Н.Энхбаяр, Х.Баттулга, З.Энхболд, Н.Алтанхуяг нар урд шөнө нууц тохироо хийжээ

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын дарга Н.Ганболдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэж, УИХ-аар оруулахаар гишүүд санал нэгдсэн. Одоо ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын даргаар ажиллах хүнийг УИХ-д санал оруулан батлуулах учиртай. Тэгвэл өнгөрсөн шөнө ерөнхийлөгчийн эл эрхийг түдгэлзүүлэх зорилго бүхий нууц уулзалт болсон байна. Тодруулбал, БНСУ-д эмчлүүлэхээр явсан Н.Энхбаяр эргэн ирж, АН-ын дарга З.Энхболд, ерөнхийлөгчийн эсрэг ноцтой мэдэгдэл хийсэн Н.Алтанхуяг, АТГ болон ерөнхийлөгтэй дайн зарлаад буй Х.Баттулга гишүүн нар уулзаж, шинэ тохироо хийжээ.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд АТГ-ын даргыг УИХ томилдог бүрэн эрхтэй болох хуулийн төслийг өнөө маргаашдаа багтан яаралтай дэгээр өргөн барихаар тохиролцсон аж. Ингэснээр АТГ-д даргад яригдаж буй “ерөнхийлөгчийн хүн” гэгддэг Б.Хурцын асуудал орхигдож, УИХ АТГ-ыг хараандаа авах, цаашлаад Х.Баттулга руу чиглэсэн сөрөг ажиллагааг зогсоох боломжтой гэж тэд үзсэн байна. АТГ-ын үндсэн чиг үүргийн нэгд төрийн өндөр албан тушаалтан, тэр дундаа УИХ-ын гишүүдийн авилга авах асуудалд хяналт тавих зорилт оршдог. Гэтэл УИХ АТГ-ын даргыг сонгох бүрэн эрхтэй болсноор гишүүдийн авлигын асуудалд хяналт тавих үндсэн механизм алдагдах өндөр эрсдэл үүснэ гэсэн үг юм.

Дээрх дөрвөн эрхмийн хуулийн гол агуулга нь УИХ дахь нам эвслээс АТГ-ын даргыг санал болгож, түүнийг нь УИХ-аас баталдаг байх тогтолцоог бий болгох аж.

Энэ талаар бид дэлгэрүүлэн мэдээлэх болно.

Эх сурвалж: Today.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй