in

МАХН-ыг МАН руу “гүйлгэхгүйн” тулд АН-ынхан байнгын хороогоор Н.Энхбаярыг өршөөх хуулийн төслийг нууцаар хэлэлцүүлж дэмжжээ

МАХН-ын дарга өнгөрсөн бямба гарагт Сөүлээс эх орондоо хүрэлцэн ирсэн. Түүнийг АТГ-аас шалгаж байгаа энэ өдрүүдэд бараг зугтах нь холгүй явсан Н.Энхбаярыг ийнхүү зоригтой ирсэн явдлыг улс төрийн хүрээнийхэн “тэр ямар нэг шалтгаантай л ирлээ” хэмээн тайлбарлаж байв. Тэгвэл Н.Энхбаяр бол үнэхээр “аюултай” улс төрч юм байна. Засгийн эрхийг намаараа дамжуулж бараг дөрвөн жил атгалаа. Аргагүй байдалд орсон АН-ын тэр баруун, солгойгүй шантаажилж асуудлыг өөрийнхөө талд шийдлүүлсээр ирсэн. Тийм ч учраас МАХН-ны бараг бүх гишүүд сайд, даргын албыг хашлаа. Өнгөрсөн нэгдүгээр сард Н.Энхбаяр өөрийгөө Шадар сайдад “сойж” чамгүй тохироо хийсэн ч харамсалтай нь гарман дээрээ Ч.Сайханбилэг тэргүүтэй АН-ынханд муриулсан. Тэгвэл тэрбээр энэ удаа Шадар сайдаас ч илүү чухал зүйлийг хийхээр төлөвлөж эх орондоо газардсан бололтой.

Учир юу вэ гэвэл тэрбээр улс төрийн тавцанд гарч ирэхээр дахин нэг шинэ дайралт хийхээр болсон байна. Өчигдөр улс төрийн томоохон намууд шийдвэрлэх хурлуудаа хийсэн. МАН-ын УЗ болон бага хурал өчигдөр хуралдаж МАХН-тай эвсэж сонгуульд орохыг дэмжлээ. Одоогийн байдлаар ажлын хэсгээс дээр хоёр намын эвсэж сонгуульд оролцох асуудлыг дэмжсэн байгаа. Ойрын өдрүүдэд удирдах зөвлөлүүдээрээ асуудлыг шийдвэрлэнэ. Бүр тодруулбал өнөө маргаашийн дотор хоёр нам эвсэх эсэх асуудлаа шийдвэрлэх учиртай. Учир нь дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс урьтаж нам, эвслийн бүлгүүд Улсын Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байх хуультай юм.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн нэгэн сонирхолтой мэдээлэл ил болсон нь Хууль зүйн байнгын хороогоор орсон “нууц” хуулийн төсөл байв. “Нууц” гэгдээд буй уг хуулийн төслийг МАХН-аас өргөн барьсан бөгөөд автор нь Шадар Сайд Ц.Оюунбаатар юм. Хуулийн төслөө “Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах тухай тогтоолын төсөл” хэмээн нэрийджээ. Уг урт нэртэй “сайхан” хуулийн төслийн туйлын бөгөөд эцсийн зорилго нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялтайд тооцох заалтыг хүчингүй болгож өршөөх асуудал юм. Хамгийн хачирхалтай нь тухайн өдрийн хууль зүйн байнгын хорооны хурлаар уг хэлэлцэж шийдвэрлэх хуулийн төслүүд дунд уг хуулийн төслийн нэр бичигдээгүй байсан. Өөрөөр хэлбэл Хуул зүйн байнгын хорооны хурлаар шуурхай оруулж ирж хэлэлцүүлсэн хэрэг. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар уг хуулийн төслийг хамгийн ихээр дэмжиж үг хэлж байсан гишүүд нь АН-ын гишүүд бөгөөд Х.Тэмүүжин болон Р.Гончигдорж гишүүд гэнэ.

Ийнхүү МАН-тай эвсэж сонгуульд орох нэрийдлээр МАХН-ын дарга Н.Энхбаяр АН-ынханыг “бойкотлож” байгаа аж. Хэрэв эвсэл болгож оруулахгүй гэж шийдвэрлэвэл АН-ынхан Н.Энхбаярыг ялгүйд тооцсон хуулийн төслийг хоёр гараа битгий хэл хөлөө ч гэсэн зэрэг өргөөд дэмжих ёстой болж таарлаа. Мэдээж МАН, МАХН сонгуульд эвсэл болж орвол АН ялагдах нь тодорхой. Тэд багахан хэмжээний суудал авч сөрөг хүчин болох уу, Н.Энхбаярт бага зэргийн дэмжлэг үзүүлээд өөрсдөдөө тоглолтоо үргэлжлүүлэх боломжоо үлдээх үү гэсэн ацан шалаанд ороод байна. МАХН, МАН-ын нэгдлээс айх ёстой нам нь одоо эрх барьж байгаа Ардчилсан нам болж байна. 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам УИХ-д хамгийн олон суудал авсан нь тэдний өөрсдийнх нь бий болгосон амжилт биш гэдгийг бүгд л гадарлаж байгаа. Хэрвээ МАН, МАХН салаагүй байсан бол, “Шударга ёс” эвслийн авсан 20 хувийн саналыг талаар нь хуваагаад МАН-ын авсан 29 хувь дээр нэмэхэд өнөөдөр АН биш МАН олуулаа байх байсан. Тиймээс хоёр намын нэгдлээс хамгийн их айж байгаа нь АН.

Гэхдээ ямар шалтгаанаараа уг хуулийн төслийг тас нууцлав. Яагаад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар өнгөрсөн лхагва гарагт хэлэлцэх асуудлуудын дараалалд уг хуулийн төслийн нэрийг бичсэнгүй вэ. Магадгүй нэлээд асуудал бас сонирхол дагуулах уг хуулийн төслийг эрт “гэрэл цохиулах”-аас санаачлагчид зайлс хийсэн биз. Байнгын хороогоор дэмжигдсэн учир энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх байх. Өнөөдөр МАХН хуралдаж эвсэл болох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Хоёр нам ерөнхийдөө зарчмын гол асуудлууд дээрээ тохиролцсон. Харин өнөөдөр уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь сонирхол татаж байна. Тэдний эвсэх асуудалд АН-аас саад хийж, үргэлжийн мөнхөд “дайсан” мэтээр үзэж ирсэн Н.Энхбаяртаа эрх чөлөөг нь олгох уу. Ер нь л Н.Энхбаяр АН-ыг мад тавьчихлаа.

Эх сурвалж: Zaluu.com

АН: Генсекээ солино, МАН: М.Энхболд ЕС, Н.Энхбаяр УИХ-ын дарга болно

Трансжендер Б.Солонго, дуучин Нара, модель С.Төгс нар онгоцны үйлчлэгч болов уу