МАНАН ноёрхлоо тогтоохын тулд Сонгуулийн хуулийг өөрчлөхөөр улайрч эхлэв үү

-Улстөрчид намын жагсаалтаас татгалзаж можаритор системээр сонгууль явуулахаар санал нэгдэж эхэлжээ-

УИХ-ын хаврын чуулган эхэлдгээрээ эхэллээ. Гэвч өмнө бичсэнчлэн улсын ажил урагшаа явсангүй, хуралдана гэж гурилдсан хэвээр. Улстөрчдийн хувьд өөрсөддөө оноо авах ганц нэгхэн хуулийн төсөлд анхаарсан дүр эсгэж байгаа ч ухаан санаа нь аль хэдийнэ тойрог, жагсаалтын хуваарилалт, том ордын бялуунаас ахиухан хүртэх гэсэн эрх ашигт хүлэгдчихэж. Улсаараа улаанбурхан өвчинд дарлуулж, ард түмэн татварын дарамтад туйлдаж байгааг ухаарах сөхөө одоогоор тэдэнд алга.

Эрх баригч нам нь эв зүйгээ олж чадахгүй нэг нэгнээ хэмлэж, дотооддоо цусгүй дайн өрнүүлсээр. Сөрөг хүчин нь шогийн, шогийн дэглэлттэй жагсаал цуглаан хийж, амьдралаас тасархай амлалт өгч, албан бичгийг ар араасаа үйлдвэрлэж суугаа. Яаж шоудвал ирэх сонгуулиар илүү оноо авч чадах бол, УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд очихын тулд юу хийх вэ гэдэг бодол улстөрчдийн өдрийн бодол шөнийн зүүд болчихоод байгаа энэ үед тэдэнтэй улс орны хөгжил, хүлээлт үүсгэсэн хуулийн тухай яриад ч хэрэггүй.

Эх адаггүй улстөржилт, элдвийн сүртэй жагсаал цуглаан, том улстөрчдийн толхилцоон гээд ааг амьсгаа авах завгүй оволзсон эдгээр өдрүүдэд Сонгуулийн хуулийг өөрчлөх тухай яриа байсхийгээд л дуулддаг боллоо. УИХ, нийслэл, аймаг дүүргийн сонгууль явуулах хуулийг гурван жил дарж хэвтсэн улстөрчид гэнэтхэн л 2015 оны арванхоёрдугаар сард баталж орхисон билээ. Бүр шинэ он гарахаас хоёр, гуравхан өдрийн өмнө гэрлийн хурдаар баталчихсан. Гурван жил тоосонд дарагдсан хуулийг нэг өдөр л шүүгээний нүднээс гаргаж шинэчлэх шалтгаан юу байсныг хэвлэл мэдээллээр олон талаас нь хөндсөн ч тэдний цаад талын зорилгыг огтхон ч ойлгоогүй байсан нь хожуу ил болж байлаа. Тодруулбал, МАН, АН-ынхан хөшигний цаана найзалж, жижгүүдээ жийж байгаад баталсан Сонгуулийн шинэ хуулиас хамгийн чухал заалт буюу “Ээлжит сонгууль болохоос 180 хоногийн өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болно” гэсэн заалтыг санаатайгаар авч орхисон.

“УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж жагсаалтын 28-аас зургааг хасч нийслэлийн тойргийн мандатыг нэмэх хуулийн төсөл боловсруулсан билээ. Төд удалгүй МАН-ын бүлгийн гишүүд жагсаалтыг үгүй болгож, намын нэрээр санал авахгүй харин олон мандат бүхий можаритор болгох тухай ярьж эхэлсэн. МАН-ын бүлгийн гишүүдийн амнаас энэ тухай санал гараад удаагүй байтал УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мөн л намын жагсаалтыг байхгүй болгох, 2008 оны хуучин хувилбараар буюу 76 гишүүнийг тойргоос сонгодог можаритор тогтолцоог хэвээр хадгалах санал гаргаж ирсэн.”

Ингэснээр сонгууль болохоос нэг өдрийн өмнө ч хуульд өөрчлөлт оруулах боломж бүрдсэн билээ. Хэдийгээр энэ заалт олон улсын өмнө хүлээсэн тогтоолд хадгалагдаж үлдсэн ч шинэ хуулиа дагана аа хэмээн гүлдийж чадах хүмүүс бол манай түшээд. “Мартчихсан байна лээ” гэсэн марзан тайлбарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өгөөд л чимээгүй болсон. Юм бүхэнд албан бичиг үйлдэж, огцруулах тухай ярьдаг МАН-ынхан хамгийн чухал заалт мартсан үйлдлийг мэдсэн ч мэдээгүй юм шиг, сонссон ч сонсоогүй аятай л өнгөрүүлчихсэн. Тэгвэл МАНАН-ын хөшигний цаана хийсэн хуйвалдааны зорилго одоо л тодорхой болж эхэллээ. Шат шатны сонгууль дөхөх тусам нөхцөл байдал яаж эргэх, сонгогчдын ирц ямар байхаас шалтгаалж тэд хуульд хүссэн өөрчлөлтөө оруулахын тулд энэ заалтыг авч хаясан нь тодорхой болов.

Цаашлаад парламентад суудалтай болон суудалгүй “жижиг” намуудыг өөрсөддөө нэгтгэж чадахгүй бол тэднийг улс төрийн тавцангаас арчих, хувь тэнцүүлж суудал авах боломжийг хаах тохироог хийсэн гэдэг нь ил боллоо. УИХ-ын гишүүн бүхэн өөрийн хүссэн заалтаа оруулж хууль өргөн барих боломжийг нээж өгснөөр УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж жагсаалтын 28-аас зургааг хасч нийслэлийн тойргийн мандатыг нэмэх хуулийн төсөл боловсруулсан билээ. Төд удалгүй МАН-ын бүлгийн гишүүд жагсаалтыг үгүй болгож, намын нэрээр санал авахгүй харин олон мандат бүхий можаритор болгох тухай ярьж эхэлсэн. МАН-ын бүлгийн гишүүдийн амнаас энэ тухай санал гараад удаагүй байтал УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мөн л намын жагсаалтыг байхгүй болгох, 2008 оны хуучин хувилбараар буюу 76 гишүүнийг тойргоос сонгодог можаритор тогтолцоог хэвээр хадгалах санал гаргаж ирсэн.

УИХ-ын гишүүн Л.Болд сонгуулийн хуульд залуучуудын квотыг оруулж өгөх талаар “солиотой” саналаа боловсруулчихаад дэгдэж яваа сурагтай. Өөрөөр хэлбэл, монголын улс төрд залуус байх ёстой гэж үзсэн учраас эмэгтэйчүүдийн квот шиг залуучуудад 20 хувийн квотыг хуульд тусгах санал боловсруулжээ. Сэрчихгүй бол сайхан л мөрөөдөл. Бидний үеийн залуус Төрийн ордонд гишүүний зөөлөн сэнтийд тухалчихаад улс орны хөгжил ярьж, хууль боловсруулж суудаг бол сайхансан. Гэвч монголын улс төрийг мөнгөөр худалдаад авчихсан тэд боловсрол, мэдлэгээс өөр зэвсэггүй залууст боломж олгоно гэдэг үлгэр биз. Энэ мэтээр сонгуулийн хуулиар хэн дуртай нь юу хүссэнээ ярих боломжийг МАН, АН хоёр бий болгож өгсөн билээ.

“МАХН-ынхан 60:40 гэсэн санал гаргасан учраас эвсэх тухай яриа зогсонги байдалд орж, эцэст нь АН-тайгаа ойлголцох нь илүү амар гэж үзсэн бололтой. Харин АН-тай эвсч нэр хүндээрээ туг тахиснаас амиа бодсон нь дээр гэж үзсэн нам эвсэл хэтэрхий олон байгаа учраас АН ганцаараа тулаанд орохыг хүсэхгүй байгаа нь тодорхой юм. МАН-ын хувьд энэ өөрчлөлтийг эртнээс хүсч байсан. Намын жагсаалтаас татгалзах тухай ард нийтийн санал асуулга явуулах хүсэлт удаа дараа тавьж байлаа.”

