ОХУ-ын олимп, дэлхийн аварга олон шилдэг тамирчид өнөөдөр болон маргааш Steppe Arena буюу “Мөсөн өргөө”-нд дэлхийн шилдэг уран гулгагчдын шоу үзүүлбэр болохоор болсон билээ.
Тэдний нэг нь ОХУ-ын хамгийн “халуухан” гэгддэг тамирчдын нэг Елизавета Туктамышева юм.
Елизавета Туктамышева 1996 оны 12 дугаар сарын 17-нд Удмуртын Глазов хотод төрсөн бөгөөд олон үндэстний цустай гэдэг.
Түүний дасгалжуулагч Алексей Николаевич Мишин шавийнхаа Туктамышева хэмээх овгийн гарал үүслийн талаар ихэд сонирхдог байснаа нэгэн ярилцлагандаа дурдсан байдаг.
Спортын алдартай сэтгүүлчдийн нэг Артур Вернер тамирчин бүсгүйн удмыг судалж үзсэн бөгөөд түүний гэр бүл Монголын Тохтамыш хаантай холбоотойг олж мэдсэн байна.
Алтан ордын хоёр хэсэг болох Цагаан орд, Хөх ордыг нэгтгэж нэгэн улс болгосон Цагаан ордын сүүлчийн хан бол Тохтамыш байв. Тэрээр Чингис хааны хамгийн том ач Орд хааны удам угсааны хүн юм. Орд хаан нь Зүчийн ууган хүү билээ.
Дасгалжуулагч Мишин үүнийг мэдсэний дараа “Би агуу Чингис хааны удмыг дасгалжуулж байгаадаа баяртай байна” гэж хэлсэн байна.
Елизавета Туктамышева таван настайдаа төрөлх Глазов хотод уран гулгалтаар хичээллэж эхэлжээ. 2006 онд болсон нэгэн тэмцээний үеэр түүнийг одоогийн дасгалжуулагч Алексей Николаевич Мишин олж харсан бөгөөд шавиа болгосон юм. 2011 онд Елизавета Санкт-Петербург хотод гэрбүлийн хамт шилжин суурьшжээ.
Елизавета мөсөн дээр гулгахаас гадна халуухан дүрээрээ спорт сонирхогчдын анхаарлыг татдаг. 2018 онд Бритни Спирсийн Toxic дууны аялгуун дор онгоцны үйлчлэгчийн дүрийг бүтээсэн нь одоо ч үзэгчдийн үзэх дуртай номер хэвээр байна.
Елизавета Туктамышева олон нийтийн сүлжээнд нүцгэлэхээс эмээдэггүй нэгэн бөгөөд Maxim сэтгүүлийн нүүрийг тэр чимж байв.