гэх яриа маш их дуулддаг.
Хуулинд МУ-д орогнож болно гэдэг ч, практик дээр орогнолын эрхийг хэн нэгэнд өгсөн гэх мэдээ үгүй, өгөхгүй ч гэж төрийн ажилтнууд хэлдэг. Цагаачилж болно гэх агаад, 2000 гаруй цагаач буй гэх ч, цөөн хэдэн өмнөд монгол цагаачийн эрхийг нь жирийн оршин суух эрх болгосон байдаг. Монголд 5 жил суусан, Монголын хэл соёл, хуулийн талаар ойлголттой, эсвэл 2 сая америк долларын хөрөнгө оруулалтыг Монголд хийсэн хэн ч МУ-ын иргэн болж болох агаад, МУ-ын холбогдох хууль тогтоолуудад монгол үндэстэнтэй холбоотой онцлог үгүй ээ.
Монгол улсаас гарсан дүрвэгчдийн хойчсыг саадгүйгээр МУ-ын иргэн болгомоор. Гэтэл тэдэнд хамаарах, Өвөр Монголын халх Хасаа Монголын иргэн болох гэж маш их зүдэрсэн. Японд байхад нь Ц.Элбэгдорж нэгэн уулзалт дээр Хасаад Монголд хүрээд ир, иргэн болгоно гэсэн тул энэ бүсгүй баарин монгол нөхөр, хүүхдийн хамт Монгол улсад ирснээс хойн тэр их зүдрэл эхэлжээ. Халх Наралдай Монголд том бизнес өрнүүлсэн ч, 5 жилээс илүү хугацаанд Монголд суусан ч, МУ-ын иргэн болж чадахгүй л байгаа.
МУ-ын анхны олимпийн медальт эмэгтэй тамирчин, хожим Германы иргэн болсон Д.Мөнхбаяр, монгол туургатны эв нэгдлийн зүтгэлтэн, Оросын иргэн Цагаанзам нарыг “давхар иргэнчлэлтэй болъё” гэхэд “хуулинд зөвшөөрдөггүй” гээд татгалзсан. Гэтэл Казахстаны иргэн болсон МУ-ын гаралтай казахууд урьдын иргэнчлэлээсээ гарах нь тийм ч их бус агаад, Н.Энхбаяр ерөнхийлөгч байхдаа Казахстаны ерөнхийлөгч Назарбаевтай энэхүү түм түмэн хүнийг хамарсан давхар иргэнчлэлийг стандарт бус байдлаар хүлээн зөвшөөрөх тохиролцоонд хүрч байсан. Ерөөс давхар иргэнчлэлийн асуудлыг монгол үндэстний хувьд зөвшөөрөхгүйгээр Олуулаа болох боломжгүй юм.
Халимаг монгол Цагаанзам гуайг Ц.Элбэгдорж хүрээд ир, иргэн болгоё, төрийн албан тушаал өгье гэж хэдэнтээ ирүүлж байсан ч, тэр нь бүтээгүй. Уригдаж ирээд, хуурагдаж буцдаг гэж тэр ярьдаг. 2012 онд ерөнхийлөгч бүр “яаралтай ирээд, ИХШХЕГ дээр очоод иргэний бичиг баримтаа ав, би зохицуулчихсан” гэжээ. ИХШХЕГ дээр очиход дарга нь, “үүнийг ерөнхийлөгч мэддэг юм биш, монголын хууль мэддэг юм, боломжгүй” гээд гаргажээ. Цагаанзам гуай “Монголд 4-10 мянган халимаг хүн ирэхийг хүсдэг. Тэд монголын төрөөс мөнгө, халамж нэхэхгүй. Монголын иргэн л болгочих хэрэгтэй.
