Л.Баттулга: Бид дансандаа мөнгөгүй ч сэтгэлээрээ баян хүмүүс

-Хоёр гавьяат хамтарсан тоглолт хийх сураг сонслоо. Энэ талаар яриагаа эхлэе.

-Юуны өмнө танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Н.Ариунболд бид хоёр “Найзууд” хэмээх хошин шоу тоглолтыг хамтран тоглохоор боллоо. Энэ тоглолт ерөөсөө л хоёр найз хамтран тоглох гэж буйгаар онцлог юм даа. Тэр утгаараа хайж олсон хайр юм уу, эсвэл тэнд үлдээсэн хайр гэх мэтийн нэр оноохыг хүссэнгүй. Энгийн тодорхой байдлаар “Найзууд” хэмээн нэрлэлээ. Бид хоёрын тоглолтыг БСШУЯ маш сайхан дэмжиж, хамтран ажиллах болсонд баярлаж байна.

-Зөвхөн та хоёр л жүжиглэх үү? Эвсэл продакшны жүжигчид оролцох уу?

-Бид 8 ноймер 10 гаруй үзүүлбэр тоглоно. Бооёо бид хоёр Төрийн хишгийг залуудаа хүртсэн. Тэр утгаараа бид залуу үеийг дэмжих, тэдэнтэй хамтарч ажиллах хариуцлагыг нийгэмд хүлээсэн гэж боддог. Олон ч залуустай хамтарч ажиллаж, тэднийгээ чадах чинээгээрээ хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж байна. Бид ч гэсэн залуу байхдаа, дөнгөж сургуулиа төгсөөд театр, хошин урлагт тоглож эхэлж байлаа. Тийм учраас залуу хүмүүс ямар их эрмэлзлэлтэй байдгийг мэднэ. Бид хоёр ярилцаж байгаад дан залуу жүжигчидтэй хамтран тоглохоор болсон. Залуусыг дэмжиж, тэдэнд урам өгөх гэж хоёр ахыгаа дагаад тогло гэсэн. Бид хоёртой нийлээд дандаа сайхан залуус тоглохоор болж, 30-40 жүжигчинтэй үзэж тарж, үсэрч наалдаж байна даа/инээв.сур/. Яадаг юм. Бид ч гэсэн ийм л залуус байсан шүү дээ.

Бид сэтгэлээрээ баян хүмүүс

-Тэднээс таны залуу нас харагдаж байгаа даа?

-Тэгэлгүй яахав. Бид хоёр чинь оюутан байхаасаа л хамт тайзан дээр гарч, энд тэнд нийлж бригадаар хөдөөгүүр явж тоглодог байлаа. Сургуулиа төгсөөд Драмын театрт ч цуг л орж байсан. Яг тэр үеийн залуу насны эрч хүч, зоригмогхон жүжиглэлт энэ залуусаас харагдаж л байна. Тэдний өмнө амьдрал бэлхэн байна. Харин залуу хүн өөрөө л хөдөлмөрлөх хэрэгтэй. Бид тоглолтодоо урьж оролцуулж байгаа энэ явдлыг залуучууд боломж гэж харж байгаа болов уу  гэж бодож байна. Тийм ч учраас өөрийгөө дайчлаад сайн тоглох хэрэгтэй. Ер нь жүжигчин, тайз, хувцас гээд бүх зүйлийг шинээр байлгая гэж ярьж байна. Үзэгчид Аглуу Бооёо хоёрыг харахаас илүүтэй  хамтран тоглож буй залуусыг харна шүү дээ. Бид бөх үзэхээрээ залуу бөхчүүдийг л дэмждэг. Яг тэрэн шиг хамтран тоглох залуусыг үзэгчид энэ ямар хөөрхөн жүжиглэдэг залуу вэ. Мундаг жүжигчин гарч ирэх нь гэж олж харах болов уу гэдгийг бид давхар бодолцсон.

-Танд анх ямар дүр оноогдож, хэрхэн жүжиглэж байснаа энд дурсах уу?

