Монголын төвийг сахих бодлого ОХУ-ын аюулгүй байдалд нөлөөлөх нь

МОСКВА. /russia-direct/. Монгол болон ОХУ-ын албаны хүмүүс удахгүй болох “Сэлэнгэ 2016” цэргийн хамтарсан сургуулилтын төлөвлөгөөг гаргахаар саяхан хоёр дахь шатны хэлэлцээг хийсэн билээ. Уг сургуулилт 8 дугаар сарын 29-нөөс 9 дүгээр сарын 7-нд ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын “Бурдуны” цэргийн баазад болно. Хуурай замын энэ сургуулилт нь ОХУ, Монголын цэргийн хамтын ажиллагаа өргөн хүрээтэй болж буйг харуулж байна.

Монгол Улс сүүлийн хэдэн жилийн турш олон улсын түншүүдтэйгээ батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаа явуулж байснаа саяхан төвийг сахих бодлого баримтлахаа мэдэгдсэн билээ. Тус улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны сүүлчээр албан ёсны мэдэгдэл хийж, Монголыг төвийг сахисан орон болгох тухай хэлэлцүүлэг улс төрчдийн дунд өрнүүлсэн билээ.

Уг асуудлыг олон нийтийн дунд ил тодоор хэлэлцэх цаг ирсэн гэж тэрбээр мэдэгджээ. Монгол Улс төвийг сахисан орон болсон гэж албан ёсоор тунхаглаагүй хэдий ч энэ асуудал УИХ-ын чуулганы эн тэргүүнд хэлэлцэх асуудлуудын нэг болоод байна. Үүнээс гадна эл асуудал нь ОХУ-ын Монголтой хийж байгаа цэргийн хамтын ажиллагааг эргэлзээтэй болгож болох юм.

ОХУ, Өрнөдийн орнууд ба Монголын цэргийн хамтын ажиллагаа

“Сэлэнгэ” цэргийн хамтарсан сургуулилт 2008 оноос хойш явагдаж байгаа хэдий ч хоёр талаас оролцох цэргүүдийн тоо хэлбэлзэж байдаг. 2011 онд Монголын талаас 700 цэрэг уг сургуулилтад оролцсон бол 2012 онд 300 болсон байна. Сургуулилтын явцад гол төлөв хууль бус зэвсэгт бүлэглэл, террорист бүлэглэлтэй тэмцэх дадлага хийдэг. Харин энэ онд 1000 орчим албан хаагч уг сургуулилтад оролцоно.

ОХУ, Монгол Улс тогтмол цэргийн сургуулилт хийхээс гадна цэргийн техник шилжүүлэх тухай хоёр хэлэлцээрийг 2004 болон 2014 онд байгуулсан байна. 2015 оны 12 дугаар сард ОХУ-ын Батлан хамгаалах яам Монголд “T72-A” танк 100 ширхэг, 60 ширхэг хуягт машин, тодруулбал, 40 ширхэг “БТР-70M”, 20 ширхэг “БТР-80” машинуудыг нийлүүлсэн байна.

Монгол Улс ОХУ-тай цэргийн өргөн хүрээтэй хамтын ажиллагаатайгийн зэрэгцээ Өрнөдийн орнуудтай ч мөн адил цэргийн хамтын ажиллагаа хэрэгжүүлдэг. Тус улс НАТО-гийн түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөр, Өрнөдийн орнуудын тэргүүлсэн “Хааны эрэлд” гэх мэт сургуулилт болон 2003 онд хойш явагдаж буй АНУ-ын Номхон далайн командлалын санаачилсан хамтарсан цэргийн сургуулилтад идэвхтэй оролцдог.

2015 оны “Хааны эрэлд” сургуулилт дууссанаас гурван сарын дараа Монголын цэргийн албан хаагчид НАТО-гийн Батлан хамгаалахын боловсролыг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд штабын офицеруудын сургалтад хамрагдсан байна. “Хааны эрэлд 2015” болон “Сэлэнгэ 2015” сургуулилтууд нь хоорондоо хоёр сар хүрэхгүй хугацааны зайтай болсон нь Монголын батлан хамгаалах салбарын уян хатан чанарыг харуулж байна.

Төвийг сахих ба Монголын гадаад бодлого

Монголын төвийг сахих үзэл баримтлал нь гадаад бодлогын үндэс сууринд нөлөөлөхгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдэгдсэн байна. Үүний чухал ач холбогдол нь БНХАУ болон ОХУ-ын дунд тэнцвэрт байдал үүсгэх Монголын чадавхийг нэмэгдүүлэх, түүнчлэн Монголын гадаад харилцааны “Гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал үүрэгтэй ажээ.

Монгол Улс төвийг сахих албан ёсны бодлого хэрэгжүүлж эхэлснээр цэргийн эвсэлд нэгдэх боломжгүй болох юм. Тиймээс Монголын энэ бодлого нь тус улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлогод дэм болохын сацуу стратегийн ашиг сонирхлоо тэнцвэржүүлэхэд нь бэрхшээл сорилт үүсгэж магадгүй юм.

Москвагийн Олон улсын харилцааны сургуулийн Виктор Самойленко хэлэхдээ, аливаа нэг улс эдийн засгийн байр сууриа бэхжүүлж, санхүү, хөрөнгө оруулалтын хувьд бусад орноос хамааралгүй байгаа тохиолдолд төвийг сахих бодлого амжилттай хэрэгждэг гэжээ.

ОХУ-ын цэргийн стратегид үүсч болох нөлөөлөл

Монголын төвийг сахих бодлого нь ОХУ-тай харилцах цэргийн салбарын харилцаанд нөлөөлөх нь эргэлзээгүй. ОХУ-ын хувьд хоёр талаар нөлөөлнө. Монгол Улс төвийг сахиснаар Зүүн Ази дахь цэргийн нөлөөгөө нэмэгдүүлэх боломжийг, ялангуяа БНХАУ-ын батлан хамгаалахын чадавхи өсөн нэмэгдэж байгааг сөрөх боломжийг ОХУ алдах болно.

ОХУ-ын гадаад бодлого нь Москваг дагагч орнуудаар зааглах шугам байгуулахад чиглэн төвлөрдөг.

Ийм учраас ОХУ эдгээр орнуудыг цэргийн хамтын ажиллагаагаар болон өөрийн элссэн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага болон ШХАБ зэрэг байгууллагуудын гишүүн болгох эсвэл НАТО-той хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг нь хязгаарлах замаар өөртөө ойр байлгахыг оролдож байна. Гэсэн хэдий ч Монгол Улс НАТО-тай хамтран ажилласаар байгаа билээ.

Монголын төвийг сахих бодлого нь ОХУ-ын Азид цэргийн нөлөөгөө тэлэх гэсэн бодлогод сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ энэ бодлого нь Оросын урт хугацааны турш хараа салгалгүй байсаар ирсэн хамгийн эмзэг бүс нутгуудын нэгэнд аюулгүй байдлын асуудал үүсгэж магадгүй юм. Хэрвээ Монгол Улс эвсэлд үл нэгдэх бодлогоо албан ёсоор тунхаглавал тус улс Хятад эсвэл Өрнөдийг чиглэсэн цэргийн хамтын ажиллагаа явуулж болзошгүй гэсэн оросуудын эргэлзээг арилгах юм.

Ингэснээр энэ нь ОХУ-тай хил залгаа Казахстан гэх мэт орнуудын олон талт гадаад бодлогоос илүүтэйгээр Орост итгэл найдвар төрүүлэх юм.

Монголын төвийг сахих байр суурь нь Сибирийн санхүү болон эдийн засгийн аюулгүй байдалд бага зэрэг нөлөөлөх бөгөөд ингэснээр Оросын эрх баригчид цэргийн заналхийллээс илүүтэйгээр үүнд санаа зовних болно.

БНХАУ-ын цэргийн хүчин чадал өсөн нэмэгдэж буй энэ үед Оросын албаны хүмүүс олон фронт дээр аюулгүй байдлын асуудалтай тулгарч байгаа ийм байдал нэгээр ч боловч цөөрвөөс Сибирийн эмзэг байдалд санаа зовохгүй болж байна.

Жишээ нь, Приморийн хязгаарт илүү их анхаарал хандуулах боломжийгтөвийг сахисан орчинг Монгол Улс Оросын стратегийн бодлого төлөвлөгчдөд олгож байгааг ойлгох хэрэгтэй.

Монголын төвийг сахих бодлого нь ОХУ-ын хувьд алдагдалтай эсвэл ашигтай юу гэдэг нь тус улс ашиг сонирхлынхоо харьцааг хэрхэн тооцоолохоос хамаарч мэдрэгдэнэ. Хэрвээ Монгол ОХУ-тай нягт ойр харилцаа тогтоохын тулд “гуравдагч хөрш”-ийн бодлогоо золиослохыг Монголд ятгахад Оросын төлөвлөгөө чиглэж байсан бол Монголын төвийг сахих бодлого ОХУ-ын хувьд ашиггүй гэдэг нь эргэлзээгүй.
Харин Монгол Улс аль нэг гүрэн эсвэл эвсэлтэй нэгдэхгүй холуур байвал тус улсын төвийг сахих бодлогоос болж ОХУ-д алдаад байх зүйл байхгүй.

Уг нийтлэлд ОХУ болон тус улсын албаны хүмүүсийн байр суурийг тусгаагүй болно.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг