in

Камила Валиева: Анх удаа Монголд ирлээ. Одоогоор их зүйл харж чадаагүй байгаа ч гэсэн сайхан сэтгэгдэлтэй байна.

ОХУ-ын Уран гулгалтын холбооны нийт 32 хүний баг бүрэлдэхүүн Улаанбаатар хотод өчигдөр ирсэн. Энэ амралтын өдрүүдэд “Мөсөн Өргөө”-д зохион байгуулагдах уран гулгалтын үзүүлэн тоглолтод үндэсний шигшээ багийн 17 тамирчин зургаан дасгалжуулагч оролцох юм.

Баг тамирчид үзүүлэн тоглолтын бэлтгэлээ өнөөдөр хангасан бөгөөд 17:30 цагт хэвлэлийн хурал зохион байгуулж Монголд ирсэн сэтгэгдэл болон үзүүлбэрийнхээ талаар ярьсан юм.

Энэ үеэр багийн төрлийн Олимп, Европын аварга тамирчин Камила Валиева Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр: “Өчигдөр орой ирээд хотын төвд буудалласан. Манай буудалласан зочид буудал хотын төвтэй ойрхон байсан учраас Сүхбаатарын талбайгаар хэсэгхэн зугаалах боломж гарсан. Анх удаа Монголд ирлээ. Одоогоор их зүйл харж чадаагүй байгаа ч гэсэн тайван бөгөөд сайхан сэтгэгдэлтэй байна.

Магадгүй энд байх хугацаандаа илүү олон зүйлийг харах байх. Ирээдүйд дахиж Монголд ирнэ гэж найдаж байна. Бид үзэгчдэдээ зориулаад Монголын нэг дуучны ая дээр тусгай үзүүлбэр бэлдсэн” хэмээн ярьсан юм.