АН: Генсекээ солино, МАН: М.Энхболд ЕС, Н.Энхбаяр УИХ-ын дарга болно

Улс төрийн намууд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулж Үндэсний аудитын газарт маргааш гэхэд хураалгасан байх ёстой. Энэ дагуу намуудын удирдах дээд байгууллагууд хуралдаж байна. Өчигдөр АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал /ҮЗХ/, МАН-ын Бага хурал хуралдсан. Мөн УИХ-ын Г.Уянгын гэнэт даргаар нь очсон Тусгаар тогтнол эв, нэгдлийн нам анхны хуралдаанаа хийсэн юм. Намууд ганц мөрийн хөтөлбөр гэлтгүй асуултын тэмдэгтэй хамаг л асуудлаа хуралдаанаараа хамж, шимж ярьж буй сурагтай.

АН генсекээ солих уу?

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өчигдөр 18.00 цагт товлогдсон ч 19.00 цагт эхэлсэн юм. Нийслэлийн танхимд болсон уг хуралдаанд 228 гишүүнээс нь 170 гаруй нь оролцлоо. ҮЗХ-ны хурал болохоос өмнө АН-ын дарга З.Энхболд нам доторх фракциудынхаа удирдлагыг Төрийн ордон дахь өрөөндөө дуудаж ярилцсаны хүчинд ирц 70 хувьд хүрч хуралдаанаа асуудалгүй эхлүүлжээ. Өмнө нь ирц бүрдээгүйн улмаас ҮЗХ-ны хурлыг хэд, хэдэн удаа хойшлуулсан билээ. ҮЗХ-ны хурлыг нээж тус намын дарга З.Энхболд үг хэлсэн. Тэрбээр энэ удаагийн хурлаар АН 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй оролцох мөн намын бодлого тодорхойлох асуудлуудыг хэлэлцэнэ гэсэн юм. Мөн ҮЗХ-ны хурал гишүүддээ тавдугаар сарын 9-ны хүртэл нээлттэй байх бөгөөд хэдэн ч удаа хуралдаж магадгүй. Харин тэр үед гишүүдийг бэлэн байхыг сануулж байна гэсэн. Тэрбээр мөн мөрийн хөтөлбөрөө уншиж танилцуулсан. “Шонхор”, “МоАХ” голдуу фракцын гишүүд өнгөрсөн амралтын өдрүүдээр Их тэнгэрт цуглаж,, мөрийн хөтөлбөрөө ярилцсан. Тэд 2012 оны сонгуульд дэвшүүлж байсан “2020“ хөтөлбөр дээр тулгуурлан энэ жилийн мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Гэвч ҮЗХ-ны гишүүдэд мөрийн хөтөлбөрийг урьдчилан танилцуулаагүйд зарим гишүүд шүүмжлэлтэй хандсан байна. Тухайлбал, Р.Амаржаргал гишүүн мөрийн хөтөлбөрийг оновчгүй, ойлгомжгүй байна .Эдийн хүнд хэллэг, нэр томъёотой болж. Манай ҮЗХ-ны гишүүд эдийн засгийн сургуулийнхан биш гэж шүүмжилжээ. Энэ мэтчилэн тус нам уг хурлаараа голчлон сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ярилцаад таржээ. Харин фракциудын зодоон, Х.Баттулгын гомдол зэрэг элдэв хэрүүлийг огт хөндөөгүй намдуухан байжээ. Гэхдээ Х.Баттулга гишүүнийг ҮЗХ-ны хуралдаа оролцоогүй гэх мэдээлэл байгаа юм. Хуралдаан өнөөдөр үргэлжилж намын зохион байгуулалтын зарим асуудлаа ярилцах аж. Тодруулбал, энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг солих саналыг хөдөө орон нутгаас ирсэн гишүүд гаргаж магадгүй гэх мэдээлэл байна. Түүнийг намын эв нэгдлийг хангаж сайн ажиллаж чадахгүй байгаа гэж үзсэн байна. Түүнчлэн Н.Алтанхуяг гишүүн намынхаа гишүүдэд хандан эвтэй байхыг уриалж үг хэлэхээр төвлөжээ. Ийнхүү АН-ын ҮЗХ намдуухан, аядуухан болж өнгөрсөн байна.

