16.4 тэрбум төгрөг зарцуулах сонгуулийн үр дүн хангалттай байж чадах уу

2016 оны Сонгуулийн тоглоомын дүрэм өнгөрсөн долоо хоногт тодорхой болов. УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай СЕХ-ны саналыг авч хэлэлцэн баталсан. Тодруулбал 2016 оны сонгуулийг хөдөөд 48, хотод 28 тойрог мандаттай байхаар хуваарилж өглөө. Тэгвэл сар гаруйн хугацааны дараа болох сонгуультай холбоотой 24 баримтыг хүргэж байна.

Баримт 1. 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох 11 нам, хоёр эвсэл батламжаа Сонгуулийн Ерөнхий хорооноос гардан аваад байна.Баримт 2. ХҮН, ИЗНН-ыг Сонгуулийн Ерөнхий хороо бүртгэхээс татгалзаж, батламж гардуулаагүй. Учир нь тус намуудаас хоёр өөр даргын гарын үсэг, тамга тэмдэгтэй албан бичиг ирсэн тул батламжаа авч чадаагүй.

Баримт 3. Үүнийг ИЗНН-аас эсэргүүцэж шүүхэд хандаад байгаа бөгөөд энэ асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна.

Баримт 4. Чуулганы хуралдаанаар 2016 оны Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай СЕХ-ны саналыг авч хэлэлцэж баталлаа.

Баримт 5. 2016 оны сонгуулийг хөдөөд 48, хотод 28 тойрог мандаттай байхаар хуваарилж өглөө.

Баримт 6. Дорноговь, Дундговь, Сүхбаатар Булган, Говь-Алтай, Говьсүмбэр аймаг тус бүр -1,Өмнөговь Дорнод, Завхан аймаг тус бүр -2, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Архангай, Баян-Өлгий, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр 3 мандаттай байхаар болов.

Баримт 7. Нийслэлийн дүүргүүд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр 6, Баянгол дүүрэг 4, Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж 4, Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж 4, Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж 4 мандаттай байхаар хуульчилж өглөө.

Баримт 8. Сонгууль 2016 оны зургаадугаар сарын 29-ний өдөр лхагва гарагт болно. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульд заасан.

Баримт 9. Энэ удаагийн сонгууль зохион байгуулах хуваарьт цөөн хэдэн өөрчлөлт оржээ. Тухайлбал, санал авах цагийн хуваарь өмнөх жилүүдэд 07:00-20:00 цагийн хооронд байсан бол УИХ-аас сая баталсан хуулиар 07:00-22:00 цаг болж уртасгажээ.

Баримт 10. Гадаадад амьдарч буй иргэд ч энэ цагийн хуваарийн дагуу саналаа өгөх юм байна. Хамгийн эхний санал хураалт гадаадад байгаа иргэдийн дунд болох бөгөөд ирэх зургаадугаар сарын 17-19-нд зохион байгуулна. Мөн зургаадугаар сарын 28-нд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг авах үйл ажиллагаа болох аж.

Баримт 11. УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн автоматжуулсан системийн хуулийн дагуу зохион байгуулна.

Баримт 12. Саналыг хар машинаар тоолох бөгөөд ингэхдээ 50 хүртэлх хувьд нь техникийн тооллого хийх аж. Зөрүү гарвал холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулах юм байна. Ингэхдээ нийт хэсгийн хороодын 50 хүртэлх хувьд санамсаргүй сонголтоор техникийн тооллого хийх аж.

Баримт 13. Сонгуулийн сурталчилгааны тухайд санал хураах өдрөөс 18 хоногийн өмнө буюу ирэх зургаадугаар сарын 11-нд эхлүүлэхээр хуульд заажээ.

Баримт 14. Сурталчилгаа хийх хоногийг 18 хоног байхаар тогтлоо. Өмнөх хуульд 21 хоног байсан ч хугацааг гурав хоногоор урагшлуулж, арилжааны телевизээр нэг өдөрт явуулах сурталчилгааны нийт хугацаа 60 минутаас хэтрэхгүй байх ёстой гэж заажээ. Сонин хэвлэлийн хувьд нийтлэл гаргах хэмжээг зааж өгч. Өөрөөр хэлбэл, 2012 оны Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчдийн сурталчилгааг яаж явуулж байсан тэр системээрээ явах юм байна.

Баримт 15. Ирэх зургадугаар сарын 29-ний өдөр болох УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30-наас зогсоосон. Уг хуулийн хугацаанд шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлж амжаагүй 17 мянган иргэн сонгууль өгөх боломжгүй болжээ.

Баримт 16. Европын Аюулгүй байдал, хүний эрхийн байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албанаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцыг ажиглах урт хугацааны 22, богино хугацааны 300 ажиглагчийг тус байгууллагын гишүүн улсуудаас ирүүлэхийг зөвлөмж болгожээ.

Баримт 17. Энэ жилийн сонгуулийг 16.4 тэрбум төгрөгөөр явуулна.

НИТХ-ын сонгуульд 900 сая төгрөг зарцуулна

Баримт 18. НИТХ-ын сонгуульд оролцохоор 11 нам, 2 эвсэл албан ёсоор оролцохоор болоод байна.

Баримт 19. Нам, эвслүүд нийтдээ 314 нэр дэвшигч нэр дэвшүүлсэн бөгөөд өнөөдөр /тавдугаар сарын 17/-ны дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэх талаар шийдвэрээ гаргах юм. Улмаар зургаадугаар сарын 7-нд бүх нэр дэвшигчдэд албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулан өгөх юм байна.

Баримт 20. НИТХ нийт 45 төлөөлөгчтэй бөгөөд нийслэлийн Ардчилсан намын хороо өмнө нь сонгогдсон 26 гишүүнийхээ 20 хүнийг дахин нэр дэвшүүлэхээр болсон гэх мэдээлэл байна.

Баримт 21. Нийслэлийн Монгол ардын хувьсгалт намынхан өчигдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 тойрогт өрсөлдөх 45 нэр дэвшигчийг тодруулжээ. Тухайлбал, Баянгол дүүрэгт Г.Нямдаржаа, Н.Бaатарням , М.Амартүвшин, Баянзүрх дүүрэгт Д.Баясгалан, С.Ононбаяр, Б.Дэмбэрэлдондов нар дэвшихээр болжээ. Харин Сонгинохайрхан дүүрэгт Д.Баярсайхан, н.Мөнхцэцэг, Б.Баттулга, Хан-Уул дүүрэгт Б.Жагар, С.Оюунцэцэг, Я.Дашдорж нар дэвшихээр мандатаа авсан бол Налайхад Н.Баяраа, Багахангайд Д.Энхсайхан, Багануурт, Ц.Хишигбаатар дэвшихээр болжээ. Харин Чингэлтэй дүүрэгт Л.Шагдаррагчаа, С.Сэргэлэн, М.Лхагважав нар нэр дэвшихээр мандатаа авчээ.

Баримт 22. Харин МАН-аас нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, “Оюуны ундраа” группын захирал С.Амарсайхан, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Батбаясгалан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч н.Төмөрбаатар, “Суман гүн трейд” компанийн захирал н.Сүхбаатар, Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Эрдэнэбат, НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан нарын 45 хүн тодорсон байна.

Баримт 23. Нийслэлийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 924629 сонгогч бүртгэгджээ. Сонгогчдын саналыг нийслэлийн хэмжээнд 396 санал авах байранд авна.

Баримт 24. НИТХ-ын сонгуульд 900 сая төгрөг зарцуулахаар болсон байна.

Эх сурвалж: 24tsag.mn