УИХ-н гишүүн Н.Учрал гэргийнхээ төрсөн өдрийн мэндчилгээ болгож дараах зүйлсийг өөрийн цахим хуудсандаа бичжээ. Тэрээр:
“Тархи, зүрх хоёр хоёулаа огтлолцож байж хүнийг хайрладаггүй юм гэсэн. Тархи бүтнээрээ юм уу, зүрх ганцаараа хайрлана гэж байдаггүй шиг би чамайгаа тархиараа хайрлаж зүрхээрээ мэдэрдэг. Унаад боссон үедээ олж авсан ухаарал, урам өгч хань болж түшиж тулж өнөөдрийг өгсөн үгээр хэлэхийн аргагүй их хайрын хүчээр чинь би бахархдаг, бас баярладаг. Хайрын хүч өөрөө үнэнийг би мэднэ. Хамаг бүхнийг туулах хүчтэйг бас мэднэ. Харууслыг хамт гэтэлж хагацлаас холдуулдаг,хариу эргээд нэхдэггүй ч хэмжээлшгүй хүчтэй…
Чамд минь бусдаас их хүч, тэнхээ, зүрхнээс буцлах сайхан сэтгэл бий. Нурахад босгодог, нумарахад сэргээдэг нугарахад тэгшилдэг чинийхээ хайранд би өнөөдөр өнгөтэй байна. Ундаршгүй хайрын хүчинд чинь тэжээгдэж дундаршгүй халуун сэтгэлд чинь ивээгдэж үрсийнхээ цолгиун дуунд нь бүүвэйлэгдэн жаргалтай байна.
Надад өгсөн мөч бүрт тань би омогшиж урмаар тэтгэгдэж ухаанаа хурцалж оршдог. Чамдаа хязгааргүй хайртай гэх үг ч багадна. Би зүгээр л чамтайгаа хамт урагшаа тэмүүлэхийг хүсэж байна. Надад өгсөн миний 4 сайхан үрс, итгэл найдвар, эрч хүч өгдөг хором мөч бүрт тань баярлалаа. Ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.”