-Анх бүтээсэн дүр намайг их хөглөж, ташуурдсан даа. 1997 оны арванхоёрдугаар сарын 10-нд нээлтээ хийж байсан “Ижил хүйстэн” жүжигт дөнгөж сургуулиа төгсөж театрт орж ирээд тэр том жүжгийн гол дүр авч байлаа шүү дээ. Үүндээ би маш их баярладаг. Надаас зориг, тэвчээр бүхий л зүйлсийг шаардаж байсан дүр. Өмдөн дотроо хөлөө нугалаад 2 цагийн турш жүжиглэж байсан. Жүжгийн дараа хөлөө тэнийлгэх гэсэн чинь цус гүйгээд боочихсон 20 орчим минут тогтож чадахгүй байсан. Одоо ингээд бодоход их буруу юм хийж байсан юм билээ. Ямар нэгэн зүйлээр орлуулж тоглож болох л байсан юм билээ. Манай нэг эмч найз үзчихээд “чи ёстой зоригтой юм. Цусаа хамаагүй боовол үхжилт явдаг юм” гээд толгой сэгсэрч байсан. Тухайн үед туранхай ч байж дээ. 50 хүрэх үү үгүй юу бараг 45 кг-тай байсан болов уу. Үзэгчдийн алга ташилт, тэр гоё хүлээн авалтыг би хэзээч хугалахгүй гэж өөртөө тангараг тавьж байлаа.  Үүнээс илүү сайн жүжигчин болох ёстой гэж өөртөө амлаж байсан.

-Иля хэмээх  өвгөний дүр байх аа?

-Тиймээ. Дөнгөж 22 настай хэр нь хиймэл сахал наагаад 50 настай өвгөний дүрд тоглож байлаа. Тэгсэн жүжиг эхлэхээс өмнө өрөөндөө нүүрээ будаад, сахлаа наагаад сууж байсан чинь АЖ Жамсранжав, АЖ П.Цэрэндагва гуай хоёр нээлт үзэх гээд ирчихсэн. Нэг мэдсэн миний өрөөнд орж ирээд намайг нүүрээ будахыг хараад  зогсож байсан. Тэгснээ П.Цэрэндагва гуай хүрч ирээд миний сахлыг нааж өгөн  “миний хүү  сахлаа жаахан дар. Юм ярихаар дэрвийчихдэг юм” гэж  зөвлөөд, Жаамаа ах миний нүдний хонхорхойг янзалж будаж өгч байсан юм. Тэр олон сайхан хүмүүсийн урмаар тэтгэгдэж явсандаа би өөрөөрөө багагүй бахархдаг юм. Жүжгийн дараа олон мундаг жүжигчид орж ирж надад баяр хүргэсэн.

-Драмын театр босго өндөртэй гэдэг. Давж орсон хэр нь гарах шалтгаан юу байв?

-Хувийн хэвшилд орж ажилламаар санагдаад л гарчихсан. Яагаад гэвэл мэдээж амьдралаа дээшлүүлэх гэж, нөхдийн хамтаар уран бүтээл хийе, ер нь хувийн хэвшилд орж ажиллаж, амьдрах гэж л сонгосон. Тухайн үед нялх хүүхэдтэй, мөнгө санхүү ч тиймхэн байлаа. Тийм учраас хувийн хэвшил, хошин урлагийн шоу бизнест орж тогловол болох юм байна гэдэг бодол толгойд орж ирсэн. Тэгээд “Х түц” продакшныг үүсгэн байгуулагч нөхөд маань ажлын санал тавьснаар тэдэнтэй мөр зэрэгцээд алхсан даа.

-Амьдралаа дээшлүүлэх гэж хувийн хэвшил сонгосон гэлээ. Үүнтэй адил хүмүүс хошин урлагийхныг асар баян гэж ойлгодог юм билээ.

