Үхэхийнхээ өмнө үхэр буугаа тавих буюу АН, МАН-ын тохироо

Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж болохгүй. Гэхдээ “Цэц бол өөрчлөлт оруулж” гэдгийг харуулсан шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээс өнгөрсөн долоо хоногт гаргалаа. Тодруулбал, Үндсэн хуулийн цэц нь намын жагсаалтаар УИХ-д сонгогдохыг хууль бус хэмээн үзэв. Цэцийн дүгнэлт эцсийн шийдвэр биш. Дүгнэлтийг хүлээж авах эсэхийг УИХ яаралтай горимоор хэлэлцэнэ. Өнөөдөр л гэхэд Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэхээр товлосон байна. Харин пүрэв гаригт УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Яаравчлахгүй бол болохгүй. УИХ, Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулна. Эс бөгөөс Цэц их суудлаараа дахин хэлэлцэх юм. Хэлэлцээд дунд суудлын хуралдааны шийдвэрээ дахин баталбал эцсийн шийдвэр гарлаа гэсэн үг.

Тэгэхээр УИХ-д уг шийдвэрийг хүлээж авахаас өөр арга зам үгүй юм. Тэгээд ч намын жагсаалтаар УИХ-д сонгогддог байдлыг халах захиалгыг АН, МАН-аас өгсөн гэх мэдээлэл бий. Тус хоёр нам сэм хуйвалдаж жагсаалтаас сонгогддог байдлыг хасаж, 100 хувь мажоритар болгохоор тохиролцсон гэдэг. Ингэхдээ тэд иргэн Ц.Намсрай, Д.Банзрагч нарыг ашиглаж санаагаа амжилттай хэрэгжүүлж байна. Энэ сард явуулсан судалгаа тандалтаар АН-ын рейтинг навс унаж 10 хувь, МАН-ын рейтинг ч зохих хэмжээгээр уруудаж 16 хувь руу бууж ирсэн. Гэтэл АН, МАН-ын гол “дайсан” МАХН-ын рейтинг өсөж АН-аас давж МАН-руу дөхөв. ХҮН болон саяхан шинээр байгуулагдсан Г.Уянгын намын рейтинг өсч АН-тэй зэрэгцэх, тэр ч бүү хэл гүйцэж түрүүлэх магадлал бий болов. Ийм үед МАН, АН-д намын жагсаалтаар хэдэн суудал авах магадлал багасч байгаа юм. Харин МАХН тэднээс илүү суудал авах магадлалтай. Тиймээс л тус хоёр нам ийм шийдэлд хүрчээ. Тэд тойргуудыг жижиглэж, жижиг тойрогт их мөнгөөр тоглож гарч ирэхээр тохиролцож байна гэсэн үг. 18 хан хоногийн сурталчилгаатай өдрүүдэд хамгийн их мөнгөтэй нь ялах нь тодорхой шүү дээ.

Ч.Содномцэрэн: ҮХЦ-ийн шийдвэр зарим ажлуудыг зогсоож байна

Эрх баригчдын хувиа хичээсэн энэхүү тоглолт зүгээр үргэлжилж байсан ажилд саад учруулж байгааг Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн ярианаас харж болно. Тэрбээр “Сонгуулийн тухай хуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоотой холбоотой зарим заалтыг хүчингүй болгосон тухай Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарсан нь сонгуулийн зохион байгуулалттай холбоотой зарим ажлуудыг зогсооход хүргэж байна. Үндсэндээ хувь тэнцүүлсэн тогтолцоотой холбоотой зохион байгуулалтын бүх ажил зогсоно гэж ойлгож болно. Тодруулбал, хувь тэнцүүлсэн тогтолцоогоор гадаад улсад байгаа сонгогчийн санал авах зохион байгуулалтын ажлуудыг түр зогсоож байна. Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг авах төв комисс, дипломат төлөөлөгчдийн газар байрлаж байгаа салбар комиссын үйл ажиллагааг УИХ-аас шийдвэр гарах хүртэл хугацаанд зогсоохоо мэдэгдээд байна. Ирэх долоо хоногоос нэр дэвшүүлэх ажил эхэлнэ. Нам, эвсэл нэр дэвшүүлэхээс өмнө Цэцийн шийдвэрийг УИХ хэлэлцэж нэг тийш нь болгох хэрэгтэй. Хэрэв УИХ даруйхан шийдэхгүй бол тодорхойгүй байдал үүсч нэр дэвшүүлэх ажиллагаа хуулийн хугацаанд явагдаж чадахгүйд хүрнэ. Энэ долоо хоногтоо багтаагаад УИХ шийдвэрээ гаргавал сонгуулийн зохион байгуулалтад цаашдаа нэг их хүндрэл гарахгүй” гэв.

Хамгийн сонирхолтой нь УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхын, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус, тус сонгоно гэсэн заалтыг улс төрчид өөрсдөө л аль 2012 онд баталсан. Нэг удаа дээрх хуулиар сонгуулиа явуулсан. Түүнээс хойш дөрвөн жил өнгөрсөн байна. Гэтэл дөрвөн жил дуугуй байсан хүмүүс сонгууль болохоос хоёрхон сарын өмнө дуугарч эхэлж буй нь ямар учиртай вэ?. Өнгөрсөн хугацаанд үүнийг эсэргүүцэж байсан хүмүүс олон шүү дээ. Тэр бүрт яагаад дуугуй байсан юм. Тэгэхээр жагсаалтыг халах нь нийгмийн биш улс төрчдийн захиалга болох нь тодорхой байна.

Харин улс төрчид нийгмийн захиалгаар уг дүгнэлтийг хүлээж авч батлах ёстой гэж ярьцгаах биз.

Эх сурвалж: 24tsag.mn

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close