Дизайнер Н.Соёлмаа: Э.Одгэрэл бол топ модель биш, топ биеэ үнэлэгч

Амьдралынхаа талаас илүү хугацааг Монголын загварын ертөнцөд зориулж яваа дизайнер Н.Соёлмаагийн мэргэжлийн өндөр ур чадвар нарийн мэдрэмж этгээд араншин, сэтгэлийн содон ертөнц салбартаа хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн.

Загварын тайзны ёс зүй, мэргэжлийн стандартыг энэ хатагтай үүх түүхтэй нь бүтээлцсэний хувьд “команд” түүний дор хэзээ ямагт хүндэтгэлтэй мэхийдэг. Гадаад ертөнцөд хэдэн сая доллараар үнэлэгдэх үндэсний хувцасны гайхамшигт цуглуулгыг урласан. Түүний загваруудаар өдгөө дэлхийг “Гоёо” -гийн ноолуур, “3иг Заг” бүрээс амилж буй. Хаа ч өөрийнхөөрөө, түс тас, дайчин энэ хатагтай уpaн зураг, сэтгэл судлалын салбарт сорихоор хөл тавиад удаагүй банна. Хэн нэгэнд тал засахыг, бусдыг аялдан Дагалдахыг огтоос ч мэддэггүй, хэтэрхий ч байж мэдэх дур зоргоороо энэ хатагтайн “бага”-гүй яриаг толилуулахад таатай байна.

-Амьдран буй цаг үе маань санхүүгийн хямралд дарангуйлагдаж байна. Хатагтай Н.Соёлмаагийн амьдрал, ажил үйлст энэ нь хэр тусч байна даа? 
-Дэлхий даяараа хямрал, бөөн юм болцгоогоод л байх шиг байна. Яахав, миний амьдрал бол дажгүй. Хамгийн гол нь би хоёр, гурван байгууллагад зэрэг ажил хийж, тогтмол цалин аваад явдаг. Тэгээд машиндаа бензин тосоо хийгээд өмсдөг хувцсаа өмсөж, иддэг хоолоо идээд жирийн дундаж амьдралаар явж байна. Ресторанд ороод хоол идсэн ч үнэ нь дэлхийн өндөр өртөгтэй Англи, Америктай адил шахуу. Аяга кофе ууя гэхээр Starbucks-ийн үнэнээс ч илүү үнэтэй мөртлөө аяга нь хамаагүй жижигхэн. Барилга байшингийн үнэ, түрээс нь Японтой адил ч байх шиг. Энэ одоо юу гэсэн үг вэ? Тэр гадныхан чинь хэдэн мянган жил хөгжөөд ирсэн хөрөнгөтөн орнууд. Бид тэр хөгжлийнх нь замд ороод арван хэдэн жил л болж байгаа улсууд биз дээ. Хэдэн үе дамжсан хур хөрөнгө хэнд байгаа юм бэ? Одоо л дөнгөж үр хүүхэддээ өгөхийгөө хуримтлуулж байгаа юм биш үү. Яасан айхтар үнэ вэ? Тэр их мөнгө, хаана хэнд байгаа юм бэ? Энэ хэт хөөрөгдсөн үнийг хямрал харин зохицуулж өгөх юм шиг байна гэж би хувьдаа баярлаж байгаа. Энэ хямрал Монголчуудад “Хэрээ галууг дурайвал хөлөө хөлдөөдөг”-ийг мэдрүүлж өглөө.

-“Зиг Заг”-ийн дизайнер болж, рекламанд нь хүртэл өөрөө оролцож байгааг тань харахад тэд таньд хангалттай мөнгө амлажээ дээ?
Мөнгөний хувьд тогтмол хангалттай цалин авдаг. Хэд байх нь гол биш. Хамгийн гол нь Соёлмаа тэнд зөвхөн машины бүрээс хийгээд гүйгээд байхдаа биш юмаа. Өнөөдөр Монголд ажлын хувцас хийдэг үйлдвэр алга. Барилга, үйлчилгээний газрууд мөн гадаа ажилладаг болон ресторан баарныхан, банк санхүүгийнхэний өмсдөг ажлын хувцас хаана байна? Өмсдөг хувцас нь тэр байгууллага компаний имидж нүүр царай болж явдаг. Үүндээ ч байгууллагууд их анхаардаг болсон байна. Тийм учраас бид энэ жилээс сайн чанарын материалаар өнгө загвар сайтай ажлын хувцас хийнэ. “Show room” нээж бүх төрлийн ажлын хувцасны үзэсгэлэн гаргана.

