АТГ-ын даргын томилгоо: Х.Энхжаргалын оронд Б.Билэгтийг томилох уу?

Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн мягмар гаригийн хуралдаанаар АТГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч УИХ дахь АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан. Тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “АТГ-ын даргад Х.Энхжаргалыг томилох асуудал Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалд багтаагүй байсан. АТГ-ын даргыг томилох эсэх асуудлаар АН-ын бүлэг дээр ярих, зөвлөх асуудал бий. Тэгээд ч хэлэлцэх дараалалд байхгүй байсан юм байна. Бид тав хоногийн завсарлага авах хүсэлтэй байна” гэж хэлсэн юм. Түүний хүсэлтийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат уриалгахан хүлээн авч зөвшөөрсөн. АН-ын бүлгийн завсарлага өнөөдөр дуусах ёстой ч уг асуудлыг энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байгаа юм. Тиймээс АТГ-ын даргын томилгооны асуудлыг яаралтай шийдэх шаардлагыг МАН-ын бүлгээс хүргүүлэхээр болсноо өчигдөр дуулгасан. Харин АН-ын бүлэг уг асуудлыг бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж нэгдсэн саналд хүрээгүй л байна. Тэгэхээр уг асуудал дахин хойшилж байна гэсэн үг.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ын даргад Цагдаагийн хурандаа Х.Энхжаргалыг томилуулахаар УИХ-д хүргүүлсэн. Гэтэл УИХ уг асуудлыг хэлэлцэлгүй 10 хонож байгаа юм. Хойшлуулж буй шалтгаан нь мэдээж эрх мэдлийн тэмцэлтэй холбоотой. Тодруулбал, энэ бүхний цаана АТГ-ын даргыг томилох эрх мэдлийг гартаа авах гэсэн УИХ-ын дарга З.Энхболдын санаархал байгаа гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Тэрбээр хүслээ хэрэгжүүлэхийн тулд АТГ-ын даргыг Ерөнхийлөгч бус УИХ-аас томилдог хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Уянга, З.Баянсэлэнгэ нараар боловсруулан УИХ-д өргөн бариулсан. Одоо удахгүй хэлэлцэнэ биз. Энэ нь цаагуураа АТГ-ын даргыг томилдог эрх мэдлийг Ерөнхийлөгчөөс булааж авна гэсэн үг. УИХ уг асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар баталбал Ерөнхийлөгч өөрийнхөө эрх мэдлийг З.Энхболдод алдах юм. Энэ нь АТГ-ыг алдаж байна гэсэн үг. Цаашилбал Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрын хоорон дахь тэмцлийг улам хурцатгана.

Г.Уянга, З.Баянсэлэнгэ гэх нүүрний тоглогчтой ч уг хуулийн төслийг МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг захиалсан гэх мэдээлэл байгаа юм. Мөн АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгодог байдлыг эсэргүүцэх гишүүд УИХ-д их бий гэдэг. Тиймээс тэд УИХ-ын даргатайгаа нийлж байгаад АТГ-ын эрх мэдлийг авахаар шулуудсан бололтой.

Х.Энхжаргалын оронд Б.Билэгтийг зүтгүүлж байна уу

Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын дарга З.Энхболд ШШГЕГ-ын дарга Б.Билэгтийг АТГ-ын даргад зүтгүүлж буй сурагтай. Б.Билэгтийн хувьд Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг. Мөн Ерөнхийлөгчийн ойрын хүнд тиймдээ ч хууль хяналтын бүхий л байгууллагуудын даргын албан тушаалыг хашиж байсан хүн гэдэг. Гэтэл түүнийг Ерөнхийлөгч тоож, тордохоо байснаас болон Б.Билэгт З.Энхболдтой сүжрэх болсон гэх мэдээлэл байгаа юм. Б.Билэгт нь Монгол улсын 159 дэхь генерал юм. Энэ жил 60 настай ч 2013 онд генерал цол хүртсэн залуу генералуудын нэг.

Эх сурвалж: 24tsag.mn

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close