-Үгүй дээ/инээв.сур/. Асар баян биш. Харин асар хөдөлмөрч хүмүүс шүү дээ. Би хошин урлагийнхныг мөнгөөр баян гэхээсээ илүү сэтгэлээрээ баян хүмүүс гэж хэлмээр байна. Өнөөдөр биднийг дансандаа мөнгөтэй юу гэвэл байхгүй шүү дээ. Бид улирлын шинж чанартай л тоглодог. Намар, хавартаа ер нь жилдээ 1-3 удаа л тоглодог. Тэгэхээр асар баян биш авьяастай, эрэл хайгуулч, өөдрөг сэтгэлтэй хүмүүс гэж хэлнэ. Хошин урлагийн жүжигчид гэр бүл, хамт олон, үр хүүхдээрээ баян. Түүнээс биш мөнгөөр баян гэдэг ойлголт бол байхгүй. Бид улсаас нэг ч төгрөгийн тэтгэлэг авдаггүй. Бор зүрхээрээ, ёстой нөгөө мөнчигрөөрөө л өөрсдийгөө санхүүжүүлж, дампуурвал дампуураад л ажиллаж яваа хүмүүс.

Манай ангийхан их тэнэгээ

-Бооёо таны хамгийн сайн найз биз?

-Тэгэлгүй яахав. 1993 онд СУИС-ийн кино драмын ангид элсэж орсон жилээ  анх бид хоёр танилцаж байлаа. Зөвхөн бид хоёр найзлаагүй. Амбий, Дооёо, Эрдэнэзаан, Мөнхсайхан, Баатархүү гээд бид нэгэн үеийн сайхан найзууд. Бүгд л өнөөдөр жүжигчнийхээ мэргэжлээр ажиллаж, өөр өөрсдийн зам мөрөөр амьдарч байна даа. Бид хоёр 3,4 жилийн өмнөөс хамтран тоглохоор ярилцаж эхэлсэн. Бооёо бид хоёр гэр бүлийн, амьдралын найзууд. Тэгээд ч хошин урлагийг хөгжүүлэх гэж нэг салбарт  зүтгэж яваа уран бүтээлчид учраас байнга л цуг явна. Морь мал уяах, нэг нэгнийхээрээ зочлох үеэрээ “нэг сайхан нийлж тоглох юмсан” гэж их ярьдаг байлаа. Тэгээд ярилцаж байгаад энэ таван сард хоёулаа тоглоё гэж шийдсэн. Тэгээд сэтгэл шулуудаад байна.

-20 гаруй жил нөхөрлөж яваа хүний хувьд түүнийг та л хамгийн сайн мэдэх байх даа?

-Манай хүн их хөдөлмөрч, бас их зоригтой хүн. Аливаа зүйлд туйлбартай, авьяастай, сайн уран бүтээлч гэж би хардаг шүү. Авьяасгүй байтлаа л бүхэл бүтэн том продакшин удирдаж, өнөөдрийн хошин урлагийн ноён оргилын нэг хамтлаг болгохов. Продакшин толгойлоод явна гэдэг бол баргын хүний аваад явах ажил биш. Бид хоёрыг сүүлийн үед хүмүүс оонийн хоёр эвэр гэдэг болж/инээв.сур/. Хоёулаа голын эрэг дээр гэдэг шиг хоёр талд өөр өөрийн уран бүтээлээ хийгээд өчнөөн жил явлаа. Одоо бол хоёр найз яагаад нийлээд уран бүтээл хийж болохгүй гэж.

-Цаашид хамтрах уу?

-Хамтарна аа. Кино дэлгэц, тайз гээд олон олон уран бүтээл хамтарч хийхээр төлөвлөж байна. Гэхдээ тэр болгоныг энд нууцлая. Олон сайхан уран бүтээл хүлээж байгаа гэдэгт итгэж байгаа.

-Анхнаасаа нэгдэж яагаад болоогүй юм бэ?

