24 баримт: Хууль хяналтынхан Н.Алтанхуягийг ороож буй шалгаан юу вэ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас зарлан дуудах хуудас ирүүлжээ. Түүнийг чухам ямар шалтгаанаар зарлан дуудах болсон нь одоогоор тодорхойгүй байгаа.

Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талаар ноцтой мэдээлэл хийж, “Миний мэдэгдэл амь насанд минь аюултай ч гэсэн айх зүйл алга” хэмээж байсан. Тэгвэл түүнийг энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас зарлан дуудсан гэх бор шувуу өчигдөр шаргал ордонд нисэв. Хууль хяналтынхан Н.Алтанхуягийг ороож буй үйл явдлын эргэн тойрон дахь 24 баримтыг хүргэж байна.

2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Н.Алтанхуягт Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас зарлан дуудах ирүүлэв

Баримт 1. Н.Алтанхуягт Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас зарлан дуудах ирүүлжээ.

Баримт 2. Түүнийг мэдэгдэл хийсэн хэмээн зарлан дуудах хуудас ирүүлсэн байна.

Баримт 3. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа мэдээлж, байцаалт өгнө гэдгээ ч дурджээ.

Баримт 4. Н.Алтанхуягийг АТГ-аас нүүрсний хэргээр нэлээд олон удаад дуудаж байцаалт авч байсан юм. Мөн ТЕГ-аас ч нууц гэж байцаалт авч байсан аж.

2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн талаар ноцтой мэдээлэл хийв

Баримт 5. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг улс төрд өрнөж байгаа үйл явдлаар мэдээлэл хийв.

Баримт 6. Тэрбээр “Хоёр сарын дараа болох сонгуулиар хиймэл хэрэг үүсгэж хүний хувь заяагаар тоглох нөхцөл бүрджээ. Хуйвалдааны төр бүлэглэл үүсгэж хууль хяналтын байгууллагыг зорилгодоо ашиглаж байна” хэмээн мэдэгдлийнхээ эхэнд дурьдаад, Ц.Элбэгдоржийн талаар ноцтой мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн.

Баримт 7. Монголчууддаа анхааруулж хэлэхгүй бол удахгүй болох сонгуулиар хэрэг зохиож, хүний хувь тавилангаар тоглодог ХУЙВАЛДАГЧИД хэрээс хэтэрч, одоо бүүр ТОГЛООМЫН ЗОХИОМОЛ УИХ-ыг бий болгох үүсгэх нөхцөл бүрдээд байна.

Баримт 8. Эх орноо гэх сэтгэлгүй, ханаж цаддаггүй шуналтай хүмүүс төрийн эрх мэдлийг хувийнхаа явцуу зорилгодоо увайгүй ашиглаж монгол хүн Монголдоо сайхан амьдрах хүслийг нугачин дарж Засгийн газрыг хүртэл огцруулж, төрөө хутган үймүүлж баялаг бүтээгчдээ айдас хүйдэст автуулж, хуулийн нэрээр шоронгоор далайлгаж, айлгаж, мөнгийг нь бизнесийг нь, лицензийг нь ил тод дээрэмдэж байна.

Баримт 9. Төрийнхөө төлөө ажиллаж байгаа төрийн албан хаагч хүртэл хэрэгтэн болж нэр хүнд, хувь тавилангаараа хохирч байна.

Баримт 10. Сөрөг хүчин МАН чимээгүйхэн шиг гэтээд, баясаад сууж байгааг бүү март. Монголын ард түмний баялгийг хуйвалдан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл Монгол Улсыг маань хувааж эзэмших уйваагүй оролдлого хийж байгаад битгий давар гэж хэлэх цаг болжээ.

Баримт 11. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг ардын зүйр үг бий. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгийг өнөөдөр би нэр цохон хэлэхээс өөр аргагүй боллоо.

Баримт 12. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч гэсэн хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн үүсгэн байгуулсан шударга бусын хонгилоос айдаг. Тэр хонгил руу чирэгдэхээсээ, хэлмэгдэхээсээ айдаг. Гэсэн ч би Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө хэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Баримт 13. Тэр хүн бол “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж.

Баримт 14. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалдаж, төрөөс төрсөн тэрбумтанууд энэ мэдэгдлийн араас ашиг хонжоогоо хувааж чадахгүй арсалдаж байгаа амин найзуудтайгаа намайг хамаатуулаад “Авлигатай тэмцэх ч амаргүй ажил. Авлигатай тэмцэх амаргүй ажилд саад учруулж байгаа” мэтээр ард түмнээс тусламж гуйж жүжиглэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Баримт 15. Миний өнөөдрийн мэдэгдэл амь нас ойр дотны хүмүүст минь болоод аюултай ч гэсэн айх зүйл алга.

2016 оны 4 сарын 4-ний өдөр

Ц.Элбэгдорж: Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй

Баримт 16. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдээлэл хийсний дараа түүний мэдэгдлэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу өгсөн.

Баримт 17. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллъя” гэсэн билээ.

2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр

Н.Алтанхуяг: Ц.Элбэгдорж хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг цөөн хүмүүсийн “Хонгил” үүслээ

Баримт 18. Ерөнхийлөгчийн хуулийн засаглалын төлөө хамтран ажиллах саналд нь Н.Алтанхуяг хариу өгөв.

Баримт 19. Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн Тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасан. Гэтэл Та сүүлийн хэдэн жилд эвлэрүүлэгч бус эвдлэгчийн үйл ажиллагааг явуулсаар ирлээ.

Баримт 20. Өнөөдөр Монгол Улсад маань Шударга ёсны хямрал бий болж, төрийн үйл ажиллагаанд хуйвалдааны бүлэглэл оролцох болсноор тэд нэр дэвшүулэх болон томилох эрх мэдлээ увайгүй ашиглан хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг цөөн хүмүүсийн “Хонгил” үүслээ.

Баримт 21. Таалагдаагүй, барьцаалах боломжгүй, золиослох шаардлагатай хүмүүсээ тэр “Хонгил”-оороо ямарч шударга байсны хэмжүүргүйгээр зохиомол хэрэг үүсгэн ялтан, хэрэгтэн болгож байна.

Баримт 22. Монгол Улсад Үндсэн хуулиар хууль тогтоох эрхийг Улсын Их Хурал, гүйцэтгэх дээд байгууллага нь Засгийн газар, шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх ёстой. Гэтэл зарим Ерөнхийлөгчийн ажиллах үед Үндсэн хуульд байхгүй томилгооны эрхийг хуульд оруулах замаар өөртөө авч эдгээр институцүүдийн үйл ажиллагаа, эрх үүрэгт хөндлөнгөөс оролцсоноос төрийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж төр самуурч түмэн олон гайхшаа барах боллоо.

Баримт 23. Та өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдоогүй олон томилгоонд оролцож байна. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн даргыг, Сонгуулийн ерөнхий хорооны 2 гишүүн, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг, ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 4 хүнийг, Хүний эрхийн үндэсний комиссын нэг гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон 4 гишүүнийг томилж байна. Та эдгээр томилгоонд оролцох үндсэн хуулиар олгогдсон эрх, үүрэг байхгүй юм.

Баримт 24. Өөрийн томилсон хүмүүсээр шүүгчдийг санал болгуулан өөрөө томилж байгаа нь Шүүхийн хараат бус байдалд шууд нөлөөлж байгаа явдал юм. Эдгээр томилгоонд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцох шаардлагагүйг анхааралдаа авч хуулийн засаглалыг зөв болгохын төлөө эдгээр томилгооноос татгалзах хуулийг Та санаачлан УИХ-д өргөн мэдүүлнэ үү.

Эх сурвалж: 24tsag.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close