-Та бол загварынхаа хажуугаар барилга барьж, ном бичиж юм юманд гар дүрж, өөрийн гэсэн бизнесийн зам мөрийг туулсан шаггүй бизнес хатагтай. 12 жилийн өмнөх шоундаа 2 япон машин хонжворт өгч байснаа бодвол одоо бол хур туршлага суугаа байх? 
-Суусаан. Би янз янзын юм оролддог л доо. Үүнийг маань манай найзууд “Чи одоо нэг юм хийгээд хаяад л нөгөөг хийгээд л” гэж зэмлэдэг. Би бодохдоо хүн хүсч байвал янз бүрийн юм хийж үзсэн нь дээр гэж үздэг. Би өөрийнхөө мөнгөөр хийе гээд хийгээд алдвал тэр л биз, алдахгүй бол болно л биз. Энэ бол миний амьдрал, миний сонирхол. Би алдахаас огт айдаггүй, рискэнд дуртай. Айдаггүй айдаггүй гэж явахдаа бүүр траншейнд ортлоо унана гэж байхгүй. Хаана нь зогсох вэ гэдгээ бас нэг мэдэхтэйгээ. Ямар ч байсан цагийг зүгээр өнгөрөөгөөгүй. “Би болдизайнер хүн. Тийм учраас ганцхан дизайнаа л хийнэ, өөр юу ч хийхгүй” гэсэн үзэл бодол надад байдаггүй. Би нэгэнт л хүн болж төрөөд зах зээлийн нийгэмд амьдарч байна. Миний яг идэр насанд энэ нийгэм таарлаа. Ер нь нэг үзээд алдахад яадгийн гэсэн сониуч зан бас байна. Бүгдийг үзээд, алдаад оноод байгаа маань надад таалагдаж байгаа. Мэдээж миний үр хүүхдэд үлдэх үл хөдлөх хөрөнгө ч юм уу янз бүрийн юмнууд бол байгаа. Би түүнийгээ хийчихсэн. Тэр бол хөдөлшгүй.

-Барилга барьж үзсэн хүний хувьд хувийн хауст амьдарч байгаа байх гэж бодож байна? 
-Би тийм үрэлгэн занд үнэхээр дургүй. Гэхдээ нарийн харамч хүн биш. Зарим хүмүүс хэрээсээ хэтэрсэн юм хийгээд байна аа. Надад тийм болсон болоогүй хэрэглээнүүд таалагддаггүй. Би байгалийн хуулийг шүтдэг бас хүндэлдэг. Энэ хуулиар л явахыг чармайдаг. Байнга анхааралтай ажигладаг. Чамд яг өөрт чинь хэрэгтэй байгаа юмыг л чи ав, бусад нь чамд хэрэггүй. Хэрвээ илүүг олоод тэр нь хэтэрвэл чамд эргээд гай болно. Тийм учраас би яг өөртөө таарсныг лхэрэглэдэг. Хоолонд, хувцас гутал, машин тэрэг гээд яг өөрийнхөө хэмжээг мэддэг. Үүнийгээ л хэрэглэнэ, илүүг хэрэглэх шаардлага ч надад байхгүй. Гэхдээ би дутуу гацуу, царай алдсан маягтай яваад байж бас болохгүй. Би одоо хэд хүрчихээд байгаа билээ, цаана нь хэдэн жил үлдээд байгаа билээ? Хүний амьдрал богинохон, тийм биз дээ? Үлдсэн амьдралаа сэтгэл хангалуун өнгөрөөхийг хүсч байна.

-Оны өмнөхөн та Америкт загварын шоугаа сүр дуулиантай толилуулаад ирсэн. Олз омог, сонин содноор ганзага дүүрэн ирсэн байх? 
-Тийм Америкийн Санфранциско хотод 10 гаруй жил амьдарч буй Батжаргал, эхнэр Хэрлэнгийн хамт “Раsific marketing company”-ныхаа шугамаар биднийг урьсан юм. Би Монголоос 3 загвар өмсөгч авч явахаар төлөвлөсөн боловч ганцхан Пүрэвсүрэнтэй явсан. Азаар тэнд урьд нь миний загварыг өмсч байсан охид байдаг юм билээ. Яахав Монголоос очиж байгаагаараа сонин болохоос Америкт сайхан бие хаа, царай зүстэй охид зөндөө байна.Чикагод эхлээд шоугаа сэтгэл хангалуун хийгээд, “Гоёо”-гийн хувцаснаасаа худалдаа хийсэн. Тэнд өвөлдөө их хүйтэн. Би бүр Монголд даараагүйгээрээ даарсан шүү. Вашингтон DC, Санфранцискод ч сайхан тоглолт болсон.

