Онцлох сэдэв: Х.Баттулгын компаниудын нэгжлэгийн эргэн тойронд юу болов…

УИХ-ын гишүүн Х.Баттулгын эзэмшдэг “Баянгол” зочид буудал дахь оффис өрөөнүүдэд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид өчигдөр нэгжлэг хийсэн. Тус буудалд “Женко тур”, “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” компани болон Х.Баттулгын ажлын өрөө байрладаг аж. Цагдаа нар өчигдөр 16:00 цагийн үед тус буудалд нэвтэрсэн бөгөөд тэр үед “Баянгол” оффист УИХ-ын гишүүн Х.Баттулгаас гадна Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг нар байжээ. Х.Баттулга гишүүнийг баривчлах гэж байна гэх мэдээллийг сошиалаар сонсоод олон хүн Баянгол зочид буудлын өмнө цугласан. Тэдний дунд Зам тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Уянга, УИХ-ын даргын зөвлөх Г.Байгальмаа, хотын дарга Э.Бат-Үүл, сүмо бөхийн их аварга Д.Дагвадорж, Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, “Херо” энтэртайнментын захирал Б.Баатар нар ирсэн байлаа.

Тэд уг үйл явдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв

Зам тээврийн сайд М.Зоригт:– Энэ тухай мэдээллийг сошиалаас аваад ирлээ. Арай үгүй байлгүй дээ. УИХ-ын гишүүний эрхэнд халдаж болохгүй.

АН-ын бүлгийн дарга Гарамгайбаатар: Би үүнийг харах гэж ирсэн. Х.Баттулгыг баривчлах гэж байна гэх мэдээллийг ордноос аваад ирлээ.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл: – Нэгжлэг хийхэд яагаад тусгайгийнхан ирдэг юм. Хуулиар бол нэгжлэг хийх гэж байгаа бол мөрдөн байцаагч, прокурор хийх ёстой. Би сошиалаар мэдээлэл аваад ирлээ.

УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх Г.Байгалмаа: -Фэйсбүүкээр мэдээлэл аваад ирлээ. УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдалд халдаж, хууль зөрчиж байгаад харамсаж байна. Х.Баттулгатай холбоотой төмөр замын асуудал, мэдээлэл нь олон нийтэд нээлттэй байгаа.

Сүмогийн аварга Д.Дагвадорж: – Би дөнгөж сая твиттерээс мэдээлэл аваад яарч, сандраад ирлээ. Хамтдаа хүлээцгээе. Учрыг нь лавлая

 

Х.Баттулгын охин Б.Намуун: Цагдаагийн тусгай албаныхан өдрийн 13 цагаас хойш байгууллагыг битүүмжлэн шалгаж байна. Оюутолгойн асуудал дээр дуугарсан болгоныг шалгаж байгаа нь тун харамсалтай. Одоо бүх зүйл ил цагаандаа гарлаа.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр: -2012 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ингээд аваад явсан. Тэрэн шиг юм болох гэж байна уу гэж айж байна. Олон улсын тэмцээн болох гэж байгаа энэ үед ийм явдал болж буй нь харамсалтай.

Найруулагч Б.Баатар: -УИХ-ын гишүүнд халдашгүй дархан эрх гэж бий. Гэтэл 500 цагдаа нэмэлтээр ирнэ гэсэн мэдээлэл байна. Ийм байдал хоёр дахь удаа давтагдаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Өргөдлийн байнгын хороонд УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд хууль бусаар нэгжлэг хийж байна гэсэн мэдээлэл ирсэн. Хууль хяналтынхан нэгжлэгийг яаж хийдэг, хүний эрхийг дээдэлж байна уу, зөрчиж байна уу гэдгийг нүдээрээ харахаар ирлээ. Цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаа, баривчилгаа сүүлийн үед хэрээс хэтэрч байгаа. Өдөр болгон хүн баривчилдаг болсон. Монгол орон бол ардчилсан орон. Аливаа хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу, хүний эрхийг дээдлэх зарчмын хүрээнд явах ёстой.

ЦЕГ: Шинэ төмөр зам төсөл,Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хэргийг шалгах явцад “Баялгийн хувь” ХХК, “Түмэнхишигтэн” ХХК-ийн санхүүгийн бичиг баримтад шалгалт хийх шаардлага гарсан. Тиймээс “Баянгол” зочидбуудалд байрлах дээрх компаниудын санхүүгийн өрөөнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу прокурорынзөвшөөрөлтэй нэгжлэг хийгдэж байна. УИХ-ын гишүүн Х.Баттулгын халдашгүй байдалд халдсан ямар нэгэнүйл ажиллагаа явагдаагүй. Нэгжлэгийг явуулах нөхцлийг хангах үүднээс цагдаагийн алба хаагчдыгхамгаалалтад ажиллуулж байна.

Эх сурвалж: TIMES.MN


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close