Хамгийн хачирхалтай үхлүүд

Өнөөдөр инээгээд бидний дунд явж байсан хүн маргааш үгүй болох нь хорвоогийн хатуу жам. Үхэл гэж хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг. Гэхдээ заримдаа хэлж ирснийг нь анхаарал болгоомжгүй, хэнэггүй зангаасаа болоод “хүлээгээд авчих” тохиолдол ч бий байх. Хамгийн утгагүй, тэнэг байдлаар хорвоог орхисон ч гэсэн хүн үхэхэд инээдтэй зүйл огт үгүй. Хүмүүс амиа алдсан дараах тохиолдлууд итгэмээргүй ч “Юу бодож байсан бол эдгээр хүмүүс?” гэхээс өөр бодол толгойд буухгүй байна.

10. Криокамерт өөрийгөө хөлдөөж алсан бүсгүй

01

Криотерапи гэдэг нь гэмтсэн эд эсийг нөхөн сэргээх зориулалтаар ашигладаг хүйтнээр эмчлэх арга бөгөөд ихэнхи эмэгтэйчүүд арьсны хөгшрөлтийг зогсоохын тулд сонгодог байна. Шингэн азотын хийн тусламжтайгаар криокамер дахь агаарын хэм хэдхэн минутын дотор хамгийн доод /Цельсийн -150 –иас -180 хэм хүртэл/ үзүүлэлтэнд хүрдэг нь хар ухаанаар бодоход л зүгээр ч нэг орж, гараад байхаар эд биш гэдэг нь ойлгомжтой.

Гэтэл 24 настай Челси Эйк гэгч бүсгүй энэ талаар мэдлэггүйн улмаас гэнэдсэн бололтой. Түүний тас хөлдсөн цогцсыг гоо сайхны салоны ажилтан криокамераас олсон бөгөөд Эйк тэнд 10 цаг гаруй болсон байжээ. Түүнийг хэрхэн криокамерт орсныг хэн ч анзаараагүй боловч задлан шинжилгээгээр бүсгүй секундын дотор амьсгал хураасан нь тогтоогдсон байна.

9. Дэлгүүрийн тэргэнцэртэй явж байгаад машин доогуур оржээ

02

Шударгаар хэлэхэд бид бүгд л хөгжилдөхийн тулд ингэдэг байсан нь нууц биш. Гэвч уулын оройгоос дэлгүүрийн тэргэнцэрээр 80 км цагийн хурдтай бууна гэж хэний ч санаанд орохгүй байсан биз. Харин Австралид нэгэн эр ийм утгагүй зүйл сонирхсоноос болж амиа алдахад хүрсэн байна.

Тэрээр найзын хамт гэр рүүгээ харьж явахдаа замын хажуугаас дэлгүүрийн тэргэнцэр олсон ажээ. Тэдний нэг нь тэргэнцэр дээр сууж, нөгөө нь ард нь зогсоод уулын уруу хар хурдаараа бууж яваад машинтай мөргөлджээ. Тэдний нэг нь газар дээрээ өөд болж, нөгөө нь хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна.

8. Өөрийн толгойгоор салют буудуулсан эр

03

Ийм нэгэн эмгэнэлт явдал архидан согтуурах үзэгдэл газар авсан АНУ-ын Мэн мужид болжээ. Түүнчлэн эндэхийнхэн зургадугаар сарын дөрвөнд улс орон даяар тэмдэглэдэг галт наадмын баярт ч онцгой дуртай байдаг аж. Архи гал хоёр нэг дор байж нийцэхгүй гэдэгт 22 настай Девон Стейплсийн гэр бүл, ойр дотныхон нь яс махандаа ортол мэдэрсэн юм. Зургадугаар сарын дөрвөнд залуу эр архи уун хөлчүүрхсэн үедээ ангийнхаа найз нарт толгой дээрээ мортир /артиллерын зэвсэг/ тавиад асаагуур гал дамжуулагч утсыг нь шатаана хэмээн айлгаж, асаагуур ойртуулжээ. Тэрээр үүнийг санаатайгаар хийсэн үү эсвэл тоглоом нь шоглоом болсон уу гэдгийг хэн ч үл мэднэ. Гэхдээ л эрүүл хүний үйлдэл биш гэдэг нь тодорхой.

7. Селфиний гар дээр нь аянга буужээ

04

Итгэнэ үү байна уу таны л хэрэг. Гэхдээ селфи хийж байгаад амиа алдсан тохиолдол олон гарах болсон гэнэ. Ердөө л Инстаграм, Фейсбүүк хуудсандаа зургаа тавихгүй л бол эрсдэлтэй байх эсэх нь ч хамаагүй болсон бололтой. Ийм нэгэн дэмий зүйлийн төлөө амиа зольсон хүний нэг бол Уэльсийн нэгэн оршин суугч эр. Тэрээр уулын оргилд гарахаар яваад селфиний гаран дээр нь буусан аянганд цохиулан амиа алдсан байна. Дуу цахилгаантай ширүүн борооноор металл эд зүйл барин уулын орой руу мацаж явахдаа тэрээр юу бодож байсан бол? Арай аянга буухыг хүлээгээгүй л байлтай.

6. Борооны шүхэр хүний аминд хүрэв

05

Японд гарсан энэ жишээн дээрээс харахад шүхэр дан ганц борооноос хамгаалах биш аллагын маш аюултай зэвсэг болдог бололтой. Хамт архи ууж байгаад найзтайгаа маргалдсан эр барьж байсан шүхрээрээ нүд рүү нь хатгачихжээ. Шүхрийн хурц үзүүр япон эрийн нүдээр нэвт гаран тархинд нь зоогдсон байна. Хөөрхий эр тэр дороо амьсгал хураасангүй, удаан хугацааны турш комд байжээ. Найзыг нь бусдын биед халдсан хэргээр буруутгасан ч хохирогчийг нас барсны дараа үхлийн аюултай зэвсгээр хүний биед санамсаргүй байдлаар гэмтэл учруулсан гэсэн зүйл анги болгон өөрчилсөн гэдэг.

5. Тэмээ нэг дор хоёр хүнийг дэвсчээ

06

Тэмээнд дайруулан амиа алджээ гэсэн мэдээлэл тэр бүр гараад байдаггүй. Угаас номхон дөлгөөн зантай тэмээг хэн ч аюултай амьтан гэж бодохгүй нь ойлгомжтой. Нөгөө талаас гадаадад бол ховор тааралдах амьтан шүү дээ. Харин Техас мужийн тэмээний ферм дээр улангассан тэмээ өөрийн эзэн болон түүний найз бүсгүй рүү нь дайрсан байна. Эмэгтэй тэдгээр тэмээг услахаар туухад энэ явдал болсон бөгөөд фермийн эзэн бүсгүйдээ туслахаар гүйж очоод бас л дэвсүүлсэн байна.

4. Зорьсон газраа ирээд амиа алдсан “туулай”

07

Зарим нэгний хийсэн зоригтой алхам хүмүүсийн талархлыг хүлээдэг. Харин зарим нь хүний хийсэн зоригтой үйлдэл хүндэтгэл хүлээх ямар ч үндэслэлгүй байдаг. Яагаад гэвэл аймшигтай, бас маш тэнэг болохоор тэр. Йоханненсбургийн нэгэн “туулай” онгоцоор үнэгүй зорчихоор доод буюу тээшний дугуй хураагддаг хэсэгт нуугдаж бараг 13 мянган км газар ниссэн байна. Гэтэл Лондонд бараг ирээд оффисын барилгын дээвэр дээр унаж амиа алдсан байдаг.

3. Бөөсөнд хазуулаад өөд болжээ

08

Юунаас болсон гэнэ ээ? Бөөсний тахал гэв үү? Арай Дундад зуунаас ирсэн хүн биш биз? гэх байх л даа. Гэхдээ үнэн хэрэгтээ бөөсний тахал өнөө үед ч цөөнгүй тохиолддог ажээ. АНУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс мэдээлснээр жилд халдвар тээгч бөөсөнд хазуулсан 7 хүн энэ өвчнөөр өвддөг болохыг нотолжээ. Чухам ийм хувь тавилан АНУ-ын Юта мужийн 70 настай эрэгтэйд тохиолдсон аж.

2. Загасандаа “бариулсан” загасчин

09

Загасчдын хөлөг онгоцны ахмад Хавайд усанд сэлж байхдаа тэр хавиар хэнд ч хор учруулахгүйгээр тайван гэгч нь тойрон эргэлдэж байгаа сэлэми загасыг олж харсан байна. Тэр юу хийсэн гээч? Өнөөх загасны сэрвээнээс бариад авсан хэрэг. Мэдээж загасанд таалагдсангүй, тиймээс хариу довтолгоо хийж, нэг метр орчим урт “сэлмээрээ” мань эрийн цээжийг нэвт хатгажээ. Ахмадыг эмнэлэгт хүргэсэн боловч удалгүй амьсгал хураасан байна.

1. Селфидэж байгаад өөрийгөө бууджээ

10

Ийм байдлаар амиа алдах явдал сүүлийн үед элбэг тохиолдож байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймээс жагсаалтын нэгдүгээрт анхааруулга болгон оруулсан хэрэг. Техас мужийн оршин суугч 19 настай Делеон Алонзо Смит гар буутай селфи хийх гэж байгаад санамсаргүй толгой руугаа бууджээ. Түүний энэ болчимгүй үйлдэл найз нөхдөд нь гашуун сургамж болсон нь лавтай.

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй