Сонин содон нэр дэвшигчид 2016 оны сонгуульд цойлж чадах болох уу

Энэ жилийн сонгуульд сонин содон хүмүүс нэр дэвшиж буй нь олны анхааралд байна. Тухайлбал дуучин, бөх, уяач, бизнесмин гээд олон төрлийн мэргэжилтэй, олонд танигдсэн эрхмүүд энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байгаа билээ. Тэгвэл 2016 онд нэр дэвших сонин содон хүмүүсийг 24 баримтаар онцолж байна.

Баримт 1. Олимпийн аварга Н.Түвшинбаяр: Хөдөлмөрийн баатар, Олимпийн хошой медальт Найдангийн Түвшинбаяр 2016 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшихээр болсон.

Баримт 2. Дуучин Г.Эрдэнэтунгалаг:  Дуучин бүсгүй энэ удаагийн сонгуульд АН-аас Сэлэнгэ аймгийн 26 дугаар тойрогт нэр дэвшиж байна.

Баримт 3. Жүжигчин Ц.Төмөрбаатар: Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болжээ. Тэрбээр “Тусгаар тогтнол эрх чөлөө, ард түмний аз жаргалын  төлөө би өөрийнхөө бие, оюун, хөдөлмөрийг бүрэн дүүрэн зориулна. Миний энэ хүсэл мөрөөдлийг МАХН дэмжсэнд баяртай байна. Би зүгээр сул гишүүн байхыг хүсэхгүй байна гэжээ.

Баримт 4. Б.Хүдэр-Ян: Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хүү Б.Хүдэр-Ян Тусгаар тогтнол эв нэгдийн намаас Хэнтий аймагт Б.Гарамгайбаатартай “үзэлцэх”-ээр болжээ. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуйан охин мөн нэр дэвших юм.

Баримт 5. Б.Сүрэнжав: Х.Баянмөнх аваргын охин тэрбээр Увс аймагт АН-аас нэр дэвшиж байгаа байна.

Баримт 6. Хөтлөгч П.Анужин: “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр олонд танигдсан хөтлөгч П.Анужин МАН Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа юм.

Баримт 7. Яруу найрагч Г.Мөнхцэцэг: Зохиолчдын эвлэлийн Ерөнхийлөгч, яруу найрагч бүсгүй энэ удаа АН-аас дүүрэгт хүч үзнэ.

Баримт 8. Дуучин Б.Нарантуяа буюу дуучин Нара: Тэрээр 1983 онд төрсөн, айлын тав дахь хүүхэд юм. Японд зургаан жил амьдарч, суралцаж, Токио хотод гоцлол дуулаачийн ангийг төгссөн. Тэрээр УИХ-д суувал ганц бие, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн төлөө болон гэр бүл, нийгмийн асуудалд түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлж буй юм.

Баримт 9. Б.Ариунболд буюу Арго багш: Дэлхийн 25 орны хэлээр ярьж, бичих чадвартай гэгддэг тэрээр Монголд анхлан гадаад хэлний сургалтын төв байгуулж байсан нэгэн тэрбээр бие даан нэр дэвшихээр болсон.

Баримт 10.  Дархан аварга А.Сүхбат: Дархан аварга А.Сүхбат МАН-аас Төв аймагт нэр дэвшиж байна.

Баримт 11. Сэтгүүлч М.Оюунчимэг: Монголын үндэсний телевизээр олонд танигдсан сэтгүүлч тэрбээр МАН-аас Чингэлтэй дүүрэг өрсөлдөхөөр болжээ.

Баримт 12. Бизнесмен Д.Ундрмаа: “Бишрэлт трейд” компанийн захирал тэрбээр МАН Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байна.

Баримт 13. Т.Аюурсайхан: ШӨХТГ дарга асан Т.Аюурсайхан МАН Чингэлтэй дүүрэгт хүч үзнэ.

Баримт 14. Г.Баасан: Ахмадын холбооны дарга Г.Баасан улс төрчдийн эсрэг ширүүхэн дуугарч олон ч удаа жагсаал цуглаан зохион байгуулж, өлсгөлөн зарлаж явсан тэрбээр энэ удаа бие даан нэр дэвшиж өрсөлдөхөөр болжээ.

Баримт 15.  Сэтгүүлч Т.Алтаншагай: Зохиолч Дамбын Төрбатын хүү Алтаншагай. Тэрээр 1999 оноос хойш сэтгүүл зүйн салбарт тасралтгүй ажиллаж буй, олонд танигдсан сэтгүүлчдийн нэг.

Баримт 16. Дарханы АН-ын дарга асан Л.Наранбаатар: Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард болсон Эдийн засгийн форумын үеэр УИХ-ын дарга, АН-ын дарга руу оймс шидэж, танхайрсан удаатай. Эдийн засагч, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн чиглэлийн бизнестэй нэгэн.

Баримт 17. Дамбын Хишигжаргал: Центрпоитын зодооны хэрэгт холбогдож, “Дамбын Хишигээ” гэх нэрээ “дуурсгах” болсон тэрбээр Булган аймгийн харьяат бөгөөд энэ жил нутагтаа дэвшихээр болж байгаа юм.

Баримт 18. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа. Тэрээр ахынхаа хамтаар Оюутолгойн эсрэг тэмцэлд нэгдэж, тус компанийн эсрэг шүүхдэлцэж байсан нэгэн.

Баримт 19. Х.Цагаанбаатар: “Тусгаар тогтнол-Эв нэгдэл” эвслээс олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар Дархан-Уул аймагт нэр дэвшинэ.

Баримт 20. Дуучин Н.Учрал: Темон нэрээр анх урлагт хөл тавьсан түүнийг “Их засаг”-ын Ням-Осорын хүү гэдгээр нь олон нийт илүүтэй таних биз. Тэрбээр энэ удаа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй өрсөлдөхөөр Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшив.

Баримт 21. Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр: Тэрбээр улс төрд хүч үзэхээр шийджээ. Түүнийг урлагийнхан Бэки гэх нэрээр нь илүүтэй таньдаг. Гэхдээ дуулсан дууг нь төдийлөн мэдэхгүй хүмүүс Х.Бадамгэрэлийн нөхөр гэдгээр нь таних болсон билээ. Тиймдээ ч эхнэр нь илүүтэйгээр өөрийн фэйсбүүк хуудсаар нэр дэвшигч нөхрийнхөө мэдээллийг илүү олонд хүргэдэг.

Баримт 22. МАН-аас УИХ-д сууж буй С.Бямбацогт баз хүргэнтэйгээ нэг тойрогт таарчээ. Түүний баз Д.Батцогт нь мөн УИХ-ын гишүүн бөгөөд АН-аас нэр дэвшиж байгаа юм

Баримт 23. М.Чимгээ эмч: Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн даргаар 10 гаруй жил ажиллаж байгаа тэрбээр өмнөх сонгуульд МАН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байсан бол энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ.

Баримт 24. Энэ жилийн сонгуульд олонд танигдсан 4 бөх улс төрд зодоглож байна. Тодруулбал, Дархан аварга А.Сүхбат, УИХ-ын гишүүн, аварга Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр зэрэг бөхчүүд УИХ-д өрсөлдөх юм.

Эх сурвалж: 24tsag.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close