Тэгвэл улс төрийн хоёр том хүчин Сонгуулийн хуулиар тохироо хийхээр нэгдсэн шийдвэрт хүрсэн тухай яриа саарал ордноос дуулдаж эхэллээ. Тодруулбал, МАН, АН-ын дарга нар жагсаалтын 28-ын 18-ыг нийслэлд, 10-ыг нь хөдөө орон нутагт хуваарилж, 76 гишүүн бүгд тойргоос сонгогдох өөрчлөлт хийхээр тохиролцжээ. Ингэснээр дээр хэлсэнчлэн жижиг намуудын хувьд 2016 оны сонгууль үүдээ хаана гэсэн үг. Намын нэрээр жагсаалтад хүнээ дэвшүүлж авсан хувиараа парламентад орж ирдэг байдал алга болох юм. 76 гишүүн тойрогт нэр дэвшүүлэх боломжгүй жижиг намуудад хаалт босгосон, мөн нэр дэвшлээ ч сонгогдох магадлал буурна гэх мэтээр тэднийг хааж боосон өөрчлөлт болно.

АН, МАН-ын гишүүдээс адилхан санаа гарч, намын дарга нарын төвшинд яригдах хүртлээ эрчээ авна гэдэг нь энэ өөрчлөлтийг хийхээр шийджээ гэдгийг илтгэж буй юм. МАН-ын хувьд МАХН-тай эвсэх тухай яриа хэлцлийг Удирдах зөвлөлийн хурлаараа ярилцсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Өөрөөр хэлбэл, МАХН-ынхан 60:40 гэсэн санал гаргасан учраас эвсэх тухай яриа зогсонги байдалд орж, эцэст нь АН-тайгаа ойлголцох нь илүү амар гэж үзсэн бололтой. Харин АН-тай эвсч нэр хүндээрээ туг тахиснаас амиа бодсон нь дээр гэж үзсэн нам эвсэл хэтэрхий олон байгаа учраас АН ганцаараа тулаанд орохыг хүсэхгүй байгаа нь тодорхой юм. МАН-ын хувьд энэ өөрчлөлтийг эртнээс хүсч байсан. Намын жагсаалтаас татгалзах тухай ард нийтийн санал асуулга явуулах хүсэлт удаа дараа тавьж байлаа.

Харин АН-ын хувьд дотооддоо зөрчилдөж, АН гэдэг нэр шал дээр хөглөрсөн учраас намын нэрээр туг далбаа болж орон 28 суудлаа алдахыг хүсээгүй хэрэг. Харин 76 тойрогт ижил тэгш хуваагаад явуулчихвал хүнийг нь хараад сонголт хийх боломж өндөр учраас жагсаалтаас татгалзахаас өөр аргагүй болжээ. Хоёр нам ойлголцсон эсэхээс үл хамааран юутай ч дээрх өөрчлөлтүүдийг хийхээр УИХ-ын гишүүд ар араасаа хуулийн төсөл өргөн барих нь тодорхой. Тэр тусмаа жагсаалтаас татгалзах тухай асуудал ойрын хэдэн өдрүүдэд олны анхаарлын төвд байх нь. Хуйвалдаж суугаад хуваагаад залгичихсан ганцхан заалтаас болж улстөрчид, улс төрийн нам эвслүүд Сонгуулийн хуулийг сэглэж, юу хүссэнээ тусгах гэж улайрах нь тодорхой боллоо.

Хаврын чуулганы хугацаа ч эдгээр заалтуудыг ээлж дараалан хэлэлцэх асуудалд анхаарсаар ямар ч үр дүнгүй өнгөрөх бололтой. МАНАН-ын булхай луйврын эсрэг жижиг намууд тэмцэх арга тун ховор. Яаж ч чардайж жагсч цуглаж гүйгээд тэд парламентад суугаад хууль батлалцаж чадахгүйгээс хойш хий дэмий л бухимдахаас хэтрэхгүй, харин УИХ дахиад л МАНАН ноёлно. Бүгд эвсч нэгдээд 76 тойрогт нэр дэвшигчээ зоочихвол ард түмэн гуравдагч хүчний нэр дэвшигчийг дэмжих магадлал өндөр юм. МАНАН сонгуулиар хуулиар шантаажилж байгаа бол жижиг намууд ч тэдэнд тохирсон хариуг нь барьж Их эвсэл байгуулахад болохгүй зүйл үгүй билээ.

Эх сурвалж: www.mminfo.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй