in

Зөв, ГоёЗөв, Гоё ГайхмаарГайхмаар

Завхан аймгийн заавал үзэх ёстой байгалийн үзэсгэлэнт газрууд

Завхан аймгийн 100 жилийн ой тохиож байгаатйа холбогдуулан аялагч, жуулчдын сонирхлыг татдаг байгалийн үзэсгэлэнт газруудаас түүвэрлэн хүргэж байна. Завхан аймагт адал явдалт аялал жуулчлал, эко аялал жуулчлал, тусгай сонирхолын аялал жуулчлал, бүс нутгаар дамжин өнгөрөх, тойрон аялал жуулчлал, соёл- танин мэдэхүйн аялал жуулчлал, рашаан сувилалын аялал жуулчлал, эмчилгээ оношлогооны аялал жуулчлалыг хийж болно.

1. Монголчуудыг даадаг Очирваань хайрханы сүншигтэй Отгонтэнгэр хайрхан

Монголчууд Отгонтэнгэр хайрханыг эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх VI-VIII зуунд Түргүүд тахидаг байжээ. Түүнээс хойш 1779 онд сэргээн тахиж байгаад мартагдаж 1911 онд Богд хаан жил бүр ламын шашны ёсоор тахиж байгаад мөн л мартагджээ. Харин 1995 онд төрийн тахилгатай болж дөрвөн жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон байна. Энэ хайрхан нь хангай нурууны ноён оргил дтд- 4021 м өргөгдсөн. Эргэн тойрон битүү ой хөвч, ширүүн урсгалт, нуураар элбэг ойр орчмын уулсууд байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд, ан амьтан биосфер, экосистемийн бүрдэл маш сайн бүрдсэн, ховор ургамал амьтан элбэг, олонд алдаршсан рашаан сувилал, хойд талаас нь эх авч урсах Богдын голын баруун эрэгт байдаг. Завхан аймгийн Отгон, Цагаан хайрхан, Алдархаан сумын нутгийн заагт оршдог аймгийн төвөөс Отгоны амралт хүртэл 78 км, Отгон сумаас Хайрханы өвөр Бадархундаг нуур хүртэл 65 км байдаг. Отгонтэнгэр хайрханыг өнгөрсөн жил тахисан бөгөөд 20000 гаруй хүн оролцжээ.

2. Үр хайрлах шидтэй Даян хайрхан

Отгон тэнгэрийн баруун талд харуул мэт сүндэрлэх Их даян, Бага даян гэсэн далайн түвшнээс 2500 метрийн өндөртэй хоёр сүрлэг хайрхан бий. Даянгийн хоёр талд хөх, Цагаан гэсэн хоёр нуур байх ба энэ ууланд Отгонтэнгэрийн бүсийн ховор ургамал болох вансэмбэрүү, хонин арц, алтан гагнуур, жамъянмядаг зэрэг эмийн бусад ховор ургамалтай. Орой дээрээ хэсэг хавтгай газартай ба голд нь тайхар чулуу байдаг. Уулын дээрээс тэртээд харагдах Алтайн хөх уул, Монгол элс зэрэг ойр орчмын өндөр хайрхан уулсууд алган дээр тавьсан мэт үзэсгэлэнтэй харагдах нь эртнээс нааш нутгийн ард түмэн Даян хайрхан дээрээс дэлхий харагдана гэж ярьцгаадаг байна. Мөн бөөгийн шашинд энэ хайрханы дэргэд эр эм хоёр мөргөл залбирал үйлдэж сүслэвээс үр хүүхэд заяадаг домтой, баатар хөвүүн заяадаг ч хэмээдэг.

3. Цагаан нуур

Даян хайрханы баруун бэлд Хөх нуураас холгүй далайн түвшнээс 2230 м өндөрт оршдог. Морены хурдсанд хөөгдөж тогтсон цэнгэг устай 3.1 км.кв талбайтай,3.6км урт,1.6км өргөн гүн нь 28 м нуур юм. Их бага Даян хайрханд тулж хошуу хойг булан тохой үүсгэх тул эргийн хэрчигдэл ихтэй, урт нь 12км , өмнөөс нь нуурын хоолой хэмээх гол хэдэн булгийн хамт цутгадаг.

4. Тэнгэрийн цэцгийг Их бага Даян хайрханы оройд л үзэж болно

Нөмрөг банздоо буюу Вансэмбэрүү. Латинаар: saussurea involucrata. Энэ ургамал нь зөвхөн өндөр уулсын тагийн бүслүүрт буюу далайн түвшнээс дээш 2500-3500 метр орчмын өндөрт хад, асга, асгаргын чийгтэй хөрсөнд энд тэнд ургах олон наст өвслөг ургамал юм.

