Миний жингээ хассан гайхамшигт туршлагаас …

Та өөрийн мэдэлгүй хэтрүүлэн идэж, ойрын найз нөхөд тань жингээ барихыг сануулж байна уу? Жингээ хасахад минь тус болсон  өөрийн хэрэгжүүлсэн аргуудаас хуваалцъя. Эдгээр аргууд хүмүүсийн амладаг шиг 7 хоногт 4-5 кг тураахгүй ч жилийн дараа хүмүүс хараад гайхах хэмжээнд үр дүнгээ өгсөн юм шүү. Илүүдэл жин хөдөлгөөн, хооллолт хоёртой салшгүй холбоотой. Өдөржин ажил дээрээ хөдөлгөөнгүй суудаг эсвэл гэр бүлээ халамжилдаг гэрийн эзэгтэйн алинд нь ч бай эдгээр аргууд маш үр дүнтэй нөлөө үзүүлнэ.

1. Бүс бүслэх

01
Дээл өмсөж бүс бүслэдэг шиг өдөр тутмын хувцасны дотуур бүс бүслэх. Хэт чанга ороовол хэвийн байдалд саад учруулж амьсгалахад төвөгтэй учир өөрийн боломжийн хэмжээнд тохируулан бүслээрэй. Хоол идэх үед бүс бүслэсэн хэсгээр барьж төвөгтэй санагдаж эхлэх үед цааш идэхгүй байхад хангалттай. Ингэснээр та хэт их идэхээс сэргийлж болно. Удаан хугацааны турш бүс бүслэснээр бэлхүүсний хэлбэр тодордог.

2. Бусадтай хуваалц

02
Ажил дээр болон гэртээ өөрийн мэдэлгүй амттай зүйл авч идээд байдаг бол бусадтай хуваалц. Чихэр шоколад эсвэл пицца ч юмуу илчлэг өндөртэй зүйл идэхдээ олон хүнтэй хувааж идвэл та хүссэн хүсээгүй багыг идэх болно. Ингэснээр та өөрийн идэх хүслээ дарж мөн найрсаг харилцааг бий болгож болох юм. Хамгийн гол нь бага иднэ.

3. Орой хоол идэхгүй байх

03
18 цагаас хойш хоол идэхгүй байвал турдаг гэж яригддаг бөгөөд энэ ч амьдрал дээр баттай хэрэгждэг гэж олон хүнээс сонссон. Гэвч ямар нэгэн шалтгаанаар яалт ч үгүй орой хоол идэх тохиолдол олон. Ажил оройтож тараад гэр бүлийнхэндээ хоол хийж өөрөө идэхээс өөр аргагүй болсон үедээ гэрээ цэвэрлэж, шалаа угаа. Гараараа шал угаах нь танд дасгал болж идсэн хоолыг тань шингээж өгөх бөгөөд цэвэрлэгээ хийснээр гэр тань өнгө үзэмжтэй болно.

Хоол хийхдээ багадуулж хийх. Бусдад хоол аягалаад өөрт тань маш бага хэмжээтэй үлдэхүйцээр хоол хийх. Ингэснээр та оройн хоолоо бага идэх болно. Нэмж юм идмээр санагдаад тэсэхгүй байвал илчлэг багатай салат хийж идэж болох юм.

4. Алхах

04
Ажилдаа явах замдаа нэг буудал алхаж автобусанд суух, гэртээ харихдаа ч мөн алхах. Хэрэв та машинтай бол машинаа ажлаасаа хол тавиарай. Ажил дээр хэрэглэдэг аяганы хэмжээг жижигсгэж өдөрт хэд хэдэн удаа ус хийхээр алхах, бусдын өмнөөс дэлгүүр явах, гадуур ажил хөөцөлдөх, өдрийн хоолонд орохдоо бага зэрэг зайтай газар хоолонд орох гэх мэтээр аль болох их алхуулах сонголт хийж болно.

5. Дасгал хийх

06
Өдөр бүр олон минут дасгал хийх тухай биш. Олон ангит кино үздэг бол реклам гарах хооронд ямар ч дасгал хийж болно. Нэг төрлийн дасгалыг их тоогоор хийгээд байхаар залхуурах ямар нэгэн шалтгаанаар дасгалаа хэд хоног тасалдуулж дахиж хийхгүй орхих зэрэг асуудлууд тулгардаг. Ямар ч хөдөлгөөнгүй байснаа гэнэтхэн хүнд дасгал эсвэл урт хугацаагаар дасгал хийвэл толгой эргэх, нүд харанхуйлах, дотор муухайрах гэх мэт таагүй мэдрэмж бий болдог.

05

Хэрэв ямар нэг дасгал таалагдахгүй байгаа бол өөрийг туршаад үз. Таны биеийн булчин бүрт зориулсан тоо томшгүй олон дасгалууд бий. Танд таалагдах дасгал гарцаагүй байж таараа. Та өдөр бүр дасгал хийх үүрэг хүлээгээгүй учир хэдэн өдөр хийхгүй орхиж болно. Дасгал хийж амжихгүй бол тэр долоо хоногтоо заал авах, салхинд гарах гэх мэтээр таныг хөдөлгөх ямар нэгэн зүйл хийгээрэй. Толгойгоо амраахыг хүссэн үедээ хүчин чармайлт шаарддаг дасгал хийх. Ийм дасгал хийх үед тухайн дасгалдаа анхаарал төвлөрснөөр тархи гайхалтай амардаг.

6. Сэтгэл зүй
Реклам – Арааны шүлс асгарам амттаны реклам, зураг болон хоолны жор үзэхгүй, уншихгүй байх. Тиймэрхүү зүйлс хоол идэх хүслийг төрүүлдэг.

07

Толь – Толинд биеээ харахгүй байх. Толинд харан өөрийгөө гоочилж хямрах хэрэггүй. Турсан эсэхээ мэдэхийг хүсвэл одоо яг таардаг өмд, эсвэл бариу цамцаа далд хийгээд сарын дараа өмсөж үзэхэд хангалттай. Харин хэдэн кг хассаныхаа дараа толинд их харвал зүгээр. Өөрийгөө хэрхэн турж хэрхэн сайхан болж байгаагаа харж урам аваарай.

08

Зураг – Утас, компьютерийн дэлгэц, өрөөнийхөө хананд гоолиг эмэгтэйчүүдийн зураг байрлуулах. Өдөр бүр гоолиг бүсгүйчүүдийн зургийг хараад тэдэн шиг гоё сайхан болох тухай бодоорой. Нүүр номны /Facebook/ гоолиг бүсгүйчүүдийн хуудас дээр лайк дарж, фитнессын грүпүүдэд нэгдээрэй.

09

Найз нөхөд – Сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй байдлыг мэдрүүлдэг, танд таатай санагддаг, таныг дэмждэг хүмүүстэй цагийг өнгөрүүлэх. Спортоор хичээллэх, гар урлалын зүйл хийж сурах, галерей, музей үзэх, сайн дурын үйл ажиллагаанд оролцох зэрэг нь таны сэтгэлийг сэргээнэ. Сэтгэл санаа сайхан үед илүү хурдан жин хасдаг.

10

Энэ бүгдийг хэрэгжүүлэхэд тийм ч хэцүү биш боловч гарах үр дүн нь гайхалтай юм шүү. Та туршаад үзээрэй. Амжилт!

Мэдээ бэлтгэсэн: Г. Ганцэцэг

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close