-Би сургуульд байхдаа л “Х түц” продакшинд жүжиглэдэг  байсан. Тэгээд сургуулиа төгсөөд театрт гурван жил гаран ажиллаад “Х түц” продакшинд орж байлаа. Тэр үед “Шинэ үе” продакшныг Бооёо үүсгэн байгуулсан. Үүнээс хойш хоёр талд уран бүтээлээ хийгээд л байлаа. Тэгж явсаар энэ цэг дээр хоёулаа хамтарч уран бүтээл хийх  ёстой байсан юм байлгүй.

-Залуу насанд аль хөглөхийг тэр гэхэв. Нийлээд бужигнуулж явсан үе зөндөө биз?

-10 жилд бол дэггүйтээд хаа хүрэхэв. Охидуудын үс зулгаахаас хэтрэхгүй. Оюутан байхад бол их дэггүйтнэ ээ. Ямар сайндаа Амбий, Бооёо хоёр Дооёо бид хоёрыг дагуулаад л Дорнод явчихав. Манайхан 1994 онд “Тожоо жолооч” гэдэг жүжгийг “Соёлын төв өргөө”-нд хийсэн юм. Тэр жүжгийн олны хэсэгт манай ангийнхан оролцлоо. Том жүжигчид гол дүрд тоглоод л Дооёо бид хоёр ямар гол дүрд тоглох биш. Ард дугуй түрээд л олны хэсэгт тоглосон юм. Тэгсэн Бооёо, Амбий хоёр хөшигний засвраар цухуйж байна. Бид хоёрыг дуудлаа. Яваад очсон чинь “Бүгдээрээ Дорнод явья. Гадаа машин байна” гэхээр нь Дооёо бид хоёр хэсэг өөд өөдөөсөө харж байгаад “Тэгье” гээд л бүгдээрээ жаран ёс машинд чихэж аваад л Дорнод руу гараад давхиж байсан. Ээж аав, багшдаа ч хэлээгүй. Ангийнхандаа бол хэлсэн. Тухайн үед манай өвөө өнгөрчихсөн байсан юм. Түүнийгээ шалтаг болгоод “манай өвөөг өнгөрчихсөн гэж хэлээрэй манай ангийнхаан” гэж худлаа хэлчихээд явсан юм. Тэгсэн манай ангийхан бас их тэнэгээ/инээв.сур/. Яваад ирсэн чинь эмээ нь өнгөрсөн гээд хэлчихсэн байгаа юм даа. Мэдээж 10 хоног хичээл таслаад ирсэн хүнд шийтгэл ногдуулалгүй яахав. Хурлаар оров оо. Тэгсэн дикан “Аглуу эмээ нь өнгөрсөн гэж хэлээд явжээ. Эмээ нь амьд уу” гээд асуусан чинь ээж “Амьд аа амьд” гээд уйлж байсан юм. Хөөрхий дөө. Энэмэтчилэн оюутан цагийн дурсамж, залуу насны алдаа оноо сайхан шүү.

-Эмээ нь их гомдсон байх даа.

Тэгэлгүй яахав. Ээж ч их гомдсон. Миний анх тоглосон “Ижил хүйстэн” жүжгийг ээж аав маань ирж үзэж байлаа. Хүүгээ жүжигчин болсноос хойш үзсэн анхны жүжиг нь тэр байсан. Аав минь баярлаад уйлсан биз. Миний аав 1999 онд өөд болсон юм. Жүжигчин болсноо аавдаа харуулж чадсандаа гэж жаахан ч болов сэтгэлэээ баясгаж, зовлонгоо нимгэлдэг юм.

-Ээж нь хүүгээ сайн жүжигчин болсныг үзсэн биз дээ?