Тэд Монголын эзгүй нутгуудад малаа хариулаад, аж ахуйгаа эрхлээд сууя гэдэг. Тувагийн малын хулгайч дээрмчдээс дайжаад эзгүйрсэн нутагт ч бид эзэн болоод, хил хязгаарыг хамгаалаад сууя гэдэг. Гэтэл Олуулаа болох уриалга хэрэгжихгүй байна. Ерөнхийлөгч Элбэгдорж А гэсэн бол Б гэх хэрэгтэй” гэж зохиогчид ярьсан. Халимагийн ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов Монголын иргэн болох хүсэлтэйгээ хэвлэлээр мэдэгдсэн бөгөөд, Цагаанзам гуайд “таны давхар иргэнчлэлийн асуудал нааштай болбол, би шууд Монголын давхар иргэнчлэл авах асуудлыг хөөцөлднө” гэдэг байна. Цагаанзам гуай мөн улс төрийн орогнол, удаанаар оршин суух эрх хүсдэг бөгөөд аль нь ч бүтдэггүй.
МУ-ын иргэн болсон нэгэн өмнөд монгол хүнд Монголын төрийн ажилтнууд “Хятадын нам засгийн талаар шүүмжлэлтэй зүйл хэлж болохгүй, үр хүүхдээ хятад хэл соёлоор хүмүүжүүлэх хэрэгтэй” гэхчилэнгээс гадна, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг нь хязгаарласан олон зүй бус шаардлага тавин, зөвшөөрснийх нь дараа сая иргэн болгосон бөгөөд, энэ хүн “МУ-ын иргэн болж байна уу, Хятадын иргэн болж байна уу” гэж гайхсан гэнэ. “25 жил хүсэлт тавьж байж, 25 андгай өргөж байж иргэн боллоо доо” гэж тэрбээр хошигнон ярьдаг. Ганц энэ хүнд ийм зүйл тохиолдож байгаа биш бөгөөд, ер нь өмнөд монголчууд МУ-ын иргэн болоод иргэний бүрэн эрхтэй болдоггүй, барьцааны хүмүүс болдог, төрөөс “та нар бидний хэлснээр байхгүй бол бусад өвөр монголчуудад гай болно шүү, бусад өвөр монголчуудад оршин суух эрх, иргэнчлэл өгөхгүй шүү” гэдэг.
Аймаар монгол, хэцүү монгол гэх хүмүүсийг нээжээ
“Олуулаа” дугуйлангаас, ерөнхийлөгчийн уриалгыг гуйвуулж, монгол биш хүмүүсийг хамруулах оролдлого гарч болохыг эхнээсээ сануулж байсан. Гэтэл чухам тийм оролдлого л их өрнөсөн. Хүн амын, олон үндэстний хамгийн их асуудалтай орнуудын асуудлыг хөнгөвчлөх гарц болгочих гээд байх нь их тохиолдсон. Монголд дүрвэгч, шилжин суурьшигч авах замаар ашиг хонжооны үйл ажиллагааг эхлүүлэх санаархал өмнө нь олон удаа гарч байсан бөгөөд, үүнийг Олуулаа болох уриалгын халхавчийн дор хэрэгжүүлэх гэж байна гэх шүүмжлэл нэлээн өрнөсөн. Уриалга гарахаас өмнө Хойд Солонгосын дүрвэгчдийн төвийн барилгын ажлыг нийслэлийн Налайх дүүрэгт эхлүүлж байсан бөгөөд, санхүүжилт нь тасалдан зогсож байсан.
Дэлхийн монголчуудын чуулганы (ДМЧ) ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ойр хүмүүсийн гаргасан “Дэлхийн монголчууд” сэтгүүлийн нэг дугаарт доктор Л.Түдэв Этиопод хар монголчууд байдаг, Индонезид тоба зэрэг маш олон монгол хүн зон байна, төр барилцаж байна, Латин Америкад хэцүү, аймаар зэрэг монгол байна, доктор Д.Цахилгаан башкир, татар нь монголчууд учир ДМЧ-д урих хэрэгтэй, доктор О.Нямдаваа Хималайн өврөөр 20 янзын монгол үндэстэн бий, тэдний төлөөлөл болох бодоо, ладак манай ДМЧ-д оролцов, Балбын хүн амын 1/3 нь монголчууд юм гэхчилэн бичсэн байсан.