Монголд Хөвсгөл, Хангай, Алтай, Говь-Алтайн тойрогт ургах маш ховор ургамлын нэг. Баг цэцгийнх нь голч 10-15 см, Том ягаан өнгийн цэцэгтэй, хос бэлгэтэй, нэг гэрт ургамал. Нэг ургамал дээр эм, эм бэлгэ эрхтэн хамт байрладаг гэсэн үг.

Хоорондоо 10-20 метрийн зайтай ургах бөгөөд үүний нууцыг одоогоор тогтоогоогүй байна. Вансэмбэрүү цэцгийг Монголчууд эртнээс “Тэнгэрийн цэцэг” хэмээн хүндэлж ирсэн. Вансэмбэрүүг байгалиас тасдаж авахдаа дээр нь майхан барьж лусыг аргадан идээ будаа өргөж, газрын хүйснээс нь салгахдаа тэнгэрт үзүүлэхгүй авдаг байжээ. Эрт үеэс эмийн чанараар алдаршсан энэ ургамлыг эм тан хийх зорилгоор түүдэг байсан. Вансэмбэрүүг хатааж хорт хавдар, уушгины өвчин, ханиадны эм болгон хэрэглэдэг.

Хэдийгээр эмзүй, эмнэлзүйн шинжилгээгээр эмийн чанарыг нь судалж анагаах ухааны эмнэлгийн албан ёсны эмийн ургамал болгоогүй боловч нөмрөгт банздоог нийтийн зах зээл, төв, орон нутгийн эмийн сангуудад эх хэмжээгээр бэлтгэн худалдаж байгаа буруу үйл ажиллагааны үр дагавраас энэ ургамлын нөөц эрс хомсдон ховордож монгол нутагт бүр мөсөн устаж болох нөхцөл бүрдсэн байна.

Үрээр маш муу үрждэг. Үрийг нь гадаадад худалдах, гаргахыг 1974 онд олон улсын конвенцээр хоригложээ.

5. Монголын хамгийн том хиймэл хүрхрээ болох Богдын голын хүрхрээ

Завхан аймгийн төв Улиастай хотоос зүүн тийш 36 км-т орших Богдын голын хүрхрээ нь аялагчдын заавал очиж үзэх газар юм.

Богдын голын хүрхрээ нь манай улсын хамгийн том хиймэл хүрхрээ аж. Отгонтэнгэр уулаас эх авч урсах Богдын голын урсгалыг 2.5 км урт сувгаар татан Тээг толгой дээрээс унал үүсгэн Богдын голын усан цахилгаан станцыг байгуулжээ.

Энэ станцын илүүдэл ус Тээг толгойгоос Богдын голын хавцал руу 37 метр өндрөөс унаж хүрхрээг үүсгэдэг.

Алдархаан сумын нутагт орших Богдын голын усан цахилгаан станц нь 2000 кв-ын цахилгаан гаргаж Завхан аймгийн төв Улиастай хотыг зуны улиралд цахилгаан эрчим хүчээр хангадаг. Энэ станц 1997 онд ашиглалтанд орсон бөгөөд 708м3 ус хуримтлуулах хүчин чадалтай юм.

2000 онд ХБНГУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр станцын толгойн барилга байгууламж, ус дөхүүлэх суваг, түрэлтийн сан, ус халиагуур, түрэлтийн хоолойн тулгуур, хаях, сувгийг дахин шинэчилж, ашиглалтад оруулсан байна.

6. Ногоон нуур

Овоот уулын бэл. Тусгалтын ар бэлээр урссан Идэр голын зүүн талд байрлаж төгссөн нуур. Ногоон нуур гэсний учир нь Овоотын өвөрт байгаа эрдэнийн туяа энэ нуурт туссанаас нуурын ус ногоон харагддаг гэсэн домог яриа байдаг. Нуурын ус нь аль ч талын эргээсээ дотогш 5-8м орчмын зайд хар харагдаад үүнээс цааш ногоон өнгөтэй харагддаг. Энэ нь эргэн тойрны ногоон ой модны тусгал байж болох юм. Хажууд нь очиход нуурын ус нь маш тунгалаг бөгөөд дотор нь явж буй загас тод харагддаг байна. Нуурын эргээс ус байнга шүүрч усны түвшингөө хадгалдаг ба нуураас жижиг цутгал урсан гарч Идэр голд нийлдэг байна.