-Ээж минь 2004 онд нас барсан. Хүүгээ сайн жүжигчин болохыг, сайн явахыг үзсэн. Би чинь өнчин амьтан. Аав, ээж маань хоёулаа бурхан болсон доо. Өдий зэрэгтэй явааг минь тэр хоёр минь харсан бол их баярлах байсандаа гэж би боддог юм. Хүн юм болохоор хааяахан тэр хоёрыгоо санана. Санахаараа хүнээс далд ганцаараа уйлдаг юм. Ээж аавыгаа бодоод нэг их сайхан дотроо онгойтол уйлах сайхан. Хүний хажууд уйлдаггүй юмаа. Тэр хоёр минь амьд сэрүүн, өнөөдөр ингээд Бооёотойгоо тоглохыг харсан бол их баярлах байсан даа.

-Амбий агсан таны сайн найз байсан.

-Амбий миний сайхан найз минь байсан. Амбий, Бооёо, Дооёо бид дөрөв дотны найзууд. Бид атгасан гар шиг сайхан найзууд байсан. Дооёо бид хоёр бол бүр багийн найз..  Бид хоёр 1983 онд нэгдүгээр ангид орсон. 1987 онд дөрөвдүгээр ангидаа анх танилцаж байлаа.  Одоо би 40 настай. Тэгэхээр бараг 30-аад жил үерхэж байгаа хоёр байхгүй юу. Бараг амьдралын 90 хувьд нь нөхөрлөж явна. Харин Амбий найзтайгаа 23 жил үерхсэн гэхээр бас л амьдралын 80 хувьд нь найзалсан хүмүүс. Тийм учраас бид бие биенээ дэндүү мэддэг байсан. Сайхан эр хүн, авьяаслаг уран бүтээлч байсан даа. Одоо ер нь түүн шиг жүжиглэх хүн ховор доо. Муу найз минь айхтар өвчин тусаад биднийг орхиж явлаа. Дээрээс хоёр найзыгаа тоглолт хийх гэж байгааг хараад баярлаж байгаа байх.

-Нөхөрлөлийн үнэ цэнэ юунд оршдог бол?

-Нөхөрлөл сайхан байх хэрэгтэй. Олон сайхан найз нарыгаа бурханд үдлээ. О.Дашбалбар гуайн хэлсэн “Амьддаа бие биенээ хайрла” гэдэг тэр их гоё үг. Амьдрал дэндүү урт. Үүнийг л сайн бодох хэрэгтэй. Би хүнд муу юм хийхийг хүсдэггүй. Хүмүүсийг эвлэрүүлэхийг хичээдэг. Хүн бие биендээ муу санаж болохгүй. Амьдралд алдаа гаргах зөндөө л зүйл байдаг. Тэр болгонд муу санаж дайсан байж болохгүй л гэж би боддог юм. Би өөрөө юмыг амархан мартдаг, хүнд муу санаад байдаггүй. Гэхдээ тийм хүмүүс байдаг юм байна. Яахав юм бэ заавал муу санаж. Өөрт нь л муу шүү дээ. Миний хажууд нэг их айхтар муу хүмүүс байдаггүй л дээ. Гэхдээ бүр болохгүй бол би орхиод хол яваад өгдөг юм.

Би жүжигчин болоогүй л явна

-Уран бүтээлч хүнд өөрийгөө мэдрэх тодорхой нэг агшин байдаг. Та өөрийгөө жүжигчин боллоо гэж хэзээ мэдэрч байв?

-Би одоо ч тэгж хэлж чадахгүй. Би жүжигчин болоогүй байна. Болох гээд л явж байна. Маргааш “Найзууд” тоглолтын анхны өдөр. Өнөөдөр ч гэсэн би маргааш юу болох бол доо гэж сэтгэл түгшиж сууна. Надад оногдсон тэр дүр үзэгчийн сэтгэлд хэрхэн хүрэх бол хэмээн түгшиж, догдолж байна. Тийм учраас би өөрийгөө хэзээ ч жүжигчин болчихлоо гэж бодож байгаагүй. Харин сургууль төгсөхдөө “диплом, ромбо чинь ийм гоё юм байдаг юм уу” хэмээн бодож магнай хагартал нэг баярлаж байсан даа. -Анхны дүрээ “энэ надад олдсон маш том боломж” гэж дайчлан өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Өнөөдөр ч тэр би мөрөөдлийнхөө хязгаарт тулчихсан амьтан биш. Хүний мөрөөдөл хэзээч зогсохгүй учраас урагшаа тэмүүлсээр л байна.

-Та аль дүрдээ хайртай вэ?

-Би бүх толгосон дүрдээ хайртай. Тэр эмээ, өвөө, архичны дүрийг хийх гэж махаа иддэг учраас, тоглох бүрт миний цамц хөлөрч, оюун маань шаналж байсан учраас тоглосон бүх дүрдээ хайртай. Драмын жүжгээс бол “Аянгын бороо” жүжгийн хятад өвгөнд их хайртай. “Сэрүүн хасын нууц” жүжгийн Вангын дүрдээ, “Хориотой жүжиг”-ийн Идэрцогын дүрдээ их хайртай. Энэхүү гурван дүрээ “Гэгээн муза”-д өрсөлдөж байсан.

-Тоглохсон гэсэн дүр уран бүтээлчид байдаг юм билээ. Таны хувьд?

-Сэтгэлийн мухарт нэг жүжиг байдаг юм. Тэрийг бол олон сар жилээр бодож, толгой ажиллуулах, тунгаах ёстой. Ямар жүжиг гэдгийг бас нууцлая. Одоогоор судалгааны явцтай байгаа гэж хэлэхэд болно доо. Би үүнийг маш олон жил бодож байна. 45 нас хүрээд тоглох болов уу гэж би бодож

-Хошин урлагийн өнгөрсөн, одоо, ирээдүйг дүгнээч гэвэл?

-Сайхан байна. Би ирээдүйд нь итгэдэг юм. Хүмүүс янз бүрээр л ярьдаг юм. Би бүгдэнтэй нь санал эсрэг байдаг. Бидэнд алдаатай, оноотой юм их бий. Арзганадаг, маазардаг гээд л хэлж байдаг юм. Гэхдээ хошин урлагийг Алиа Данзан, Батсүх, Дорлигжав, Латип, Цэвээнравдан. Хойшоо залгавал Сосорбарам, Батзаяа, Туяа, Чаминчулуун, Галсантогтох. Тэдний залгамж халаа Онон, Дэмидбаатар, Хүрлээ, Ааяа гэх зэрэг уран бүтээлчид түүх үлдээсэн. Түүх нь цаашид ч үргэлжлэн Бооёо, Дооёо, Аглуу, Баатархүү гээд л бид залгаад л явж байна. Бидний араа гэвэл Эрхэмээ, Батаа, Төөтөө, Шагай гээд л явж байна. Эд нар сайн байна. Тийм учраас ч хошин урлагийн үргэлжлэл оршин тогтнож байгаа юм. Тийм учраас би хошин урлагийн ирээдүй, замналд итгэдэг.

-Залгамж үеэ бэлтгэж байна уу?

-Өнөөдөр жүжигчний мэргэжлээр оюутан төгсгөдөг  КУДС, Харцага, СУИС гээд 6-7 урлагийн сургууль байна. Тус сургуулиудыг миний мэдэхээр жилд дунджаар 200 гаруй жүжигчин төгсөж байна. Энэ 200 жүжигчинд ажлын байр байгаа эсэх нь асуудалтай. Улсын байгууллага нь зөвхөн УДЭТ, ҮДБЭЧ байна. Өөр гэвэл бор зүрхээрээ, мөнчигрөөрөө явж байгаа хошин урлагийн продакшнууд л байгаа. Төгссөн залуучууд ирдэг. Гэсэн ч бид өөрсдөө олон жүжигчидтэй учраас  50-60-аар нь биш ганц нэгээр нь л авна. Миний хувьд хүн авьяас чадвараа эзэмшиж, тэрийг хөгжүүлж чадвал ямар ач,тус,буянтай байдгийг залуу жүжигчдэд үлгэрлэхийг зорьж явна.

Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.

Эх сурвалж: Shuud.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!