ДМЧ-ы ЕНБД Д.Цахилгаан зохиогчид “Монгол туургатан гэдэг нь 1-рт, орчин үеийн монголчууд буюу Монгол улсын иргэд, 2-рт, холдсон монголчууд буюу Дундад Ази, Турк зэрэг үндэс угсаатан, 3-рт, шинэ монголчууд буюу хилийн чанадад байгаа Монгол улсын иргэд, 4-рт, Монголын анд нөхөд буюу гадаадын хөрөнгө оруулагчид юм” гэж тодорхойлон, хэлж бичүүлж байсан. ДМЧ-ы удирдах сонгуультан О.Нямдаваа Төрийн ордонд гаргасан “Энэтхэгийн монголчууд” үзэсгэлэндээ зохих агуулгат номыг тарааж, тэр номд буй алдарт уран бүтээлчдээр зохиолгосон “Монгол гүрэн чинь хүлээнэ” гэх дууны үгийг үзвэл адуу, шувууны тухай байв. Нэгэн сэтгүүлч дэлхийн хүн амын 1/3 нь монголчууд, уганд бол уг анд монголчууд, сомали бол сум айл монголчууд гэх зэргээр бичдэг. Энэ мэт жишээ маш олон.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө Олуулаа болох уриалгынхаа утга агуулгыг олонтаа бүдэгрүүлэн гуйвуулж байсан бөгөөд, “Олуулаа ном уншья!”, “ Олуулаа мод тарья!”, “Олуулаа сүү ууя!” гэхчилэн бүх юмыг олуулаа гэх үгтэй холбон уриалж байсан. Ц.Элбэгдоржийн угшил нь болох Ардчисан намын (АН) 2012 оны сонгуулийн уриа нь“Олуулаа болцгооё!” байсан. “Олуулаа болцгооё!” гэдэг чинь АН-ын энэ уриаг л эртнээс сурталчилж байсан хэрэг байна шүү дээ” гэж олон хүн урам хугарч байсан. Ерөөс Ц.Элбэгдорж олуулаа болох гэсэн үгэнд их дуртай бөгөөд, 1992 онд нэгэнтээ УИХ-ын чуулганы хуралдааныг хаяж гарахдаа “Бид олуулаа эргэж ирнэ ээ” гэж байсан нь алдаршсан, энэ нь сонгуульд нам нь ялагдаж, парламентад гуравхан суудал авсан ч, дараа ялна гэсэн утга байв.
Ц.Элбэгдорж 2009 онд МУ-ын ерөнхийлөгч болоод удаагүй байхдаа хэдэн үеэрээ Монголд амьдарч байгаа нэг өвөр монгол эмэгтэй, насаараа Монголд амьдарч байгаа нэг буриад эмэгтэйг сүр сүндэртэйгээр МУ-ын иргэн болгоход хүмүүс түүнийг нийт монгол туургатанд ээлтэй зүйл хийх нь гэх хүлээлттэй болсон. Гэтэл хүлээлт талаар болж, улмаар “Ц.Элбэгдорж, нэг өвөр монгол, нэг буриад хүнийг иргэн болгож, монгол туургатныг нэгтгэчихсэн” гэж хошигнон хэлдэг болжээ. Тэгвэл тэрбээр 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө монгол туургатныг урин ирүүлж олуулаа болох талаар нэг ч үг оруулаагүй байдаг. Зарим хүн, тэр байтугай ЕТГ-ын ажилтан Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олуулаа болох уриалгаа хэрэгжүүлж эхэлбэл сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлж мэднэ, харин дахин сонгогдвол жинхэнэ хэрэгжүүлж эхлэнэ гэдэг байсан. Хэрэгжүүлээгүй.
Харин цөөхүүлээ болох явдал гарсан. Давхар иргэнчлэлтэй казахуудыг Монголын иргэнчлэлээс даруй хасахыг ерөнхийлөгч үүрэг болгож, тэр нь хэрэгжиж эхэлсэн байдаг. МУ-ын иргэд олноор цагаачлах явдал үргэлжилсээр, үхлийн төвшин ч нэмэгдсээр, төрөлт буурсаар. МУ-ын хил орчмын Замын-Үүд хотын ард иргэд Хятадын Эрээн хотод оршин суух нь цөөнгүй болж, төрийн албан хаагчид хүртэл Эрээн дэх гэрээсээ ажилдаа ирж, ажил тарахаар тэр гэр лүүгээ буцдаг болсон.
