in

Зөв, ГоёЗөв, Гоё

100 мянган хүн дэмжвэл НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгож нэмэх хуулийн төсөл санаачилна

Хэрэв та хүсээд, тэгээд 100 мянган хүний дэмжлэг авч чадвал дээд боловсролыг үнэгүй болгох, эзэнгүй нохой муурыг галт зэвсгээр хөнөөдөггүй байх, бүр хоёр эхнэртэй болох хууль ч батлуулах боломжтой болжээ. Ингэхийн тулд эхлээд компьютер, гар утас зэрэг цахим хэрэгслээрээ интернетийн хайлт хэсэгт https://d.parliament.mn/ гэж бичнэ. Үүний дараа petition parliament гэсэн хэсэгт дарж нийтийн өргөдөл, гомдлын системд нэвтэрнэ. Ингээд өргөдөл санаачилж болно.

Таны санаачилсан өргөдөл, гомдол 33 мянган хүний дэмжлэг авбал УИХ-д тухайн асуудлаар ажлын хэсэг, 70 мянган хүний санал авбал түр хороо байгуулна. Харин 100 мянган хүн таны санаачилсан өргөдлийг дэмжвэл энэ дагуу хуулийн төсөл санаачлах ажил эхлэх нь ээ.

Өөрөөр хэлбэл та УИХ-ын 77 дахь гишүүн байж болох нь. Хуулийг Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ гэсэн гурван субъект л санаачилдаг. Тэгвэл үүн дээр нэмээд ард, иргэд хууль батлах боломжтой болсныг өнөөдөр \2023.10.17\ УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Улмаар D Өргөдөл цахим системийг өнөөдөр нээв. Ингээд тэр даргын, улс төрчийн хувьд биш иргэний хувиар анхны өргөдлийг санаачилж, системд байршуулжээ. Энэ нь НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх.

Иргэдийг зөвхөн цахим орчинд үзэл бодлоо хуваалцаж, аливаа асуудлыг шүүмжилж, буруутгахын оронд УИХ-ын 77 дахь гишүүний үүрэг гүйцэтгэж, хууль тогтоох эрх мэдэлтэй байх боломжийг олгож байна.

Хэрэв та энэ өргөдлийг дэмжиж байвал https://petition.parliament.mn/New нэвтэрч ороод гарын үсэг зурж болно. Иргэдийн саналыг нийт 30 хоногийн турш авна. Энэ хугацаанд дээрх өргөдлийг 100 мянган хүн дэмжвэл хууль санаачлах шатанд шилжих юм.

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэхэд улсын төсөвт 635 тэрбум төгрөг шаардлагатай аж. Сангийн яам үүнтэй санал нийлэхгүй байгаа ч татвараа төлдөггүй, нуун дарагдуулдаг, НӨАТ-ын баримт өгдөггүй аж ахуйн нэгжүүд зэрэг далд эдийн засгийг ил болгож чадвал дээрх хөрөнгийг нөхөн олох боломжтой гэж тооцоолжээ.

Та гарын үсэг зурж, тухайн саналыг дэмжихийн тулд ДАН буюу E-Mongolia системийг ашиглана. Өөрөөр хэлбэл хуурамч хаягаар санал өгөх боломжгүй. Хүн өөрийн регистр, хурууны хээгээрээ санал өгнө гэсэн үг. Өргөдөл гаргасан хүний нэр ил тод байх бол түүнийг дэмжсэн иргэдийн мэдээлэл нууц байх аж. Өнөөдөр 13:00 цагийн байдлаар иргэн Г.Занданшатарын санаачилсан дээрх өргөдөлд 760 хүн гарын үсэг зурж, дэмжжээ.

Монгол Улсын 3.3 сая хүнийг төлөөлөн 76 гишүүн УИХ-д хууль тогтоодог. Нэг гишүүнд дунджаар 43.4 мянган хүн ногддог гэсэн үг. Хүн бүрийн хүсэл сонирхлыг 100 хувь тусган ажиллахад зарим талаар учир дутагдалтай. Иймээс Улсын Их Хурлаас иргэдийн оролцоог бүхий л түвшинд хангасан, ил тод, эргэх холбоотой цахим парламентыг бэхжүүлэхээр энэхүү цахим системийг танилцуулж буй аж.

Судалгаанаас харахад Монгол Улсын нийт өрхийн 80 орчим хувь нь интернетэд холбогдож, хэрэглэгчдийн тоо нь 2.6 саяд хүрчээ. Мөн хүн амын 84 хувь ухаалаг утас хэрэглэж байна. Иймд иргэдийг зөвхөн цахим орчинд үзэл бодлоо хуваалцаж, аливаа асуудлыг шүүмжилж, буруутгахын оронд УИХ-ын 77 дахь гишүүний үүрэг гүйцэтгэж, хууль тогтоох эрх мэдэлтэй байх боломжийг олгож буйг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.