Атаархам биетэй болох 7 нууц

Шийдвэр гаргана гэдэг л хамгийн чухал алхам. Харин бид таныг дэмжье! Доорх гайхалтай энгийн долоон зөвлөгөө “турах” гэсэн хүндхэн аян замд тулгарах бүхий л асуудлыг даван туулж, замаасаа шантралгүй зорилгодоо хүрэхэд тань туслах болно.

1. “Яарвал даарна” гэдгийг мартаж болохгүй

01

Боломжоо бодитой үнэл гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Жишээ нь: Спортоор хичээллэж байгаад больсон хүмүүс жаахан хурдтай алхсаныхаа дараа амьсгаадаж байгаагаа ихэд гайхдаг. Тэгээд шууд сэтгэл санаагаар унах нь бий. Хэрэв та сүүлийн хэдэн жил фитнес, биеийн тамирын дасгалаас хол байсан бол өөртөө өндөр шаардлага тавих хэрэггүй. Долоо хоногт хоёр удаа 20 минут алхах буюу хөнгөн йогын дасгалаас эхлэх нь зүйтэй. Чадна гээд шууд хүнд ачаалалтай хичээллэж эхэлбэл стрессдэхийн л нэмэр. Дасгал хийх хугацаа, ачаалал, төрөл зүйлийг бага багаар өөрчилж, биеэ дасгаж байж ачааллаа нэмэх хэрэгтэй. Аэробик, гүйлт гэх мэт дасгалын дараа амьсгаа хурдассан ч ярих чадвартай байх ёстой. Фитнес дасгалын ачаалал тааламжтай санагдаж байж л та зорилгоосоо ухралгүй хичээллэж чадна шүү дээ.

2. “Цаг гарга” Цаг зав алга…

02

Бидний хэлдэг хамгийн том шалтаг бол энэ. Гэхдээ хүсвэл ганц цаг гаргах шиг хялбар юм үгүй. Саяхны нэгэн судалгааны тайлангаас үзэхэд эмэгтэйчүүд долоо хоногт дунджаар 28 цагийг ном сэтгүүл унших, интернет ухах зэрэг “ажил”-д зарцуулдаг байх юм (дасгалд зориулахад дэндүү хангалттай цаг байгаа биз?). Ажлын бус цагаар юу хийдгээ гурван өдрийн турш нэг тэмдэглээд үзээрэй. Тэгээд хэзээ дасгал хийж болохыг бод. Зурагтны өмнө зүгээр хэвтэж байснаас сунгалтын дасгал хийж яагаад болохгүй гэж.

3. “Дасгалын дараа өлсөнө” гэдэгт бэлэн бай.

03

Тогтмол биеийн тамираар хичээллэснээр хүний бие организмын метаболизм (бодисын солилцоо) сайжирч, хоолны дуршил нэмэгддэг. Дасгалын дараа тааралдсан юмаа идэх хүсэлд автаж, хөлсөө дуслуулан байж шатаасан калорио эргэж нөхөх юу нь сайхан байхав. Ингэхгүйн тулд дасгалын дараах нэг цагт аль болох хөнгөхөн хоол идээрэй. Эсвэл дасгалын өмнө тослог багатай сүү, йогурт ид. Учир нь эдгээр уураг, нүүрс усаар баялаг хүнс дасгалын ачааллыг даах эрч хүч буюу булчингийн түлш болж, дасгалын дараа өлсөж үхэх гэж байгаа мэт хоол уруу дайрах хүслийг дарж өндөг. Хэрэв та өлссөн хэвээр байгаа бол нэмж идэхийн өмнө 10-15 минут хүлээгээд үз. Гэдэс хэдийн цадсан ч сэтгэл л цадаагүй шүү дээ.

4. “Замаасаа буцах, зорилгоосоо ухрах бодолд” бууж өгч, дасгалаа зогсоож болохгүй.

04

Анх удаа фитнесээр хичээллэх хүмүүсийн тал хувь нь эхний сардаа шантарч, дасгалаа хаядаг гэсэн статистик бий. Тийм учраас ганц хүн гэлтгүй дэмжлэг маш чухал байдаг. Фитнес төвд хичээллэж эхэлсэн бол найз нөхөд, хамт ажиллагсадтайгаа цуггаа явахыг хичээ. Тэднийг “хамтдаа явья” гэж уриал. Хамт хичээллэж, бие биенээ дэмждэг хүрээлэл бий болго. Хэрэв үнэхээр турахыг хүсч байгаа бол гүйлтийн марафон ч юм уу ямар нэг тэмцээн уралдаанд бүртгүүл. Жижигхэн ч гэсэн тэмцээн хүнд маш том хөшүүрэг болдог юм.

5. “Амарч бай”. Бэлтгэлээ тасалчихсан уу? Санаа зовох хэрэггүй.

05

Брауны Их сургуулийн судалгаанаас үзвэл 14 долоон хоногийн фитнес хөтөлбөрт хамрагдаж, заримдаа бэлтгэлээ тасалсан хүмүүс өдөр алгасалгүй дасгалаа хийж байсан хүмүүстэй адилхан таван кг-аар турсан үр дүн гарсан байдаг. Нэг хоёр удаа тасалсан ч эргээд дасгалаа үргэлжлүүлэх нь чухал гэдгийг баталсан наад захын жишээ гэвэл энэ байна. Турна гэдэг хүсч байгаа шиг тийм хурдан, амар ажил биш. Нэлээд цаг хугацаа хэрэгтэй. Тиймээс турах гэсэн уртаас урт аян замд бэлтгэл дасгал хийх өдрийн тооноос илүү дасгал хийх дадал зуршил чухал байдаг. Өнөөдөр фитнес, эрүүл мэндийн чиглэлийн сайтууд олширсон. Өөрт таалагдсан сайтаас өдөр бүр шинэ мэдээ бүхий захидал авч байхаар бүртгүүл. Энэ нь шантралгүй дасгалаа үргэлжлүүлэхэд их дэмтэй болно.

6. “Хэтрүүлчихэв үү? Тэгвэл босоод хөдөл!”

06

Болзоон дээрээ аяга дүүрэн мөхөөлдөс амтархан идчихсэн үү? Харамссандаа бүхнийг хаяхыг шийдээгүй л бол турах минь өнгөрлөө гэж бодохын хэрэггүй. Илчлэг ихтэй хоол идсэнээс хойш гурван цагийн дараа 45 минут идэвхитэй дугуй жийсэн тарган хүн өлөн дээрээ дасгал хийсэн хүнээс илүү их калори шатаадаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Хэдийгээр дасгалын өмнө жигнэмэг идэх нь турах хүсэлд тус болохгүй ч хоолны дэглэмээ зөрчлөө гээд бүх юм өнгөрлөө гэсэн үг биш гэдгийг дээрх судалгааны үр дүн харуулж байна. Тэгэхээр баяр тэмдэглэж хоолоо хэтрүүллээ гээд сэтгэлээр унах хэрэггүй. Харин дараа нь бүжиглэ! Ширээнээс холдоод найзуудтайгаа бүжиглэж, цагийг сайхан өнгөрөө. Бас л хөдөлгөөн шүү дээ.

7. “Гүйлтийн машинаа том өрөөндөө тавь”

07

Таалагдахгүй л байвал хүн ямар ч юмыг хаядаг замтай. Дасгал таалагдаж, урамтай гоё байвал хэн ч гэсэн гимнастик хийдэг. Тиймээс өөрт таалагдах фитнесын төрлийг олтлоо бэлтгэл дасгалаа үргэлжлүүл. Дуртай хөгжмөө тавихад хүртэл өөр болоод ирдэг шүү дээ. Гэрийнхээ аль нэг харанхуй, уйтгартай орчинд дасгалаа хийх хэрэггүй. Ихэнх хүн гүйлтийн машинаа коридор эсвэл унтлагын өрөөний мухарт тавьчихдаг. Энэ бол маш том алдаа. Миний хэд хэдэн танил яг ингэж тавьсан байдаг. Тэд гүйлтийн машин дээрээ гүйдэггүй. Зүгээр л хувцасны өлгүүр болгодог.

Харин гэрэл гэгээтэй, хөгжим, зурагтад ойр, өөрт илүү тааламжтай орчинд спортын хэрэгслээ тавьбал зориулалтаар нь ашиглах магадлал илүү. Тиймээс бага зэрэг илүү мөнгө нэмээд функц сайтайгаас гадна үзэмж сайтай спортын хэрэгсэл худалдаж ав. Аэробикийн дискнүүдээ хадгалах ганган сагс, өнгө өнгийн гантель сонгож ав. Харанхуй өрөөндөө хадгалж байснаас илүү хэдэн төгрөг төлөөд сайн (бас гоё) гүйлтийн машин ав. Тэгээд том өрөөндөө тавьчих. Зочид чинь хараг. Таныг гүйдэг гэдгийг мэдэж, атаархаг л даа.

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close