МУ-д ирсэн өмнөд монголчууд ч гарч явсаар байв. Монголын цагдаагийн байгууллага, НҮБ-ын монгол ажилтнууд хамтран барьж, Улаанбаатарт ирсэн хятадын цагдаа нарт тушаасан, улс төрийн орогногч Батзангаагийн дүү Батсүх бас МУ-д орогнож байсан бөгөөд, “Монголд байх нь хамгийн зүдрэлтэй цаг даа. Хүн гэдэг сайхан амьтан зүдрэхдээ царай нүүр нь хорчийн харлаж, үс толгой нь аймаар цайдаг юм байна” гэж фейсбүкдээ бичиж байсан. МУ-ын иргэн, чадварлаг эрдэмтэн судлаач Нарс гадуурхал хавчигдалд байнга өртөж, хувийн эмнэлэг нь удаа дараалан зүй бусаар өөчлүүлэн хаагдаж, хүссэн судалгааны байгууллагадаа ажиллах боломжийг ололгүй байсаар эцэст нь цөхрөн, ОХУ-ын Уфа хотод цагаачлан сууж байснаа, цаашаа Швед улс руу цагаачилсан, МУ-ын харьяат гэргий, хүүхдүүд нь хамт Стокгольм хот руу явсан.
Олуулаа болох уриалга хэрэгжчихсэн, Монголын хүн ам 3 сая болсон гэж ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон АН-ын зүтгэлтнүүд олон удаа мэдэгдсэн. Хүн ам зүйн прогнозоор бол хавьгүй өмнө 3 сая болох байсан ч, төрөлт буурч, үхэл өндөрссөнөөр нэлээн хожуу энэ нь тохиолдсон. Мөн, “сонгогчдын тоог нэмэгдүүлэх, халамж, тэтгэвэр зэргийн мөнгийг завшихын тулд олон мянган хуурамч хүн буй болгосон тул үнэн хэрэгтээ бол 3 сая хүрээгүй” гэх шуугиан дэгдсэн. Хамгийн гол нь, Монголын хүн амыг өсгөхийн тулд сүүлийн жилүүдэд ямар ч зүйл хийгээгүй, харин ч төрөх эмнэлэг, эх нялхсын эмнэлэг, ясли цэцэрлэгийн байдал жилээс жилд доройтон хүндэрч байгаа билээ.
Нэг улсын хэдэн иргэн Монголд байж болох хязгаарыг мэддэггүй
2013 онд ИХШХЕГ-ын Харьяатын хэлтсийн дарга зохиогчид “Гадаадынхныг бүрэн хянах хөрөнгө хүчний боломж бидэнд байдаггүй. Бид тэгэхээр цөөн өвөр монголчуудаа л харин сайн хянадаг, хэл ус ч ойр. Өвөр монголчууд бол маш аюултай хүмүүс. Тэд шаардлага хангасан байлаа ч оршин суух эрх өгч, иргэн болгож болохгүй” гэж хэлж байсан. Хятад, өмнөд монгол хүмүүсийн албадан гаргагдсан төвшинг тооцоолж үзэхэд өмнөд монголчуудын хувьд хятадуудынхаас хоёр дахин их байсан.
Ц.Элбэгдоржийн бараг хамаатан гэгддэг, нэгэн нутгийн Б.Пүрэвдорж ИХШХЕГ-ын дарга болоход хүмүүс “ерөнхийлөгч Олуулаа болох уриалгаа түүгээр дамжуулан хэрэгжүүлэх нь ээ” гэж таамаглаж байсан. Гэтэл удалгүй Б.Пүрэвдорж “МУ-ын иргэн байсан хүн иргэнчлэлээ сэргээхэд хүнд суртал гаргана, МУ-ыг хэцүү байхад гарч явсан тэд сайхан болохоор нь эргэж ирээд байхдаа яах юм” гэж хэлж, 2013 оны 12-р сард МУ-аас гарч явсан цагаачдын 12 холбоо хамтран, түүнийг огцрохыг  шаардсан. Үүнээс болж, 6 сарын хугацаанд цалингаа 20%-иар хасуулах шийтгэл хүлээж байсан.
“Өглөөний сонин”-ы 2013.3.21-ний дугаарт “Манай улсад 26 мянга гаруй хятад иргэн ирж ажиллана” гэсэн сурвалжлага гарсан бөгөөд, Б.Пүрэвдоржийг  “Энэ сарын байдлаар 28 мянга гаруй гадаадын иргэн манай улсад ажиллаж амьдарч байна. 2013 онд 30 мянган гадаадын иргэн манай улсад ирж ажиллахаар болжээ” хэмээн ярьсан гэж бичжээ. Үүнээс үзэхэд, 58 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байсан тохиол байж. “Өдрийн сонин”-д Б.Пүрэвдоржийн өгсөн ярилцлагыг үзэхэд улирлын чанартай ажиллах хүч оргил үедээ 48 мянгад хүрдэг гэж ойлгогдож байсан. Тэгэхээр оршин суух эрх авсан гадаадын иргэн 70 мянга гаруй болж байсан юм шиг. Тус ярилцлагад Б.Пүрэвдорж “нэг улсын иргэн Монголын хүн амын 1%-иас хэтрэхгүй байвал үндэсний аюулгүй байдалд харшлахгүй байх хуультай, нэг улсын иргэнийг 29 мянгад хүргэхгүй байгаа” гэж хэлсэн байсан. Гэтэл хуулиар бол гадаадын иргэн Монголын хүн амын 1%-иас, нэг улсын иргэд 0,33%-иас илүүгүй байх ёстой.
1990 оноос хойш Монголд орж ирж ажиллаж, сурч, амьдарч буй өмнөд монголчууд хэдэн зуу байж ирсэн бөгөөд 1000 хүрдэггүй. Өмнөд монголчуудаа болохоор маш аюултай гээд оруулдаггүй хэрнээ, бусад гадаадынхныг болохоор үндэсний аюулгүй байдлаа алдагдуулан байж оруулаад байдаг дүр зураг харагдаж байна.
Б.Пүрэвдорж зохиогчид “монгол ёс заншил, хэл соёл, үүсэл гарваль нэгтэй хүнийг оршин суух, иргэн болоход нь хөнгөлөлттэй хандна гэж хуулинд өөрчлөлт оруулах санаачлага гаргаад байгаа, оршин суух, иргэн болох шат дамжлагуудыг амар хялбар, ойлгомжтой болгоно” гэж ярьж байсан ч тэдгээр нь бүтсэн зүйлгүй.
2015.6.11-ний “Өдрийн сонин”-д түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн данснаас мөнгө завшиж, улсад их хэмжээний хохирол учруулсан, гадаадын иргэдийг албадан гаргана гэж дарамталж мөнгө авдаг, гадаадынханд хууль бусаар иргэний үнэмлэх олж өгөх хүртлээ найр тавьдаг, хээл хахууль авсан зэрэг асуудлаар баривчлагдан, Авлигатай тэмцэх газарт (АТГ) шалгагдах болов, эд хөрөнгөө хураалгаж, 5-10 жил хоригдох магадлалтай, сайн дураараа огцорсон гэж мэдээлэв. АТГ нь ерөнхийлөгчийн их нөлөөн дор байдаг нь тодорхой. “Олуулаа болцгооё гэчихээд, Олуулаа болцгоохтой тэмцэх газар байгуулсан ерөнхийлөгчийн аян / Олуулаа болцгоохтой тэмц гэчихээд, тэмцүүлсэн хүнээ буруутгасан өндөрлөгийн паян” гэсэн гарчигтай, энэ тухай бичсэн нийтлэл гарснаар Олуулаа болох уриалгын асуудал дуусав уу даа.
… энэхүү нийтлэлийг миний бие ноднин японы сэтгүүлийн захиалгаар бичсэн билээ.
Харин сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулагч, Монгол улсын хувьд онцгой ач холбогдол бүхий мэдлэг чадвартай хүн, монгол туургатан хүнд “Хөх үнэмлэх” олгож болно, “Хөх үнэмлэх”-тэй хүн зохих хөнгөлөлтүүдийг эдлэнэ гэх зүйлийг иргэн харьяатын шинэ хуульд оруулсан, УИХ-аар хэлэлцүүлнэ гэх мэдээ түгсэн. Олуулаа болох уриалга сэхэх үү, мөхөх үү?
Ч.Мөнхбаяр
MMXVI.IV.XI

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!