“Монголын Сайхан Бүсгүй-2023”-ын алтан өргөмжлөл, “Дэлхийн мисс 2023”-т оролцох үндэсний ялагчийг тодруулах шалгаруулалт өчигдөр орой Хүүхдийн ордонд болжээ.
“Монголын сайхан бүсгүй-2023 наадмын хагас шигшээ шатанд 13 бүсгүй шалгарснаас Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол бүжигчин Б.Болор алтан эрдэнийн өргөмжлөл зүүж, “Дэлхийн мисс 2023” тэмцээнд оролцох эрхийг авлаа.
Тэрбээр хагас шигшээ шатны шалгаруулалтад шанзтай бүжгээр авьяаслаг миссийн шагналыг хүртсэн бол төгсгөлийн шатанд “Тэнгэрийн хутагт” бүжгийн жүжгийн Равжаа хутагт, түүний хайртай бүсгүй Цогзул нарын дуэт хэсгээс бүжиглэжээ.
Б.Болорын хувьд 2018 онд Монгол Улсын консерваторыг бүжгийн жүжигчин мэргэжлээр, 2023 онд СУИС-ийг бүжиг дэглээч, найруулагчаар төгссөн нэгэн. 71 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээн ирэх арванхоёрдугаар сард Энэтхэгийн Дели хотод болох бөгөөд 130 гаруй орны гоо бүсгүйчүүд эх орноо төлөөлөх юм.
“Дэлхийн мисс”-ийн тэмцээн бол олон улсын гоо сайхны тэмцээнүүдээс хамгийн нэр хүндтэй тэмцээн юм. Анх 1951 онд Их Британийн Эрик Морли зар сурталчилгааны байгууллага зохион байгуулснаас хойш тив, дэлхийн тэмцээн болтлоо өргөжсөн байна.
Монгол Улс анх 2005 онд Дэлхийн мисс тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд тухайн үед загвар өмсөгч, мисс Б.Хонгорзул эх орноо төлөөлсөн билээ. Харин 2006 онд Э.Сэлэнгэ, 2007 онд Г.Оюунгэрэл, 2008 онд Ч.Ану, 2009 онд Б.Батцэцэг, 2010 онд А.Сарнай, 2011 онд Ө.Буянхишиг нарын гоо бүсгүйчүүд оролцож байжээ.
Тэмцээний зургуудаас: