Намуудын ”нам” нуусан санхүүжилт: АН нэр дэвшигчдээсээ 100 саяыг нэхжээ

Хуулийн дагуу улс төрийн намууд өчигдрөөс сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж эхэлсэн байх ёстой. Нэр дэвшүүлэх үйл явц энэ сарын 28-ны өдөр дуусна. Нэр дэвшигчдийн нэрсийг эхлээд намынхаа анхан шатны байгууллагаас тодруулж дараа нь удирдлагын хурлаараа оруулж батламжлах юм.

АН-ынхан уг асуудлаар дотооддоо албан бусаар ярилцаж тохирсон гэх. Тус намын дарга З.Энхболд С.Баярцогтыг оффшорт данстай учраас нэр дэвшүүлэхгүй мэдгээ мэдэгдсэн. АН-ын дарга З.Энхболдын уг мэдэгдэл сөрөг хүчин МАН-ыг оффшорт данстай гишүүдийн асуудлаар байр, сууриа илэрхийлэхэд хүргэснээс гадна олон нийтийн дунд шуугиан тариад байгаа юм. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Оффшор данстай хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдэг нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл МАН ийм үйлдэл хийхгүй. Оффшор гэхээр хадны мангаа гэж ойлгож болохгүй” гэх байр, суурийг илэрхийлсэн. Түүнийг дэлгэрэнгүй яриаг эндээс уншина уу.

Тэгвэл АН-тай холбоотой бас нэгэн анхаарал татах мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал, АН анхан шатны байгууллага болон аймаг, нийслэл, дүүргээс сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахдаа 100 сая төгрөгийг татвар нэрээр авч байгаа аж. Тодруулбал, Баянзүрх дүүргийн АН УИХ-д нэр дэвшигчдэд 100 сая төгрөгийн татвар төлөх шаардлага тавьж байгаа юм байна. Уг татвар төлөх тогтоолыг Баянзүрх дүүргийн АН-ын зөвлөлдөх зөвлөлийн хурлаар баталжээ. Харин үүнийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн цахим хуудаснаа  “Баянзүрх дүүргийн АН УИХ-д нэр дэвшье гэвэл 100 сая төгрөгийн татвар төл гэнэ. Татварыг уг нь хуулиар зөвхөн УИХ тогтоох эрхтэй байдаг шүү дээ. Тэгээд ч ийм их мөнгө төлж УИХ-д дэвших хэрэг алга” гэжээ.

Баримт нь ч олон нийтэд ил болсон байна.

Үүнээс үзвэл тус нам бүх хороо, зөвлөлөөрөө дамжуулан нэр дэвшигчдээсээ 100 саяыг татаас маягаар авч байх магадлалтай байна. Учир нь намын дээд байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийслэл, дүүрэг, аймгийн хороод ийм шийдвэрийг бие даан гаргахгүй.

Тэгэхээр дээд байгууллагын тушаалаар ажиллаж байна гэсэн үг. Намууд үүнийгээ  сонгуулийн санхүүжилтээ босгох хэлбэр хэмээн үздэг. Мэдээж нэр дэвшигч бүрт 100 сая төгрөг байхгүй. Тэд 100 саяыг намдаа өгөхийн тулд буцааж төлөх нөхцөлтэйгээр  бусдаас хандив, санхүүжилт, зээл авна. Харин буцааж өгөхдөө яаж төлөх вэ гэдэгт л хамаг асуудал байгаа юм. Үүний нөлөөгөөр сүүлийн 20 жилд улс төрд бизнесмэнүүд зүү орох зайгүй шигджээ. Тэд төрийн эрх мэдлийг авсан даруйдаа сонгуульд зарцуулсан мөнгөө хэд дахин нугалж олж байна.

Өөрөөр хэлбэл, улсын мөнгийг хувьдаа завшиж төрийн байгууллагыг мөнгөө өсгөх газар болгож байна гэсэн үг. Ганц АН ч бус МАН-ынхан ИТХ-д нэр дэвшигчдээсээ 50 саяыг урьдчилгаа маягаар авсан гэх мэдээлэл ч мөн байгаа юм.

Намууд хувь нэр дэвшигчдийн мэдлэг, боловсрол, ажиллах зарчим, үнэт зүйл, хувь хүнийг нь харалгүйгээр зөвхөн мөнгөтэй нэгэнд найр тавьсаны гор сонгуулийг мөнгөөр явуулж, мөнгөтэй бол нэр дэвшинэ, бүр их мөнгөтэй байж ялалт байгуулна, ялалт байгуулсаны дараа мөнгөө өсгөнө гэдэг зарчим руу монголын улс төрчдийг оруулж байна. Авлига, хээл хахуулийн хэрэг яван явсаар улс төрийн намын санхүүжилт, хандивын хэрэг болоод төрөл арилжиж буй тухай сонстох болов. МАХН-ын дарга Н.Энхбаяр намын санхүүжилт хэлбэрээр олон зуун сая төгрөгийг хувь хүмүүсээс татсанаас болж эргэн тойрны хүмүүсээ аавын хаалга татуулсан. Ийм л хэлбэр манайд төлөвшиж байна.

Олон улсын жишгээс харахад улс төрийн намууд хоёр хэлбэрээр санхүүжилтээ босгодог байна. Америкт л гэхэд улс төрийн намын санхүүжилт бүхэлдээ хувь хүн, компанийн хандив дээр тогтдог. Тэр ч утгаараа аливаа сонгуульд нэр дэвшигчид кампанит ажлынхаа 50 хувийг санхүүгийн хандив олоход зарцуулдаг байна. Сонгуульд оролцож буй намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг нь үндэслэн нэр дэвшигчийг дэмжих лобби бүлэг хүртэл бий. Хэнд хэдий хэмжээний хандив өгч болохыг хуулиар тогтоож, хяналт тавих, эргээд тайлагнах бүх процесс олон нийтийн өмнө ил тод байдаг. Мөн ялалт байгуулсан тохиолдолд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө “жанжин шугам”-ыг барьж ажилладаг. Тийм ч учраас янз бүрийн хардлага дагуулахгүй. Харин манайхан нууцаар 100, 100 саяар нь нэхдэг. Европ тивийн орнуудын хувьд ихэнх санхүүжилтээ төсвөөс авдаг аж. Тодорхой хэмжээний мөнгийг хандиваар босгож болох ч энэ нь их биш. Төсвөөс санхүүждэг гэдэг утгаараа намын хатуу гишүүнчлэлтэй. Ийнхүү улс төрийн намуудыг төсвөөсөө санхүүжүүлэх нь улс төр, мөнгө хоёрыг хол байлгах гэсэн зорилго. Мэдээж эдгээр улс олон ургальч үзлийг зөвшөөрдөг тул намын санхүүжилтийг төр даах, хувьд даатгах хоёроор маш их маргаан өрнөдөг байна.

Судлаачдын хэлснээр намуудыг авлига, хээл хахууль, бизнесийн бүлэглэлийн нөлөө, мөнгөтэй хүмүүсийн дарангуйллаас ангид байлгахын тулд төрөөс заавал санхүүжилт өгч байх хэрэгтэй аж. Манай улсад  УИХ-ын нэг суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцон улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлж байгаа. Энэ санхүүжилтийн 50 хувийг гишүүд тойрогтоо зарцуулж, үлдсэнийг нь намдаа өгөх учиртай. Харин жагсаалтаар гарч ирсэн 28 гишүүний хувьд зарцуулах тойроггүй учир шууд намдаа өгдөг. Тэгж тооцвол 28 гишүүний дөрвөн жилийн 10 сая төгрөг нь нийтдээ нэг тэрбум 120 сая төгрөг л болно. Гэхдээ энэ мөнгө намуудын үйл ажиллагааны зардлын бага ч гэсэн хэсгийг нөхөхгүй. Тиймээс л Монголын парламент хээл, хахууль, авлигалд идэгдэж, бизнесийн бүлэглэлийн гарт орчихоод байна.

АН-ын генсек Л.Эрхэмбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ирэх сонгуулийн тухайд АН нэр дэвшээд ялах магадлалыг л нэгд үзнэ. Мэдээж тэр хүн дэвшээд өөрийнхөө сонгуулийн зардал, санхүүжилтийг гаргах чадвартай байх ёстой. Манай нам тойрогт нэр дэвших нэг төгрөг ч авахгүй” гэж ярьж байсан юм.

Гэтэл түүний хэлсэн, ярьснаас эсрэг ажиллагаа тус намд өрнөж буй бололтой.

Цаашид ч өгсөн, улс төрийн намын санхүүжилт, хандивыг хээл хахууль, авилга, мөнгө угаах гэмт хэргээс хэрхэн ялгаж салгахын тулд  улс төрийн намын санхүүжилтыг ил тод болгох ёстой юм. Харамсалтай нь, манайд намын санхүүжилт маш нууц, далд явагддаг. Үүнээс үүдэн улс төрөөр дамжуулан бизнес хийх мөнгөө өсгөх хүмүүс л улс төр рүү шуурч байна. Үүнийг АН-ынхан баримт, нотолгоотойгоор харууллаа.

Намын санхүүжилтыг босгодог өөр боловсон зөв систем Монголд хэрэгтэй. Харин манайхан тэр шинэчлэлийг хүсэхгүй байна.

Эх сурвалж: 24tsag.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!