-Америк дахь монголчуудын амьдрал нутаг усаа санасан улс таньд юу бодогдуулж байв? 
-10 гаруй жил болчихсон, ихэвчлэн гэр бүлээрээ амьдардаг юм байна. 2000 онд би Нью Иоркт ажлаар очихдоо буудалд байж байгаад ирсэн болохоор монголчуудын амьдралтай сайн танилцаж амжаагүй юм. Тэд маш аятайхан амьдарч байна. Зовоод, шаналаад дутуу гацуу юм амьдралд нь огт алга. Бүгд сайн сайхан байр байшинд, машин тэрэгтэй, хоол унд хувцас гутал нь элбэг дэлбэг. Дор дороо ажил албатай. Ажил олгогч нар нь ч ам сайтай, үнэлж чаддаг юм байна лээ. Монгол хүний ажилдаа үнэнч, зөв хандлага, сэтгэл зүтгэлийг нь Америкчууд олж хардаг нь надад анзаарагдсан. Хүүхдүүд нь цэвэр англиар ярьж байна. Монголоор харин их муу ярих юм. Энэ нь надад харин таатай санагдаагүй. Шоуны дараа монголчуудтай уулзаж, Монгол чинь ийм ийм байна, нөгөө муу Улаанбаатар чинь навсайсан утаандаа баригдсан хэвэндээ байгаа гээд сайн муу аль алиныг нь ярилаа, би. “Ирээдүйд Монголыг олигтой өедтэй амьдрахад хувь нэмэр оруулах хүмүүс та нарын үр хүүхэд юмаа. Тийм учраас монгол хэлийг нь битгий мартуул. Та нар хэзээ нэгэн цагт Монголдоо очно. Энийг анхаарч байгаарай” гэж хэлсэн. Тэд ч их дуртай, баярлаж байсан. Бас нэг юм анзаарагдсан нь Монгол эрчүүд хүний нутагт гэр бүл үр хүүхэдтэйгээ амьдрахаар ёстой хий зай гаргадаггүй чигжүү ухаантай айхтар сүрхий болдог юм байна лээ. Жинхэнэ гэрийн эзэн өрхийн тэргүүн байж амьдралаа зөв залж байна. Вашингтонд монгол таунд high school-д нь 60 монгол хүүхэд сурдаг. Тэр монгол хүүхдүүд сургуулиа түүхэндээ байгаагүйгээр, Америкт толгой цохидог амжилтанд хүргэсэн гэсэн. Бүх монгол хүүхдүүд онц сурдаг, багш нар нь ангидаа ганц ч гэсэн монгол хүүхэд авъя гэж булаацалддаг гэж ярьж байна лээ. Ямар ч байсан бусдаас ялгарах жаахан ч гэсэн юм монголчуудад байдаг л юм байна гэж ойлгосон.

-Та одоо тайвширчихсан байна. Америк явахаа болилоо гэснээс нь болж Одгэрэлтэй халуухан тулж, сүйдлэсэн гэсэн. Мөнхийн залуу нас, Одгэрэлгүй шоу бол шоу биш, тачаадам бүсгүйчүүдийг магнайлдаг гээд багадахааргүй олон цол гуншин дагалддаг ч тэр таны өөдөөс бол тийм ч амар үгүй гэдэггүй байх? 
-Үгүй яахав ээ. Тэр хүн үгүй гэж болно. Өөрийнх нь эрх. Тийм биз дээ. Гэхдээ миний хамгийн дургүй хүргэсэн юм юу гээч?

-Юу?
-Мань хүн “За тэгье, явъя. Соёлоо эгч ээ би ёстой таньтай хамт явмаар байна” наана цаана гэж хэлж хэлчихээд хамгийн сүүлийн моментод явахгүй гэж байгаа нь юу гэж байгаа юм бэ?

-Гэхдээ уучлалт гуйсан байлгүй дээ. Хүний амьдралд юу ч тохиолдсон байж болно шүү дээ? 
-Тэрний уучлалтаар би яах юм бэ? Утсаар л ярьсан. Залгаад байхад утсаа авахгүй байж байж байснаа тэгж байгаа байхгүй юу. Монголоор дүүрэн загвар өмсөгчид байна. Би өөр хүнд виз гаргуулаад аваад явж болох байсан. Одгэрэл би заавал явна гэж урдуур нь орчихоод хүний ажлыг алж байдаг хэн юм бэ? Тэнд бүх ажил төлөвлөсөн ёсоор, хөрөнгө мөнгө зарлагадаж бэлтгэгдсэн байсан. Үнэгүй юм нэг ч байхгүй. Микрофон, залгуур нь хүртэл үнэтэй. Тэр бүхнийг тэнд ажиллаж байгаа монголчууд хийж байгаа. Илүүдээ гарсан мөнгөтэй улс уу тэд? Ажлын хариуцлага гэдэг юмыг энэ яваа насандаа мэдрээгүй, энэ хүнээс болж тэнд олон хүн хохирч болохгүй. Би ч гэсэн худлаа ярьсан юм шиг, очоод улаан нүүрээрээ тулж байгаа юм. Эцсийн эцэст би худлаа яриад хүн амьтан бужигнуулчихсан юм шиг болж байгаа байхгүй юу.

-Тэндэхийнхэн нөгөө цуутай хүүхнийг чинь харах гээд…? 
-Арзеткан хамартай асрагч байхад нь Халдвартын больницоос Түвшин бид хоёр олж ирж загварын ертөнцөд хөтөлж оруулсан юм. Түүнээс хойш 20, 30 жил өнгөрөхөд Э.Одгэрэл нэг ч удаа улсад ажил хийж үзээгүй. Тийм учраас мань хүн ажлын болоод хувь хүний хариуцлага гэж юмыг огт мэддэггүй. Би Э.Одгэрэлийг олон орноор дагуулж явж байсан. Хэзээ ч би загвар өмсөгчдөөр өөрсдөөр нь хоол, буудал, унаа малын мөнгө гаргуулж үзээгүй. Тэд барьж очсон мөнгөөрөө хувцас гоёлоо л авдаг байсан. Жишээ нь: Германд очиход л яс цаг барьдаг газарт өглөө бүгд машиндаа суусан байхад ганцхан Э.Одгэрэл л гараагүй байж байдаг. Яачив гээд ороход орноосоо босоогүй, унтаж байдаг бол яах уу? Ерөөсөө л ийм хүн. Хэзээ ч цагаа барьдаггүй. Өглөө 10 цагт гэсэн бол мань хүн 13 цагт, 13 цагт гэсэн бол орой 17 цагт ирнэ. Угаасаа тийм. Бусдыг хүндэлдэггүй. Идэвхгүй сулдаа биш. Өөрийгөө үнэд оруулах гээд байгаа юм уу, хаашаа юм. Би загварын ертөнцөд 20, 30 жил ажиллалаа. Би дизайнер хүн. Загвар өмсөгч хүний мэргэжил богинохон хугацаатай байдаг. Сакура ч бил үү, түүн шиг л настай.

-Монголын хэдэн загвар өмсөгчдийг шинэ хуучингүй гарын 10 хуруу шиг нэвт шувт мэдэх хүн нь та. Энэ ажилд “зодог тайлах” ойлголт огт байдаггүйд та юу хэлэхсэн бол? 
-18 настай охин загварын ертөнцөд хөл тавилаа гэж бодьё. Монголын загварын ертөнц жижигхэн боловч хирдээ таарсан өнгө аястай. Аятайхан бие хаа, царай зүстэй гэсэн бүх охид л тийшээ зүтгэдэг. Тайзыг загварт подьюм гэдэг. Тайз бол жүжигчдийнх, урлагийн хүмүүсийнх. Гэрэл чийдэн туссан подюм дээр өсч өндийж яваа цэцэг цэврүү шиг охин өөрийг нь ширтсэн олон хүний өмнө алхахад бүх эрчүүд нь шүтэн биширч, бүх охидууд нь атаархан хорсож харна. Янз бүрийн гоё сонин содон хувцас өмсөөд хөгжмийн аянд өөрийгөө гайхуулж байгаа охины зүрх догдлоод өвдөг нь чичрэх мэдрэмжийг нэг удаа мэдрэхэд л хангалттай. Харамсалтай нь тэр нь богинохон хугацаа. 5, 6 жилийн дараа энэ. үе дуусна. За үсрээд л 10 жил гэж бодьё. 28 настай подьюм дээр гарч ирэхэд хегширсөн байдаг. Би санаа сэтгэлийн хувьд хэлээгүй байна. За тэгээд бүх зүйл эсрэгээр эргэдэг. 10 жилийн дараа эрчүүд нь “Энэ бүр ямбийчиж, явчиж дээ хөөрхий амьтан” гэж шоолдог юм. Хүүхнүүд нь “Больж, хөгширчихөж, арьс нь үрчийчихэж, өвдөгнийх нь арьс унжсан, харвин гэдэс суучиж” гэж бах нь ханадаг. Харц нь хүртэл шал өөр болсон байдаг байхгүй юу. Яг харахад бол 18-тай охины хажууд 28-тай хүүхэн ялгагдана биз дээ эрх биш. Нөгөө догдлол амталж байсан хүн нэг нартай өдөр бүгд тэгж харахаар ямар байх вэ?

Сэтгэл зүйн аягүй хэцүү цохилтонд ордог. Тэгэнгүүт “Үгүй. Би болоогүй. Харуулна. Хөгшрөхгүй” гээд л зүтгэдэг. Тэгээд л нөгөө янз бүрийн операци, айхтар өлсгөлөн элдэв юм бүгдийг хэрэглээд эхэлнэ. Би бол тэднийг ойлгож өрөвддөг. Гэхдээ тэд явах л ёстой. Энэбол хууль. “Красива уйти” гэж ярьдаг ш дээ. Манайхан бол явахгүй. Тас зууралдаастай. Үзэгчид бүүр шоолоод, инээлдээд муу хэлээд байхад л “Би гандан буурахгүй хүн шүү” гэж өөрийгөө хэлүүлэх гээд л алхаад байна. Э.Одгэрэлээс авахуулаад өчнөөн тийм хүмүүс байна. Би өөрсдөд нь хэлдэг л дээ. “Энэ бол та нарын насны хоол биш шүү. Өөр мэргэжил боловсрол эзэмш” гэдэг. Яахав загварт хэдэн жил явсных нүүр амаа зөв будмаар болно, үс гэзгээ зөв угаамаар болчихно, хувцсаа зөв сонгочихно, залуу насныхаа сайхан зураг хөрөг үлдлээ, тэгээд болно. Дараа нь гэр бүл үр хүүхэд ажил гээд явах ёстой. Ухаантай охид бол бий. Одоо Уянгалянхуагаас эхлээд сайн хүнтэй суугаад үр хүүхэд гаргаад сайхан амьдарч, эр хүний чимэг болж явна. Тэгэхгүй тэгээд л үсээ будсан хижээл эрчүүдийн өмнө хойно орж гүйсээр байгаад хамаг залуу нас нь өнгөрч байна. Тэгж болохгүй. Ухаантай байх хэрэгтэй. Би үүнийг бүх загварын охидод хандаж хэлж байна. Ухаантай бай. Хувийн амьдралаа бод, зохио. Эр хүний хань ижил болж зөв яв. Тэгэхгүй баян хүнтэй, баян хүний хүүтэй суулаа гэхэд чинь өөрийн хөрөнгө, хувийн боловсрол байхгүй бол хэзээд хүний атганд л байна. Биеэ дааж явахыг хүсэхгүй, хүний хүчээр, хүний мөнгөөр амьдрахыг хүсээд байдаг. Эцсийн эцэст өөрсдөө л зовно.

-Та Э.Одгэрэлийг топ модель биш, топ янхан гэчихсэн юм уу? 
-Би тэгж хэлсэн.

-Уйлсан байх даа? Жигтэйхэн энхрий, эрх танхи хүн биз дээ?
-Уйлаа л биз.

-Эрс тэс уур амьсгалтай, хүнд хоол хүнстэй манайд гоо сайхнаа хадгалж, түүндээ мөнгө цацаж, тэвчээр гаргаж, гайхуулж, хөдөлмөрлөж чадаж байгааг нь хүлээн зөвшөөрөх ёстой шүү дээ? 
-Үгүй, тэгээд өөрийнхөө төлөө л хөдөлмөрлөж байгаа биз дээ.

-Тань шиг эмоцитой эмэгтэйд улс төрийн амьдрал цухалдмаар төвөгтэй харагддаг байх. 7-р сарын 1-ний үйл явдлыг зурагтаараа хараад сууж байв уу?
-Монголын улс төрөө? Монголын улс төр надад нэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйтэй адилхан санагддаг юм. Нөгөө олон хүүхэд нь ёстой нэг дуртайдаа хүн болсон нэг тийм зүдрүүхэн амьдралтай айл байдаг ш дээ. 7 сарын 1-ний үйл явдлын тухайд би тийм зодоон цохион хүн бужигнасан газар явах дургүй л дээ. Би чинь аминдаа их хайртай хүн. Тийм юмыг, телевизээр харна л даа. Эрчүүд нь буу шийдэм, цагдаа магдаа болоод байхад эмэгтэйчүүд охидууд тэнд одоо юу хийж явна аа. Иргэний хөдөлгөөний хийж байгаа зүйл нь нэг харахад зөв, нөгөө талаар буруу байх юм. Энэ ард түмэн чинь бухимдаж, өлсөж цангаж суусаар байгаад 7 сарын 1-нд л тэсэрсэн болохоос ганцхан сонгуулиас болсон юм биш. Улс төрчид ч гэсэн муу муухай юм үзэж, өчнөөн олон хүний амь хөнөөлгөж, байшин саваа шатаалгаж байж л санаа нь амрах ёстой юм байна л даа.

-Та яагаад мэргэжлийн зөвлөгөө, шүүм-ийг ил гаргахаа больчихов оо? Төрийн өндөрлөгүүд, тэдний гэргийн хувцаслалт имиджийг та ямраар хардаг вэ? 
-Сэтгүүлчид надаас энэ жил ямар загвар моод болж байна гээд л дэмий юм их асуудаг. Бид нар хэзээ ч а,б-гүй дэлхийн загварын чиг хандлагыг дагаж чадахгүй. Монголчуудын “Хувцсаар нь угтаж ухаанаар нь үднэ” гэдэг үг өнөөдөр хоцрогдсон шүү. Хүм үүс бүгд завгүй байна. Олон дээд сургууль төгссөн боловсролтой, өчнөөн хэлтэй хүнийг мэдэхийн тулд олон цаг навсгар хувцастай хүнтэй ярилцаж сууж чадахгүй шүү дээ. Хувцсыг нь хараад л 1 минут байхад л болоо гэж бодно. Дэлхий даяар л тийм болчихсон байна. Хувцсаар нь л дүгнэнэ. Нас бие, үс гэзэгтээ тохирсонзөвхувцасласан хүнтэй ярилцах надад тааламжтай байна. Тийм хүнтэй ярилцана. Хэрэв өдий насалтлаа тийм хэмжээнд төлөвшөөгүй бол тийм хүнтэй би юу ярих юм бэ. Тэрний ядуу Рсайгаа нь миний буруу биш биз дээ гэж ярьж байна. Тийм учраас чанартай хувцас аваад олон жил өмсөх нь ямар ч үед ухаалаг сонголт.

-Томчуудын гэргий нар хувийн зөвлөгч, дизайнергүй байдаг. Таниас зөвлөгөө тусламж хүсч байсан уу? 
-Гадны тэргүүн хатагтай нарт имиджмейкер байдаг. Манайд бол байхгүй. Би ямар имиджмейкер чинь больё гээд далжигнаж гүйлтэй биш. Тэд нар ойр дотны хүмүүсийнхээ зөвлөгөөгөөр л хувцаслаад явдаг юм шиг билээ. Энэ бол буруу. Заавал имиджмэйкертэй байх ёстой. Нөгөө талаар олны нүдэнд ил явдаг хүмүүс зөв эрүүл, цэгцтэй биетэй байхад заавал анхаарах ёстой. Тийм биетэй байхад ямар ч брэндийн хувцас өмссөн цогжавхаатай харагдана. Манай хүүхнүүдийн цог жавхаагүй байдал надад таалагддаггүй. Уг нь аятайхан боломжтой л амьдарч баймаар юм. Үйлчлэгч энэ тэртэй байдаг байлгүй. Мань мэт шиг төмсөө өөрсдөө арилгаад махаа хөшиглөөд байдаггүй юм байгаа биз дээ. Өөрсдөд нь өөртөө зориулах цаг зав, хөрөнгө мөнгө баймаар юмаа. За тэгээд тэргүүн хатагтай гэлтгүй бусад улс төрчид ч гэсэн гадна төрхөндөө анхаарах хэрэгтэй. Хүмүүс муу хэлнэ, мөнгө төгрөг идлээ гэж хардаж сэрдэнэ гэдэг л дээ. Тийм биш ээ. Бүдүүн л байвал их мөнгө идсэн юм шиг харагдана. Туранхай байвал идэж байгаа мөнгө нь арай багасчихсан юм уу даа гэж хүн харна.