7. Улаагчны хар нуур

Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км, аймгийн төвөөс 110 кмт оршдог. Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчмын шанаанууд зэгстэй Жаахан нуур, Товхошын сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг. Нуурын гүн нь 48м, уртаашаа 30 орчим км, өргөн нь 5-10 км сунаж тогтсон нуур. Уг нууранд Омуль,Фельд гэсэн хоёр төрлийн загас үрждэг бөгөөд нуурын голд далайн түвшнээс дээш 2600 м өргөгдсөн Их бага хоёр Авгаш нэртэй арал бий.

Энд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Мөн нуурын дээгүүр шунх хэмээх цэцэг ургаж гарч ирсэн нь үзэсгэлэнтэй харагддаг.

Энэ нуурын эрэгт ирэх долдугаар сард Нүүдэлчдийн соёлын их наадмыг зохион байгуулахаар болжээ. Говь, хангай хосолсон байгалийн үзэсгэлэнт нуурын эрэгт дөрвөн том жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг байна. Завхан аймгийн аялал жуулчлалын гол бүс нутгуудын нэг.

8. Мухартын гол

Уг гол нь Эрдэнэ хайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт Бор хярын элсний өмнө талд далайн түвшнээс дээш 450 м өндөр элсэн манханаас эх авч урсдаг.

Хөвөөгөөрөө бургасан шугуйтай, гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнтэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий цогцолборт газар юм.

Уг голд очиход шавар намагт явахад суухгүй тээврийн хэрэгслээр явбал тохиромжтой юм. Өдгөө энэ голыг зорих жуулчдын тоо жил бүр нэмэгдсээр байна.

9. Хүнгүйн гол

Бор хярын элсэн манхнаас эх авч Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал сум, Увс аймгийн Завхан сумын нутгаар урсч Айраг нуурт цутгадаг гол.

Урт нь 200 км, ай савын талбай нь 21,6 мянган км/кв. Усны жилийн дундаж зарцуулалт 2,1м/сек, 3м. Муразаевын тэмдэглэснээр эрт цагт их хулсан шугуйтай байжээ.

Уг гол нь эргийн дагуур хүнхээл, элсэн толгодууд, хүнгүйн, түнгээ зэрэг байгалийн өвөрмөц тогтоцыг бүрдүүлсэн газрууд олонтой Завхан аймгийн говийн бүсийн сумдуудын тэжээгдмэл гол юм.

Зундаа нар жаргах мөчид элсэн манхан дунд цэнхэртэн харагдаж намуухан зөөлөн урсгалтай гол юм.

Энд мөн аялагч, жуулчид тухлах дуртай ажээ.

10. Тэнгэрийн үүд хэмээгч сэнжит цохио

Нутгийнхан Тэнгэрийн үүд хэмээн шүтэх Сэнжит цохио нь Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт оршдог. Далайн түвшинөөс дээш 2773 метрийн өндөрт өргөгдсөн байна.

Энэхүү сонин тогтоц бүхий цохио нь элсэн манхан бүхий уулын оройд 10 метрийн өндөр, 6-8 метрийн өргөн, боржин чулуун байгалийн хаалга мэт өвөрмөц тогтоцтой, ойр орчмын үзэсгэлэнт газар элбэгтэй аж. Тэнгэрийн үүдийг зорих хэн бүхэн мосттой тээврийн хэрэгслээр гарч болох ба цааш давж 30 км яваад Улаагчны Хар нуурын үзэсгэлэнт газар луу орж үзэж болох юм.

11. Дуут хад

Завхан аймгийн Сантмаргац сумын төвөөс зүүн хойно 23 километрт байдаг. Уг дурсгал нь одоо байгаа төрхөөрөө Дуут буюу Дэрэн чулуу ч гэж нэрлэгддэг. Учир нь гурван ширхэг жижиг чулуун дээр хар хөх чулууг хэвтээгээр нь байрлуулсан, чулууны урт нь 85см, өргөн нь 55 см, зузаан нь 32 см ба чулууны дээд хэсэгт 23 хонхор цэгэн тойргон бүслүүртэй, хоёр хажуу талд нь яг ижил хэмжээтэй дугуй хэлбэрийн хонхойлгож дүрсэлсэн буган чулуутай.

Энэхүү буган чулуу нь МЭӨ 3000 жилийн үеийн хүрлийн үеийн буган чулуу. Уг чулууны нэг онцлог нь мод чулуугаар цохиход яг хөндий төмөр шиг дуугардаг байна.

Энд нутгийн дуу хуурт дуртай иргэд ирж дуут чулууг хөглөж ая тоглох дуртай ажээ. Мөн тус сумыг зорин ирсэн зочид заавал үзэж сонирхдог газар ажээ.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.