МАН: М.Энхболд ЕС, Н.Энхбаяр УИХ-ын дарга болно

Өчигдөр УИХ дахь сөрөг хүчин МАН мөн Бага хурлаа хуралдууллаа. Өнөөдөр МАХН Бага чуулганаа хуралдуулна. Тус хоёр намын гол зорилго бол МАН, МАХН эвсэх эсэхэд эцсийн шийдвэрийг гаргах юм. МАН-ын Бага хурал өчигдөр 14.00 цагт товлогдсон байсан ч бараг хоёр цагийн дараа 200 гишүүнтэйгээр эхэлсэн юм. Хуралдаанд МАН-ын дарга М.Энхболд, генсек Ж.Мөнхбат, бүлгийн дарга С.Бямбацогт нараас гадна УИХ-ын гишүүд хүрэлсэн ирсэн байв. Мөн Ерөнхий сайд асан С.Баяр, Шадар сайд асан У.Хүрэлсүх нар ирсэн нь олны анхаарлыг татаж байлаа. Үүнээс өмнө тус намын Удирдах зөвлөл хуралдаж МАХН-тэй нэгдэх эсэхээ дахин нягталж ярилцсан. Удирдах зөвлөл хуралдаж дуусангуут гишүүд нь хоол идчихээд шууд Бага хурлаа эхлүүлсэн юм. Бага хурлын эхэнд МАН-ын дарга М.Энхболд үг хэлсэн. Тэрбээр “Сүүлийн дөрвөн жилд эрх баригчдын алдаатай бодлогын уршгаар Ази тивд гайхагдаж байсан Монголын эдийн засгийн өсөлт тэг хувь зааж, бүс нутгийн хөгжиж буй орнуудаас хамгийн сүүлийн байрт орох боллоо. Эдийн засгийн хямрал улам гүнзгийрч , үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний хүрээ их хэмжээгээр хумигдсаар байна. Бид амалсан бол ажил хэрэг болгох мөрийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Гишүүд, дэмжигчид эдийн засаг, нийгэм улс төрийн өнөөгийн байдал, хүндрэлээс хэрхэн гарах арга зам, сонгуульд ялбал яаж ажиллах вэ зэрэг олон зүйл асуулаа. Өрийн дарамт санаа зовоож байна. ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төсөөллөөр энэ онд манай эдийн засгийн өсөлт ажиглагдахгүй нь. Монгол банк их хэмжээгээр цаасан мөнгө хэвлэлээ. 2012 оны зургадугаар сараас энэ оны энэ сар хүртэл төгрөгийн ханш 50 төгрөгөөр буурсан. Зээлжих зэрэглэл ч буурсан. 62 мянган аж, ахуй нэгж хаалгаа барьсан. Монголын эдийн засаг “граммынх” боллоо. Хаврын тариалалт эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад 18-20 мянган тонн үрийн буудай дутуу, түүнийгээ хаанаас авахаа шийдээгүй байна. Ахмадуудын 86 хувь нь 426 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байгаа. Тиймээс бид мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүлнэ” хэмээн хэлсэн юм. Түүнийг үг хэлсний дараагаар хуралдаан хаалттай горимд шилжсэн. Хаалттай хаалганы цаана нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-ын гишүүнчлэлээ сэргээж намдаа дахин элссэн юм.

Бага хуралтай зэрэгцэн МАН, МАХН-ын эвсэх ажлын хэсгийн ахлагч нар болох УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар Төрийн ордонд мэдээлэл хийв. Тэд “МАН, МАХН 2016 оны сонгуульд эх орныхоо эрх, ашгийг бодоод эвсч орох нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн. Эвсэж оролцвол МАХН тойрогт 15, намын жагсаалтаар 10 буюу нийт 25, МАН тойрогт 33, жагсаалтад 18 буюу 51 хүнийг тус, тус нэр дэвшүүлэхээр ажлын хэсгийн түвшинд тохиролцсон. Мөн УИХ-ын дарга Ерөнхий сайдыг квотоос гадуур хоёр нам ээлжлэн нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн. Эвсэл ялалт байгуулсан тохиолдолд УИХ болон Засгийн газрын бүрэлдэхүүнийг сонгуулийн бодит дүнг үндэслэж хувиарлана. Эвслийн даргаар М.Энхболд ажиллах бол Н.Энхбаяр удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах юм” гэсэн нь гэнэтийн мэдээлэл болсон юм. Гэхдээ албан ёсоор эвсэл байгуулагдвал Ерөнхий сайдаар М.Энхболд, УИХ-ын даргаар Н.Энхбаярыг томилно гэсэн мэдээлэл байгаа юм.

Тус хоёр нам орон нутгийн сонгуульд ч мөн хамтрах гэнэ. Ингэхдээ 2012 оны сонгуулиар тухайн намуудад өгсөн санал, ИТХ дахь суудлын тоог харгалзан орон нутгийн намын байгууллагууд гэрээгээр харилцан тохиролцох гэнэ. ИТХ-ын дарга болон Засаг даргын суудлыг сонгуулийн үр дүнд үндэслэж эзэнтэй болгох аж.

Гэхдээ нэг эвсэл хоёр мандаттай тойрогт нэр дэвшигчдээ хувиарлах нь хүндрэлтэй. Хэдийгээр тойргийн 15 мандатыг МАХН-д өгнө гэж буй ч МАН өөрийн гишүүдийн ялах магадлалтай тойргийг МАХН-д өгөхгүй нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, МАХН-ын нэр дэвшигчдийг нэр дэвшүүлснээр МАН-д ашиггүй байдал бий болж АН-д суудлаа алдах боломжтой тул 48 нэр дэвшигчийг хэрхэн хувиарлахаа ажлын хэсгийн дүгнэлтийг хоёр намын дарга нар албан ёсоор баталгаажуулж гарын үсэг зурсаны дараа авч хэлэлцэхээр болжээ. Харин намын жагсаалтын эрэмбийг 3:1 гэсэн дарааллаар явуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан нэр дэвшигчээ эрэмбэлэх бол дөрөв дэх хүнийг нь МАХН-аас санал болгоно гэсэн үг юм.

Бага хуралдаан эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын Бага хурлын зарим гишүүн МАХН-тай эвсэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байв. Тэрбээр “Эрх барьж байгаа. нам “хувьсгалт” гэдэг үгнээс татгалзаж, нэрээ өөрчилсөн нь том түүх шүү дээ. Ингэж өөрчлөөд байвал улс төрийн нам гэж юу болох билээ. МАХН зохиомлоор бий болсныг бүгд мэдэж байгаа. Эвсэх талаар ярьж эхэлсэн нь манай нам үүнийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно” гэж байсан юм.

Гэхдээ эцсийн шийдвэр гарах хараахан болоогүй байна. Өнөөдөр тус намын удирдлагууд дахин хуралдаж байж шийд гаргана.

Н.Энхбаяр өөрийгөө цагаатгуулахаар хөөцөлдөж эхэлжээ

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-тай нэгдэнэ хэмээн АН-ын даргыг шантаажилч өөрийгөө цагаатгах тухай хуулийн төслийг хэлэлцүүлсэн байна. МАХН 2016 оны сонгуульд МАН-тай эвсэл болж орохгүй тохиолдолд асуудлыг УИХ-аар оруулж дэмжүүлнэ хэмээн мэдэгдээд байгаа юм байна. МАХН ирэх сонгуульд МАН-тай эвсэл байгуулах шийдвэрийг гаргах юм бол Н.Энхбаярыг цагаатгах асуудал УИХ дээр орж ирлээ гэхэд АН-ын бүлэг дэмжихгүй гэж үзэж байгаа аж. Ямартай ч Н.Энхбаяр МАН-ын нэрийг барьж АН-ын шантаажилж яваа талаар эх сурвалж мэдээлж байна. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт Солонгосоос ирсэн байна.

Эх сурвалж: 24tsag.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!