-Таны нүүр будалт хувцаслалт сайхан харагдаж байна. Юбка өмссөнийг тань нэг их харж байгаагүй? 
-Би нэг хэсэг учиргүй нааш цааш яваад байдаг ажил хийсэн юм аа. Тэр нь барилга байшингийн ч ажил байл уу даа. Юбка өмсөөд туфльтэй яваад байх ажил биш байсан байхгүй юу. Спорт маягаар навсгардуу хувцаслаж байсан үе бий, надад. Мөнгө чухал байгаад, хувцаслалт чухал биш үе хүний амьдралд байдаг л даа. Хүн мөнгө олсон бол тэрийгээ өөртөө наах хэрэгтэй. Би сая Америк явахдаа сайн шоппинг хийсэн. Үүндээ маш happy байгаа.

-Охид чинь нас биед хүрээд гадаад дотоод явцгаачихсан. Одоо өөрийгөө эрхлүүлж, нерв багатай амьдарч чадаж байна уу?
-Яахав дээ. Эрхлүүлж байна гээд сайндаа л нэг саунд орох юм даа. Өөр яахав. За тэгээд хааяа нэг найз нөхөдтэйгээ уулзаж инээж хөхөрч хов жив амьдрал жаахан ярих юм.

-Та загвар өмсөгчдийг эрийн чимэг болж, Зөв амьдар гэж зөвлөлөө. Харин өөрөө ямар эр хүний чимэг болж явна вэ? 
-Үгүй, одоо царайлаг сайхан биетэй хүүхнүүд л эрийн чимэг болж явдаг биз дээ. Миний ч эрийн чимэг болдог ч өнгөрлөө л дөө(инээв).

-Хэдий болтол нууцлах юм бэ? Таныг өөрөөсөө олон дүү залуутай хамтран амьдраад удаж байгааг мэдэх хүмүүс нь мэднэ шүү дээ? 
-Хамтран амьдарсаар л байгаа.

-Монголд 2 эхнэртэй эрчүүд захаас аваад олон байна?
-Тэгсэн чинь?

-Хамтран амьдрагч тань залуухан бүсгүйтэй болчихвий гэж та харддаг уу? 
-Би яах ч үгүй. Хүлээн зөвшөөрнө. Хүнийг албадах бол маш хэцүү. Ингэвэл надаас маш их нерв, энерги,мөнгө, цаг хугацаа зарцуулагдах болно. Байнга хажуудаа байлгах гэж мөнгө төгрөг сэтгэл санаагаа цаг заваа тэр хүнд зориулаад байж би чадахгүй. Тийм учраас би зөвшөөрнө.

-Чамгүй олон жил амьдарч байгааг харахад зүгээр ч нэг хамтран амьдрагч гээд байж болмооргүй юм шиг. Өөрийнхөөроө зүтгэдэг өөрөө бүгдийг бий болгосон таньд сэтгэл татагдаад амь амьдралаа зориулаад байна шүү дээ? 
– Эрчүүд өөрийнхөөрөө эмэгтэйтэй байнга хамт байх хэцүү байдаг юм шиг байна лээ. Ямар ч асуудал гарлаа гэхэд би л давамгайлж ханддаг. Ерөнхийдөө өөрийнхөөрөө л бүгдийг шийдчих гээд байдаг тал бий. Тэгэхээр эр хүн олон жил ганц эмэгтэйн хүслээр яваад байна гэвэл хэцүү л дээ. Найз нөхөд, эцэг эх, хамаатан садан тэр хүнд байгаа. Тэд нар нь хэлж л байгаа байлгүй дээ. “Энэ нэг авгай одоо хэн юм бэ? Дандаа л чамайг ингэж байх юм. Бараг л чамайг дарамталж байна” маягийн юм хэлж л байгаа. Тэгэхээр нөгөөх чинь “Өө тэгвэл би ёстой жинхэнэ эр хүн гэдгээ энэ мууд үзүүлээдхэе” гээд янз янз болно. Би тэрийг бол ойлгож байна. Ерөнхийдөө хүчирхэг хүүхнүүдэд эрчүүд дургүй байдаг юм билээ. Яг хар цагаан салъя гэхээр бас хэцүү. Бас хамт амьдраад байя гэхээр амаргүй. Над шиг иймэрхүү эмэгтэйтэй олон жил амьдарсан эр хүнд жирийн нэгэн намуухан ярьдаг, даруу төлөв ичимхий эмэгтэй сонирхолгүй болоод явчихдаг юм шиг. Сул дорой, бүрэг эмэгтэйд эр хүн гэдгээ харуулж чаддаг байсан ч гэсэн цаад эмэгтэйгээс хүчтэй сэдэл төрүүлэх чадвар, эрч хүч хүлээгээд байдаг юм шиг байна.

-Гэхдээ та зөнд нь тавилаа гэхэд 2 эхнэрийн нэг болоод амьдрах хүн лав биш?
-Би чадахгүй гээд яах юм бэ?(инээв).

-Хаалгаараа өшиглөөд гаргана биз? 
-Одоо тэгж их хүн амбаардаад гаргадаг нас мөн үү? Тэр нас чинь өнгөрчихөөд байна аа, ёо ёо.

-Эр хүний хувьд тавьж байгаа шаардлагыг нь та үг дуугүй биелүүлдэг үү? 
-Ямар шаардлага тавихаас болно л доо.

-Их ажилтай юм уу, найз нөхөдтэйгээ хамт байхад гэртээ ир гээд утас амраахгүй хардвал яах вэ?
-Аан, тийм ойр зуурын юм байна заримдаа. Хаана явна яаж байна, ийж байна гэх юм бий.

-Та гэнэтийн өөрчлөлтөд бэлэн байдаг уу? 
-Би хааяа өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэж боддог. Ер нь ганц эрчүүдийн тухайд ч биш л дээ. Эмэгтэйчүүд бид эр хүнийг өөрчлөх гэж, архинаас нь гаргачихвал л болох гээд байна, хүүхэдтэй л болчихвол болох гээд байна гэж зүтгэдэг. Үгүй юм билээ. Хүнийг өөрчлөх маш хэцүү. Үүний оронд өөрөө өөрчлөгдсөн нь дээр. Тэгээд би өөрөө өөрийгөө өөрчилж эхэлж байгаа.

-Тамхинаасаа татгалзсан уу? 
-Тамхи олон жил татлаа. Дотор эрхтэн юу болж байна аа гээд л аминдаа хайртай хүн чинь шинжилгээ өглөө. Зүгээр байна гэдэг байхгүй юу. Тэгэхээр нь би “Яав ч зүгээр байх ёсгүй дээ. Заавал нэг юм байх ёстой” гээд зүтгээд байвал яах уу? Эмч надад “Таны уушги олон жил никотинд дассан байна. Тиймээс микроб эсэргүүцэх дархлаатай болжээ” гэж тайлбарласан л даа.

-Та бас хотын утаанаас зайдуу амьдраад, эрүүл амьдралын хэв маяг эрэлхийлж байгаа биз дээ? 
-Тийм ээ. Агаарт 7 хоногт нэг удаа утсаа салгаад хонох хэрэгтэй. Би дотор хүнээ их чагнадаг. Хотын хөл үймээн, чимээ шуугианд хүн өөрийгөө чагнаж чаддаггүй. Яг тийм байгальд очоод ганц хоног амрахад бодол санаа цэгцрээд төлөвлөснөө хийх зөв чиг олж авдаг. Хүн бүр 7 юм уу 10 хоногт нэг удаа хотоос гадагшаа ганцаараа зайлшгүй ингэж явж байгаасай гэж зөвлөмөөр байна. Гэхдээ олуулаа ууж идэж, наргиж цэнгэж явахыг хэлээгүй шүү.

-Та нэг хэсэг үсээ хусуулж хүртэл дэггүйтэж явсан. Одоо тийм зоримог алхам хиих сонирхол таньд байна уу? 
-Тэр чинь дэггүй зангаасаа болоогүй байхгүй юу. Тухайн үед үсээ будсан чинь харшил өгөөд хусахаас өөр аргагүй болсон.

-Зүгээр ч нэг халзан биш, урдаа үс үлдээчихсэн байсан байх аа? 
-Тийм. Урд талын чёлка үлдээсэн. Тэгэхгүй бол дэндүү муухай харагдаад байсан юм.

-Та яагаад өргөн хүрээтэй шилнээсээ уйддаггүй юм бэ? 
-Энә тийм өргөн хүрээтэй гэж үү? Надад тэр бүр шил болган аятайхан зохиод
байдаггүй. Үнэндээ жижиг шил зүүхээр том хамартай харагддаг байхгүй юу. Гэртээ цагаан, гадаа бол бараан шил зүүдэг.

-Та Монголын анхны “Стриптизийн хатан хаан” тэмцээнийг шүүж байсан. Анхных нь охидыг загварт биш стриптизд хүч сорь гээд зөвлөөд оруулсан хүн. Одоо энэ урлаг байна уу, үгүй юу? 
-Тухайн үед эмэгтэй хүн олны өмнө хамаг юмаа гаргаад бүжиглээд байна гэхээр Монгол хүмүүсийн толгойд багтахгүй байсан. Гэхдээ хэзээ ч өмнө нь тийм юм үзэж байгаагүй юм чинь сонирхоод үздэг байлаа. Энэ бол тийм муухай ч юм биш л дээ. Нэг талын урлаг учраас маш цэвэрхэн, дээд түвшний хэмжээнд, маш үзэсгэлэнтэй биетэй, гоё хувцастай уян налархай бараг циркчин хүн үзүүлнэ үү гэхээс зүгээр нэг захын халтар охид ерөөсөө үзүүлж болохгүй. Гоо сайхны мэдрэмжгүй охид үзүүлэх юм бол үзэж байгаа хүн нь “Иш би ийм ч юм үзээд сууж байх гэж дээ, чааваас” гэж бодно. Дээд зэрэглэлийн, 5 одтой зочид буудалд үйлчлүүлэгч нартаа ч зиндаа зааж үзүүлдэг юм билээ. Манайд олон том том буудлууд баригдаж байна. Орост бол янз бүрээрээ, эрэгтэй стриптиз ч байдаг юм билээ.

-Эрэгтэй нь таньд ямар таашаал өгөв? 
-Бас л сонин юм билээ. Тухайн орон зай цаг хугацаанд эмэгтэй хүн “Нэг оройг би зөв сонирхолтой өнгөрөөчихлөө” гэж сэтгэл хангалуун гарч байгаа юм. Энд ирж байсан хүмүүс биднийг урьсан болохоос өөрсдөө мөнгөө төлөөд орвол аймаар үнэтэй. Айхтар үнэтэй ч гэсэн сонирхсон хүмүүс нь төлөөд л орно биз. “Crazy menu” гэж байна. Хэрвээ та хажуудаа суулгахыг хүсвэл, өвөр дээр нь суухыг хүсвэл, үнсэлцвэл тэдэн доллар гээд үйлдэл бүр нь мөнгө.

-Та crazy menu-r нь сонирхсон уу? 
-Тасархай аймаар үнэтэй. Би тэгээд нэг хар юмны өвөр дээр суухын тулд 1000 доллар төлж чадах ч үгүй.

-Амьдрал аа гэж… телевизийн шоугаа яагаад больчихсон юм бэ? 
-Шууд нэвтрүүлэг учраас бүх хүн бямба гаригийн орой амарч байхад би ганцаараа гэрээсээ гараад явж байгаа байхгүй юу. Үнэхээр ядаргаатай. Үнэнийг хэлэхэд би хагас бүтэн сайнд гэрээсээ гарах дургүй. Тэгэхэд би гарахаас өөр аргагүй. За тэгээд л нэг юм явж очоод янз бүрийн юм ярина аа. Яахав олон хүнд таалагдсан байдаг. Нэг орой “За би чадахгүй юм байна. Алтай минь, уучлаарай, болилоо” гээд больсон. Гэхдээ З.Алтайтай хамтран ажиллаж байсандаа би баяртай байдаг. Бас их өгөөжтэй, хажууд нь яриад хөөрөөд баймаар хүн. “Баянзүрх” дүүргийнхэн З.Алтайг сонгож нэг ч гэсэн зөв хүн гаргасанд би олзуурхдаг.

-Та хүүхдүүддээ үлдээх хөрөнгө чинээг бэлдсэн гэсэн. Одоо өөртөө хэдий хугацаанд хөдөлмөрлөх хангалттай гэж үзэж байна? 
-Би мөнгө цацах гэдэг үгэнд маш дургүй. Би 55 насандаа тэтгэвэрт гартлаа ажиллана. Гэрээтэй газрууд ажиллаач гэвэл тэр л биз. Үүнээс хойш ажил хийхгүй. Ах дүү найз нөхөд төрөл саднаасаа гуйхгүйгээр үлдсэн бүх амьдралаа аятайхан өнгөрөөж чадах мөнгө цуглуулна гэж бодож байгаа. Залуу нас, идэр нас гялалзтал өнгөрнө. Энэ амьдралын төгсгөл өтөл насандаа амьдрах бэлтгэлээ би одооноос хийж эхэлж байгаа. 50 наснаас хойш бэлтгэх ёстой юм байна. Санхүүгийн хувьд хэнээс ч хараат бус байх ёстой. Би үр хүүхдээсээ ч хэнээс ч юу ч гуйхыг хүсэхгүй байна. 1-рт би маш аятайхан байранд орно. Тэр байрыг хичнээн өрөө, цонх нь хаашаа харсан, ямар мебельтэй , Улаанбаатар хотын аль дүүрэгт байх вэ гэдгийг бас төлөвлөсөн байгаа. Түүнээс гадна би уран зураг зурж эхэлж байгаа. Маш сайн чанарын уран зургийн бүх хэрэгсэл будаг сэлтийг авсан. Би сайн зурж чадахгүй байгаа ч зураад эхлэчихсэн. Гэхдээ будагны үнэр зургийн жаазтай ноцолдож байгаа маань надад сонин байна. Дээрээс нь юу зурах вэ? гээд бодоод байгаа маань тайвшрал өгч амрааж байна. Гэхдээ би амарч байгаа нь энэ гээд л дэмий суугаад хов яриад байхыг бас хүсэхгүй. Хөөрхөн урлантай болохыг хүсч байна. Тэндээ найз нөхдөө цуглуулаад хааяа сайхан кофе уугаад, зураг сэлтээ хэрэндээ л зарах гэж үзнэ ш дээ.

-Та ч ёстой л арслангийн ордны эмэгтэй юм аа? 
-Тийм ээ. Би унжийж суухгүй л гэж бодож байгаа. Цог золбоогүй, өвчин зовлон яриад суухыг хүсэхгүй байна. Гэхдээ мэдээж ойр тойрныхондоо тус дэмжлэг үзүүлэх гэж явна. Байнга тэгсээр ч ирсэн. Хойшид ч тийм байна.

-Ач нар бас харна? 
-Тийм. Ач нарыг бол Монгол улсад хэрэгтэй, эрүүл саруул, ухаантай сэргэлэн цоглог хүмүүс болгохын төлөө хэдэн жилийг зарцуулна гэж бодож байгаа.

-Эмээ болохдоо дуртай байна уу? 
-Дуртай байлгүй яахав.

-Ярилцахад таатай байлаа. Төлөвлөгөөнд тань амжилт хүсье!

Эх сурвалж: Монголын нэг өдөр


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close